Бүсгүй зочид буудлын тохилог өрөөнд урдаа нөүтбүүк асаан суугаад уджээ. Зузаан оймс өмсөж дээрээс нь гэрийн ноосон шаахай угласан хөл нь жиндэж буйг анзаартлаа хэчнээн ч цаг ажилдаа улайран суучихсан юм бүү мэд. Загвар урлалын мэргэжлээрээ ажилласан арваад жилийн туршлага дээрээ оёдол хатгамлын чиглэлээр суралцах амьдралын тушаалтай яваа. Цонхоор харь орны хүйтэн зэгэл тэнгэр үзэгдэнэ. Утас дуугарлаа. Ээж нь залгаж байна. Утсаа аван мэнд мэдэлцсэний дараа ээж нь очих тухай хэлээд ... “Захих юм байна уу. Ээж нь удахгүй очно” гэнэ. Хөлнөөсөө эхэлж даараад, битүү жиндэн бүхий л биеэрээ дагжиж эхлэхүйд ээждээ мэдэгдэхгүйг хичээнэ. “Ээж, та надад нэг дулаахан ноолууран оймс аваад ирээч. Энд хүйтрэх янзтай” Ийм яриа өрнөснөөс хойш хэдхэн хоногийн дараа Монголоос ээж нь зорьж очихдоо, охиныхоо гар дээр эсгий углааш, ноосон оймс тавьж бүсгүй харь орны хүйтэн өвлийг толгой гэдгэр өнгөрөөв. Тэр эсгий бойтогны илч дулаанаас нэгэн шинэ брэнд төрсөн нь өнөөдрийн “Дэгжин гоо” байлаа.
Ажлаа дуусгаад зав л гарвал интернэт ухаж эсгий гуталны загвар хардаг ажил нэгээр нэмэгдлээ. Ингэж суухдаа хорхойсон хийх хүсэл улам нэмэгдэв. Зориг шулуудан эсгий гутал урлах талбарт хөл тавьсан минь саяхан л санагдаж байна. Монголдоо ирсэн даруйдаа суралцан, мэдлэгээ бататгахын тулд олон хүнээс туршлага судлан жинхэнэ брэнд бүтээгдэхүүн болгохоор ханцуй шамлан орлоо. Энэ хугацаанд Орос, Монгол, Герман зэрэг улс эсгий урлалаар ямар өндөр түвшинд хүрснийг мэдэж, тийм энгийн мөртлөө юунд ч баригдаагүй загвар хийхийг хүссэн. Хүмүүс эсгий гутал гэхээр урт түрийтэй, бааздуухан хийцтэй хөдөөний малчдын өмсдөг “бамбагар цагаан”, “нарийн бор” мэтийг л бодоод байдаг юм билээ. Би ч үнэндээ тэдний нэг л байсан. Гэхдээ тэр нэг углаашийг тухайн үед өмсөхөд хэчнээн таатай дулаахан байсан гээч. Хааяа ойрхон дэлгүүр гарч орохдоо мартаад л өнөөхтэйгөө туучихна. Эсгий углаашны арьсан ул нь яваандаа оёдлоороо ханзраад эхлэв. Өмсөхөд таатай ийм сайхан дулаахан гутлыг ултай болгох хэрэгтэй гэсэн бодол яваад л байлаа.
Зөвхөн гэрт өмсдөг биш гадуур ч өмсөөд явж болохуйц ганган дэгжин хийцтэй, хөнгөхөн, дулаахан тийм гуталтай болмоор байдаг. Монголд эсгий гутлын үйлдвэрлэлийн уламжлал байсан уу гэвэл байсан. Урьд нийгмийн үед байсан боловсон хүчнүүд нь одоо бүгд тэтгэвэртээ суугаад гэрээр, гар аргаар үйлдвэрлэл эрхлэх нь эрхлээд явж байгаа юм билээ.
Би ямар нэг зүйл эхлүүлэхээр шийдсэн л бол угт нь тултал судлахаас нааш санаа амардаггүй хүн. Жишээ нь ноос хүний биед ямар хэрэгтэй юм бэ. Эсгий хийхэд ямар ноос хэрэг болдог, ямар аргаар хийдэг юм. Тэр ноос нь ямар үүлдрийн хонинд байдаг юм бэ, түүгээр хийсэн эсгий гэж юу вэ гэхчилэн судалсаар л байлаа. Эсгий гутлыг хийх хоёр арга байдаг юм байна. Эхнийх нь хэвлүүрийн арга. Энэ технологийг Монголд түгээмэл ашигладаг юм билээ. Дараагийнх нь эсгүүрийн арга. Эхлээд эсгийгээ хавтгайгаар нь хийчихээд бүтээгдэхүүнийхээ эсгүүрийг тавьж эсгээд деталиудаа холбож оёх ийм технологитой. Ингээд би хэвлүүрийн аргаар гутал үйлдвэрлэнэ гэдгээ мэдээд авчихлаа. Учир нь бид чинь энэ талаар уламжлалтай шүү дээ. Энэ уламжлал шингэсэн технологи манай брэндийн нэг онцлог болох юм.
