Хөрөнгө оруулалтын банкирууд болон шинжээчид дэлхийн хамгийн баян хүмүүс хэрхэн амжилтад хүрсэн, хөрөнгө оруулалтын стратеги, бизнесийн арга барил нь ямар ялгаатай байдгийг үргэлж онцолдог. Элон Маск 2021 онд орчин үеийн түүхэн дэх хамгийн баян хүн болж, хөрөнгө нь 300 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнийг технологийн титан эрин үеийн боломж, эрсдэлтэй хөрөнгө оруулалт, нийгмийн хамгийн зоримог бөгөөд эрс өөрчлөлтийг хийснийхээ төлөө “Тайм” сэтгүүлийн 2021 оны оны онцлох хүнээр нэрлэсэн. Зарим нь түүнийг хүн төрөлхтний шинэ эрин үеийг нээсэн суутан гэдэг бол зан авир, мэдэгдлээрээ олон нийтийг цочирдуулдаг “галзуу хүн” хэмээн үзэх нь ч бий. Ямартай ч тэр манай ертөнцийг өөрчилсөн. Саяхан “Твиттер”-ийг 44 тэрбум ам.доллароор худалдан авч, дахин шуугиулсан. Тэр бол Ойрхи Дорнодын газрын тосны “галзуу” тэрбумтан, буяны үйлстэн биш, зэвсгийн наймаачин ч биш. Тэр бол хүн төрөлхтөнд туслахыг мөрөөддөг “зүгээр л” инженер, бизнесмэн.
Өнөр бүлийн үргэлжлэл
Энэ цаг үеийн гол зохион бүтээгчдийн нэг Элон Маск 1971 онд Өмнөд Африкийн Преториа хотод мэндэлжээ. Ээж Мэй Маск нь Канадын загвар өмсөгч, аав Эррол нь инженер мэргэжилтэй. Мэй Маск амжилтад хүрсэн хүүхдүүдээрээ бахархдаг. Элоны дүү Кимбал хүнсний үйлдвэрлэлийг тогтворжуулж, өөрчлөхийг хичээдэг бол Тоска нь “Passionflix”кино компаниа байгуулжээ. Арван настайд эцэг эх нь салж, Элон аавтайгаа Африкт өссөн байна. “Вашингтон Пост” сонинд бичсэнээр, хатуу ширүүн аав нь хүүхдүүдээ олон цагаар чимээгүй суух, ёс суртахууны номлолоо албадан цээжлүүлэх зэргээр шийтгэдэг байжээ.
Ангийнхандаа шоглуулдаг, ганцаардмал Элон Маскийн чөлөөт цагаа зарцуулдаг ганц зүйл нь компьютер. Тэрбээр энгийн “Commodore VIC-20” суурин компьютерийг программчилж, “Blastar” сансрын тухай тоглоом зохиосноо 500 ам.доллароор борлуулсан юм. Элон 17 настайдаа армид алба хаах, апартеидийн эсрэг улс төрийн тэмцэлд оролцохоос татгалзаж Канад руу зугтжээ. Онтарио мужийн Кингстоны их сургуульд элсэж, хоёр жилийн дараа Пенсильванийн их сургууль руу шилжсэн байна. Гэхдээ Вартон сургуулийн физикийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байдаг. Маск “Физикийн шинжлэх ухааны ачаар сэтгэн бодох бүтцийг сурсан” гэжээ.
Тэрбээр Стэнфордын докторын хөтөлбөрт элсээд хэдхэн хоногийн дараа сургуулиа орхиж, хотын газрын зураг болон “Шар ном”-ны мэдээллийг нэгтгэсэн “Zip2” старт-апдаа анхаарлаа төвлөрүүлжээ. Хоёр жил уйгагүй зүтгэсний эцэст “Zip2” старт-апаа хөгжүүлж 22 сая ам.долларын ашиг хүртэв. Гарааны бизнест одтойгоо мэдсэн Элон Маск хэтийг харсан хэд хэдэн зорилго тавилаа. Тухайлбал, интернэт банкийг хөнгөвчлөх, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх, хүнийг олон гаргийн төрөл зүйл болгон хувиргах гэсэн зорилгуудад энгийн хүний бодолд багтамгүй санаа ч оршиж байв. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Элон “PayPal”, “Тесла моторс”, “Solar City”, “SpaceX”-ийг эхлүүлсэн. “Төмөр хүн” киноны найруулагч Жон Фавро саятан супер баатар Тони Старкийн дүрийг Маскийн зан чанарт тулгуурлан бүтээсэн байдаг. Маск франчайзын хоёрдугаар хэсэгт өөрийнхөө дүрээр гарч ирсэн бөгөөд киноны зарим зургийг “SpaceX”-ийн төв байранд авчээ. Элон Макс хувийн харилцааныхаа талаар ховорхон ярьдаг.
