Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.
-Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд тантай ярилцаж байна. Ойн хүрээнд ямар ажил, арга хэмжээг зохион байгуулав. Цаашид тулгамдсан асуудлаа шийдвэрлэх тухайд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Анх 1992 оны наймдугаар сард Чингэлтэй дүүргийг одоогийн Сүхбаатар дүүргээс тусгаарлан, бие даан байгуулсан байдаг. Тухайн үед Чингэлтэй дүүрэг 18 хороотой, 80 мянган хүн амтай байсан бол өнөөдөр 24 хороо, 170 мянган иргэнтэй, өнөр өтгөн айл болсон байна. Дүүргийн 30 жилийн ойн хүрээнд бид иргэдээ оролцуулсан, нийтийг хамруулсан олон ажлыг зохион байгууллаа.
Манай дүүрэгт бусад дүүргийн адил тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ юуны түрүүнд бид эдийн засгийн бүтцээ сайжруулах шаардлагатай. Төсвийн орлогыг тасралтгүй, тогтмол бүрдүүлэх, эх үүсвэрээ дэмжиж ажиллах шаардлагатай. Нөгөөтэйгүүр дүүргийн нутаг дэвсгэр дэх бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэх, нэн шаардлагатай зам, бусад байгууламжийн ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг татаж, санхүүжүүлж дуусгах зайлшгүй шаардлага бий. Мөн хүлээгдэж байгаа цөөн тооны барилга байгууламжийн ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах зэрэгт анхааран ажиллаж байна.
-Чингэлтэй дүүрэг 2022 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд томоохон ямар бүтээн байгуулалтын ажлыг хийж, хэрэгжүүлэв?
-Энэ жилийг бид “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлахдаа хоёр зорилтыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, цар тахлын болон эдийн засгийн амаргүй нөхцөлтэй уялдуулан бүтээн байгуулалтын ажлаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Энэ хүрээнд бид дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зам барих, гэрэлтүүлгээ нэмэгдүүлэх, нэн шаардлагатай барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажилласан. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн хүртээмжээ нэмэгдүүлэх чиглэлд хүч хаяж ажилласан гэж ойлгож болно. Үүний зэрэгцээ иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн шийдэл, шийдвэрийг гаргуулж ажиллалаа. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн эмнэлгийн өргөтгөл, мөн Эрт илрүүлгийн төвийн барилгын ажлыг эхлүүлж чадсан.
Нийслэлийн төсвийн санхүүжилтээр 1.6 км, дөрвөн эгнээ засмал зам гэр хороолол дунд барьж байна. Энэ ажил ирэх жил дуусна. Энэ дөрвөн эгнээ зам цаашдаа Улаанбаатар хотын, тэр дундаа Чингэлтэйн хойд бүсийн түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдол бүхий гол зам болно гэж бид үзэж байгаа юм. Хоёрдугаарт, өмнө нь эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгая гэж шийдсэн. Тухайлбал, 1000 хүний суудал бүхий спорт цогцолборын ажлыг бүрэн дуусгалаа. Энэ ажил олон жил дамнасан байсныг спорт заал, усан бассейн, хоккейн талбай гэсэн дарааллаар, шат дараатайгаар ашиглалтад оруулсан. Үүний зэрэгцээ XIX хороонд “Хайрхан хөгжил төв” байгууламжийн дутуу хэсгийг мөн гүйцээлээ. Энэ тухайд ногоон байгууламжийг нэмэх, гаднах спортын талбайн чадамжийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү ажилласан байна. Дүүргийн хэмжээний зарим замыг өргөтгөх, шинэчлэх ажлыг одоо ч хийж байна. Цаашид замуудад тусгайлан ажлын хэсэг гаргаж, дүгнэлт хийх төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд дүүргийн хэмжээний замуудыг эрэмбэлнэ гэсэн үг.
Орон сууцжуулах ажлын хүрээнд зарим зам ашиглалтгүй болох учраас урсгал засвар зэрэг хөрөнгө тусгахгүй байх. Нөгөө талд барилгажилтыг эхлүүлэхээс өмнө аль чухал гэж үзсэн замуудаа өргөтгөх, шаардлагатай замын байгууламжийг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн. Замаа өргөтгөхөөс гадна бродюр, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ зэргийг нэмэгдүүлэхээс авахуулаад цаашид хийх олон ажил бий.
Дүүрэгт олон жил хийж хэрэгжүүлэхээр ярьсан ч төдийлөн үр дүнд хүрдэггүй байсан, камержуулалтын асуудалд ахиц гаргасан. Тодруулбал, дүүргийн хэмжээний бүх камерыг дотоод хяналтын системд холбож, шинэ зохион байгуулалтад оруулан ажиллаж байна.
Дүүргийн бүх цэцэрлэг олон улсын хөтөлбөрт хамрагдаж, хүүхдийн тоогоор зөөлөн эдлэлээр бүрэн хангагдсан
-Чингэлтэй дүүрэгт боловсролын салбарын хүрэлцээ, хүртээмж хангалттай байж чадаж байна уу. Тухайлбал, энэ жил дүүргийн хэмжээнд хэчнээн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулав?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд Чингэлтэй дүүрэгт шинээр таван цэцэрлэг ашиглалтад орууллаа. Ингэснээр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн асуудал бүрэн шийдэгдэж, дүүргийн хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамрууллаа гэсэн үг. Мөн бид хэд хэдэн ерөнхий боловсролын сургуульд гадна, дотно фассаднаас гадна сантехникийн шугамуудаа шинэчлэх, дээвэр засах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Газрын гүний дулаанаар халаах ажлыг Улаанбаатар хотын “Цэвэр агаар” төслийнхөнтэй хамтран 83 дугаар цэцэрлэг, 49 дүгээр сургуульд төслийн шугамаар хийж байна. Үүний дүнд цахилгааны буюу халаалтын урсгал зардлыг багасгах бодлого барьж байгаа юм. Цаашид хэд хэдэн сургууль, цэцэрлэгийг шинээр барихаар бэлтгэл ажил хангагдсан.
Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах талд томоохон хэд хэдэн ажлыг хийсэн. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн бүх цэцэрлэгийн зөөлөн эдлэлийг бүрэн хүрэлцээтэйгээр хангаж өгсөн. Хивс, хивсэнцэр, дрожийг шаардлагатай тоогоор нийлүүлсэн гэсэн үг. Мөн хүүхдүүдийн гудас, хөнжил, цагаан хэрэглэлийг хүүхдийн тоогоор авч өгсөн. Өмнө нь ирээгүй хүүхдийнхийг дамжуулж ашигладаг л байлаа шүү дээ. Энэ нөхцөлийг өөрчлөх үүднээс цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүүхдүүд хүйтэн шалан дээр унтахгүй, хөнжил, цагаан хэрэглэлээ дамжуулж хэрэглэхгүй байх нөхцөл бүрдсэн. Дүүргийн бүх цэцэрлэг Олон улсын хөтөлбөрт бүрэн хамрагдаж, хүүхдүүдийн тоогоор зөөлөн эдлэлээр бүрэн хангагдсан. Цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад оруулах бүрд энэ мэт жижиг юм шиг мөртлөө чухал ач холбогдол бүхий асуудал үүсдэг учраас бид тухайлан анхаарч ажилласан л даа.
Түүнчлэн дүүргийн хэмжээний бүх цэцэрлэгээ олон улсын хөтөлбөрт хамруулж чадсан амжилттай. Хаана байрладгаасаа үл хамаараад олон улсын монтессори, аймбрик зэрэг хөтөлбөрт хамрагдсан. Энэ нь цэцэрлэгийн хүүхдүүдийн маань хүмүүжил, хөгжилд чухал нөлөөтэй ажил болсон. Цаашид бид энэ олон улсын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиуддаа шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр ажиллаад эхэлсэн. Ингээд бид иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарахын зэрэгцээ нийгмийн бусад асуудал, хөдөлмөр эрхлэлтийг ч орхигдуулалгүйгээр бодлогын цөмдөө оруулан ажиллаж байна. Ингэж байж дүүргийн гол цөм болсон иргэндээ хүрч ажиллах буюу орчин үеийн бөгөөд хүнд нэн шаардлагатай үйлчилгээнүүдийг өгч чадна гэсэн үг.
-Чингэлтэй дүүрэг нэгдсэн эмнэлэгтэй болох ажил ямар шатандаа явна вэ. Ганц Чингэлтэй дүүрэг гэлтгүй нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болно гэж ойлгоод байгаа?
-Чингэлтэй дүүрэгт нэгдсэн эмнэлэг барих асуудал яригдаад таван жил болж байна. Анх 2017 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан, Хан-Уул,Чингэлтэй дүүрэгт Нэгдсэн эмнэлэг барих шийдвэр гарсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг баригдаад ашиглалтад орсон. Хан-Уул дүүргийн эмнэлэг удахгүй Яармагт баригдана гэж ойлгосон. Харин Чингэлтэй дүүрэгт эмнэлэг барих ажил газаргүйн улмаас тодорхойгүй байдалтай өдийг хүрсэн. Тиймээс бид дотооддоо ярилцаад энэ тухайд шийдэл гаргасан. Нэгэнт эмнэлэг барих санхүүжилт шийдэгдсэн байхад дүүргийн ИТХ-д боломжтой гэж үзсэн байршилд газар чөлөөлөх саналаа гаргасан юм. Ингэснээр дүүргийн төсвөөс 6.8 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлтөд зарцуулсан. 2011, 2022 онд дүүрэг тэвчиж болох зардлаа хэмнээд 13 тэрбум төгрөгөөр газар чөлөөллөө. Энэ бол ирээдүйн шинэ бүтээн байгуулалтын эхлэл юм. Үүний дүнд Чингэлтэй дүүргийн X хороонд 2.8 га газрыг бүрэн чөлөөлөөд байна. Өөрөөр хэлбэл, бид өөр бүтээн байгуулалт хийх зардлаа танаж хэмнэснээр иргэдэд нэн шаардлагатай эмнэлгийн барилгын газраа бүрэн шийдчихээд байна. Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны дүнд байгуулсан гэрээний хүрээнд шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа.
-Эрт илрүүлгийн төв барих талаар та дээр дурдсан. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил, шинэчлэлийн цогц ажил өрнүүлж байгаа юм байна гэж ойлголоо. Бодлого, төлөвлөлтийг хэрхэн гаргасан бэ?
-Эрүүл мэндийн салбарт хоёр ч Өрхийн эмнэлгийн барилгыг бид энэ жил ашиглалтад хүлээн авлаа. I, II, III хорооны нэгдсэн жишиг Өрхийн эмнэлгийн барилгыг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд ажил нь үргэлжилсэн XVI хорооны Өрхийн эмнэлгийг ойрын хугацаанд үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна.
Том зургаараа, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарт хоёроос дөрвөн жилийн дараа эрс өөрчлөлт гарна. Тодруулбал, эрүүл мэндийн салбарт зориулсан дөрвөн ч байгууламжийг барьж байна. Үүний нэг нь сая дурдсан X хороонд барьж байгуулах, 250 хүний ортой, орчин үеийн нэгдсэн эмнэлэг. Хоёрдугаарт, одоогийн СУИС-ийн өөдөөс харсан нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар болсон. Ингэснээр хүчин чадал нэмэгдэнэ гэсэн үг. Гуравдугаарт, 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл барьж дуусгаагүй Хайлаастын буюу хоёрдугаар амбулаторийг 2023 онд барьж дуусгаад бүрэн ашиглалтад оруулахаар ажил эрчимтэй үргэлжилж байна. Дөрөвдүгээрт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар XIII хороонд Эрт илрүүлэг, оношилгооны төвийг барьж байна. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажилласны дүнд бид өнөөдөр ийм дүн мэдээтэй байна. Үүний зэрэгцээ бидний үе шаттайгаар хэрэгжүүлж буй ажил болох хороодод барьж ашиглалтад оруулж буй жишиг өрхийн эмнэлгийн ажил цаашид ч үргэлжилнэ. Яг өнөөдрийн нөхцөлд бидний байдал маш эмзэг гэж хэлж болохоор байгаа.
Дүүргийн нэгдсэн эмнэлэг зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг. Ийм нөхцөлд эмнэлгийн, орчин үеийн зориулалтын тоног төхөөрөмж суурилуулах боломж байдаггүй. Орчин үеийн тоног төхөөрөмжгүй учраас сайн, чадвартай эмч нар ажилладаггүй. Иймд эцсийн дүндээ эрүүл мэндийн үйлчилгээний чанар сул, хүртээмж доголдолтой байгаа нь нууц биш.
Нийслэлийн хэмжээнд манай дүүргийн эрүүл мэндийн салбарын одоогийн үзүүлэлт хойгуур байгаа нь бодит үнэн. Тиймээс бид цаашид дээрх барилга, байгууламжаа ашиглалтад оруулах, улмаар хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг суурилуулах, түүндээ түшиглэж, хүний нөөцөө сайжруулах бодлоготой ажиллаж байна.
-“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд олон ажлыг хийж, хэрэгжүүлжээ. Иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, чиглэлд дүүрэг ямар бодлого баримталж байна вэ?
-Энэ тухайд дүүрэг тасралтгүй ажиллаж ирсэн. Тухайлбал, дүүргээс иргэддээ түр ажлын байр гаргаж өгөх, үйлдвэрлэл эрхлэгчдэдээ чиглэсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, шаардлагатай үзэсгэлэн яармагт оролцуулах, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, дотоод болон гадаадад худалдаалахад дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажилладаг. Одоо ч тасралтгүй үргэлжилж байна, цаашдаа ч үргэлжлүүлнэ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг сонсох, ажилдаа тусгах, ажлаа хамтран явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг ажил олгогч, үйлдвэрлэгчдэд бодитоор хэрэгжүүлэх чиглэлд дүүрэг төвлөрөн ажиллаж байна. Тийм ч учраас 2023 оныг бид “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлахаар шийдсэн. Ерөөсөө үйлдвэрлэл эрхлэгчид бол манай дүүргийн эдийн засгийн том бүтцийн оролцогч. Жишээлбэл, нэг үйлдвэрлэл эрхлэгч ажил олгогч байдаг. Нөгөөтэйгүүр өрх гэрээсээ авахуулаад эргэн тойрны хүмүүсийнхээ амьдралд тус дэм болдог. Энэ утгаараа үйлдвэрлэл эрхлэгчид бол ядуурлын эсрэг бодитоор тэмцэж буй субьект. Үйлдвэрлэл нь сайжраад ирэхийн хэрээр олон төрлийн татвар төлж, орлого бүрдүүлдэг буюу баялаг бүтээгч болдог. Тиймээс үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих чиглэлд дүүрэг илүү бодитоор буюу өмнөхөөсөө шат ахиулсан байдлаар анхаарч, хамтарч ажиллах зорилтыг тавиад байна.
-Засаг даргын хувьд дүүргийнхээ хөгжил, цэцэглэлтийг хэрхэн харж байна вэ. Зайлшгүй хийх, хөрөнгө хүч шаардсан ажлаас гадна Засаг дарга, иргэн хүний хувиар...
-Мэдээж өөдрөгөөр төсөөлж байна. Манай дүүргийн хувьд зам, гэрэлтүүлэг, камержуулалт, эрүүл мэнд, боловсрол, спортын болон бусад барилга байгууламжийн ажлыг харьцангуй сайн хийж ирсэн. Эдгээр ажил цаашид тасралтгүй үргэлжлэх учиртай. Харин үүнтэй зэрэгцүүлээд хүнээ хөгжүүлэх, нийгмийн салбарын бодлогыг эрчимжүүлэхэд илүү төвлөрч ажиллана. Энэ тухайд өнгөрсөн хугацаанд бид боловсролын салбарт илүү их ач холбогдол өгч ажиллалаа. Цаашид сургалтын орчин, чанар, хүүхдэд ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийн удирдлага, багш ажилчдын хандлага маш чухал. Энэ тухайд бид онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Ерөөсөө ёс зүйн талд мэдрэмжтэй ажиллахыг шаардаж байна гэж ойлгох хэрэгтэй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24525/