Э.Түвшинтөр: Технологи, хийцээрээ миний бүтээл бусдаас ялгарна


Өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн өв соёлоо орчин цагийн өнгө аястай сүлэлдүүлэн түгээж яваа уран бүтээлч Э.Түвшинтөр манай “Бүтээлч Монгол”-д саатлаа. Хязгааргүйг бэлгэдсэн дүрсээр өөрийгөө илэрхийлэх энэ эрхэм гарын арвин буянтай. Ааваасаа өвлөсөн гарын ураараа модон авдар урлаж бас ч үгүй арьсаар бүрэхдээ зөвхөн түүнийг илтгэх брэндийг аль хэдийнэ бий болгожээ.

-Ярилцлагын зочин болох саналыг хүлээж авсанд баярлалаа. Та урлангаасаа ирэв үү?

-Тийм ээ. Танилынхаа захиалсан бүтээлийг хийхээр сүүлийн үед урландаа багагүй хугацаа зарцуулж байна. Энэ зуур танай сонинд ярилцлага өгөхөөр ирсэн нь энэ.

-Бүтээлийн тань талаар ярилцахаас өмнө уншигч­дадаа таныг багахан нээж, танилцуулъя. Ялангуяа дүрслэх урлагийн хүн болно гэдгээ хэзээ мэдсэн тухай сонирхож асуумаар байна?  

-Хүүхэд байхдаа баримлын шавраас салдаггүй байсан. Бас цаг л гарвал цаас харандаатай найзалчихна. Уг нь би Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг байсан юм шүү дээ. Аав, ээжийнхээ үгээр энэ сургуульд сурсан. Тэр үед их л завгүй. Хөгжмөө давтаж өдрийг өнгөрөөдөг. Гэсэн ч чөлөөт цаг л гарах юм бол баримлын шавраас салдаггүй, зураг зураад суучихдаг хүүхэд байсан юм. Тиймээс нэг өдөр сургуулиасаа гарах гэнэтийн шийдвэр гаргасан. Бусдын адил ерөнхий боловсролын сургуульд суралцаад 1999 онд Соёл урлагийн их сургуульд элссэн. Хүүхдүүд эзэмших мэргэжлээ нухацтай бодсоны үр дүнд шийдвэрээ гаргадаг бол надад зургаас өөр юу ч бодогдоогүй. Багаасаа зураач болно гэж зорьсон учраас замаасаа хазайх сонголтгүйгээр арван жилээ төгсөөд СУИС-ийн арьсан урлагийн ангид орж, чимэглэх урлагийн ангийг төгссөн.

-Таныг сургуулиа төг­сө­хөд мэргэжлээрээ ажил­лах боломж хэр байв. Зах зээлийн хувьд одоогийнхтой харьцуулш­гүй байсан биз?

-СУИС-д суралцах хугацаандаа дундуур нь чөлөө авч явсаар 2004 онд сургуулиа төгссөн. Гэхдээ яг үнэндээ уран бүтээлч сэтгэхүйгүй төгсчихсөн юм. Гэртээ эскизүүд хийнэ. Үзэсгэлэнд ч оролцохгүйгээр хэсэг хугацааг өнгөрөөсөн.

-Ёстой хийцгүйрч явсан байх нь. Тэгээд уран бү­тээл­дээ хэзээнээс шимтсэн юм бэ?

-2010 оноос юм уу даа. Бусдад өөрийгөө нээж, танилцуулах оролдлого хийж эхэлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд зургаа огт орхиогүй. Ганцхан бүтээлээ бусдад зарж мөнгөтэй болно гэдэг ойлголтгүй явсан юм. Өнгөрсөн хугацаанд мөнгө хөөж явсангүй.

-Энэ хугацаанд таныг илтгэх оршихуйгаа олчих­сон байсан уу?

-Та миний бүтээлийн яг аль дүрслэлийг ингэж тодор­хойлж асуугаад байгаа юм бэ?

-Таны зураг болгонд байгаа тойрог хэлбэртэй дүрслэлийг?

-Энэ дүрслэл анхнаасаа л надтай хамт байсан. Миний бүтээлүүдэд дүрсэлсэн тойрог, эргэлтүүд оюутан байхад гаргаж байсан эс­кизэн дээр ч байдаг. Өнөө­дөр ч бүтээлүүдэд маань хадгалагдаж байна. Харин цаг хугацааны явцад задарч миний бодлыг агуулсан олон илэрхийлэл болсон.

-Аж байдал, бай­галийн зургаас та их хол санагдлаа. Угаасаа зурдаггүй юм уу эсвэл би таны талаар буруу таа­магласан байна уу?

-Зөв ажиглажээ. Хүмүүс нутаг усныхаа зургийг зуруулахаар надад ханддаг. Гэхдээ би захиалгыг нь авдаггүй. Тийм бүтээл хийдэг хүмүүст нь өгчихдөг юм. Намайг илэрхийлэх дүрслэлээ олчихсон болохоор үүнээс өөр зүйл хийхийг хүсдэггүй ч гэж ойлгож болно. Ерөнхий тойрог, эргэлтүүдээ авдар дээр хүртэл сийлдэг. Тэгээд ч авдар гэхээр заавал арслантай байх албагүй.

-Та уран бүтээлийн санаагаа бодолдоо тээдэг бүтээгчдийн нэг. Хурааж, хуримтлуулж явсаар сургуулиа төгссөнөөс хойш арав гаруй жилийн дараа анхны үзэсгэлэнгээ гаргажээ?

-2011 онд анхны үзэс­гэлэнгээ “Цагаандариум” галерейд гаргасан. Ямар нэг сэдэвт баригдаагүй үзэс­гэлэн болохоор агуулгын хувьд хязгааргүй. Оюутан байхдаа хийсэн ажлаас ч анхны үзэсгэлэндээ дэлгэсэн. Тухайн үед бүх зураг эзэнтэй болчихсон болохоор урам авсан. Урмаа ч гэх үү, бурмаар ч гэх үү удаах үзэсгэлэнгээ 2012 онд гаргасан нь амжилттай болсон. Ингэж бие даасан үзэсгэлэнгээ гаргах хугацаанд Монголын Урчуудын эвлэлээс зохион байгуулсан үзэсгэлэнгүүдэд оролцож явснаа хэлэхээ мартжээ.

-Уран бүтээлийг тань хүмүүс “уншаад”, ойлгоод ирэхээр их урам авсан юм уу?

-Тийм шүү. Ойрхон гурван ч үзэсгэлэн гаргасан. Гэхдээ дандаа шинэ бүтээлээр. Их ч хөдөлмөр зарцуулсан. Тухайн үед гэртээ харилгүй урландаа бараг жил амьдарчихсан байгаа юм. Тэгээд нэг их удаагүй ковид гарсан.

-Та яриандаа авдар урлаж эхэлсэн үеэ дурдсангүй. Бүр эртнээс эхлүүлсэн ажил байв уу?

-Авдрыг 2003 оноос хойш хийсэн. Гэхдээ ашиг олох гэж хийдэггүй. Оюутан байхдаа авдар хийж болох юм шиг санагдсан. Тиймээс хааяа сонирхлоороо авдраа хийчихнэ. Бас захиалга орж ирвэл авдраа хийнэ. Ингэж жилдээ хоёроос гурван авдар хийж явсаар 2012 оноос идэвхжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хэчнээн авдар хийс­нээ тоолж үзээгүй юм байна. Бараг­цаагаар 50-60 ширхэг авдар хийсэн байх.

-Авдар хийхэд их хугацаа зарцуулах уу?

-Мэдээж, гэхдээ би сонирхлоороо л хийдэг. Урландаа нэг суучихвал мөд салдаггүй. Бүтээлээ хийдэг зантай. Хүмүүс онгод гэж ярьдаг. Би яг бүтээл хийсэн хүнд л онгод ордог гэж боддог. Үүнийг юугаар тайлбарлах вэ гэхээр, эхний ажлаа дуусгаагүй байхад дараагийнх нь санаа орж ирдэг. Миний бодлоор энэ л онгод байх. Түүнээс биш зүгээр сууж байхад онгод орж ирэхгүй. Бас сэтгэл гаргасан ажлууд аяндаа ялгарна. Үүнд ямар хэмжээтэй байх нь онцын чухал биш.

-Өнгөрсөн хуга­цаанд хий­сэн бүтээлүүдийнхээ эскизийг архивлаж чадсан уу?

-Одоо архивлаж чадаа­гүйдээ харамсаж байна. Бүтээл хийснийхээ дараа гар утсаараа зургийг нь авчихдаг. Гэтэл фонд үүсгэж чадахгүй явсаар гар утсаа алдаад өмнө нь хийсэн бүтээлийн зураг ч үгүй хоцордог тал бий.

-Харамсалтай юм аа, таны бүтээл гэдгийг хэн мэдэх билээ?

-Түүнд ёстой санаа зовохгүй байна. Миний аль ч бүтээлийг харсан “Түвшээгийнх байна” гэж хүмүүс ялгаж мэднэ. Ялангуяа уран бүтээлчид. Технологи, хийцээрээ миний бүтээл бусдаас ялгарна. Үүнд би итгэлтэй байна. Авдар урлах нь зураг зурахаас илүү ажиллагаатай. Дөрвөлжин хайрцгийг арьсаар зүгээр л нэг бүрчихдэггүй юм шүү.

-Ямар ч бүтээлийг хийхэд захиалагчаас их зүйл шалтгаална. Тэр дундаа авдар урлахад танаас олон зүйлийг хүсдэг байх?

-Зарим захиалагч тэгнэ. Бас санал зөрөх тохиолдол гарна. Тэр үед захиалга авдаггүй. Хүмүүс хуурай модоор авдар хийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгэн зүйлийг сонирхуулан хэлэхэд, дээхнэ үеийн хутагт хувилгаад үнэхээр мэлмий нь нээгдсэн хүмүүс байсан байгаа юм. Авдруудаа арьсаар бүрчихдэг. Түүнийг нь газарт булаад олон жилийн дараа гаргаж ирэхэд дотор нь байгаа зүйлс хэвээрээ шахуу. Арьс амьсгалдаг болохоор чийгээ тохируулж дотор нь байгаа эд зүйлс хэвээрээ байдаг.

-Таны аль ч бүтээлд ихэвчлэн натурал өнгө зонхилж байгаа нь таны сонирхол уу?

-Бүтээл ямар байхаас бүх зүйл шалтгаална. Арьсны нийтлэг өнгөнүүд зурагт ажиглагддаг. Ихэвчлэн дулаан өнгө. Өнгийг зохионо гэж байхгүй. Зарим захиалагчид хүссэн өнгөө гаргуулах гэж аашилдаг. Тэр тохиолдолд би захиалгыг нь авдаггүй. Санаа зөрж бүтээл хийнэ гэж юу байх вэ дээ, тийм биз. Одоо шаналж уран бүтээл хийхээ больсон. Аяндаа хийгээд байхаар арчиж зүлгэсэн юм шиг гоё, жигдхэн болчихдог.

-Та зүүдэндээ харснаа бүтээлдээ буулгаж байв уу?

-Өөрөө ч мэдэлгүй зурчихсан байдаг. Зарим үйл явдал өмнө нь болж байсан мэт сэтгэгдэл төрүүлж дотно санагддаг. Гэтэл тэр нь өмнө зүүдэнд орсон бүтээл байх жишээтэй. Тэгэхээр зүүдэндээ харсан зургаа хэчнээн удаа зурсныг мэдэхгүй. Дүрслэл, зохиомж нь яахын аргагүй зүүдтэй холбоотой үе байдаг юм.

-Бидний ярилцлага өндөр­лөх дөхөж байгаа болохоор уран бүтээлчийн чин хүслийг тань тодруул­маар байна?

-Ерөөсөө л гоё бүтээл хийх нь бидний чин хүсэл байдаг. Бүр ахадсан зүйлийн талаар бодохгүй. Нэмэргүй шүү дээ. Ашиг хонжооны талаар боддог байсан бол би зураач болохгүй. Тийм амбиц, маркетингтай хүмүүс ондоо байдаг. Мань мэт урландаа “Баяжна аа” гээд суугаад байвал бүтэхгүй. Хэрвээ тийм бодолтой байсан бол уран бүтээлч нэр зүүх шаардлагагүй байсан биз. Би хүнд таалагдах албагүй. Өөрийн хийсэн сонголтдоо үнэнч байвал болж байна гэж үздэг хүмүүсийн нэг төлөөлөл. Харин өөрийгөө олох гэвэл бас өөр ойлголт. Өөрийн чаддаг мэддэг ажлаа хийх хамгийн гоё. Түүнээс биш хэн нэгний бүтээлийг хуулбарлаад явах сонин. Тийм хүмүүсийг би ойлгодоггүй.

-Танай зах зээл өрсөл­дөөнтэй. Авьяастай эсвэл авхаалжтай нь түрүүлж алхдаг?

-Залуучууд уран бүтээлч сэтгэхүйтэй болж байна. Энэ үнэхээр дэвшил. Түүнээс биш өрсөлдөөн байхгүй. Надад л лав өрсөлдөөнтэй байгаа юм шиг харагддаггүй. Би өөрийн онцлогтой ажлаа хийнэ. Түүнээс биш хэн нэгэнд атаархахгүй. Тултал нь хийсэн бүтээл байвал харин түүнээс нь урам авдаг. Илүү ихийг хийх хүч авдаг юм. Би бусдыг өрсөлдөгч гэж хардаггүй. Уран бүтээлч хүнд атаа жөтөө байдаггүй гэж боддог. 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/


Э.Түвшинтөр: Технологи, хийцээрээ миний бүтээл бусдаас ялгарна
Э.Түвшинтөр: Технологи, хийцээрээ миний бүтээл бусдаас ялгарна
Э.Түвшинтөр: Технологи, хийцээрээ миний бүтээл бусдаас ялгарна
Э.Түвшинтөр: Технологи, хийцээрээ миний бүтээл бусдаас ялгарна
Э.Түвшинтөр: Технологи, хийцээрээ миний бүтээл бусдаас ялгарна

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ 40 минутын өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 42 минутын өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 1 цагийн өмнө
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… 15 цагийн өмнө
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… 16 цагийн өмнө
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна 21 цагийн өмнө
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй Өчигдөр
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ Өчигдөр
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” Өчигдөр
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ Өчигдөр
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм Өчигдөр
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ Өчигдөр
Нарны эрчим хүчийг ашиглан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлжээ 2024/09/17
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анха… 2024/09/17
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 2024/09/16
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 2024/09/16
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 2024/09/16
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 2024/09/16
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 2024/09/16
Монголын эмэгтэй дугуйчид ДАШТ-ий холимог багийн төрөлд анх удаа уралд… 2024/09/16