АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дүн гарсны дараахан Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өргөдлөө өгсөн билээ. Бүгд найрамдах нам тод томруун ялалт байгуулсан нь түүний Цагаан ордонд дахин эзэн суух зорилгыг ойртуулжээ. Гэхдээ ажиглагчид Бүгд найрамдахчууд сонгуульд төсөөлж байснаас хамаагүй сул оролцсон гэж дүгнэсэн. Бүгд найрамдах намын “Улаан давлагаа” яагаад АНУ-ыг бүхэлд нь нөмрөөгүй нь Дональд Трамп, Жо Байден нарын ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар эх сурвалжууд таамаг дэвшүүлж эхэллээ. АНУ-ын завсрын сонгуулиар Бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авсан ч Ардчилсан намынхан Сенатад ялалт байгууллаа. Сонгогчид одоогийн Ерөнхийлөгчийн бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол АНУ-ын хэвлэлүүд сонгуулийн үр дүнг “температурын хэмжилт” гэж дүгнэлээ. Цагаан ордонд хяналтаа тогтоосон нам 1922 оноос хойш завсрын сонгуульд ялагдсан гурван тохиолдол бий. Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгчийн нам Сенатын сонгуульд амжилтаа ахиулсан анхны сонгууль болсон. Ерөнхийлөгч Жо Байден кампанит ажилдаа сэтгэл хангалуун байна. Тэрбээр “Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч нартай харьцуулахад Төлөөлөгчдийн танхимд цөөн суудал алдлаа. Билл Клинтоны үед буюу 1994 онд Бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд 64, 2010 онд Барак Обамаг Ерөнхийлөгч байхад 65 суудал авсан” гэжээ.
“Улаан давлагаа” хүлээлтэд хүрсэнгүй
Нөхцөл байдлыг хүлээлт-бодит байдал гэсэн үүднээс дүгнэвэл Бүгд найрамдахчууд зорилгодоо хүрээгүй. Бүгд найрамдах намынхан цахимаар оролцсон 42 сая иргэний саналын хуудсанд эргэлзэж байна. Тус нам Төлөөлөгчдийн танхимд шаардлагатай 218 суудлаа авч чадаагүй. Үүнд радикал үзэл, нэр дэвшигчдийн чанар, тааруухан мөрийн хөтөлбөртэй ажилласан, Байденд хэт их ач холбогдол өгч, үнэлэмжийн түвшингээ алдсан шалтгаанууд нөлөөлсөн. Сенатын сонгууль нь улсын хэмжээнд, муж даяар явагддаг тул энд нэр дэвшигчдийн чанарыг чухалчилдаг. Үнэлгээ тааруу нэр дэвшигчдийн талаар сенатор Митч МакКоннелл өмнө нь илэрхийлж байсан. Тэрбээр сонгуулийн дараа “Бүгд найрамдах нам “Байден төвтэй” кампанит ажил өрнүүлсэн нь алдаа боллоо. Цагаан ордны тэргүүн болон сонгуулийн тогтолцоог шүүмжлэхэд бус АНУ-ын “Гал тогооны сэдэв” болсон үр хөндөлтийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах ёстой байсан” гэж ярьжээ. Бүгд найрамдах намын гол санаа нь Байденыг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх. Өөрөөр хэлбэл, Бүгд найрамдахчуудын үзэл суртал эдийн засаг, цагаачлалын бодлогын тухай тодорхой амлалтад суурилаагүй, харин Трампын ялагдлыг тэгшитгэхийг оролдсон. АНУ-ын сонгогчдыг Бүгд найрамдах, Ардчилсан нам төвтэй, нам холбоогүй төвийг сахисан гэх гурван бүлэгт хуваадаг. Сонгуулийн үр дүнг төвийг сахигчид ихэвчлэн тодорхойлдог. Энэ жил гурван бүлгийн сонгогчид инфляц, үнийн өсөлт, аюулгүй байдлын асуудал, хууль бус шилжилт хөдөлгөөн, үр хөндөлт гэсэн нийтлэг сэдэвт төвлөрч байлаа. Инфляц 40 жилийн дээд амжилт тогтоож, улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт 20 жилд байгаагүй их бүртгэгдсэн. Завсрын сонгуульд 400 гаруй ижил хүйстэн нэр дэвшигч өрсөлдсөн. Тэдний 58 хувь нь ялалт байгуулжээ. АНУ-ын түүхэнд анх удаа Орегон, Массачусетс муж ижил хүйстэн амбан захирагчтай болсон юм. Энэ сонгуульд бүрэн ялагдсан хүн бол Дональд Трамп юм. Бүгд найрамдах нам дотор Трампыг дэмжигчид буюу Америкийг дахин хүчирхэгжүүлэгчид, тэдний өрсөлдөгчид гэсэн үндсэн хоёр фракц бий. Трампаас зайгаа барьсан гишүүд Бүгд найрамдах нам дахь түүний дүр төрхийг бүрмөсөн үгүйсгэдэг. Гэсэн ч Трамп 2024 оны сонгуулийн комисст өргөдөл гаргаж, Америкийг дахин агуу, сүр жавхлантай болгохын тулд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагаа зарлалаа. Трамп улс төрийн тогтолцоог шинэчлэх зорилготой байна. Тэрбээр дэмжигчдээ шинэ тулаанд хөтлөхөө мэдэгдсэн. Цагаан ордны төлөөх түүний гурав дахь оролдлогыг Бүгд найрамдах намын нөлөө бүхий зарим гишүүн дэмжээгүй. Тэд Рон ДеСантис, Майк Пенс, Тед Круз, Майк Помпео гэсэн өөр хувилбар санал болгож байна. Хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч нь Рон ДеСантис аж.