Тэрбумтны эцэг эхийнхээ талаар хэлсэн ганц үг нь “Хөдөлмөрлөж байж амжилтад хүрдгийн бодит жишээ ээж минь болсон” гэдэг өгүүлбэр байв. Мэй Маск хүүгийнхээ бизнес эрхлэх эрмэлзэл, технологийн сонирхолд нөлөөлсөн. Элон анхны эхнэр Жастин Вилсонтойгоо Онтариод их сургуульд сурч байхдаа танилцжээ. Тэд 2000 онд гэрлэж, 2002 онд ууган хүү Александр Невадагаа төрүүлэв. Харамсалтай нь хүү гурван сартайдаа нас баржээ. Тэд 2004 онд ихэр хөвгүүд болох Гриффин, Ксавье нарыгаа өлгийдөн авсан бол 2006 онд Кай, Саксон, Дамиан гэх гурван ихэр хүүхдээ төрүүлэв. Жастин, Элон нар 2008 онд гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан. Жастин “Мари Клэйр”сэтгүүлд өөрийгөө Маскийн эхнэр гэхээсээ илүү ажилтан мэт амьдарснаа ярьжээ. Хариуд нь Элон Маск “Хэрэв чи миний ажилтан байсан бол аль эрт чамайг халах байсан” гэж жиргэсэн байдаг.
Тэдний таван хүүхэд Калифорни дахь “SpaceX”-ийн “Ad Astra” тусгай сургуульд сурдаг. “Ad Astra” гэдэг нь латинаар “Од руу” гэсэн утгатай үг аж. Жастинаас салсны дараа Британийн жүжигчин Талула Райлитай үерхэх болов. Элон, Талула нар 2010 онд гэрлэсэн ч хоёр жилийн дараа салжээ. Тэдний хамтын амьдрал тун ээдрээтэй бөгөөд 2013 онд дахин гэрлэж, 2016 онд харилцаагаа бүрэн эцэслэв. Элон Маск удалгүй жүжигчин Эмбер Хердтэй болзож буйгаа зарласан ч дурлал удаан үргэлжилсэнгүй. Маск Канадын дуучин Грэймстэй 2018 оны тавдугаар сард Мет гала улаан хивсний ёслолд оролцов.
Дуучин бүсгүй 2020 оны нэгдүгээр сард жирэмсний зургаа инстаграмдаа нийтэлжээ. Грэймс тавдугаар сарын 4-нд хүү төрүүлэв. Элон долоо дахь хүүдээ “X Æ A-Xii” гэдэг этгээд нэр өгчээ. Энэхүү криптограммыг “X” нь “үл мэдэгдэх хувьсагч”, “Æ” нь AI буюу хиймэл оюун ухаан эсвэл хайр гэсэн товчлолын элф үсэг, “А-12” нь Америкийн тагнуулын нисэх онгоц гэж тайлдаг. Гэхдээ хүүг зүгээр л “X” гэж дууддаг байна. Тэд 2022 оны гуравдугаар сард тээгч эхийн тусламжтайгаар охинтой болсон. Охинд бас л Exa Dark Sideræl гэх ер бусын нэртэй. “Exa” бол “exaflops” хэмээх супер компьютерийн томьёо, “Dark” гэдэг нь үл мэдэгдэх зүйлийн тухай, “Sideræl” нь “sideréal” буюу жинхэнэ цаг үе гэсэн утгатай. Элон охиноо “Y” гэж дууддаг. Дэлхийн хамгийн баян хүн болоход тусалсан есөн номыг Элон Маск нэрлэжээ.
Түүний санал болгосон номнуудыг Уолтер Исааксоны бичсэн Стив Жобсын намтар тэргүүлжээ. Исааксон өдгөө Маскийн намтрыг бичиж байгаа билээ. Мөнхүү номын жагсаалтад шинжлэх ухааны алдартай бүтээлүүд багтсан байна. Үүнд Стюарт Расселын “Хиймэл оюун ухааныг удирдах”, Питер Тиелийн бичсэн ирээдүйг өөрчлөх гарааны бизнесийг хэрхэн хөгжүүлэх тухай “Тэгээс нэг хүртэл”, Наоми Орескесын “Эргэлзээтэй наймаачид”, хиймэл оюун ухааны эрин үеийн тухай Макс Тегмаркийн “Life 3.0”, орчлон ертөнц, амьдралын үүсэл, бидний оршихуйн утга учир, өргөн уудам сансар огторгуйн тухай Шон Кэррол, Сэм Харрисын “Квантын дэлхий”, Ник Бостромын “Супер оюун ухаан: Зам, аюул, стратеги”, Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” номыг нэрлэжээ.
