Өнөөгийн дэлхий ертөнцөд маш олон эмгэнэлт явдал болдог. Өлсгөлөн, дулаарлаас эхлээд хүний эрхийг системтэйгээр дарангуйлах хүртэл. Эдгээр нийгмийн гажуудал гэмээр өвчин эмгэгийн үнэн нүүр царайг хүмүүс янз бүрийн хэлбэрээр хүлээн авч, хариу урвал үзүүлдэг. Улс орон, үндэстэн ястнууд янз бүрийн шалтгаанаар хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тухай ярианд тийм ч таатай ханддаггүй. Энэ бол эрчүүдийн тухай яриа.
Зарим эрчүүдийг нийгмийн идэвхгүй, үхээнц дорой нэгэн болгож байдаг хүчин зүйлүүдийн нэг бол тэдний сэтгэл хөдлөлийг хянах оролдлого. Эр хүнийг байгалийн адгууслаг зөн совингоо дагах хүсэл шуналыг тэжээж буй сэтгэл хөдлөлөө дарахыг соёл иргэншил уриалдаг. Тэднийг хатуужилтай бай, хэзээ ч уйлж, сэтгэл хөдлөлөө харуулж болохгүй, сээтэгнэж болохгүй, сайхан бүсгүйг өдөж болохгүй гэсэн тогтсон ойлголтоор хүчирхийлдэг. Эрэгтэй хүнийг зүгээр л ажлын машин, “мөнгөний мод” мэт үзэж, гэр бүлээ бүгдийг нь тэжээх ёстой, асуудал бэрхшээлээ ярих ёсгүй, тэсвэр тэвчээр зааж дотроо хадгалах ёстой гэх мэт хэвшмэл ойлголтуудад хайрцаглаж, эдийн засгийн болоод сэтгэл зүйн дарамтад оруулах нь бий. “Эр хүн уйлдаггүй юм”, “Эр хүн зүрхэндээ уйлдаг юм” зэрэг “гоё” үгнүүд маань эрчүүдийг хатуу чанга болгохоос илүүтэй асуудал, бухимдлаа дотроо тээж явдаг, харилцааны чадавх сул нэгэн болгож хувиргадаг. Цаашлаад стрессээс гаралтай өвчинд өртөх эрсдэл их, архины хамааралтай, хүчирхийлэл үйлдэх зан үйл, хандлагыг бий болгож байдаг гэнэ. Эр хүйсийн адгууслаг шинж нь нийгэмд ч, эрчүүдэд ч хортой гэж үздэг нь соёлын хэм хэмжээ гээд байгаа.
Эр хүний шинж чанарыг юу гэж тодорхойлох ёстой вэ. Голдуу эмэгтэйчүүдэд тааламжтай байх үзэл, суртал ухуулгын машин хаа сайгүй ажиллаж эрчүүдийн сэтгэл зүйг хайр найргүй урж тасчиж байдаг нь эргээд нийгэмдээ болон эрчүүдэд хор хөнөөлтэй юм гэдгийг хэрхэн тайлбарлах вэ. Энэ талаар эрчүүд лав дуугарахгүй. Тэд таг дуугүй явсаар сэтгэл гутралд орох, амиа хорлох, эс бөгөөс эмчлэгдэхгүй сэтгэцийн өвчтэй нэгэн болж ч болзошгүй юм. Эрчүүдийн нийгэм, гэр бүл дэх байр суурь, оролцооны хуваарь нь өөрийнхөө гэгээн дүрээр "гал хамгаалагч"-ийн л үүрэг гүйцэтгэх хэмжээний болчихсон байх жишээтэй. АНУ-д 2003-2013 оны хооронд 10 жилийн турш 78 цуврал судалгаа явуулжээ. Судлаачид судалгааныхаа үр дүнг сэтгэл судлалын чиглэлээр нийтлэл, зөвлөгөө бичдэг сэтгүүлд нийтэлснээс харвал, эрэгтэйлэг зан чанарын талаарх хувь хүний үзэл бодол эрчүүдийн сэтгэл санааны хямрал, гутралтай тодорхой хэмжээгээр холбоотой байна. Судалгаанд 12-65 насны эрчүүд хамрагдсаны ихэнх нь цагаан арьст эрэгтэйчүүд байсан бөгөөд афро-Америк, ази-Америк гаралтай хүмүүс ч тодорхой хэмжээгээр оролцсон байдаг.
