Аавын үлдээсэн өв


“Даргиад найман шарга” ХХК-ийн захирал  Ганбадрахын Чанцалдулам ээзгий, зөөхий, шар тос, элсэн чихэр, овьёосоор уламжлалт ээзгийний хатуу чанарыг зөөлрүүлж, идэхэд хялбар, илүү амттай  “Цагь” брэндийн ээзгийний ширгээмэл гэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргаад удаагүй ч хэрэглэгчдийн сэтгэгдэл тун сайн байна. Дэлхий дээр сүүгээр 2000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс зөвхөн Монгол үндэстний дунд тархсан, сүүний бүхий л эрдэс, шимт нэгдлийг шингээсэн уураглаг цагаан идээ бол ээзгий. Чухамдаа ийм л монгол онцлог, уламжлал шингэсэн цоо шинэ брэндийг зөвхөн Монголд л амтлах боломжтой болжээ.  


Эрэлхийллээс илэрхийлэл рүү... 

Чанцалдуламын аав Төв аймгийн Баянцагаан сумынх. Айраг, адуу, уртын дуу, уран дарх гээд юм юмаа­раа алдартай нутаг. Харин ээж нь цагаан идээгээрээ алдартай Архангай аймгийн Чулуут сумын уугуул. Компани байгуулахаасаа өмнө гэр бүлийн бизнес эрхэлж нутагтаа очин, цагаан идээ бэлтгэн Цагаан сарын үеэр л борлуулдаг байлаа. Тухайн үед зургаан төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан. Эдгээр бүтээгдэхүүн дундаас ээзгийний ширгээмэл гэдэг бүтээгдэхүүний орц найрлага, технологийг аав нь гаргажээ. Хүмүүс шинэ бүтээгдэхүүнд нь дурлаж, худалдаж авсныхаа дараа дахин худалдан авах хүсэлт ирүүлдэг байж гэнэ. Чанцалдулам ч оюутан байхад нь эхэлсэн гэр бүлийнхээ жижигхэн бизнест хувь нэмрээ оруулаад л явдаг байж. Аав нь мужааны мэргэжилтэй, огт зүгээр суудаггүй, хөдөлмөрч зантай хүн. Мужаан гэдэг байнга шинийн эрэлхийлэл дунд, уламжлал шинэчлэлийг хослуулж ажилладаг мэргэжил. Тийм эрэлхийлэл дундаасаа уламжлалт сайрмаг, хайлмаг зэрэг цагаан идээнээс санаа авч ээзгийний ширгээмэл гэх шинэ бүтээгдэхүүний орц, технологийг гаргаж ирсэн биз.

 Ганбадрах гуай технологио боловсруулчихаад “Монголд ийм бүтээгдэхүүн одоогоор байхгүй, үйлдвэрлэж борлуулъя” гэсэн санал эхнэр охин хоёртоо тавьсан боловч “ашигтай байж чадахгүй ээ, дэмий” гэдэг няцаалт сонссон гэдэг. Хожим нь Чанцалдулам захирал энэ тухайгаа ярихдаа “Технологийг нь өвлөн авч үйлдвэр, компанийг нь хөл дээр нь зогсоож, бүтээгдэхүүнээ брэнд болголоо, тухайн үед аавынхаа саналаас татгалзаж байснаа бодохоор үнэхээр их харамсдаг” гээд үргэлжлүүлэн “2018 онд аав минь хорт хавдар гэдэг аймшигт өвчний онош сонссон. Гэсэн ч аав маань зүтгээд л байлаа. Аав оношоо сонссоныхоо дараа жилийн Цагаан сараас олсон орлогоороо эргэлтийн хөрөнгө хийж 2019 оны тавдугаар сард компаниа байгуулан, ээзгийний ширгээмлээ бүтээгдэхүүн болгох ажилдаа орж эхэлсэн дээ. Хөөцөлдсөн бүх л ажил нь саадгүй бүтээд сайхан байв. Бид ч аавыгаа хараад энэ өвчнийг даваад гарчих юм байна гэсэн итгэл төрчихсөн. Гэтэл тун удалгүй аавын минь бие доройтож эхэлсэн. Дүү маань ажлаасаа гарч үйлдвэрлэл, түгээлтээ хийж, би бага насны хоёр хүүхэдтэй байсан болохоор компани байгуулах, төсөл бичих, санхүү тайлан гэх мэт бичиг баримтын ажлуудыг голчлон хийнэ. 