Цахим төлбөрөөс Ангараг хүрэх зам
Элон Маск 16 жилийн дотор дэлхийн тэргүүлэгч сансрын корпорац “SpaceX”-ийг бүтээсэн, нэр хүндтэй, загварлаг “Тесла” цахилгаан машиныг зах зээлд гаргасан, нарны хавтан үйлдвэрлэх, суурилуулах сүлжээг боловсруулсан, Ангараг руу нислэг үйлдэх, мега хотуудыг холбосон хонгил барих төслийг анх танилцуулж, цагт мянган км замыг туулах “Hyperloop” өндөр хурдны, байгаль орчинд ээлтэй тээврийн шинэ төрлийг хөгжүүлж байна.
Түүний хөрөнгийн зонхилох хувийг “Тесла” бүрдүүлдэг. Гэхдээ энэ компанийг Мартин Эберхард, Марк Тарпеннинг нар 2003 онд үүсгэн байгуулжээ. Сэргээгдэх эрчим хүчний компани учир Засгийн газраас татаас авч байсан ч дампуурлын ирмэгт тулсан “Тесла”-г Элон Маскийн санхүүжилт аварсан юм. Маск хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа үүсгэн байгуулагчидтай танилцаж, 2007 онд захирлуудын зөвлөлд оров. Дараа жил нь Эберхардыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас халснаар шүүхийн шатанд хүрсэн дуулианы эхлэл болжээ. Үүсгэн байгуулагчид Элон Маскийг компанийн замналыг дахин бичиж, зорилгыг өөрчлөхийг оролдсон гэж буруутгаж шүүхэд өгөв. Талууд тохиролцоонд хүрч, Элон Маскийн өөртөө итгэх итгэл компанийн одоогийн капиталыг бүрдүүлсэн юм. Гэхдээ өнөөг хүрэхдээ Маск олон нугачааг туулж, “Тесла”-гийн хувьцаа нэг сарын дотор 30 хувиар унасан түүх ч бий.
Цар тахал онлайн худалдааны үр өгөөжийг хүн төрөлхтөнд мэдрүүлсэн. Худалдааны төв, дэлгүүр хэсч, кассанд дугаарлан цаг алдахгүй. Интернет байхад л сонголтоо хийж, ганцхан товшилтоор захиалга өгч, төлбөр төлөх боломж бүрджээ. Цахим төлбөр тооцооны тухай 1999 онд Элон Маскаас өөр хэн ч мөрөөдөж байгаагүй. Тухайн үед компьютерийн компаниа 300 сая ам.доллароор худалдаж, олсон орлогоо цахим төлбөрийн систем болох “X.com” хэмээх гайхалтай бооцоот тоглоомд оруулахаар шийджээ. Маск сүлжээгээр дамжуулан төлбөрөө илгээдэг зуучлагч платформыг бий болгохыг эртнээс төлөвлөж байсан.
Түүнд маш олон санаа, программын туршлага байсан ч шифрлэлтийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй байв. Элон өрсөлдөгч “Confinity”-ийг нэгтгэснээр дэлхий даяар түгсэн “PayPal” төлбөрийн системээ төгөлдөржүүлжээ. Цахим төлбөрийн санаагаа хэрэгжүүлсэн Элоныг сансар огторгуйг байлдан дагуулж, Ангараг гаргийг колоничлох тухай бодол эзэмдэв. “PayPal”-ийг 2002 онд “eBay” худалдан авч, хувьцаанаас олсон ашгаа Маск “SpaceX” шинэ төсөлдөө зарцуулав. Юуны өмнө Маск дахин ашиглах боломжтой, дэвшилтэт хөөргөх төхөөрөмж бүтээхэд анхаарал хандуулжээ. Мөн хүн төрөлхтөнд сансрын аяллыг бодит болгоход туслах ёстой.