Юуны өмнө судлаачид оролцогчдоос эрэгтэйлэг гэж тооцогддог уламжлалт шинж чанарыг түүвэрлэн олж тогтоов. Үүнд, өрсөлдөх хүсэл, сэтгэл хөдлөлөө хянах, эрсдэлд дурлах, хүчирхийлэл, давамгайллыг хүсэх, бэлгийн харьцаанд орох, биеэ даах чадвар, эмэгтэйчүүдийг захирах, ажил эрхлэх давуу байдал, ижил хүйстний чиг хандлагыг үзэн ядах, удирдах эрх мэдэл. Судлаачид эдгээр шинж чанаруудыг сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэгэн тодорхой үр дагавартай холбоотой эсэхийг шалгаж үзэв.
Судалгааны үр дүнгээр дээрх хэм хэмжээг баримталдаг эрчүүд мансууруулах бодис, сэтгэл гутрал, стресст өртөмтгий байгаа нь ажиглагджээ.Гэхдээ эрчүүд эдгээр асуудлын талаар зөвлөгөө авах замаар эмчилгээ хийлгэж, тусламж авах магадлал тун бага байсан байна. Эмэгтэйчүүдийг захирах дуртай, бие даах чадвартай, наргианч хүмүүсийн хувьд сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө онцгой хүчтэй гэсэн үр дүн гарсан нь эрчүүдийн эргэн тойрон дахь нийгмийн үзүүлэх нөлөө сэтгэцийн эрүүл мэндийн олон асуудалтай холбоотой болохыг нотолж байгаа аж. Хачирхалтай нь, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрчүүд сэтгэл хөдлөлөө хянах чадвартай байдаг бол бурхнаас сэтгэл санааны дэмжлэг хүсдэг итгэгч эрчүүдийн ихэнх нь сул дорой байдаг гэсэн судалгааны үр дүн судлаачдыг алмайруулж орхив. Өнөөгийн нийгмийн тогтсон үзэл хандлагын эсрэг үр дүн хэнийг ч гайхашруулах нь мэдээж.
Эрчүүдийн тухай ярихаар “Жендэр”-ийн асуудал сөхөгдөх нь лавтай, сөхөхгүй бол болохгүй ч байх гэж айж байна. Ихэнх хөдөлмөрийг биеийн булчин массаар гүйцэтгэдэг үе өнгөрч, тархиар гүйцэтгэдэг болсноор байгалийн өгөгдөлд тулгуурласан хөдөлмөрийн хуваарь үгүйсгэгдэж, эм хүйс нийгэмд оройлох байр сууриас оролцож эхлэв. “World Economic Forum”-“Олон улсын хөдөлмөрийн статистикийн хороо”-ны 108 орныг хамруулсан тайланд дурдсанаар дэлхий дээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрчүүдээс давсан гуравхан улс бий аж. Харин монгол эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо графикт 40 хувь байна. Төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 57.8 хувь нь эмэгтэйчүүд.
Дэлхий даяар парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг өсгөхөөр махарч буйг бид Канадын жишээнээс харсан. Ерөнхий сайдын суудалд очвол танхимынхаа тал хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ гэсэн амлалт өгсөн Жастин Трюдо ялалт байгуулсныхаа дараахан 30 гишүүнтэй танхимынхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж байлаа. Жастины танхимаас өмнөх улс төрийн түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилсан парламентаар тэмдэглэгдэн үлдсэн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн 25 хувийн эмэгтэйчүүдийн оролцоотой жендэрийн парламент дурсамж болов. Дээр нь манай дэлхийн ирэх 15 жилд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн 17 зорилтод эмэгтэйчүүдийн улс төр болон эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор багтаж буй гэнэ.
Бүх л түүхийнхээ турш өөрөөсөө хараат байдлаар амьдарч байсан эсрэг хүйсээ тэжээж, хамгаалан халамжилж байсан эр хүйс өөртөө итгэлтэй, ихэмсэг бардам байсан давамгайллаа нэгэнт алдаж, удирдлагыг эсрэг хүйстэнтэйгээ хувааж барих уу эсвэл бүрмөсөн алдах уу гэдэг эгзэгтэй цаг үед бид амьдраад ч байх шиг. Эрчүүд эрх мэдлээ хувааж эдлэхээс хэзээ ч цааргалахгүй л болов уу.
Уг нь хүйсийн тэгш эрхийн төлөөх дуу хоолой нь эрэгтэй, эмэгтэй, аливаа бүлэг хүмүүсийг нас, хүйс, бэлгийн баримжаа, чадвар, арьс өнгө, шашин шүтлэг, яс үндэс, байршил, анги давхарга, угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхаж, дарамталж, мөлжихөд хүргэдэг эрх мэдлийн бүхий л нийгмийн харилцаануудыг хувьсган өөрчлөхийн төлөө юм. Эрэгтэйчүүдийн одоо эдэлж буй эрх мэдэл, байр суурийг хуваалцах бус, эрэгтэйчүүдтэй адилхан болох бус. Гэтэл хүйсийн тэгш эрхийн төлөөх хөдөлгөөнийг феминизм гэж ойлгох хандлага газар авсан. Р.Эмүжиний бичсэн “Сүүлчийн эр хүн” өгүүллэгийг уншсан хэн ч эмэгтэйчүүд, эрчүүдийн эсрэг зарлаагүй дайн эхлүүлчихсэн юм биш байгаа гэж хөндүүрлэн бодно. Хэрвээ тийм “хүйс хоорондын дайн” Монголд болбол гаднын санхүүжилттэй сангуудаар толгойлуулсан феминизмээр өвчилсөн бүхэл бүтэн сүрэг тус дайны галын шугам дээр хөхөвчөө шатааж, саваа авахуулаад эр хүнгүйгээр сайхан амьдар гэсэн уриатай зогсох байх. Иймэрхүү хэт радикал хандлагыг феминизмийн галын шугам гэж ёжлох нь ч бий гэнэ. Бүр байчихаад уламжлалт моногами гэрлэлтийг үгүйсгэх чөлөөт феминистүүдийн лесби чиг хандлага агуулсан уриалга нийгэмд хүчтэй цуурайтах болсон. Энэ талаар цахим ертөнцөд нийтлэл бичиж, үзэл бодлоо илэрхийлдэг дүрүүд маш их хандалттай болж, зөвхөн эмэгтэйчүүд ордог бүлгэмүүдийн дагагчдын тоо багахан арми бүрдүүлэх хэмжээний байх нь энгийн үзэгдэл. Аливаа зүйлийн хэм хэмжээ хэтрэх угаасаа сайн үр дүн авчирч байсан түүхгүй.
“Монголд эмэгтэй хүн байх нь хэр хэцүү вэ” гэсэн асуултад ихэнх эмэгтэйчүүд “хэцүү” гэж хариулдаг гэнэ. Учир нь, зөвхөн эм хүйсэнд төрснийх нь төлөө өдөж хоргоох, биед нь зөвшөөрөлгүй хүрэх зэрэг олон бэрхшээл тэднийг отож байдаг. Эмэгтэйчүүдийг гоо сайхан, дур булаам байдлаар төсөөлөхдөө хүн гэдгийг нь орхигдуулдаг гэж феминистүүд гомдоллодог. Энд миний тэнэг толгой эргүүтэж гүйцээд байгаагаа хүлээн зөвшөөрье. Яаж ч тайлбарлаад ойлгохгүй байгаа нь эр хүйстэй минь холбоотой байж мэдэх юм. Эсвэл бүр хоцрогдсон этгээд байх. Байгалийн зөн совингоо дагаж эсрэг хүйстнээ өдөж байх даалгавартай эр хүйстэн болж төрснийхөө төлөө л эрчүүд адлагдах ёстой болоод байгаа юм л даа.
Уур хилэн, хүчирхийллийн янз бүрийн хэлбэрийг тодорхой хэмжээгээр тэвчих ёстой гэсэн бидний төрж өссөн уламжлалт гэр бүлийн хүмүүжил эр хүн гэдгээ байнга батлах хэрэгтэй гэсэн гүн гүнзгий ойлголттой холбоотой байдаг.
Угаасаа эр хүн байх нь өөрөө феминистүүдийн хувьд хүчирхийлэл, үзэн ядалт, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийг өдөөдөг юм биш үү.
Хэдийгээр хүн бүр хүссэн зүйлээ сонгох эрхтэй ч гэлээ хүний амьдралд сонгож болдоггүй зүйлүүд бас бий гэж үздэг хүмүүсийн нэг би мөн л дөө. Юу гэхээр хүчирхэг байгаль эхийн зохиож өгсөн тоглоомын дүрмийн тухай би ярих гээд байгаа юм. Эрчүүдэд овог аймгаа хамгаалах, сүр хүчээ илэрхийлэх зэрэг зөн совин хувьслын үр дүнд бий болсон тул зарим сэтгэл хөдлөлөө унтраахаар програмчлагдсан байдаг. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийг үр удмаа төрүүлж өсгөхийн тулд хоол унд, орон гэр, хүүхэд гэх мэт өгөгдлөөр кодолсон байдаг.
Эмэгтэйчүүд газар нутаг, хоол хүнсний төлөөх тэмцэл зэрэг үхэх аюултай үйл явдалд оролцоход дэндүү үнэ цэнтэй байсан тул эрчүүд л энэ эрсдэлийг нуруундаа үүрчээ. Яагаад гэвэл эрчүүдийн үхэл эрт үеийн овог аймгуудын үр удмаа үржүүлэх чадварт нөлөөлөхөөргүй байв. Харин эмэгтэйчүүдийн үхэл овгийн хэмжээнд ихээхэн хохирол амсах аюултай.
Биологийн эр хүйсэнд төрсөн эрчүүд дааврын эмчилгээ хийлгэсэн ч энэхүү программын дагуух хувьслын үр дүнд булчингийн масс, ясны нягт зэргээсээ шалтгаалаад физиологийн хувьд эмэгтэйчүүдээс илүү гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Нийтлэгээрээ эмэгтэйчүүд физиологийн хувьд эрчүүдийг хэзээ ч гүйцэхгүй. Энэ хоёр хүйсийн дунд бие болоод сэтгэл зүйн өөр өөр зөн совиндоо захирагдсанаас үүдэлтэй харилцан үл ойлголцох явдал байнга гардгийн учир энэ бололтой. Эдгээр буруу ойлголтуудаас үүссэн маргаан мөнхөд үргэлжилж ч мэдэх юм. Жишээ нь, эрчүүд хайр дурлал, дотно харилцаа, халамж энхрийллээ бэлгийн дур хүслээр дамжуулдаг. Гэтэл эрчүүдийг шүүх дуртай феминист эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их сэтгэл хөдөлгөм зүйлсийг хүлээж байдаг. Илүү ихийг авах шунал, илүү ихийг, бүр ихийг авах шунал нь феминизмийг төрүүлчихсэн юм биш байгаа. Эсвэл феминизм нь тэгш эрхийг шаардахдаа эрчүүдийг эмэгтэй болохыг, үгүй бол эмэгтэйчүүд эмэгтэйлэг байдлаа үгүйсгэж эршүүд болохыг хүсээд байгаа ч юм уу.
Уламжлалт зан араншинтай эрэгтэй хүн өөрийн эмзэг байдал, энхрийлэл, сэтгэлийн шаналал гэх мэтийг ил гаргаад байдаггүй. Энэ талаар ярихаас айдагтаа биш зүгээр л эрчүүдийн бие организм тэгэхийг зөвшөөрдөггүй, эрчүүдийн амьд үлдэхтэй холбогдоно гэж нэгэн шинжлэх ухааны нийтлэлд дурджээ. Хэт хүчтэй сэтгэл хөдлөл нь адреналин ялгаруулдаг тул тэдэнд аюултай. Эрэгтэйчүүд зөнгөөрөө сэтгэл хөдлөлөө дарж, эсвэл энэ байдлаасаа гардаг (өрөөнөөс гарах, утсаар ярихаа болих, өөр сэдэв рүү шилжих, сонсохгүй байх). Адреналин нь дотоод эрхтнүүдэд хүчтэй нөлөө үзүүлж, зүрхний цохилт нэмэгдэж, цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ өсөж, хоол боловсруулалт алдагддаг. Адреналин нь эрэгтэй хүнд ажил, биеийн тамирын дасгал, дайралт, хамгаалалт гэх мэт зүйлд тустай боловч мэдрэмжийн тухайд биш юм. Энэ нь эрүүл мэнд, амь насанд аюултай.
Нэгэн феминист эмэгтэйн нүүр номдоо хэдэн сарын зайтай оруулсан хоёр бичвэрээр нийтлэлээ төгсгөе. Бодох эрх чөлөө таных.
Сайн уу ахан дүүс ээ. Бид бүгд л хоорондоо адилхан. Би чам шиг өглөө болгон сэрээд эр нөхөр рүүгээ харж, хайртай гэдгээ хэлж, хариу анхаарал халамж хүртэж, бэлэг сэлтээр булуулж, түүнийгээ хайрлах тухай дэлхий даяар хашгирч байна. Би түүнийгээ эрдэнэ мэт хайрладаг, үүгээрээ ч бахархдаг.
Чам шиг би хэтэрхий их дурласандаа буруутай.Намайг хэт автсан, донтогч, галзуу гэж дууддаг. Эрчүүд намайг ашиглаж, доромжилж, хөлөө арчиж байсан. Намайг тоодоггүй хүмүүсийн төлөө би дэрэнд нүүрээ наан цурхиран уйлж байна. Тэд надаас хүссэн зүйлээ аль хэдийнэ авсан. Тэд яагаад миний тэдний төлөө хийж байгаа бүхнийг анзаардаггүйг би ойлгохгүй байна.
ТРАМП ТӨМӨРӨӨ