Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулснаар ДНБ хоёр дахин өсөх боломжтой


Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй ярилцлаа.

 

-Төрийн өмчийн компаниудын засаг­лалыг сайжруулах кампанит ажлыг Засгийн газраас эхлүүлсэн. Энэ ажил ямар шатандаа явна вэ. Өнөөдрийн үр дүнг манай уншигчдад  танилцуулна уу?

-Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийн тогтолцоог сонгосон үеэс эхлэн эдийн засгийг либералчлан, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхийг зорьж ирсэн. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бидэнд бий болгосон ололт амжилт багагүй  ч засаж сайжруулах, эргэж харах асуудал ч чамгүй байна. Тийм ч учраас Засгийн газраас санаачлан,  УИХ-аас батлан гаргасан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, өмч хувьчлалыг үе шаттай, үр дүнтэй явуулна”.  Мөн “Алсын хараа-2050”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн Шинэ сэргэлтийн бодлогод “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна” гэж тодорхойлон  тусгасан. УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжид тусгасан бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, чиг үүрэг нь давхацсан, үйл ажиллагаа нь зогсонги байдалтай, санхүүгийн зохистой харьцаа нь алдагдсан, давхардсан байдалтайгаар үйл ажиллагаа явуулж буй зэрэг компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах ажил ид өрнөж байна. Үүний хүрээнд    “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”-ийг нэгтгэн өөрчлөн зохион байгуулж, “Техник спортын төв” ТӨҮГ,  “Олимп бэлтгэл сургалтын төв” ТӨҮГ-уудыг нэгтгэн “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв”, “Геологийн судалгааны төв” “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-уудыг нэгтгэн “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ болгон зохион байгуулсан. Ажлын болон тусгай зориулалтын хувцас үйлдвэрлэдэг “Цагаан шонхор” ТӨҮГ-ыг татан буулгаж “Бөртэ” ТӨҮГ-т нэгтгэсэн. Мөн “Монгол ус” ТӨҮГ-ыг татан буулгаж чиг үүргийг нь  Усны газарт шилжүүлсэн. Энэ ажлыг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Манай улсад төрийн болон орон нутгийн өмчийн хэчнээн компани байдаг юм бэ. Тэдгээрээс хэдийг нь олон нийтийн хяналтад оруулахаар төлөвлөсөн бэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуулиар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, бизнесийн харилцаанд бие даан оролцож байгаа хуулийн этгээд нь компани болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн статустай байна. ТӨБЗГ-аас жил бүр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн этгээдийн талаар нэгдсэн судалгаа гаргаж, зарим мэдээлэлд дүгнэлт хийж ажилладаг. Бидний хамгийн сүүлд хийсэн 2021 оны судалгаагаар төрийн өмчит 105 компани, /охин, хараат компаниуд нь толгой компанийн нэгдсэн тайланд орж нэгтгэгддэг/ үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит 267 компани үйлдвэрийн газар нэгтгэгдсэн. /Жич: Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон зарим тусгай байгууллагын аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд ороогүй болно/ Судалгаанд нэгтгэсэн төрийн өмчит хуулийн этгээдүүд 2021 онд 53.4 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наядын орлого олж, хоёр их наяд орчим төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, нэг их наяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Дээрх компанид 54 мянга орчим хүн ажиллаж байна. Харин орон нутгийн өмчит компаниудад 17 мянга орчим хүн ажиллаж нийт 3.4 их наяд орчим төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 800 гаруй сая төгрөгийн орлого олж, 10 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. 

Төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2022 оны санхүүгийн үр дүнд аудит хийсний дараа олон нийтэд танилцуулдаг.  УИХ, Засгийн газраас дэвшүүлж буй томоохон зорилт бол төрийн өмчит компаниудыг олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах. Энэ хүрээнд Төрийн   өмчит   хуулийн   этгээдийн   хувьцааг   2022-2023   онд   биржээр   олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай, Засгийн газрын  “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай  тогтоолуудыг батлан гаргасан. УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ТӨБЗГ-ын  2022  оны  Нэмэлт  хувь­цаа гаргах тухай 336 дугаар тогтоолоор   төрийн болон төрийн өмчийн оролцоотой 25  компанийн 34 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн   биржээр   дамжуулан   олон   нийтэд   нээлттэй   арилжихаар тусгасан. Ингэснээр холбогдох бэлтгэл ажлыг хангах, мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг Үнэт цаасны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг компаниудын ТУЗ, гүйцэтгэх захирлуудад  зөвшөөрсөн.

-Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн.  Энэ онд хамгийн эхэнд ямар компаниуд IPO гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-Бид Төрийн банкны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар олон нийтэд арилжаалахаас гадна төлөвлөгөөний дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийг 2022 онд багтаан 34 хувийн нэмэлт хувьцааг биржээр арилжих замаар нээлттэй хувьцаат компани болгосон. “Монголын цахилгаан холбоо”, “Үндэсний давхар даатгал”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мэдээлэл технологийн үндэсний парк”-аас гадна  авто зам, засвар арчлалтын 20 компанийн 34 хүртэлх хувийг  энэ оны  дөрөвдүгээр улиралд багтаан нээлттэй арилжих бэлтгэл ханган ажиллаж байна. Цаашид төрийн өмчит томоохон компаниудыг олон нийт хувьцааг нь эзэмшдэг үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, засаглалын хувьд олон улсын жишигт нийцсэн, сонгон шалгаруулалтаар боловсон хүчний томилгоо нь явагддаг болгохын төлөө ажиллаж байна.                                              

-Үр дүнг нь хэрхэн тооцож байгаа юм бэ, олон нийтийн хяналтад оруулсан компаниудын үр өгөөж нэмэгдэх нь чухал.  Жишээлбэл, улсад төлөх татварын орлого нэмэгдэх эсэх тухайд тодорхой тооцоолол бий юү?

-Төрийн өмчит компани гэдэг бол төрийн өмчид суурилж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашиг орлого нь олон нийтийн тусын тулд зориулдаг, ард түмний буюу олон нийтийн гэж хэлж болохуйц онцлогтой байгууллага. Бид төрийн өмчит компаниудаа эхний ээлжид маш сайн ангилж үзэх учиртай юм. Энэ хүрээнд үндсэндээ гурав хувааж үзэж  болно.  Өрсөлдөөнд суурилсан, стратегид суурилсан,  нийгмийн үйлчилгээ үзүүлэгч бизнесийн бус төрийн өмчит хуулийн этгээд гэж ангилж үзэж болно.  Энэ гурван төрлийн компани бүрээс харилцан адилгүй үр ашиг шаардах ёстой. Эхний ангилалд байгаа компаниудын хувьцааны тодорхой хувийг биржээр олон нийтэд нээлттэй санал болгон эзэмшүүлэх замаар олон нийтийн болгох. Хоёр дахь ангиллын компаниудын тодорхой хяналтын хувийг төрийн эзэмшилд байлгаж олон нийтэд хувьцаа эзэмшүүлэх замаар байгалийн баялгийн өгөөжийн ихэнхийг ард түмэнд хүртээх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжих учиртай.

 Бидний судалгаагаар 2011 оноос хойших төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтэд хийсэн дүгнэлтээс харахад 2011 онд 2.1 их наядын орлоготой байсан нийт компанийн орлого 10 гаруй их наяд болж тав дахин өссөн байна. Мөн улсын төсөвт төвлөрүүлж байгаа ногдол ашиг гурван тэрбум байсан бол 2021 оны цэвэр ашгаас 540 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн үр дүнтэй байна. Бид төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нээлттэй ил тод болгож, урт болон дунд хугацааны төлөвлөлтөд нь анхаарч, уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох замаар үнэ цэнийг нь өсгөж чадсан тохиолдолд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өсөх боломжтой.                                     

-Үр өгөөжийг нэмэгдүүлж, санхүү­гийн сахилга батыг сайжруулах нь үндсэн зорилго байх. Гэтэл нөгөө талдаа төрийн өмчит бүх компани алдагдалтай ажиллаад байгаа юм уу гэсэн хардлага бас гарч ирнэ. Энэ тухайд та ямар мэдээлэл өгөх вэ?