Намрын адаг сарын шинийн гурван. Балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр “Дэгжин гоо” брэндийн нэрийн барааны дэлгүүр нээлтээ хийжээ. Рэнцэнханд дэлгүүрийнхээ байрыг анх хараад л “Энэ миний дэлгүүрийн байр мөн байна” гэж бодсон гэдэг. Дотор засал, загвар нь эгээ л монгол гэрт ороод ирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Бор эсгий тойруулсан хана харагдах бөгөөд эрээлж чимэглэсэн модон тавилгуудтай. Арслантай авдрын дээр хуучны орос транзистор, арай л наана нь аав минь гаансаа нэрээд сууж байсангүй. Ямар танил, дотно мэдрэмж вэ. Өрөөг гэрэлтүүлэх гэрлийн бүрхүүлээ хүртэл тоонын хэлбэрээр шийдсэн байна.
Би 2018 оны өвөл арванхоёрдугаар сарын 31-нд тэр жилийнхээ ажлыг дүгнэж, дараа жилийнхээ ажлын төлөвлөгөөг гаргаж суухдаа эсгий гутал хийх санаагаа бичиж, “Дэгжин гоо” гэдэг брэндтэй болно гэж төлөвлөсөн байсан. 2019 онд төлөвлөгөөний дагуу ажлаа эхлүүлэн, гэрийнхээ нэг өрөөнд гараагаа эхлүүлжээ. Дэлхийд алдартай “Korean Air” компанийн стюардессаар таван жил ажилчихаад, МИАТ компанид ажилд ороод байсан хүн чинь шууд л бүгдийг хаяад малын үс ноостой зууралдаад эхэлсэн. Энэ зуур загварын судалгаа, шинэ санааны эрэл үргэлжлээд л байгаа. Би “Korean Air” компанийн буянаар 40-өөд орноор аялсан юм билээ. Энэ аяллууд миний амьдралд ямар нэгэн хэмжээгээр тусгалаа өгөөд л байсныг би хожим хувийн бизнестэй болоод л мэдэрч эхэлсэн дээ. Улс орнуудаар явах болгондоо тухайн орны үнэт зүйлс хүмүүсийнхээ хувцаслалтын чиг хандлагад ерөнхий байдлаар хэрхэн тусгалаа олдгийг анзаарсан. Энэ нь миний хувцас загварын мэргэжилтэй бас холбоотой байх.
Үйлдвэрлэлээ нэгэнт эхлүүлчихсэн бүсгүй зорилгоосоо ухрахаасаа нэгэнт өнгөрчээ. Эсгий углаашийг хэрхэн өдөр тутам хэрэглээ болгох вэ гэдэг эрэл нь түүнийг ахиад л урд хөрш рүү чирч одов. Интернэтээс хайж олон үйлдвэр олсон боловч, түүний саналыг биелүүлэхээ амласан нь ганцхан үйлдвэр л байв. Ингээд "Дэгжин гоо” эсгий гутлууд ултай боллоо.
Үйлдвэрлэл эхлүүлээд явж байхдаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа зовоодог нэг зүйл байдгийг би анзаарлаа. Энэ нь ажиллах хүчний асуудал. Хэдийгээр цөөхөн ажилчинтай боловч технологио, шинэ санаа, шинэ загваруудаа хэрхэн хамгаалж, хүний нөөцөө хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулах вэ гэдэгт ухаанаа уралдуулсны хүчинд өөрийн гэсэн шийдлээ ч олов. Энэ нь үйлдвэрлэлээ дамжлагын системтэй болгох. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр өгөөж ч дээшилж байгаа нь таатай үр дагавар. Хүн нэг л ажилдаа төгс суралцах. Ажиллах хүчнээ хуваагаад үйлдвэрлэл, дэлгүүрийнхээ үйл ажиллагааг салгачихаар ажилчид илүү тогтвор суурьшилтай болоод, сураад гарна гэдэг ойлголт үгүй болов.