Аав банкнаас зээл авч, тоног төхөөрөмж суурилуулан гараар хийдэг байсан ажлынхаа 30 хувийг автоматжуулчихлаа. Мөрөөдөл хүслээ биелүүлж чадсан аав маань тэр жилдээ бурхны оронд заларсан. Гол нь хүүхдүүддээ компани бай­гуулж өгч, брэндтэй болгоод явна гэдэг аавын минь хамгийн сүүлийн, үнэ цэнтэй мөрөөдөл байжээ” гэж ярив. Брэнд бүтээсэн хүмүүсийн түүх болгон сонирхолтой. Одоо Ганбадрах гуайн гэр бүл аавынхаа мөрөөдлийг үргэлжлүүлж, амьдралынхаа зорилго болгон, бүтээгдэхүүний ширхэг бүрийг хэрэглэгчдийнхээ биед эрүүл энх, амт шимтийг, сэтгэлд нь хайр мэдрүүлж байгаасай гэж хүсэн үргэлжлүүлэн хийсээр, сайжруулсаар байна. 

 

Үл унтрах хүсэл, тэмүүлэл 

Чанцалдулам захирал програмист мэргэжилтэй, охин дүү нь аялал жуулчлалын мэргэжилтэй. Тэдний хувьд өмнө нь бизнес хийж үзээгүй учраас бүх юм шинэ, анхных байсаар байна. Түүхий эдийн таталт, үйлдвэрлэл, борлуулалт, санхүү, цэвэрлэгээ гээд бүх л ажил тэдний толгой дээр. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, технологийн сайжруулалт, тоног төхөөрөмж нэмж суурилуулах гэх мэт маш их ажил байна. Тийм учраас тэд бизнесийнхээ хажуугаар сургалтуудад сууж, өөрсдийгөө хөгжүүлэхийг зорьж байна. 

Компанийнхаа хөгжлийн талаар Г.Чанцалдулам захирал ярихдаа “Манай хамгийн сул тал маркетинг, хүмүүст мэдээлэл хүргэх тал дээр муу гэж боддог. Иймээс бага эрэгтэй дүүгээ бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэхээр сургаж эхэлсэн” гээд “Одоогоор хэрэглэгчид маань цөөхөн болов ч бүтээгдэхүүнийг маань амссан бусдадаа санал болгодог. Ээжүүд хүүхдүүддээ, үр хүүхэд нь настай аав ээждээ сүүтэй хамт авч ордог бүтээгдэхүүн болж, талархлын үгээ харамгүй хэлж байгааг сонсоод аавдаа л хамгийн түрүүнд баярлах юм даа. Ийм болохоор бид хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд сайжрах хэрэгтэй байгаа юм. Улам олон хүнд хүргэхийн тулд дутагдалтай сул талдаа анхаарал хандуулж цаашид улам хөгжих ёстой” гэж хүүрнэв. Бүтээгдэхүүн хэдий сайн ч бизнест хөрөнгө оруулалт, ирээдүйн төлөвлөгөө зайлшгүй чухал. 

Ирээдүйгээ зөв төлөвлөж бүтээгдэхүүнээ хөгжүүлэх тал дээр Г.Чанцалдулам захирал хөрөнгө оруулалт авахаар шийдэж 2019 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн шалгаруулалтад төсөл бичсэн боловч тэнцсэнгүй. Эхний шалгуурыг давсан боловч, хоёр дахь шатандаа авсан оноо нь хүрээгүй тул бизнесээ үргэлжлүүлэн явуулахын тулд банкнаас зээл авч, бичсэн төслөө 64 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлжээ. Банкнаас авсан зээлээрээ тоног төхөөрөмж аваад, эргэлтийн хөрөнгөгүй болон түүхий эдээ татаж чадахгүй, үйлдвэрлэл нь тасалдалд орж гурван сар ажиллахгүй сул зогсолтод оров. Дан дардан замаар жирийлгэж явдаг бизнес гэж юу байх вэ, унах босох үе байлгүй яах вэ. Аавын үлдээсэн, өвлүүлсэн зүйл учраас юу ч болсон үргэлжлүүлж, амжилтад хүргэнэ. Хэцүү, болимоор үе байсан ч одоо эргэлзэх зүйл байхгүй. Аавдаа өгсөн амлалт учраас ядрах, шантрах эрхгүй өгсөн амлалтаа биелүүлж, улам өргөжүүлж ажиллах ёстой.

 

Миний бизнесийн багш “Хөгжлийн шийдэл” ТББ 

2020 он гарлаа. Аавдаа шантрахгүй гэж өгсөн амлалтаа санан дахин төсөл бичиж, ЖДҮХС-гаас 81 сая төгрөгний зээл авч чадав. Гэхдээ зээл авах хүртэл зам дардан байгаагүй нь мэдээж. Тэрбээр ЖДҮХС-гийн зээл зарлагдсан яг тэр үед “Хөгжлийн шийдэл” ТББ-ын “BEST” хөтөлбөрөөс танилцуулж буй мэдээллийг олж үзжээ. Зээлтэй холбоотой зөвлөгөө тусламж үзүүлнэ гэсэн ойлголттой очиж уулзсан бөгөөд гарын авлага зэрэгхэн өгөөд л болох биз гэж бодтол сургалтуудад суух санал тавьсан байна. Ингээд “Хөгжлийн шийдэл” ТББ-ын харилцагч болж 2020 оны тавдугаар сараас бизнес төслөө сайжруулан, санхүүгийн зөвлөгөө авах зэргээр тусламж авч чадсанаар зээлийн шалгаруулалтад тэнцэв. Бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэхэд зээл маш их тус дэм болсон нь мэдээж. Зээл авснаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэх боломж олдсон. ЖДҮХС-ийн зээл авсан нь “Хөгжлийн шийдэл” ТББ, “BEST” хөтөлбөртэй холбоотой гэж боддог гэнэ. 

Тэрбээр төсөл хэрхэн бичих, хэрхэн танилцуулах, санхүүгээ зохицуулахаас эхлээд дижитал маркетингийн сургалтад хүртэл суужээ. Алдаануудаа залруулж, төслөө зөвлөхөөрөө хянуулж, түүний дагуу засварлаж явсаар зээл авч чадсан. Мэдэхгүй, чадахгүй, өмнө нь огт бодож байгаа зүйлсийг сургаж өгч. Тэрбээр “Магадгүй би сургалтад хамрагдаагүй, зөвлөхүүдтэйгээ уулзаагүй бол энэ жил ч дахиад л зээл авч чадахгүй байсан байх. Мэдэхгүй зүйлээ очоод асуухад маш сайхан зөвлөгөө өгдөг. Яг яахаа мэдэхгүй, төөрч будилж явахад яг л тэр чиглэлийн сургалтуудыг зарлагдаад байдаг.

Бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг мэдэрч сургалтын хөтөлбөрөө гаргадаг юм шиг санагдсан. Цаанаа л нэг түшигтэй, нөмөр нөөлөгтэй. Мэдэхгүй чадахгүй зүйл гарвал асуугаад түүндээ хариулт авна гэсэн итгэлтэй байдаг. Бид зөвхөн нэг талаас бус зөвлөхүүд маань залгаад юу болж байна, яаж байна гэж үргэлж санаа тавьж байдаг тул бүгдэд нь талархаж явдгаа илэрхийлмээр байна” хэмээж байв. ЖДҮХС, “BEST” хөтөлбөр хамтраад 2020 оны зээлдэгчдэд зориулсан “Хурдасгуур” гэдэг хөтөлбөр зарлан цар тахлын үед онлайнаар таван сарын сургалт зөвлөгөө өгсөн байдаг. Энэ сургалтыг бизнесээ хамтран хөгжүүлж, бусад жижиг бизнес эрхлэгчид болон нийгэмд үлгэр жишээ, эерэг нөлөө үзүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, захирлуудын “Z” клубийг өөрсдийн санаачилгаар үүсгэн байгуулаад одоог хүртэл тогтмол уулзаж, сурч, хөгжсөөр явна. Энэ клубийг “BEST” хөтөлбөр дэмжиж явдаг. 

 

Шантрахгүй, ухрах эрхгүй 

Хэрэглэгчдийн хувьд Монголдоо анхдагч ээзгийний ширгээмэл бүтээгдэхүүн нь зөөхий, шар тос, элсэн чихэр, овьёосоор уламжлалт ээзгийний хатуу чанарыг зөөлрүүлж, идэхэд хялбар, илүү амттай болгожээ. Г.Чанцалдулам захирал “Ааруул, аарц зэрэг уламжлалт бүтээгдэхүүнд инновац шингээж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Харин ээзгийг ийнхүү инновац шингээж, өдөр тутамд хэрэглэхэд хялбар болгосон өөр жишээ байхгүй. Хүүхдээс эхлээд хөгшчүүд ч идэж болохоор. Өег, өвөрмөц гоё амттай. Хадгалах бодис оруулаагүй учир эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Ээзгий хийхийн тулд шар сүүг нь ширгэтэл буцалгадаг учир сүүний ашиг шимт бодисууд, эрдэс бодис гээд бүгд шингэдэг. Манай бүтээгдэхүүн элэг цөсний үйл ажиллагаанд сайн. Зажилж идэхэд шүдэнд сайнаас гадна кальциар баялаг гээд олон талын ач тустай. 

Ээзгийг зажилж идэхэд цавуулаг наалдамхай чанар нь шүдний өнгөрийг арилган цэвэрлэдэг. Шүдний өнгөрийн 70 хувийг нян эзэлдэг бөгөөд нэг милиграмм өнгөрт 250 сая нян агуулагддаг. Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн малчдаас авсан ээзгийгээ сарлагийн өрөм, овьёос, элсэн чихэр эсвэл зөгийн балаар амтлан багсарч гаргасан цоо шинэ бүтээгдэхүүн, шинэ орцоороо ашигтай загварын гэрчилгээ авсан” хэмээн тайлбарлаад “Цагь” ээзгий­ний ширгээмлийг сонгох найман шалтгааныг нэрлэв. “Өлссөн үедээ идэхэд өл дарна. Эрүүл, органик орцтой монгол амттан /мэдээж элсэн чихрээс бусад орц/. Хүүхдүүдэд чихрийн оронд өгөхөд тохиромжтой, багачууд ч дуртай иддэг. Малчин ардынхаа хээрийн салхинд сэврээсэн ээзгий, сарлагийн өрөм, шар тосоор багсарч хийдэг. Идэхэд зөөлөн тул ахмадууд маань идэхэд тохиромжтой. Насанд хүрсэн хүн өдөрт 5-6 ширхэг ширгээмэл идэхэд хоногийн кальцийн хэрэгцээгээ хангана. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүс хэрэглэхэд өлсөх, идэх дур аяндаа буурч, гэдэс дотрыг цэвэрлэнэ. Хоолны араас амттай юм идэх дуртай ч түүнээсээ болоод жин нэмэх гээд байдаг эмэгтэйчүүдэд тохирох амттан” гэж тодорхойлов. 

 

Урмаар жигүүрлэсэн “Цагь” брэндийн ирээдүй 

Эртний монгол хэлээр идээ ундааны дээд гэсэн утгатай “Цагь” брэнд цаашид олон “дүү” дагуулах нь. Монголчууд бид эртнээс органик, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй хоол хүнсний хэрэглээтэй ард түмэн. Уламжлалаа хадгалсан, инновац шингэсэн амттангаа монгол­чуудад хүргэхээр ажиллаж буй Г.Чанцалдулам “Танай бүтээгдэхүүний амтанд орчихлоо, ёстой гоё шүү. Илүү хичээгээрэй” гэх хэрэглэгчдийн үгнээс урам зориг авч, хичээнгүйлэн ажиллаж, цаашид хоёр төрлийн бүтээгдэхүүн нэмж хийхээр ажилдаа ороод байна. Хэд хэдэн төрлийн шинэлэг ааруул, хайлмаг, чихэр, шоколадны цуглуулга гэдэг шиг монгол амттаны цуглуулга хийхээр төлөвлөж байна.

Энэ төлөвлөгөө нь бүхэлдээ “Монгол шинэ амттан” гэдэг концепцоор ажиллана. Шинэ монгол амттангууд гаргах ямар ч химийн нэмэлт бодисгүй болохоор нэг л сар хадгалах хугацаатай. Тиймээс савлагаагаа өөрчилж шийдэх юм байна. Г.Чанцалдулам захирал үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд дагаад ажиллах хүчээ нэмэх шаардлагатай гээд “Зээл авахаас өмнө дөрвөн ажилтантай байсан. Зээл авсны дараа нэг ажилтан нэмж авсан. Цагаан сар, наадам зэрэг томоохон баяруудын өмнө цагийн ажилтан нэгээс хоёрыг нэмж авдаг. Цаашдаа хоёр үндсэн ажилтан авах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн цухасхан дурдсанаар “Цагь” брэндээр хийсэн аялал минь өндөрлөв. 

Ийнхүү айлын ууган охин Г.Чанцал­дулам аавынхаа захиасыг бие­лүүлэхээр бас органик, ач тустай бүтээгдэхүүнээр монголчуудаа хангахаар ажиллаж байна.

ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/

 


0
angry
3
care
0
haha
8
liked
6
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө