Нийслэлийн хэмжээнд шахмал түлшний 650 цэг ажиллаж байна


Нийслэлчүүдийн өмнө тулгардаг, улирал харгалзахгүй санаа зовдог асуудлуудын нэг нь сайжруулсан шахмал түлш. Урин дулааны улиралд сүртэй ярихгүй ч нөөц бүрдүүлэх чухал даалгавартай. Харин хүйтрэхтэй зэрэгцэхээр хүрэлцээ, үнээс эхлээд асуудал үүснэ. Тэгвэл өнөөдөр намрын адаг сарын шинийн 25. Ердөө зургаа хоногийн дараа өвлийн эхэн сар гарна. Шөнөдөө 10-15 хэмийн хүйтэн хонож байхад шахмал түлшний эрэлт хэрэгцээ нэмэгдэж таарна. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахдаа зэрэгцэн гэр хорооллынхон шахмал түлшний эрэлтэд гарч эхэллээ. Тиймээс бид шахмал түлшний цэгүүд бүрэн хүчин чадлаар ажиллаж буй эсэх, хүртээмж ямар байгааг нийслэлийн хамгийн их гэр хороололтой дөрвөн бүсээс сурвалжиллаа. Энэ жил гал алдахгүйн тулд “Тавантолгой түлш” компани 650 цэгээр түлш борлуулж эхэлсэн гэх мэдээлэл өгсөн. Тэрчлэн тээврийн 31 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан, сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байгаа аж.

 Эхний бүс Баянхошуу, Зүүнсалаа

09.00 цаг. Сонгинохайрхан дүүргийн V хорооны нутаг дэвсгэрээс хойшоо үндсэндээ тэр чигээрээ гэр хороолол. Иргэдийн мэддэгээр Ханын материалаас хойших чиглэл гэсэн үг. Бидний сурвалжилга V хорооны баруун талын шахмал түлш борлуулах цэгээс эхэлсэн юм. Энд өглөөний 07.00 цагийн орчимд түлш буужээ. Биднийг очиход үндсэндээ дуусаж байв. “Нэг Портероор ирсэн учраас амархан дууслаа” гэж борлуулагч нь ярьж байна. Хурдан дуусаж буй өөр нэг шалтгаан нь тэр орчимд шахмал түлш борлуулах цэг цөөхөн аж. Эхний цэгээс Баянхошууны тойрог хүртэл төв зам дагуу ердөө таван цэг байх юм. Таваас гурав нь хаалттай, хоёр нь нээлттэй. Нээлттэй хоёр цэгийн түлш бараг дуусаж байлаа. Өглөөгүүр бужигнасныг эс тооцвол одоо харьцангуй тайван байна хэмээн шахмал түлшний гэрээт борлуулагч Ш.Болд ярилаа. Өөр нэг борлуулагч ярихдаа “Үнийн хувьд нэмэгдээгүй, борлуулалт сайн байна. Хүмүүс ихэвчлэн орой, ажлын цаг тарах үед их авдаг. Чанар, түлшний үнэр энэ жил гайгүй, хүмүүс юм хэлэхгүй байна. Ер нь 3850 төгрөгийн үнэтэйг иргэд ойлгочихсон байгаа. Иргэдийн худалдан авах чадвар буурч цаасан хайрцаг, дугуйны хаймар гээд шатааж болох бүхнийг түлж гэрээ  дулаацуулдаг айл өрх цөөнгүй байгаа нь нууц биш юм” гэв.

Дараа нь Баянхошууны тойргоос хойшоо Зүүнсалааг зорилоо. Автобусны буудлын эцэс хүртэл дөрвөн км орчим. Энэ хооронд зам дагуу бас л таван цэг байна. Түлш түгээж байгаа нь ганцхан. Бусад нь нээлттэй ч түлш байхгүй гэнэ. Учрыг асуувал “Ихэвчлэн 10.00 цагаас хойш ирдэг. Өглөөгүүр ирэх нь ховор. Энэ хавийн оршин суугчид мэддэг учраас ажил тарснаас хойш бужигнадаг. Нэг ёсондоо 18.00-22.00 цагийн хооронд түлш хайсан машинтай хүмүүс энүүгээр шавна. Үүрээр бас их ирнэ” гэв. Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны иргэн Н.Цэцэгбалжид долоо хоногийн норм болох зургаан шуудай түлшээ авч байхтай тааралдлаа. Тэрбээр ийн ярьж байна. “Хувиараа бизнес эрхэлдэг тулдаа ажлын цагт баригдалгүй түлшээ авч байна. Түүнээс биш хэцүү шүү. Оройд дараалал ихтэй, бас ховорддог учраас өглөө авах нь амар юм. Ер нь бол долоо хоногт зургаан шуудай түлш хүрдэггүйг жил бүр хүмүүс ярьдаг ч өөрчлөлт гарсангүй” гэв. Н.Цэцэгбалжид бидэнд нэг санал дайлаа. Түүнийг нь уламжилъя. “Шахмал түлшний цэгүүд арай л зайтай байх юм. Өвлийн хүйтэн, халтиргаа, гулгаатай үед түлшинд явах үнэхээр хэцүү. Ялангуяа гэр сахиж үлддэг хөгшин настай хүмүүс, ЕБС-ийн сурагчдад бүр ч тээртэй. Тэд тэрэг түрээд зам руу, өгсүүр, уруу газар явахад хүндрэлтэй байна. Адаглаад л халтирч унаж, бэртэх гээд хэцүү юм. Тиймээс түлш борлуулах цэг гудамж бүрд нэг байвал зүгээр байна. Ядаж л хүрэлцээ хангамж сайн байх. Тэгэхгүй бол өвлийн хүйтэнд 500-1000 метр зайд настайчууд, хүүхдүүд тэрэг түрж явахад хүндрэлтэй. Үүнийг холбогдох албаныхан бодолцож үзээсэй” гэв. Иргэний хэлснээр заавал өнөө, маргааш гэхгүй ч ирэх жил эртээс уг ажлыг хэрэгжүүлбэл боломжгүй зүйл үгүй. Шахмал түлшийг иргэдэд аль болох чирэгдэл багатайгаар түгээх ажилд анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Баянхошуунаас Зурагтыг чиглэн явахдаа Чингэлтэй дүүргийн VII хорооны дэргэд байрлах цэгт түлш буулгаж байхтай таарав. Жолоочоос нь хэдэн цагт хүргэлтээ  эхэлснийг тодруулахад “Өглөө 06.00 цагаас хойш түгээлт хийж байна. 10 гаруй цэгт түлш өгсөн. Түлш түгээлт зарим үед удааширдаг нь үнэн. Энэ бүхэнд түгжрэл нөлөөлж буй. Өнөөдөр хотын замын түгжрэл ямар байгааг хүн бүр мэднэ. Түгээлтийн машинууд аль болох хурдан ажилладаг” гэв.

Зургаан шуудай хүрэлцдэггүй буюу

“Монел”-ын байдал

10.00 цаг. Үнийн хувьд шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй, 3875 төгрөгөөр зарагдаж байна. Иргэдээс түлшний үнэ, чанарын талаар тодруулбал “Долоо хоногт зургаан шуудай  түлш хүрэлцдэггүй.  Ес эхлэхээр шахмал түлшний хэрэглээ улам бүр нэмэгдэнэ. Тэр үед яах болж байна. Бас түлшний цэгүүд хоорондоо зайтай байна. Цэгийн тоог нэмсэн гэх ч мэдэгдэх зүй алга. Өглөөгүүр ихэнх нь хаалттай байдаг” гэх  хүмүүстэй цөөнгүй таарлаа. Нэг ёсондоо Монелд ч шахмал түлш борлуулах цэгийг гэртээ ойртуулах хүсэлтэй иргэд олон байна гэсэн үг. Энд нэг шуудай хар мод 7000, нарс мод 6000 төгрөгөөр  худалдаж байна. Шахмал түлш гэхээс илүүтэй мод үнэтэй байгааг иргэд хэллээ. “Цайз” захтай ойрхон учраас зарим өрх тэндээс үртэс худалдан авч, түлшний хажуугаар жийрэг болгон түлж байгаа гэнэ. Монел орчимд өнгөрсөн онуудад түлшний цэг цөөхөн байсны энэ жил нэмэгдүүлсэн гэж албаныхан тайлбарладаг. Тэгвэл яг бодит байдал дээрээ “Монел”-ын автобусны эцсийн буудал хүртэл замын баруун, зүүн талаар ердөө зургаан цэг байна. Тэндээс нээлттэй байгаа нь хоёр. Бусад нь түлш ирээгүй учраас хаалттай гэв. Нээлттэй байгаа хоёр цэгийн тухайд зөвхөн сайжруулсан шахмал түлшээс гадна мод, хувийн үйлдвэрийн харандаан түлш борлуулдаг байна. Тус цэгийн борлуулагч ярихдаа “Сайжруулсан шахмал түлшний түгээлт удаашралтай байдаг. Яг тогтсон цагт ирнэ гэж үгүй. Манайх өнөөдөр /уржигдар/ л гэхэд өглөө 07.00 цагт онгойсон. Одоо хүртэл түгээлтийн машин ирээгүй байна. Өчигдөр орой татаж авсан түлшээ өглөө борлуулаад дууссан. Хэзээ ирэхийг нь хүлээж сууна. Заримдаа өдөр ирэх тохиолдол ч бий” гэлээ.

“Дарь-Эх”-ийн цэгүүдэд түлш хангалттай байна

“Монел”-оос буцах замдаа Ганц худагаас урагш хүртээмж хэр байгааг сонирхлоо. Дарь-Эхийн замд түлш борлуулах цэг хаа очиж олон юм. Ганцын буудлаас урагшаа 102 дугаар сургууль хүртэл зам дагуу есөн цэг ажиллаж байна. Бүгд нээлттэй, бас түлштэй байлаа. Тэднээс хоёр нь татан авалт хийж байхтай таарав. Хуучин эцсийн буудлын ойр байрлах түлш борлуулах цэгийн борлуулагч ярихдаа “Энэ хавьд хөл хөдөлгөөн ихтэй. Бас тэр чигээрээ гэр хороолол. Иймд өдөрт хоёроос гурван удаа таталт хийж байна. Өглөө 07.00 цагийн үед түлш бууснаас тал нь дууссан. Та анзаарсан бол манай энэ хавьд түлш борлуулах цэг олон учраас одоогоор хомстох зүйл алга. Өдөрт график гаргадаг. Үүнийхээ дагуу таталтаа хийхийг хичээж байна” гэв.

Г.Даваабаатар: Бид түлш борлуулах цэгийн тоог жил бүр нэмж байна

“Тавантолгой түлш” компанийн Олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Г.Даваабаатараас сайжруулсан шахмал түлшний нөөц болон цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Шахмал түлшний нөөц хэр байна вэ. Шуудайгаа Хятадаас нийлүүлдэг учраас импортоос шалтгаалсан тасалдал үүсэх нь бий юү?

-Өнөөдрийн байдлаар 111 мянган  тонн шахмал түлшний нөөцтэй байна. Шуудайны нөөц хангалттай бий. Дотоодын үйлдвэрлэгч компаниас 400 мянган ширхэг шуудай авахаар есдүгээр сард гэрээ хийсэн. Үе шаттайгаар нийлүүлээд явж байгаа. Мэдээж дотоодын үйлдвэрлэгчид манай компанийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй учраас импортын шуудай авдаг.

-Яг өнөөдрийн байдлаар хэдэн цэг ажиллаж байна вэ?

-2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Дээрх цэгүүд  гэрээгээ хийгээд түлшээ худалдан борлуулаад явж байна.

-Баруун болон зүүн бүсийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу?

-Баруун үйлдвэрийн долоо, зүүн үйлдвэрийн дөрвөн шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хоногтоо 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Дулааны цахилгаан станцын дэргэд Дөрөвдүгээр үйлдвэр гэж бий. Энэ үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийгээд шугам жигдрүүлээд явж байна. Мөн зүүн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн шинэчлэлийн ажлууд дуусах шатандаа орсон.

-Иргэд долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцдэггүй. Шахмал түлшний цэгийг болж өгвөл гудамж бүрд нээлгэх санал гаргаж байна. Энэ боломжтой юу?

-Энэ бол туршилт, судалгаанд үндэслэж гаргаж ирсэн юм билээ. Одоогоор үүнийг нэмэгдүүлье гэх зүйл яриагүй. Цэгийн тухайд манай компани жил бүр л борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж байна. Аль болох иргэддээ ойртуулахыг зорин ажиллаж байна. Тэгэхээр ирэх жилүүдэд нэмэх боломжтой гэсэн үг.

-Цэгүүдэд түлш түгээх явц удаашралтай байгаа талаар зарим цэгийн борлуулагч ярьж байна. Үүний шалтгаан нь юу юм бол?

-Түлш түгээх ажлыг өглөө 05.00 цагаас эхлүүлдэг. 31 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж түлш түгээж байна. Цэгүүдийн хол, ойроос хамаараад харилцан адилгүй хугацаанд очдог. Түүнээс захиалсан түлш хүргэхгүй байгаа зүйл огт байхгүй.

 Албаныхны өгсөн нэмэлт мэдээллээр баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн бүсэд 233 мянган тонн мидлинг нөөцтэй аж. Харин барьцалдуулагч бүтээгдэхүүний  нөөц 1269 тонн. Энэ нь өнөөдрийн үйлдвэрийн хэмжээгээр 16 өдрийн хэрэглээ юм. Барьцалдуулагч бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авахаас гадна дотооддоо “Доломит” хэмээх бүтээгдэхүүн ашиглан үйлдвэрлэдэг. Мөн 25 кг-ын шуудайны 14 хоногийн нөөцтэй байна. БНХАУ-аас гялгар бүрмэлтэй шуудай авдаг бол дотоодын үйлдвэрлэгчдээс цагаан шуудай худалдан авч, түлш савлаж байна. Түлшний нөөц бэлдэх боломж хангалттай ч түүнийг хадгалах агуулахын хүрэлцээ хотын хэмжээнд муу байгаа аж. Тиймээс Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу түлшний нөөц бүрдүүлэх боломж одоогоор байхгүй юм байна.

Б.МӨНХЗУЛ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 17 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 17 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 19 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 19 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 19 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 19 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 19 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 19 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 19 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 19 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 19 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 19 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 20 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 20 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 20 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 20 цагийн өмнө