Хүн төрөлхтний өсөлт дэлхийн сорилт боллоо


2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд дэлхийн хүн ам найман тэрбумд хүрлээ.  Одоогоос 70 жилийн өмнө хүн төрөлхтөн 2.5 тэрбум байсан.  НҮБ-ын тооцоолсноор 2050 онд бид  10 тэрбум болно. НҮБ-аас дэлхийн тав, зургаа, долоо дахь тэрбум иргэнийг тодруулж  ирсэн. Таван тэрбум дахь иргэн Матеж 1987 онд Хорватын Загреб хотод мэндэлжээ. Дэлхийн зургаан тэрбум дахь иргэн  Боснийн Сараево хотод 1999 онд мэндэлжээ. Түүнийг Аднан гэдэг бөгөөд одоо ч Сараево хотод амьдардаг аж. Харин долоон тэрбум дахь хүн Садиа Султана Оишээ Бангладешийн Дака хотод 2011 онд мэндэлсэн юм. Түүнээс 11 жилийн дараа Филиппинд мэндэлсэн охин манай гаргийн найман тэрбум дахь иргэнээр тодорлоо. Винис Мабансаг  охин Манила хотын Хосе Фабеллагийн эмнэлэгт  01.29 цагт  мэндэлжээ.  Сонирхуулахад, улс бүр найман тэрбум дахь  иргэний чацуутныг тодруулсан юм.  Тэр дундаа  Австралид найман тэрбум дахь иргэний батламжийг Монгол Улсын иргэн Б.Анандын хүү А.Мэргэнд олгосон нь сонирхолтой байлаа.

НҮБ-ын ачаалал нэмэгдэв

 Хүн амын хурдацтай өсөлт олон сорилт дагуулж, цаг уур, амьдралын орчин, ядууралд асар их нөлөө үзүүлнэ.  Гайхалтай тохиолдлоор дэлхийн удирдагчид цаг уурын хямралыг шийдвэрлэхээр Египетэд чуулсан цаг ийм үед найман тэрбум дахь хүн мэндэллээ.  Хүн амын хэт өсөлтийг шүүмжилдэг хүмүүс цаг уурын өөрчлөлтийг жишээ татдаг.  Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс хүн амын өсөлтийг CO2 ялгаруулалтыг нэмэгдүүлэх хоёр дахь том хүчин зүйл гэж тодорхойлж, “Хүн амын өсөлт чулуужсан түлшний шаталтаас үүдэлтэй CO2 ялгаруулалтын хамгийн хүчтэй хөдөлгөгч хүч. Хүн төрөлхтөн өсөн нэмэгдэхийн хэрээр  нүүрсхүчлийн давхар ислийг цельсийн 1.5 хэм  хүртэл хязгаарлах боломжгүй” гэж анхааруулжээ.  Энэ мэт найман тэрбум дахь иргэнээс улбаатай хүний өсөлтийн нөлөөллийг НҮБ-ын агентлагууд болон Египетэд хуралдаж буй төр, засгийн тэргүүнүүд хүлээн зөвшөөрч байна. 70 жилийн дараа хүн төрөлхтний амьдрах нөөц баялаг хязгаарлагдмал болно.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Улс, үндэстнүүдийн  хоорондох ан цавыг арилгахгүй бол бид хурцадмал байдал, үл итгэлцэл, хямрал, мөргөлдөөнөөр дүүрэн дэлхийг бүтээж байна.  Найман тэрбум хүнд эв нэгдэл чухал. Дэлхийг  аюулгүй, тогтвортой, илүү хүртээмжтэй болгохын тулд Парисын хэлэлцээр, Тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх ёстой” гэж мэдэгджээ. Эдгээр шийдлийг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд болон хан­дивлагч орнуудын Зас­гийн газруудын хөрөнгө оруу­лалтыг нэмэгдүүлэх бод­лого, хөтөлбөрүүдийг хэ­рэг­жүүлэхийг уриалсан байна. Чинээлэг орнууд НҮБ-ын Хүн амын санд(UNFPA) жил бүр олон зуун сая ам.доллар хан­дивладаг. Дональд Трамп 2017 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа  Хүн амын санд олгодог  АНУ-ын санхүүжилтийг танасан. Мөн  Их Британи улс 2021 онд хандивын хэмжээгээ 85 хувиар бууруулж, 32 сая ам.доллар шилжүүлжээ. АНУ санхүүжилтээ хэсэгчлэн сэргээж  14.6 сая хүсээгүй жирэмслэлт, 4.3 сая аюултай үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэхээ мэдэгдсэн юм. UNFPA-гийн мэдээлснээр 257 сая эмэгтэй эрүүл мэнд, сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна.  Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай “Хүн төрөлхтөн өсөн нэмэгдэх ч эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг зохицуулах дорвитой шийдвэр гарахгүй байна. Охид боловсрол эзэм­шиж, сургуульд сурснаар хүн амын өсөлтөөс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулна” гэсэн саналаа уламжилжээ. 

Найман тэрбум хүний хуваарилалт

 Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувь нь Азид төвлөрч байна.  Энэ бүс нутагт тэрбум гаруй хүн амтай хоёр улс оршдог. Энэтхэг улс  2023 онд хүн амынхаа тоогоор БНХАУ-ыг  гүйцнэ.  Хятад улс  1960-аад оноос “Нэг хүү­хэд” бодлогыг хэрэгжүүлж,  төрөлтийг бууруулсан.  Хүн ам зүйн өөрчлөлт, тэр дундаа Азийн орнуудын амьжиргааны түвшин, Африкт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэмэгдэж байгаа нь дэлхийн оршин суугчдын бүтцийг өөрчилжээ.  Английн эрдэмтэн Томас Роберт Мальтус хожим Маль­тузизм гэж нэрлэгдэх болсон онолыг XVIII зуунд боловсруулсан.  Тэрбээр хүн амын өсөлтийг хязгаарлахгүй бол дэлхийн нөөц хүрэлцэхгүй гэж үзжээ. “Global Footprint Network”-ийн мэдээлснээр, хэрэв манай гаргийн оршин суугч бүр АНУ-ын иргэн шиг амьдарвал дор хаяж таван гаргийн нөөц хэрэгтэй болно.  Сүүлийн 25 жилийн хугацаанд Ази, далайн орнууд болон Африкт төрөлт ихэссэн. Энэ хандлага цаашид үргэлжилбэл 2050 он гэхэд дэлхийн хүн амын өсөлт Африк, Азийн буурай орнуудад төвлөрнө.  Тэр цагт хүнс, усны хомстол, ариун цэврийн байгууламж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, цахилгаан эрчим хүч, интернэтийн боломж хязгаарлагдмал болно. Ойролцоогоор 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх бодит аюул нүүрлэнэ.  Хүнс, эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд байгалийн нөөцийг хэт ашиглах, бохирдуулах, хог хаягдлын хэмжээ ч нэмэгдэх юм. Тиймээс хөгжингүй орнууд утаа багатай ирээдүйн төлөө хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжиж буй орнуудад эдийн засгаа бохирдол багатай үйлдвэр, салбар руу шилжүүлэхэд шаардлагатай технологи, ур чадвар, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг COP27 дээд хэмжээний уулзалт тэргүүлэх чиглэл болгожээ.

Х.ЭРДЭНЭ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 9 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 9 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 11 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 11 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 11 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 12 цагийн өмнө