-Бид төрийн өмчит компаниудын 2011 оноос хойших 10 гаруй жилийн эдийн засгийн үндсэн мэдээллийг иргэд, олон нийтэд зориулж энгийн тодорхой, хялбар загварт оруулан вэб сайтдаа байршуулсан. Товчхондоо, сүүлийн зургаан жил төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого нэмэгдэж, ашигт ажиллагаа сайжирсан. Төрийн өмчит компаниудын хувьд 40 орчим хувь нь буюу эрчим хүч, дэд бүтцийн аж ахуйн нэгжүүдийн хувьд үнэ тарифын зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулж байна. 10 орчим хувь нь нийгмийн чиглэлийн чиг үүрэг хэрэгжүүлж байна. Үүнээс үүдэлтэйгээр зарим компани, үйлдвэрийн газар бизнесийн зарчмаар ажиллах боломжгүй байдалтай тулж байгаа нь нууц биш. Төрийн өмчит болон өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газар нийт 105 аж ахуйн нэгжээс 2021 онд 48 нь ашигтай, 57 нь ашиггүй буюу баланс барьсан үр дүнтэй гарсан.

 Алдагдалтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь эрчим хүчний болон цар тахлаас үүдэж, үйл ажиллагаа нь зогссон нийгмийн шинжтэй чиг үүрэг хэрэгжүүлдэг газрууд байдаг. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд байдаг бизнесийн төсөл, хөтөлбөр нь эхний шатанд хэрэгжиж байгаа цөөнгүй аж ахуйн нэгж байна. ТӨБЗГ-ын шууд хамааралтай 40 гаруй аж ахуйн нэгж болон бусад яам, газрын харьяанд байдаг компани, үйлдвэрийн газарт санхүүгийн үйл ажиллагаагаа сайжруулахаар үндсэн хоёр  шаардлагыг тавьж ажиллаж байна. Нэгдүгээрт, компани, үйлдвэрийн газрууд урт болон дунд хугацааны төлөвлөлт сайтай байх,  төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ үр ашигтай байх, Хоёрдугаарт. Санхүү болон бизнесийн үйл ажиллагаа нь нээлттэй, хөрөнгө оруулалт нь өгөөжтэй, үргүй зардал гаргахгүй байх санхүүгийн сахилга хариуцлага чанд мөрдөх нь чухал.

-Уул уурхайн олборлолт явуулж буй төрийн өмчийн оролцоотой компаниуд олон нийтийн анхааралд байна. Эдгээр компанийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлд ямар бодлого баримталж байна вэ. Оны өмнө “Эрдэнэс Монгол” компанийг группийн зар­чимд шилжүүлсэн. Энэ мэтээр засаг­лалд нь өөрчлөлт оруулах ямар компаниуд байгаа юу?

-Төрийн өмчит томоохон компани, үйлдвэрийн газруудын өмчлөлийн бүтцийг зохистой болгож, засаглалын хэлбэрийг нь оновчтой тогтоох замаар үр ашгийг нь сайжруулна.  Үүний үр дүнд бий болсон өгөөжийг улс орны хөгжил болон иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад зориулах нь Засгийн газраас дэвшүүлж, зорьж буй гол  бодлого. Төрийн өмчит стратегийн томоохон компани, үйлдвэрийн газрууд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” зэрэг аж ахуйн нэгжийг хэрхэн олон нийтэд нээлттэй, засаглалыг нь ил тод  болгох талаар ЗГХЭГ-ын  даргаар ахлуулсан ажлын  хэсгийг байгуулан ажиллаж байна. 

Ажлын хэсгээс ойрын үед тодорхой саналуудыг гаргаж, Засгийн газар, УИХ-ын түвшинд танилцуулахаар ажиллаж байна. Засгийн газраас хэлэлцүүлж буй хуулийнхаа үзэл баримтлалын хүрээнд төрийн өмчит томоохон уул, уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулах, олон нийтэд нээлттэй, засаглалыг нь оновчтой болгох зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дор нэгдлийн зохион байгуулалтад оруулж, толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүх албан хаагчийг олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулж, томилохоор ажиллаж байна. Иргэд, олон нийт маш идэвхтэй оролцож байгааг онцолмоор байна. Өнөөдрийн байдлаар 88 ажлын орон тоонд 3000 орчим хүний санал ирсэн гэдэг мэдээллийг би авсан. Бид энэ жишгээр үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.                

