Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монголын хөрөнгийн бирж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох үйл явц эхэлсэн онцгой цаг үед тантай ярилцаж байна. Та өмнө нь Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад Хөрөнгийн биржид ирээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хөрөнгийн зах зээлтэй холбоотойгоор сүүлийн үед гаргасан бодлого, шийдвэрийн талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Миний хувьд 2017-2021 онд Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга болон эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед Засгийн газраас Монгол Улсын “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, салбарын туршлагатай эксперт, эрдэмтэд, их сургуулийн доктор, профессоруудтай хамтарч ажиллах боломж бүрд сэн. Тэр дундаа эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн дэд ажлын хэсэгт ажилласан. Хөрөнгийн зах зээлийг бид бүс нутгийн санхүүгийн төв болох бүрэн бололцоотой гэж тусгасан. Технологид суурилсан, инновац шингэсэн хөрөнгийн зах зээлийг бий болгох, түүгээр дамжуулан гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Цаашлаад нийгмийн баялгийг шударга хуваарилах гол талбар бол хөрөнгийн зах зээл.
Миний харж байгаагаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг гурав хувааж үздэг. Эхний үе шат нь их хувьчлалын үе буюу Монгол Улсын Засгийн газар 1.2 сая иргэндээ тухайн үеийн төрийн өмчийн 475 аж ахуйн нэгжийн цэнхэр, ягаан тасалбарыг хуваарилсан байдаг. 2000-2010 он хүртэл хөрөнгийн зах зээл идэвхгүй, унтаа байсан нь нууц биш. 2011 оны үеийн Засгийн газрын шийдвэрээр Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй стратеги түншлэлийн буюу мастер гэрээ байгуулж, MIT /миллениум ай ти/ системийг нэвтрүүлсэн байдаг.
Мөн 2013 онд Үнэт цаасны тухай хуулийг УИХ-аас шинэчлэн найруулж баталсан. Энэ мэт бодлогын шийдвэрийг УИХ, тухайн үеийн Засгийн газраас гаргасан байдаг. Харин 2020 онд баталсан “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого тогтвортой, тууштай явж байгаагийн нэг үр дүн нь хөрөнгийн зах зээлийн шинэчлэл гэж энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хардаг.
УИХ, Засгийн газраас 2020-2022 онд хөрөнгийн зах зээлийг дэмжсэн томоохон бодлогуудыг гаргасан. Үүний үр дүнд 2021 оноос хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ.
Тухайлбал, банк, санхүүгийн салбар, тэр дундаа системийн таван банкийг олон нийтийн хувьцаат компани болгох “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг баталсан. Улмаар Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-ыг мөн баталсан.
Түүнчлэн энэ оны Төсвийн тухай хуулийг дагаж оруулсан хуульд хөрөнгийн зах зээлд оролцогч талуудад татварын таатай орчин бүрдэхээр байна. Энэ нь нийгэм, эдийн засагт шударга хуваарилалт явагдах нэг нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ энэ оны аравдугаар сард Монгол Улсын Засгийн газраас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай 362 дугаар тогтоолд заасны дагуу уул уурхайн биржийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгохын тулд экспортод гаргах ашигт малтмалыг биржээр дамжуулан цахим нээлттэй дуудлага худалдаагаар худалдах ажлыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд УУХҮЯ болон СЗХ, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн цахимаар нүүрс арилжаалах журам боловсруулах ажлын хэсгийг УУХҮ-ийн сайдын тушаалаар байгуулж, журмыг Засгийн газраас батлаад байна.
Мөн олон жил гацсан, улс төрийн дэмжлэг авахгүй дуншсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогод тусгаж УИХ-д өргөн барьснаар өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг боллоо. Ингэснээр одоо нийгэмд үүсээд байгаа нүүрсний хулгайн асуудал дахин давтагдахгүй байх тогтолцооны шийдлүүдийн нэг бол уул уурхайн бүтээгдэхүүний бирж юм.
-Монголын хөрөнгийн биржийн олон нийтийн хувьцаат компани болох ажил одоогоор ямар шатандаа явна вэ?
-Монголын хөрөнгийн бирж бусад төрийн өмчит компаниудаа түүчээлэн идэвх гаргаж IPO гаргах бэлтгэл ажлаа өнгөрсөн хугацаанд бүрэн хангаж ажилласан. Үүний үр дүнд энэ сарын 14-ний өдөр СЗХ-ны ээлжит хурлаар Монголын хөрөнгийн биржийн олон нийтэд санал болгон нэмж гаргах хувьцааг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингэснээр тус өдрийн 690 тоот тогтоолоор олон нийтэд санал болгон худалдах зөвшөөрлийг олгосон. Үүний дагуу холбогдох журмын хүрээнд олон нийтэд мэдээлэл өгөх, танилцуулга хийх үйл явцыг энэ сарын 18-ны өдрөөс эхлүүлээд байна.
Мөн анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулахад бэлэн болоод байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу аливаа хуулийн этгээд нь үнэт цаас гаргах ажиллагаанд андеррайтер буюу мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан үнэт цаас гаргах ажиллагааг хэрэгжүүлдэг. Юуны түрүүнд үнэт цаас гаргагч нь үнэт цаас гаргахаар төлөвлөж буй хугацаандаа дотоод бэлтгэл ажлыг хангасан байх шаардлагатай байдаг л даа. Үүний хүрээнд компанийн хэтийн төлөв, санхүү, засаглал, үйл ажиллагаандаа дүгнэлт гарган тухайн мэдээллээр андеррайтертай зөвлөлдөн хамтран ажилладаг гэсэн үг.
Андеррайтер нь үнэт цаас гаргах үйл ажиллагааг зохион байгуулж, магадлан шинжилгээ, дүгнэлт гаргах, үнэт цаасны танилцуулга бэлтгэх, танилцуулах аян зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэдэг. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгон олон нийтийн өмчийн оролцоотой компани болж байна.
Ингэснээр засаглалын хувьд сайжрах боломж бүрдэж байна. Цаашлаад баялгийн шударга хуваарилалт бий болж, эдийн засгийг хөдөлгөгч томоохон компаниудын хувьцаа эзэмших боломжийг иргэдэд нээж өгөх юм.
-Хөрөнгийн биржээс олон нийтэд санал болгож буй нэгж хувьцааны үнийг хэрхэн тогтоов?
-Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааныхаа 34 хувьтай тэнцэх хэмжээний буюу 119.157.603 ширхэг хувьцааг нэмж гаргаж байгаа юм. Олон нийтэд санал болгож буй хувьцааны нэг бүрийг 100 төгрөгөөр худалдахаар санал болгож байгаа. Нэгж хувьцааны үнийг бид холбогдох хууль, журмын дагуу тогтоодог. Ингэхдээ олон нийтэд санал болгон худалдах нэгж хувьцааны үнийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу ТӨБЗГ-аас, Компанийн тухай хуульд заасны дагуу Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-өөс үнэт цаас гаргах ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хөндлөнгийн хараат бус үнэлгээний тайланд үндэслэн тус тус тогтоосон. Ингэхдээ Хөрөнгийн биржээс нэмж гаргах хувьцааны 90 хүртэлх хувь буюу 107.241.842 ширхэг энгийн хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм.
Стратегийн нэг хөрөнгө оруулагчид нийт эзэмшлийн тав хүртэлх хувь буюу хамгийн ихдээ 17.523.176 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Стратегийн хөрөнгө оруулагчдын хувьд ерөнхийдөө урт хугацаанд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг.
Мөн хоёрдогч зах зээл нээгдсэнээс хойш зургаагаас доошгүй сарын хугацаанд хувьцаагаа арилжаанд оруулахгүй байх нөхцөлтэй байдаг учраас хувьцааны ханшийн хэт хэлбэлзэл үүсэхээс сэргийлэх давуу талтай.
-Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигч болохоор төлөвлөж байгаа иргэдэд хандаж та юу хэлэх вэ?
-Хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигч болсноор хөрөнгийн зах зээлийн ирээдүй, өсөлт хөгжилд оролцох нь боломж юм. Иргэд хувьцааны данс нээлгэсэн бол тухайн брокертоо хандах, нээлгээгүй бол хүссэн брокертоо хандаж данс нээлгэх боломжтой. Мөн Монголын хөрөнгийн бирж дээр энэ сарын 21-25-ны өдрүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Тиймээс иргэд өргөнөөр ирж үйлчлүүлэн, мэдээ мэдээлэл авах, хувьцааны дансаа нээлгэх боломжтой.
Монголын хөрөнгийн биржийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ сарын 26-30-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд авахаар товлоод байна.
М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/