Арван жилийн дараа, бүр хорин жилийн дараах ойрын ирээдүй ямар байх бол. Өнөөгийн ертөнцийн хөгжлийн хурдыг байгаль дэлхий өөрөө гүйцэхгүй бахардаж унах дээрээ тулчихлаа. Хүн төрөлхтөн техник технологийн хөгжлийн хурдаар мөхөл рүүгээ зүтгэж явна уу даа хэмээн мунхаглан бодох. Нээрээ ирээдүй ямар байх бол. Нүдэн дээр минь хувьсан өөрчлөгдөж байгаа эко системийн мөхлийн гэрч болж, харсаар суугаад үр хойчдоо нар мандаж цэцэгс ургадаг тухай, навч саглайсан сүрлэг моддын тухай үлгэр домог хүүрнэж суудаг харуусал эмгэнэлээр уйлсан өтгөс, хөгшид болох уу. Ийм бүрхэг ирээдүйг зураглан төсөөлөхүй хачин бүдүүлэг ертөнц рүүгээ эргэж зугтмаар “Орк” мэдрэмж төрөөд болох юм биш.
Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран бэлтгэдэг “Бүтээлч Монгол”-ын энэ дугаарт бидний хуучин танил Б.Бүзмаа захирал оролцлоо. Гэхдээ бидний яриа хүлэмжийн аж ахуйгаас эхэлсэн гэхэд харьцангуй өргөн хүрээг хамарсан том сэдэв хөндөж орхисон л доо.
-За санхүүгийн хүн яаж яваад цэцгийн тариалан, хүлэмжийн аж ахуй руу орчихов?
-Нөхөр бид хоёр 1996 оноос эхлэн барилгын үйлдвэрлэл, гадна дотно тохижилт, барилгын ажлын зуучлал, сургалтын үйл ажиллагаа явуулж байгаад 2015 онд хүлэмжийн аж ахуйн бизнес рүү орох санаатай судалгаа, туршилтуудыг компаниудтай хамтарч хийж эхэлсэн. Тухайн үед Испани хэлний сургалттай “Говь” сургууль үйл ажиллагаагаа зогсоож обьект нь манай компанид шилжиж ирснээр “Өвөр говь” компанийн үндэс суурь тавигдсан гэж хэлж болно. Ингээд би ханьтайгаа төлөвлөгөө боловсруулж, хүлэмжийн ургамал тариалах бизнес эхлүүлэх санаатай явж байтал хань маань 2019 онд бурхан болчихлоо. Бид хоёр жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бизнесийг дэмжиж хөгжүүлэх юмсан гэж ярилцдаг байв.
-Уучлаарай.
-Нэгэнт боловсруулчихсан төлөвлөгөө байгаа юм хойно Жижиг дунд үйлдвэрийн санд 500 сая төгрөгийн дүнтэй 250 сая төгрөгийг нь өөрөө санхүүжүүлэхээр төсөл бичиж өгөөд 2020 оны арванхоёрдугаар сард санхүүжилтээ авлаа. Тухайн үед болсон үйл явдал нэлээд адармаатай л даа. Санхүүжилт орохгүй удаад түүнээс үүдсэн нөхцөл байдал хүндэрч, төсөл шалгарсан аж ахуйн нэгжүүд Төрийн ордны баруун хаалган дээр очиж жагсаж ч үзэв шүү. Ингээд санхүүжилт орохдоо тал дүнгээр нь буюу 108.5 сая төгрөг ордог юм байна. Түүнээс гадна ковидын хөл хорио тогтоогоод хил хаачихлаа. Төлөвлөж байсан бүх зүйл нурах тийшээ хандаж эхэлж байгаа юм. Захиалчихсан байсан өвлийн хүлэмжийн материалууд хил дээр гацаад хадгалалтын зардал нь өсөөд юун 108 сая төгрөг 200-300 сая төгрөг рүү явчихаж байгаа юм.
-Ковидын хөл хориог ашиглан бодож боловсруулсан төлөвлөгөө чинь юу байсан юм бэ?
-Манай жижиг, дунд бизнес эрхлэгчид энд нэг том обьект байгуулчихаад тэндээсээ бүтээгдэхүүнээ тал тал тийш тээвэрлэж тараах гээд байдаг. Гэтэл 40/8 харьцаатай хоёр хүлэмжид тарьсан өргөст хэмх, улаан лоолиор нэг супермаркетын хэрэгцээг л хангаж байна шүү дээ. Энэ бол би зүгээр л хүнс үйлдвэрлэгч жижиг дунд бизнес дээр л ярьж байгаа юм шүү. Засаглалын хамгийн бага нэгж юу вэ, мэдээж энэ бол хороо. Нэг хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуудаг 10 супермаркет байлаа гэж бодъё. Тэдний өргөст хэмх, улаан лоолийн хэрэгцээг хангахын тулд 20 хүлэмж хэрэг болно. Тэгээд дээрээс нь талх нарийн боов, сүү, өндөг гэх мэтийг өдөр тутам шинээр нь хэрэглэж байх ёстой хүнсний бүтээгдэхүүнээ хороо дотроо үйлдвэрлэдэг болоод, тэр өрхийн ч юм уу жижиг дунд бизнесээ супермаркетуудтайгаа холбож ажиллахыг хороо хийгээд явчихдаг бол мөн сайхан биз. Иргэд нь ч өдөр бүр шинэ, эрүүл хүнстэй, жижиг дунд бизнес нь ч тогтмол орлогтой хаа хамаагүй ачиж давхиад байхгүй болохоор тээвэрлэлтийн зардал нь ч багасаад үнэ нь ч буугаад ирнэ. Хамгийн гол нэг зүйл нь ажлын байрууд ямар их нэмэгдэх бол. Улс орны эдийн засагт том түлхэц болно доо. Хороо гэж нэг халамж тараадаг, ядуу өрхийн судалгаа авдаг анхан шатны нэгж байхаа больж эдийн засагт оролцдог чухал нэгж болох боломжтой.
-Хороодыг эдийн засгийн хувьд тусгаар тогтнолтой болгох гээд байна уу?
-Жижиг, дунд бизнес эрхлэгчид энэ дээр санаачилгатай ажиллаад явчих боломжтой харагдаад байгаа юм.
-Жижиг, дунд бизнес эрхлэгчид, мөн түүнчлэн санхүүжүүлсэн бизнесүүдтэйгээ эргэх холбоотой ажилладаг юм чинь Жижиг, дунд үйлдвэрийн сан хороодтойгоо холбогдоод ийм гуравласан холбоо байгуулаад ажиллачихвал болмоор юм шиг санагдаад явчихлаа?
-Жижиг, дунд үйлдвэрийн сангийн үйл ажиллагаа бол угаасаа сайжирсан эргэх холбоо сайтай, шалгарсан төслүүдээ эргэж заавал шалгадаг хянадаг болсон.Одоо дээр нь нэмээд сангийнхаа санхүүжилтийг дүүрэг рүү хуваарилаад, дүүрэг нь хороод руугаа хуваарилаад, хороод нь яг үйлдвэрлэл эрхэлье гэсэн хүмүүс рүүгээ танил тал харахгүй хуваарилаад явчихмаар санагддаг. Хоёулаа асуултын чинь хариултыг түрүүний өвлийн хүлэмж дээрээ жишээ авч ярья л даа. Тус хороонд байх 10 супермаркетын хэрэглээг ганцхан шинэ ургацын өргөст хэмхээр хангах учир дутагдалтай. Хүний хэрэглээ хэр баялаг байхаас шалтгаалаад амьдралын чанар, өөрийгөө үнэлэх үнэлэмж гэх мэт зүйлс урган нөхцөлдөж байдаг. Өргөст хэмхийг давсалж дарах, даршлах гэх мэтчилэн процесст суурилсан өрхийн үйлдвэрлэл, аж ахуйн нэгж бий болгож хорооныхоо иргэдийг илүү олон төрөл зүйлийн өргөст хэмхээр хангаж болж байна. Хороо яаж оролцох вэ гэхээр ажилгүй байгаа иргэддээ сургалт, мэдлэг мэдээллээр хангаад өгчих хэрэгтэй. Шинэ ажлын байр, шинэ татвар төлөгч. Энэ мэтчилэн талх нарийн боов, өндөг, сүү гээд төрөлжүүлээд явчих боломжтой. Хорооныхоо нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа супермаркетуудыг массын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээс салгаж өдөр тутмын шинэ хүнсээр хангадаг тогтолцоотой болчихвол иргэд өглөө болгон шинэ өндөг сүү, талх нарийн боов, хүнсний ногоо хэрэглээд эрүүл мэндэд нь ч тустай шүү дээ. Найман нэрийн дэлгүүрийн зарж борлуулдаг барааны 40-60 хувь нь өдөртөө борлогддог бараа байх юм бол иргэд эрүүл байдаг. Гэтэл одоо манайд яаж байна, дөнгөж 15-25 хувь нь л өдөртөө борлогддог бараатай. Гадаадын CU, GS25 гэх мэт франчайзууд орж ирж байж л ийм үр дүн үзүүлж байх жишээний. Гудамны буланд байх найман нэрийн дэлгүүрт ороод үзээрэй, шууд аваад идчих хүнс хоол хэр байна. Хорооны нутаг дэвсгэрийн гадна үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд нэг хувийн босго татвар тавьж өгч болох юм. Энэ бүгд бол өрхийн үйлдвэрлэл хорооны жижиг дунд бизнесийг дэмжих гэсэн миний санаа.
-Хоёулаа ярих сэдвээсээ жаахан хазайчихав уу, үгүй юү?
-Би бол үгүй гэж бодож байна. Манай жижиг, дунд бизнес эрхлэгчид зах зээлээ хар таамгаар багцаалдаад л яваад орчихдог. Бизнес эрхэлж байгаа хүмүүс эхлээд хэрэглэгчээ бэлддэг болж сурмаар байгаа юм. Хөл хорионы дэглэмд байхдаа бодож боловсруулсан төсөл, төлөвлөгөөнөөс урган гарсан бүр илүү том төслийн тухай ярихын тулд л оршлоо тавиад байгаа юм. Нөгөө хэрэглэгчээ бэлдэнэ гэдэг шиг ярилцагчаа бэлдээд байна. ( инээв)
Түрүүний ярьсан хүлэмжийн аж ахуйг хороодод бий болгох, дагасан бизнесүүдийг холбож өгөх зэрэг ажлаа хөөцөлдөж яваад илүү том зүйл рүү орчихсон. Хотхон дагасан хүлэмжийн аж ахуйг гаднын хөгжсөн улсууд хийдэг юм байна гэдгийг олж мэдлээ. Ингээд Голланд, Словяны пассив, грийн хаусын төсөл хийдэг компаниудтай уулзаж холбоо тогтоогоод, төслөө томруулаад арван айлын эко хотхон байгуулахаар болоод явж байна. Энэ хотхон нь өөрөө “пассив хаус” дизайнаар баригдсан байгальд ээлтэй технологиудыг шингээсэн байх юм. Хотхон босох газар дээр одоохондоо 320м кв, доороо зоорьтой оффисын барилга барьж байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг мэдээлэл, сургалтаар хангадаг ийм газар болох юм. Оффисынхоо барилгыг барьцаалаад хотхоны пассив хаусаа барих санхүүжилтээ босгох төлөвлөгөөтэй явж байна. Словянчууд биднийг арван хаусынхаа хоёроос дөрвийг нь барьчих бид бусдыг нь санхүүжүүлье гэсэн юм. Арван айлаа дагаад нөгөө хүлэмжийн аж ахуй түүнтэй уялдсан бизнесүүд, загасны аж ахуй дээр ажиллах хүчийг нөгөө арван айлынхаа өндөр настан, ажилгүй байгаа хүмүүсээс бүрдүүлэх гэхчилэн цогцоороо шийдэгдээд явчих байх. Одоо багаа бүрдүүлж байна. Ингээд санхүү шийдэгдээд явчихвал цаашаа 30, 40 айлын эко хотхонууд барьж болно. Үүнээс гадна ийм хотхонууд хөдөө орон нутаг, сумын төвд ч барьж байгуулж болно. Пассив, грийн хаусын гол онцлог заавал төвийн цахилгаан эрчим хүчний шугамд холбогдсон байх албагүй байгалийн эрчим хүч ашиглаад дулаанаа шийдчихдэг.
-Гэр хорооллын айлуудын газар дээр нь байшин барьж өгөөд, өөрийг нь ажилд оруулаад, цэвэр бохир, ус, дулааныг нь шийдчихээр иргэн рүү чиглэсэн цогц төсөл болохоос гадна одоо Улаанбаатар хотын асуудал болсон хөрс, ус, агаарын бохирдол ч давхар шийдэгдчих юм биш үү?
-Цогц төсөл. Одоо дэлхий ертөнцийн ногоон хөгжлийн чиг хандлага ингэж л явж байгаа. Хуучных шиг нүсэр том таваар үйлдвэрлэл, асар том фермийн аж ахуйнууд ул болж чиглэл чиглэлээ хариуцсан жижиг, дунд аж ахуйн нэгжүүд бие биеийнхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэх зарчмаар л явдаг болсон. Заавал нүсэр том байх албагүй. Би өөрийнхөө боломжийн хүрээнд график гаргаад таван жилийн төлөвлөгөө гаргачихаад сууж байна. Энэ төслийг хурдан явуулахын тулд би багаа бүрдүүлж байна. Тал талаас, чиглэл чиглэлээ хариуцсан компаниуд нэг зорилгын төлөө нэгдэж өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу төсөлд оролцоно. Словянчууд эхний дөрвөн хаусаа барьчих юм бол 1.1 сая еврогоор санхүүжүүлье гээд байгаа болохоор юуны түрүүнд нэгээс гурван байшин барьчихмаар байгаа юм.
Бидний яриа ийнхүү өндөрлөлөө. Мандлын цэцэг, тасалгааны ургамал, таримал модны хүлэмжийн тариалан эрхэлдэг “Өвөр говь” компанийн хүлэмжийг үзэж, ажил үйлстэй нь танилцах гэж очсон биш ирээдүйн хотын шийдэл баймаар маш том төсөл байгальд ээлтэй технологиудыг шилсэн орон сууцны шинэ шийдлийн тухай амттай яриа намайг бага ч болов тайвшруулж өнгөрсөн рүү зугтах “ОРК”-лог хүслийг минь унтраачихлаа. “Ковидын хөл хорионд орж, эдийн засгийн уналтыг биеэр туулж мэдрээд ирэхээр хүний тархи гарц гаргалгааг олох бүх л арга ухааныг эрэлхийлж эхэлдэг юм билээ” гэж ярьсан Б.Бүзмаа захирлын санасан сэдсэн бүх санааг бичиж буулгана гэвэл сонины нэг нүүр үнэхээр багадах ажээ.
ТРАМП ТӨМӨРӨӨ