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг УИХ дэмжсэн. Энэ хуулийн гол концепц юу вэ, баталснаар ямар давуу талтай болох вэ?

-Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл,  тэдгээртэй холбоотой  багц хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр үйлчилж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг 1996 онд баталснаас хойш  өнөөг хүртэлх хугацаанд 30 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ ихэвчлэн бусад хууль, тогтоомжийг дагуулан өөрчилж ирсэн. Үүнээс үүдээд  Өмчийн хууль маань өмчийн харилцаагаа зохицуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн. Мөн Үндсэн хууль болон бусад суурь хуульд өөрчлөлт оруулсан  зэрэг нь төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг цогцоор нь эрх зүйн шинэтгэл хийх нөхцөлийг бүрдүүлсэн.  Энэ багц хуулийг батлан гаргаснаар  төрийн өмчид хамаарах газар, байгалийн баялаг болон бусад бүх төрлийн хөрөнгийн нэгдмэл удирдлагын тогтолцоо бүрэлдэх, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх хууль зүйн орчин бий болно. 

Төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон удирдлага хэрэгжүүлэх арга, журмыг тодорхой, ялгамжтай зохицуулсан нь өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг  сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Төрийн өмчийг эзэнжүүлж, улмаар хяналт шалгалт тавих механизм хуульд заасны дагуу ажиллахад туйлын тодорхой байдал бүрдэх сайн талтай. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан нэгжийн харилцан ажиллагаа, эрх, үүргийн уялдаа холбоо сайжрах зэрэг эерэг үр дүн олон гарна.   

-Төрийн автомашинуудыг цөөлж, 200 гаруй жийп машиныг зарна гэдгээ та  мэдэгдэж байсан.  Одоогоор хэчнээнийг нь зарсан бэ?

-Төрийн хэмнэлтийн хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн байгууллагад шинээр автомашин худалдан авахыг зогсоосон. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн байгуул­лагын эзэмшил дэх ашиглалтгүй, илүүдэлтэй, зөвшөөрсөн тоо хэмжээнээс илүү авто тээврийн хэрэгслийг татан төвлөрүүлж шил­­жүүлэх, худалдах ажлыг зохион байгуулж байна.  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнгөрсөн хугацаанд 360 автомашиныг үзлэг, оношилгоонд оруулан, төлбөр, торгууль, чанар байдлыг шалган актаар хүлээн авч, Засгийн газрын авто бааз болон төрийн байгууллагын авто гараашд байршуулсан. Автомашиныг ингэж татан төвлөрүүлснээр  тухайн жилд гарах шатахуун, гарааш, жолоочийн цалин, татвар, даатгалын зардал болох нийт 3.5 тэрбумын төгрөгийн зардлыг хэмнэсэн. 

Татан төвлөрүүлсэн автомашинаас эхний ээлжид дуудлагын үйлчилгээнд ашиглуулахаар 52 автомашиныг Засгийн газрын Авто баазад, Төрийн хэм­нэлтийн тухай хуулийн 6.5-д заасан цагдаа, онцгой, батлан хамгаалах, хүн эмнэлэг, мал эмнэлэг, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил, гааль зэрэг байгууллагад ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар нийт 110 автомашиныг шилжүүлсэн. Татан төвлөрүүлсэн автомашинаас ТӨБЗГ-ын тогтоолоор Улаанбаатар хот болон аймгууд дахь  нийт 150 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах ажлыг зохион байгуулж байна. Дуудлага худалдааны үр дүнд өнгөрсөн оны  арванхоёрдугаар сарын байдлаар 880 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ. Эцэст нь хэлэхэд, Засгийн газар төрийн өмчийн шинэтгэлийн бодлогыг цогц байдлаар хэрэгжүүлж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон улсын сайн жишиг болон  Монгол Улсын онцлогт нийцүүлсэн үр ашигтай сайн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

 М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24533/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө