Европын холбоо эрчим хүчний хямралтай нүүр тулж, олон улс ОХУ-ын цэнхэр түлшийг орлуулах байгалийн хийн нийлүүлэлтийг эрэлхийлж, чулуужсан түлш рүү буцах эсэхээ шийдэж ядан буй цаг үед уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP27 чуулган болж байна. Египетийн Шарм-эль-Шейх хотноо болж буй НҮБ-ын жил тутмын чуулган энэ сарын 18-нд өндөрлөнө. Энэ удаад 196 орны төр, засгийн тэргүүн, Байгаль орчны сайд нар оролцож, сорилтыг даван туулах шийдлийг хэлэлцэнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний системийг өөрчлөхийг уриаллаа.
Мөн тэрбээр “Парисын гэрээг бодит болгохын тулд эдийн засгаар тэргүүлдэг АНУ, БНХАУ хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй. Энэ бол уур амьсгалын зорилтоо биелүүлэх бидний цорын ганц найдвар. Хүн төрөлхтөн цаг уурын тамд хүрэх хурдны галт тэргэнд явж байна. Энэ бол бидний эрин үеийг тодорхойлох, XXI зууны сорилт. Украины дайн чулуужсан түлшний хэрэглээг халах зорилгыг дөнгөллөө. Чулуужсан түлш, газрын тос олборлогч компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулж, уур амьсгалын нөлөөлөлтэй тэмцэж буй буурай орнуудад хуваарилахыг шаардаж байна. Өнгөрсөн жил COP26-д өгсөн амлалтаа хэрэгжүүлж буй Засгийн газруудад 2025 он гэхэд 40 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ. Олон улсын санхүүгийн байгууллага, банкууд бизнесийн загвараа өөрчилж, үүргээ биелүүлэх шаардлагатай” гэжээ.
Африкийн уурхайнууд эрэлттэй байна
Брюсселийн эгнээний орнуудыг ногоон шилжилтийн загвар гэж урт хугацааны туршид тодорхойлж ирсэн. Тэдгээр улс ч өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлж, 2050 он гэхэд цаг уурын төвийг сахих зорилтоо хуулиар баталгаажуулаад байв. Харамсалтай нь ОХУ-ын эсрэг хоригууд Европын холбоог уур амьсгалын хууль тогтоомжийн туршилтын лаборатори болсныг илчилжээ. Брюсселийн эрх баригчид нэг жилийн өмнө метаны ялгаруулалтыг бууруулах, халуун орны ой модыг хамгаалах, Өмнөд Африкийн нүүрстөрөгчийн хийг бууруулах хүчин чармайлтыг зохицуулж байлаа. Нүүрсийг үе шаттайгаар бууруулж, эдийн засгийн хувьд "үр ашиггүй" түлшний татаасыг зогсоох нь өнгөрсөн жилийн уур амьсгалын хэлэлцээрийн гол сэдэв байсан юм.
Гэвч Глазгод болсон COP26 чуулганаас хойш их зүйл өөрчлөгдсөн. Аргаа барсан Европын удирдагчид Шарм-Эль-Шейхад болж буй чуулганы шийдвэрийг дагах эсэх нь эргэлзээтэй. Английн Төв банк Их Британид урт хугацааны хямрал нүүрлэснийг анхааруулсан.
Дэлхийн ихэнх улстай ижил төстэй энэ зураг эрчим хүчний хямралаас үүдэлтэй юм. Цар тахлыг давж, газрын тос, байгалийн хийг зогсоох зорилгод хүрэхийн хэрээр эрэлт огцом нэмэгдсэн. Хомстлыг салхи, нарны эрчим хүчээр нөхөж барахгүй нь тодорхой. Цөмийн эрчим хүч ч хангалтгүй.
Оросын хямд байгалийн хийн нийлүүлтээ алдсан Герман, Итали, Нидерланд, Грек, Унгар улс БНХАУ, Энэтхэгийн нэгэн адил чулуужсан түлш рүү шилжихээс өөр аргагүйд хүрчээ. Дээрх улсын Засгийн газрууд цахилгаан станцуудын ашиглалтын хугацааг уртасгах, нүүрс шатаах цагаар тогтоосон дээд хязгаарыг цуцлах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Австри улс нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа 2020 онд бүрэн зогсоосон билээ. Гэвч иргэдээ өнтэй өвөлжүүлэхийн тулд эрх баригчид станцуудаа дахин ажиллуулах санал дэвшүүлсэн ч сөрөг хүчнийхэн гацаагаад байна. Олон улсын эрчим хүчний агентлаг Европын орнуудын нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгааг онцолсон. Тэр дундаа Германы хэрэглээ нэмэгджээ.
