“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хяналт зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, “Инвескор ББСБ” ХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал Н.Арсланбаатар болон бусад хүмүүс оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тоог нэмэгдүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог идэвхжүүлэх, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг өсгөх хүрээнд бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, дотоодын аж ахуйн нэгжийг IPO, компанийн бонд гарган санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх хүрээнд өмнө нь нэг байсан журмыг “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам” гэж төрөлжүүлэн салгаж олон улсын жишигт нийцүүлсний сацуу бонд гаргах ажиллагааг хялбаршууллаа. Ингэснээр хөрөнгийн биржийн нэгдүгээр салбарт бүртгэлтэй хувьцаат компаниуд болон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниас олон нийтэд санал болгон гаргаж буй бондыг хялбаршуулсан байдлаар Санхүүгийн зохицуулах хороо бүртгэхээр болсны зэрэгцээ бонд гаргагч компани нь бондоо бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олон нийтэд санал болгож санхүүжилт татах давуу талыг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл дотоодын шилдэг аж ахуйн нэгжүүд банкны өртөг өндөр зээлтэй харьцуулахад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээлээс хялбар, түргэн шуурхай байдлаар татан төвлөрүүлж үйл ажиллагаандаа ашиглах боломж бий болж цаашлаад дотоодын бондын зах зээлийн хөгжил олон улсын төвшинд хүрэхэд нөлөөлөхүйц бодлогын чухал алхам болсон.
“Инвескор ББСБ” ХК нь 2019 онд хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьцаагаа гаргаснаас хойш тус компани засаглал, хөрөнгийн зах зээлд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд манлайлал, эерэг нөлөө үзүүлж уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтек зах зээлийг хослуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар биржийн нэгдүгээр самбарт бүртгэлтэй, “ТОП-20” индексийн багцыг бүрдүүлэгч компаниудын нэг болоод байна. Ингээд санхүүгийн салбарт иргэд, харилцагчдад санхүүгийн үйлчилгээг хялбар шуурхай болгож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүсье” гэсэн юм.
Анхдагч зах зээлийн арилжаагаа нээж буй “Инвескор ББСБ” ХК-ийн хувьд нийт 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг бондын хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд санал болгох бөгөөд энэ удаагийн нэгдүгээр транчаар 12 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм байна.
Эх сурвалж: СЗХ