Нэр дэвшигчдээс чухал нь гадаад бодлого
Ардчилагчид ч мөн 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байна. Байден хоёр дахь удаагаа нэр дэвших эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй. Нам дотроо түүний эсрэг сурталчилгаа хэдийнэ эхэлсэн. Ардчилагчид Пит Баттигиг, Берни Сандерс нарыг онцлох магадлалтай. Байденыг сонгуулийн кампанит ажлынхаа амлалтаа биелүүлж, 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэхэд жилийн хугацаа үлдээд байна. Хэрэв уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрийг түүний ялалт гэж үзсэн ч Ирантай харилцах, БНХАУ-тай өрсөлдөх бодлого нь үр дүнд хүрээгүй. 2024 оны сонгуулийн кампанит ажлын гол сонирхол бол улс төрийн өшөө авах эсэх, хэн нь ялалт байгуулах нь удаах асуудал юм. Бүгд найрамдах намд өнгөрсөн сард болсонтой ижил үйл явц Ардчилсан намд удахгүй өрнөнө. Нэнси Пелосийг орлох Төлөөлөгчдийн танхимын шинэ даргыг чуулганы эхний өдөр буюу ирэх оны нэгдүгээр сарын 3-нд зарлана. Хууль тогтоох байгууллагын анхны чуулганаар даргаа сонгодог. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын дотоод бодлогоос илүү гадаад бодлого нөлөөлсөн. Сэтгүүлчид Дональд Трамп, Жо Байден нараас гадаад харилцааны ирээдүйн стратегийн талаар хариулт авахыг шаардаж байв. Ямартай ч АНУ-ын гадаад бодлого үргэлжилнэ гэж ажиглагчид таамаглаж болно. Украинд үзүүлэх дэмжлэг үргэлжилнэ. АНУ өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тус улсад 66 тэрбум ам.доллар хуваарилаад байна. ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа АНУ-ын анхаарлыг татаж, БНХАУ-ыг одоо ч гол өрсөлдөгчөө гэж хардаг. Жо Байден Хятадыг хязгаарлах бодлогоо үргэлжлүүлж, цаашлаад Тайванийг дэмжиж байгаагаа олон нийтэд илэрхийлсэн. Цагаан ордны Бээжингийн талаар гаргасан гол шийдвэрүүдийг Конгресс дахь хоёр намын төлөөлөл дэмждэг. Вашингтон БНХАУ-ын компаниудад хагас дамжуулагч болон чип үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэхээ хязгаарлахаас гадна цэрэг, эдийн засгийн амбицад цохилт өгч байна. Энэ бол сүүлийн арван жилийн хамгийн том хориг, экспортын хяналт юм. Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро, Бразилийн Ерөнхийлөгч Лула да Силва зэрэг Латин Америкийн зүүний удирдагчдын дэмжлэгийг АНУ нэмэгдүүлж байна. Цагаан ордон Амазоны ойг хамгаалах төслийн гол санхүүжүүлэгч. Бразилийн Ерөнхийлөгч Лула да Силва энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ-тай харилцах Өмнөд Америкийн албан бус удирдагч болох бололтой. АНУ-ын гадаад харилцааны нөгөө туйл бол Иран улс. Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ыг цөмийн хэлэлцээрт эргүүлэн нэгтгэхээ амласан. Гэвч Трампын үед ихээхэн хурцадсан хоёр улсын харилцаа өдгөө ч сайнгүй байна. “Ираныг чөлөөлөх” төлөвлөгөөтэй Цагаан ордны засаг захиргаа Иранд өрнөсөн жагсаалыг дэмжсэн нь дипломат бодлогод саад учруулсан. Нөгөөтэйгүүр стратегийн ашиг сонирхлоор Ираны эрх баригчдыг шүүмжилдэг засаг захиргааны үед хоёр улсын харилцаа урагшлахгүй байх магадлалтай.
Х.ЗАЯА