Европын холбооны хэмжээнд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт өнгөрсөн онтой харьцуулахад 4.2 хувиар нэмэгдсэн тухай “Carbon Monitor” мэдээллийн дүн шинжилгээний сайтад бичжээ. Дэлхийн хэмжээнд нүүрсний хэрэглээ найман тэрбум тоннд хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглаж байна. Европын орнууд Австрали, Колумб, Өмнөд Африк, Танзаниас нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлсэн. Танзанийн “Мтвара” боомт өдгөө Франц, Герман, Их Британи, Польш улс руу нүүрс тээвэрлэх хөлөг онгоцны гол зангилаа боллоо. Тус улсын “Рувума Коал” уурхай 400 мянган тонн нүүрсийг Нидерланд, Францад экспортолжээ.
Энэхүү их хэмжээний нүүрсний тээврийг хийхийн тулд Хонгконгийн “Kenexon” компанитай гэрээ байгуулжээ. Олон улсын түншлэлийн асуудал эрхэлсэн Европын комиссар Жутта Урпилайнен Танзанид айлчлахдаа чулуужсан түлшний төслүүдийг санхүүжүүлэхээ амлажээ. Европын худалдан авагчдын үнэ цохисон өрсөлдөөн Танзаниас гадна Ботсвана, Мадагаскарын нүүрсний уурхайнуудад өрнөж эхэлсэн. Тэд Азийн худалдан авагчдын санал болгосон ханшаас хоёр дахин өндөр үнэ төлөхөд бэлэн байна.
Геополитикийн хар салхи
Уур амьсгалын хохирлыг нөхөн төлүүлэх, олон улсын цаг уурын санхүүжилт, ОХУ, Украины асуудлаас үүдэлтэй геополитикийн үл ойлголцол COP27 яриа хэлэлцээрийг сааруулж магадгүй. Цагаан ордны засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй далайн шуурга, үер, ган гачигт нэрвэгдсэн орнуудад нөхөн олговор олгох, тусламж үзүүлэх талаар НҮБ-ын албан ёсны саналыг дэмжсэн. Гэхдээ “Блүүмберг” мэдээлснээр АНУ-ын нөлөө бүхий албан тушаалтнууд НҮБ-ын хөтөлбөрт тусгасан шинэ тусламж, санхүүжилтийн талаар тодорхой түлхэц үзүүлэхэд саад болж магадгүй.
Тухайлбал, үерийн улмаас 1700 гаруй иргэнээ алдаж, 30 тэрбум ам.долларын хохирол амссан Пакистантай Вашингтон улс төрийн зөрчилтэй байгаа. Үүнээс үзвэл цаг уурын хямралын үед санхүү, технологийн тусламжаас илүүтэй улс төрийн зорилго чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Түүнчлэн барууны зарим төлөөлөгч Армянск дахь химийн үйлдвэр, Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны үеэр шатаасан дизель түлш хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлсэн хариуцлагаа хүлээхийг ОХУ-аас шаардлаа. Украины тал уур амьсгалын бус, нутаг дэвсгэрийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хэлэлцээрийн мөн чанарыг геополитик руу хөтөлжээ.
Байгалийн гамшгийн шууд хохирлоос гадна эрүүл мэнд, боловсролд үзүүлэх нөлөөлөл, ялангуяа уур амьсгалын хариу арга хэмжээ нь эмзэг орнуудын төсвийн бааз, үйлчилгээг санхүүжүүлэх чадавхад сорилт болдог. Энэтхэг улс хэлэлцээрийн үеэр цаг уурын санхүүжилтийг онцолж чинээлэг орнуудын 2009 онд амласан ч хэрэгжүүлээгүй 100 тэрбум ам.долларыг нэхэмжилжээ. Шатахууны үнийн өсөлт дэлхийн зарим томоохон эдийн засгийг үндэсний аюулгүй байдал нэрийн дор нүүрстөрөгч багатай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд хүргэсэн.
БНХАУ 2030 онд салхи, нарны эрчим хүчний 1200 гигаватт эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хятад, АНУ-ын хооронд олон жил үргэлжилсэн цаг уурын хэлэлцээр Тайванийн асуудлаас тасалдсан. Бээжин нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах зорилгод анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн. Хятад улс ирэх арван жилд метаны хийг бууруулах төлөвлөгөөгөө COP27-оос өмнө зарласан. Байдены засаг захиргаа ч метан хийн ялгаруулалтыг хязгаарлах тухай удаан хүлээсэн хуулийн төслөө боловсруулж байна. БНХАУ-ын Байгаль орчин, экологийн яамны уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ли Гао “Хоосон уриа лоозон биш. Зөвхөн бодит амбицыг хэрэгжүүлнэ” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин 044/24525/