Элон Маскийн компанийн 18 жилийн хугацаанд хүрсэн үр дүн үнэхээр гайхалтай. “Фалкон 1” хөнгөн ангиллын зөөгч пуужин, “Фалкон 9” дунд ангиллын зөөгч, хүнд ангиллын “Heavy” зөөгч пуужингаа амжилттай бүтээж, сансарт хөөргөсөн. Өдгөө Ангараг гарагт сансрын хөлөг хүргэхээр төлөвлөж байна. Мэдээж, Элон Маскийн НАСА-д зориулан бүтээсэн “Драгон” сансрын хөлгийг дэлхийгээс Олон улсын сансрын станц руу ачаа хүргэхэд ашиглаж эхэлжээ. Уг хөлгийн сүүлийн хувилбар болох “Драгон 2”-ыг зорчигч тээвэрлэхэд зориулсан бөгөөд нэг удаагийн нислэгээр долоон хүнийг сансарт аялуулах хүчин чадалтай. Элон Маск энэ загвараа улам боловсронгуй болгож, хүн төрөлхтнийг сансарт суурилсан соёл иргэншилтэй болгохыг зорьж байна. Ирээдүйд “SpaceX” сар руу жуулчны нислэг хийхээр төлөвлөжээ. Японы тэрбумтнаар толгойлуулсан анхны баг 2023 онд аялалдаа гарна.
3D тээврийн сүлжээ, Нарны хот, кибер машин
Их хотын замын түгжрэл, одоогийн 2D тээврийн сүлжээтэй холбоотой замын хөдөлгөөний хязгаарлалт түүнийг үргэлж бухимдуулдаг. Тэвчээр алдрахдаа Элон 2016 онд ирээдүйн олон түвшний газар доорх хонгилын системийг боловсруулж, барьж эхэлсэн. “The Boring” компани замын хөдөлгөөнийг 3D-гээр шийдэх туршилтын хонгилоо Лос-Анжелес хотын доор 2018 онд нээжээ. “SolarCity” бол нарны эрчим хүчний системд суурилсан “Тесла моторс”-ын охин компани юм. Энгийн хэрнээ дэвшилтэт энэхүү компани нь орон сууцны барилга, дэлгүүр, оффисын дээвэр дээр суурилуулсан жижиг нарны цахилгаан станцуудыг үйлдвэрлэдэг. Угсралтын зардлыг “SolarCity” хариуцах бөгөөд 20 жилийн хугацаанд хэрэглэгчид зөвхөн эрчим хүчний төлбөрөө төлнө. “SolarCity”-гийн эцсийн зорилго нь утаа бууруулж, дэлхийн дулааралтай тэмцэх.
Элон Маск 2016 онд 600 оршин суугчтай Тау арлыг нарны эрчим хүчээр хангах туршилт хийсэн. Тэд 5328 нарны зай хураагуур, 60 орчим багтаамжтай батерейны систем суурилуулснаар бүх барилгыг цахилгаанаар хангаж чадсан. “Тесла”-гийн эзэн энэхүү туршилтаа цэвэр эрчим хүчний эх үүсвэр ашиглах урам зоригийг олон улсад өгсөн гэж үнэлдэг юм. Элон Маск 2019 онд танилцуулсан “Тесла”-гийн шинэ загварын автомашиныг “Ангараг гаргийн пикап” гэж нэрлэжээ. Кибер машин нь Жеймс Бондын кинонуудаас санаа авсан гоёмсог загвартай. Хүнд даацын гангаар хийж, хуягласан цонх, нарны зайн цэнэглэлтээр 800 км зам туулах үзүүлэлттэй “Tesla Cybertruck”-ийг урьдчилсан захиалга хэдийнэ эхэлжээ. Түүнчлэн “Hyperloop” бол Маскийн санал болгосон өндөр хурдны галт тэрэгний төсөл юм. “Hyperloop”-ийг ашигласнаар Лос-Анжелесаас Сан Франциско (561 км) хүрэхэд 30 минут зарцуулна.
Төслийг өндөр хөгжилтэй орнууд сонирхож байгаа бөгөөд АНУ, Дубай, Хятадад “Hyperloop”-д зориулсан хонгил барьж байна. Элон Маскийн бас нэгэн этгээд санаа бол тархинд бодол уншигч чип суулгах. Энэ бол хиймэл оюун ухааны салбарт эргэлт хийхээр түүний байгуулсан “Neuralink” компанийн хэрэгжүүлж буй маш бодит төсөл юм. Маскийн санааны дагуу “N1” чипийг саажилттай өвчтөнүүдийн бодлыг компьютерт хуулж, тэдэнтэй "харилцах" зорилгоор ашиглах гэнэ. “Neuralink” чипийг гавлын ясанд суурилуулснаар электродын утаснууд тархитай холбогдож, бодол санааг унших аж. Чипийг хулгана, сармагчин дээр туршиж үзсэн бөгөөд удахгүй хүмүүст N1 суулгацын туршилтууд эхлэх юм байна.
Х.ЭРДЭНЭ