Герман улс цахилгааны хэрэглээний төлбөрөө 54, дулаан ашиглалтын зардлаа 61 хувиар нэмснээ зарлалаа. Тарифын өөрчлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх аж. Олон улсын хоригоос шалтгаалан Европын цэнхэр түлшний зах зээлд эзлэх ОХУ-ын хувь огцом буурсан. Одоогоор “Туркийн урсгал” хийн хоолойгоор дамжуулж буй байгалийн хийн есөн хувийг Европын цөөн улс нийлүүлдэг. Брюсселийн эрх баригчид Оросын нийлүүлэлтийг АНУ болон Ойрхи Дорнодын шингэрүүлсэн байгалийн хийгээр (LNG) орлуулахыг зорьж байна. Катар улс Европ дахь “Газпром”-ын нийлүүлэлтийг орлуулахад бэлэн байгаагаа мэдэгдээд урт хугацааны гэрээ байгуулахыг шаардсан. Катар дэлхийн зах зээлд хийн нийлүүлэлтээр гуравт ордог. Гэхдээ Брюссель Катараас байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаас зайлсхийж ирсэн. Берлинд төвтэй “Энервис” зөвлөх компанийн шинжээч Себастьян Гулбис “Европын шингэрүүлсэн хийн эрэлт улирлын чанартай нэмэгдэж байна. Ялангуяа Газар дундын тэнгисийн эргийн боомтуудын ачаалал хэтэрсэн. Далайн терминал хүрэлцэхгүй байгаа бөгөөд нийлүүлэгч орнууд хийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжгүй юм. Эрэлт нийлүүлэлтээсээ давсан учир LNG шингэрүүлсэн хийн ханш өссөн” гэжээ. Байгалийн хийн ханшнаас улбаалан Европын холбоо эрчим хүчний өөр эх үүсвэр, тухайлбал устөрөгч рүү шилжиж магадгүй. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор 2030 он гэхэд дэлхийн устөрөгчийн хэрэглээ жилд 90 сая тоннд хүрэх ёстой. Мөн 2050 он гэхэд 300 сая тонн болж өснө. Германы Засгийн газар 2025 оноос устөрөгч нийлүүлэх гэрээг гурван сарын өмнө дэмжсэн. Шинжээчид Европт устөрөгчийг хүлээн авах терминал байхгүй, тээвэрлэх, дамжуулах тусгай хоолой, нэгдсэн норм, стандартыг боловсруулаагүйг онцолж байна. Эдийн засгаар дээгүүрт бичигддэг орнууд газар доорх хийн агуулахуудаа дүүргэсэн ч өвлийг давахад хангалтгүй. Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн Майкл Фулвуд “Төв Европын таван орон (Герман, Словак, Чех, Унгар, Австри) 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд ОХУ-аас байгалийн хий нийлүүлэхээс аргагүйд хүрнэ. Хэрэв хүйтэн өвөл болбол байгалийн хийн үнэ 1000 шоо метр тутамд 3000 ам.доллар давна. Тэр цагт эрчим хүч шаарддаг хүнд үйлдвэрүүд түр хугацаагаар үүдээ барина” гэж тооцоолжээ.
Тэрбум еврогийн нөхөрлөл
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзахдаа байгалийн хийн импортыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон. Баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа Урсула фон дер Лейен твиттертээ Азербайжаныг “гол түнш” гэж нэрлэжээ. Румын, Болгар, Унгар, Словакийн хийн хоолойн операторууд Азербайжаны байгалийн хийг Европын холбоо руу шуурхай, хямд нийлүүлэхэд анхаарал хандуулж байна. Урсула фон дер Лейен шүүмжлэлийг үл харгалзан Грек-Болгарын байгалийн хийн хоолойг нээсэн. Баку 20 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой. Азербайжанаас нийлүүлж буй байгалийн хийг Гүржээр дайруулан “Транс Анатоли” хоолойгоор Туркт хүргэдэг. Харин Европ руу нийлүүлэх байгалийн хийн “Транс Адриат” хоолойг 2020 оны сүүлээр ашиглалтад оруулжээ. Азербайжаны эрх баригчид хийн хоолойн хүчин чадлыг нэмсэн ч Европын зах зээлийн багахан хувийг бүрдүүлнэ. Европын холбоо 2021 онд 410 тэрбум шоо метр шингэрүүлсэн хий импортолжээ. Норвеги Украинд байгалийн хий нийлүүлэхээр боллоо. Энэ нь барууны орнуудын амласан 10 тэрбум еврогийн тусламжийн багцын нэг хэсэг аж. Санхүүжилт Европын сэргээн босголт, хөгжлийн банкаар дамжих юм. Норвегийн Сангийн сайд Тригве Слагсвольд Ведум “Санхүүжилтийг үр дүнтэй, ил тод ашиглахыг баталгаажуулах нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар дамжуулан дэмжлэг үзүүлнэ” гэжээ. Норвеги эрчим хүч төдийгүй батлан хамгаалах салбарт тэргүүлдэг Скандинавын орон. Тус улс Украиныг дэмжих зорилгоор нэг тэрбум евро хуваарилахаа мэдэгдсэн. Одоогоор 200 сая еврогийн цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.