Бизнес харьцангуй тогтвортой болоод ирлээ. Жил бүрийн эцэст ирэх оныхоо төлөвлөгөөг гаргадаг маань хэвээрээ. Дэлгүүртээ очоод зарим худалдан авагчдын яриаг сонсоод “Ноос үнэгүй шахам байхад бүтээгдэхүүний үнэ яагаад ийм байна вэ” гэдэг асуулт намайг үндсэн түүхий эд болох хонины ноосны өртгийг хэрхэн хямд төсөр болгох вэ гэдэг эрэл хайгуул руу хөтөллөө. Хэрэглэгчдэд малчдын гар дээрээс ирж байгаа ноосны үнэ угаагдаад гарч ирэхдээ килограмм тутам нь гучин таван мянга болж, дамжлага бүрдээ ноосны алдагдалд ордог тухай тайлбарлаж суухын оронд, өөрөө ноосоо угаадаг болчихвол өртөг хямдрах боломжтой гэж үзэв. Улаанбаатар хотод байх хэдхэн ноос угаах үйлдвэрээр орж туршлага судлахад ядах юм ч алга.
Энэ жилийн эцэст ирэх оны төлөвлөгөөндөө тусгах зорилго маань энэ.
Ковидын өмнөхөн монгол компанийн бүтээгдэхүүн агуулах түгээлт, борлуулалтын хүчирхэг компани болох “Amazon”-ы Америк дахь салбарын агуулахаас түгээгдэж байсан нь “Дэгжин гоо” брэнд байлаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул хамгийн хүнд туссан салбар бол гадаад худалдаа. Экспорт, импорт бараг зогссон гэхэд болно. Нөлөөгөөр нь гадаад худалдаа нь түр хойшилсон Рэнцэнхандын гэрээ хэлцлүүд эргэн сэргэж ганцхан Америк ч гэлтгүй Европ, Япон руу үндэсний хэв маяг агуулсан хөнгөхөн, дулаахан бүтээгдэхүүнээ гаргах гарц нээхээр ажиллаж байна. Гадаад харилцааны мэргэжил бизнестэй нь уялдаад ирэхээр алзахгүй биз.
Монгол Улс аялал жуулчлалын эргэн сэргэлтийн бодлого явуулж байгаа нь надад болон үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд таатай. Бодлогынхоо хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг тусгаж, тэднийхээ нэрийн барааны дэлгүүрийг жуулчид их холхидог гудамжинд нээх боломж бололцоог нь хангаад өгвөл. Турк улсын аялал жуулчлалын компаниуд үндэсний үйлдвэрлэлээ ямар мундаг дэмждэг билээ. Жуулчид суулгасан автобус нь зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийнхээ дэлгүүрээр л очно. Гар урчуудынхаа урлангаар зочлуулах гэх мэтчилэн. Улс орнууд үнэт зүйлсээ бий болгоод түүгээрээ бизнес хийгээд байна. Яагаад жуулчин авчирдаг компаниуд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ дэлгүүрийг маршрутдаа оруулчихаж болохгүй гэж, ямар нэгэн байдлаар хамтран ажилладаг байгаасай гэж бодогдоод болдоггүй. Нэгэнт бодогдоод эхэлсэн ажлынхаа араас яваад эхлэлгүй яах вэ. Хэд хэдэн жуулчны компанид санал тавьчихсан. Хэн хэндээ ашигтай байх үйл ажиллагааны гэрээний хувилбар гаргана даа.
“Түвшин Тулга Трэйд” компанийн дэлгүүр нүүжээ. Зайсангаас нүүж “Ханбүргэдэй” их дэлгүүрийн ард буурь сэлгэн буув. Энэ нь ч тэдэнд таатай. Учир нь “Манай ажилчдын дийлэнх нь Төмөр замын орчимд амьдардаг. Хэдийгээр манай ажлын цаг харьцангуй уян хатан ч ажилчдыг амрах боломжоор хангахгүй бол ямар хэрэг байх билээ. Иймдээ ч тэднийхээ гэрт дөхье гэж шийдсэн. Манай дэлгүүрийн онцлог бол дэлгүүр үйлдвэр хамтдаа байгаа нь маш их цаг хэмнэж байдаг. Хүмүүсийн сонирхлын дагуу хийж өгөх боломжтой. Энэ нь ч үйлчлүүлэгчдэд таалагддаг.
Өчигдөрхөн би ажилчидтайгаа ярилцсан сэтгэгдэл өндөр байна” гэж Түвшинбаярын Рэнцэнханд захирал ярьж байсан. Ажилтайгаа ойрхон гэртэй бол ажлын бүтээмж ч сайжрах нь лавтай. Энэ шинэ жилийн үдэш ирээдүйн ямархан төлөвлөгөө түүний дэвтэрт буух бол. Бичсэн бүхэн нь биелэх болтугай.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24524/