Энэтхэгийн нүүрсний магнат Европыг аврах уу
Энэтхэгийн нүүрсний магнат, тэрбумтан Гаутам Адани ногоон эрчим хүчний хөгжилд 70 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан. Энэ цаг үед үүссэн эрчим хүчний хямрал түүний хөрөнгийг хоёр дахин өсгөлөө. “Форбс”-ын тооцоолсноор Аданийн хөрөнгө 147 тэрбум ам.доллар давж Азийн хамгийн баян хүн болжээ. Гаутамын эзэнт гүрэн болох “Адани” групп нь уул уурхай, тээвэр, дэд бүтцээс эхлээд хэвлэл мэдээлэл, хүнсний үйлдвэрлэлийн салбаруудаас бүрддэг. Энэтхэг улс эдийн засгийнхаа ихэнх хэсгийг хангадаг чулуужсан түлш, тэр дундаа нүүрснээс ихээхэн хамааралтай. Ерөнхий сайд Нарендра Моди улс орноо дэлхийн ногоон эрчим хүчний төв болгох зорилгоо танилцуулсан. “Адани” групп 2030 он гэхэд төлөвлөсөн хөрөнгө оруулалтынхаа 70 хувийг нүүрстөрөгчийн давхар эслийг бууруулахад зарцуулах аж. Европын холбоо 1980 оноос хойш анх удаа түлшний хомстолд орлоо. Орос Украинд цэргээ оруулсны дараа барууны Засгийн газрууд аль болох бэлтгэлээ базаасан ч хэрэглээгээ танахаас аргагүйд хүрчээ. Нөгөөтэйгүүр ОХУ урт хугацаанд Европын зах зээлийг бүрэн алдах эрсдэлтэй. Эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа энэ үед нүүрс бага өртөгтэй хувилбар. Европын холбоо нүүрсний хэрэглээгээ 12, АНУ, Ази, Африк, Латин Америкт 17 хувиар өссөн байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр эрчим хүч үйлдвэрлэх, гангийн болон бусад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нүүрсний нийт хэрэглээ найман тэрбум тоннд хүрч, дээд амжилт тогтоожээ. Энэ тоо 2024 он гэхэд нэмэгдэж магадгүй. Түүнчлэн нүүрс олборлолтын хэмжээ нэмэгдсэнээр CO2-ын эзлэх хувь 40 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, энэ жил дэлхийн нүүрстөрөгчийн давхар эслийн өсөлтөд барууны орнууд голлон нөлөөлжээ.Цар тахлын хямралаас гарч эхлэхтэй зэрэгцэн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Гэвч ногоон шилжилтийн шатандаа явж байсан Европт байгалийн хийн хомстол, бүх эрчим хүч тээвэрлэгчдийн үнийн огцом өсөлт тулгарчээ. Шатахууны үнэ өссөнөөр үйлдвэрлэгч компаниуд ашиггүй ажиллаж эхэллээ. Улмаар Герман, Нидерланд, Польш, Чех, Болгар, Румын, Итали улс нүүрс рүү шилжсэн. Ингэхдээ шинээр орд нээх биш, одоо байгаа уурхайн бүтээмжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Нүүрсний салбарын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд буураад байсан. Одоог хүртэл ажиллаж байгаа уурхайнуудад шаардлагатай шинэчлэл хийгдээгүйгээс олборлолтоо нэмэгдүүлэхэд хүндрэл гарч болзошгүй. “Glencore”, “Peabody Energy” зэрэг уул уурхайн компани нүүрсний эрэлтийн өгөөжийг хүртжээ. Өмнөд Африкийн нүүрс олборлогч “Тунгела ресурс” компани энэ онд орлогоо 601 хувиар өсгөснөө зарласан. “Тунгела ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жули Ндлову “Европт цахилгаан эрчим хүчний үнэ дээд цэгтээ хүрч, байгалийн хийн хомстолд орсноор бидний борлуулалт өссөн” гэжээ.
Х.ЗАЯА