​ Н.Наранцацрал: Сэдэв ярьж томрохгүй, хүн муулж жижгэрэхгүй амьдралаа яриад энгийн л явах сан даа


Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Хан Эко тээвэр” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Намсрайн Наранцацралтай ярилцлаа. Тэрбээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороог хөдөөний тосгон шиг шороо бургисан газар байхад Засаг даргаар ажиллаж, өнгө төрхийг нь өөрчилсөн олон бүтээл байгуулалт өрнүүлсэн юм.

 

-Таныг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын алба хашиж байсан үеэс мэднэ. МАН-д хэдэн онд элсэв. Яагаад МАН-ыг сонгосон юм бэ?

-Би 1996 оны гуравдугаар сарын 1-нд Монгол ардын намд элссэн юм. Сурагч байхдаа нийгэм судлалын хичээлдээ сайн, аймгийн олимпиадад гурван ч удаа түрүүлсэн. Дунд сургуулиа төгсөөд ЦИС-ийн хуваарь авсан ч сонирхлоо дагаад МУИС-ийн  Ховд дахь салбар сургуульд  элсэн суралцлаа. Сургуулиа 2002 онд төгсөхөд багшаар үлдэх санал ирэв. Гэтэл сумын захиргаанаас нутагтаа ажиллах санал тавьдаг юм байна. Хар багаасаа намын гишүүнээр элсэж, түүх, нийгмийн ухааны багшаар төгсчихсөн, нэлээд юм уншаад судалчихсан залуугаар сумын захиргаа боловсон хүчнээ сэлбэх гэсэн нь аргагүй. Ингээд ярихаар өөрийгөө дөвийлгөж, магтсан мэт санагдах байх.

-Хэн нэгнийг ямар өнцгөөс харахаас шалтгаалж атаархах, үзэн ядах, хүндэтгэх эсэхээ шийддэг байх?

-Хүнийхээ төлөвшлөөс болдог байх. Их, бага ч гэсэн улс төрийн тогоонд орсны хувьд аль алинтай нь л нүүр тулдаг юм байна. Нийгэм судлалын С.Дагвадорж багш минь надад эергээр нөлөөлсөн. Багш ангид ганцхан шохойтой л орж ирнэ. Хичээлээ заахдаа бидэнд ойлгомжтой ярьж,  самбар дээр зайгүй бичнэ. Тэгээд хүндхэн шалгалт авна даа. Хичээлээ сонирхолтой, тархинд үлдэхээр заадаг мундаг багш байлаа. С.Дагвадорж багш надад МАН-д элсэх санал тавьж, улстөрч болох замыг минь заасан. 

-1996 онд ардчилагчид сонгуульд ялчихсан. Ард түмний олонх нь ардчилсан хүчнүүдийг дэмжиж байхад “МАН-д элс” гэж сурагчдаа уриална гэдэг ...

-Шууд харвал тийм. Би аравдугаар ангиа төгсөх жилээ сургуулиа орхиж, малчин болохоор шийдчихсэн хөдөөгүүр явж байтал С.Дагвадорж багш ирлээ. Нэлээд дээхнэ үеийн улаан “Иж планета-5” уначихсан. “Аймгийн олимпиадад оролцоод ирье” гэж байна. Тэр олимпиадад оролцож, нэгдүгээр байр эзэллээ.  Энэ үеэр төгсөх ангийн сурагч сургуулиа хаяж болохгүй гэж намайг  сэнхрүүлсэн  дээ.

-Хэрвээ С.Дагвадорж багш  ухааруулаагүй бол малчин  болох байж дээ?

-Баараггүй тийм. Ууган хүүгээ сургуульд сургахаар зорьж байсан аав, ээжийгээ дийлээд хөдөө гарчихсан хүүхэд шүү дээ. Их сургуулиа дүүргээд сумын Нийгмийн бодлого, хүүхэд залуучуудын мэргэжилтний ажлыг 2004 он хүртэл хийсэн. 2004 оны сонгуулиар сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга боллоо. 26 настай би айм­гийнхаа хамгийн залуу ИТХ-ын дарга байв. Бодлого барьж, шийдвэр гаргаж сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллахад мэдлэг, ёс зүй, танин мэдэхүй шаарддаг. Алтан Хөхий уулыг төрийн тахилгат болгох, Ховд гол, Хар-Ус нуурын эко системийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, боловсон хүчнүүдийг сум орон нутагтаа татаж ажиллуулах талаар тэр үеийн төлөөлөгчидтэйгөө эхлүүлсэн нь ажил хэрэг болсон. Үе үеийнхээ төлөөлөгч нартаа танай сониноор дамжуулан мэнд хүргэе.  ИТХ-ын даргаар дөрвөн жил ажиллаж байтал гэр бүлийнхэн Улаанбаатар руу шилжсэн. Гэтэл 2008 оны сонгуулиар ахиад сонгогдчихдог юм байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад дөрвөн удаа сонгогдож ажиллаж байна.

-Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга болоход тантай танилцсан. Чамгүй амбицтай залуу байна шүү гэж дүгнэж билээ?

-Дүү нар нийслэл хотыг зорьж,  нутагт мал маллана гэхээр байгаль, цаг уур ширүүсээд ер нь л хэцүү болж ирсэн. Улаанбаатарт 2009 онд  шилжиж ирээд, хот газар ч мал ахуйтай байж болох, дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс жаахан зайдуу газар байдаг бол сайхан сан гэж боддог боллоо. Гэтэл миний бодож явсан газар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байв. Буйр сэлгэсэн анхны өглөө адуу янцгаагаад, үхэр мал мөөрөлдөөд, тахиа донгодож, нохой хуцаад, гадуур мотоциклийн дуу пажигнаж, дотно танил чимээ угтаж билээ. Баярласан гэж жигтэйхэн. Босоод л эхнэр, хүүхдэдээ “Манайх зөв газраа буужээ” гэж хэлж билээ. Суурьшсан газрынхаа дунд сургуульд нийгмийн ажилтан, түүхийн багшаар ажиллаж явтал хорооноос намайг дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлчихлээ. Сургуульдаа  хэрэгжүүлэх гэж оролдсон, хийсэн бүхэн иргэдийн тархинд мэдээлэл болдог юм байна. Намайг ирэхэд хорооны дунд сургууль стандарт бус, цэцэрлэгийн байранд 300 гаруй хүүхэд хэдэн ээлжээр суралцдаг, спорт урлагийн танхим байхгүй дотроо ариун цэврийн өрөөгүй  хичээллэдэг байлаа. Тухайн үед Боловсролын сайд байсан Ц.Оюунгэрэлийг ажлаар ирэхэд  шүүмжлэлттэй яриа өрнүүлсэн. Хүүхдэд ээлтэй сургууль,  орчинтой болох тулгамдсан сэдвээ хөндсөн юм. Энэ сэдвээрээ илтгэл бичиж тухайн үед болсон уралдаанд нэгдүгээр байрт шалгарлаа. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг” уриалга гаргахаар хэлэлцэж байсан тухайн үеийн дүүргийн удирдлагууд надтай уулзаж, санал солилцсон.

-14 дүгээр хороонд хэрэгжүүл­сэн ажлууд иргэдийн нүдэнд илэрхий харагдаж байлаа. Хатуухан хэлэхэд хөдөөний тосгон шиг шороо бургисан газар одоо өнгө засаж, өөрчлөгдсөн шүү. Тэр үед хийсэн тохижилтын ажлуудаасаа дурдана уу?

-Хороондоо 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийсэн.  Тухайлбал, хатуу хучилттай авто зам тавьж, автобусны буудал, 220, 380 вольтын цахилгаан дамжуулалтын сүлжээ, гудамжны гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэн, цэвэр усны долоон худаг, цэцэрлэг, өрхийн эмнэлэг бариулсан. Оршин суугчдынхаа нийгмийн халамжид анхаарч 35 айл өрхөд таван ханатай гэр олгосон.  Мөн  АТМ машинуудыг суурилуулж, иргэдийн үйлчилгээ, соёлын орчныг сайжруулсан.

-Эргээд бодоход, шороо тээвэрлэсэн автомашинууд Түргэний голын хөндийгөөр давхилдаад “Өлзийт” хорооны айлууд хувцсаа угааж хатаах боломжгүй  байж билээ?

-Ажиллаж, амьдарч буй хорооныхоо иргэдийн аятай тухтай амьдралын нөхцөл бололцоог хангах, иргэдийн өрхийн амьжиргаанд нэмэр болохуйц ямар арга зам байна. Нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх санал санаачилгуудыг дэмжиж ажиллахыг хичээсэн. Шороо тээвэрлэсэн том оврын тэрэгнүүдийн маршрутыг хаахад хороогоороо оролцож зам дээр хонож байлаа. Тэгж нийтээрээ тэмцсэний хүчинд тээврийн тэрэгнүүд дураараа давхихыг зогсоож чадсан. Манай хороонд 21 аймгаас нүүж ирсэн айлууд суурьшиж, газар тариалан, бэлчээрийн мал аж ахуй, ферм, уяачид гээд зүсэн бүрийн улс цугласан өвөрмөц онцлогтой. Оршин суугч бүрийн уялдаа холбоог нутгийн зөвлөл гэж ойлгоод хороондоо зөвлөл байгуулж эхэлсэн. Нутгийн зөвлөлүүд уулзалдаж ажил төрлөө ярилцаад эхлэхээр нийгмийн идэвх илт сэргэдэг юм билээ. Урлагийн тоглолтууд зохион байгуулж хороондоо хоёр ч хамтлагтай болсон. Ямарваа хурал цуглаан болоход 700, 800 хүн  цугладаг, нэг хамт олон болж чадсан.


-Хийж бүтээж, ажиллаж байгаа хүнийг шүүмжлэл тойрдоггүй. Шүүмж хэр их сонсож байв?

-Ажил хийснээ муулдаг, зүгээр сууснаа бүр их муулдаг шиг олны нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалтууд өрнүүлээд эхлэхээр хардаж, сэрдэх хүмүүс гардаг. Хорооны Засаг дарга бол тодорхойлолт, хүсэлт бичиж төр иргэнийг холбох үүрэг хүлээхээс өөр давуу эрхгүй алба гэдгийг зарим иргэн ойлгодоггүй. Бүх хөрөнгө оруулалтын ажлууд шат, шатандаа, салбар салбартаа шийдэгдээд ирснийг хороо иргэдтэйгээ хэрэгжилтэд нь хяналт л тавих учиртай. Иймэрхүү жижиг сааданд торж бүдрээд явбал урагшлахгүй. Гурван сая гаруйхан хүн амтай, 70 сая малтай хэмжээлшгүй их байгалийн баялагтай, үндэсний онцлогтой өв соёл, үнэт зүйлстэй дэлгэсэн тэрлэг шиг нүд алдам их тал, сүрлэг өндөр уул хайрхад, нүгэл ч төөрөм их хөвч, элсэн манхантай жилийн дөрвөн улирал нь ээлжлэн нэг улирал нь нөгөө улирлынхаа буртгийг цэвэрлээд явчихдаг  нутагт амьдардаг талын язгууртнууд өвөр зуураа өчүүхэн эрх ашгийн толхилцоон хийж явах учиргүй гэж боддог.

-Омогшил төртөл дүрсэлж байна шүү. Улс төрийн сэдвээ түр азнаад  хувь хүний тухай асууя. Таныг шүлэг тэрлэдэг гэж сонссон. Түүвэр ном гаргасан уу?

-Багадаа л нэг ном гаргаж байсан. Надад хоёр ч түүвэр болчих хэмжээний шүлэг бий. Гэхдээ зав чөлөө, хэвлэлийн зардал байхгүй гэсэн хоёр шалтаг тоочоод л сууж байна даа.

-Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бас  хог ачилтын компани удирдахаар чөлөө зав хомс байх. “Хан Эко тээвэр” аж ахуйн  тооцоот үйлдвэрийн газарт таныг томилсон уу, эсвэл саналаараа ирсэн үү?

-Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахиа сонгогдоод ажиллаж байна. Хорооны Засаг дарга байхдаа би энэ хог ачилтын компаниудтай их хэрүүл хийдэг байлаа. Хогоо цагт нь аваач ээ, эрүүл хоггүй орчинд амьдармаар байна гээд л. Дүүргийн ТҮ-ний газарт харьяалалтай хог ачиж зөөвөрлөдөг хоёр компани байсан. Би “Хан Эко тээвэр” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг дүүргийн ИТХ-ын шийдвэрээр байгуулахад нь ирж ажлыг тэгээс нь эхлүүллээ. Анх түрээсийн байранд хувийнхаа компьютер, сандал ширээгээ авчраад ажиллаж байснаа бодвол хоёр жилийн хугацаанд хөл дээрээ босжээ. Тухайн үед байсан хоёр компаниас гурав, гурван машин аваад ажлаа эхлэхэд хүндхэн байлаа шүү. Хуучин машинууд үе үе эвдрээд зогсчихно. Тоочвол бэрхшээл, шалтгаан их байсан. Хүүхэд байхдаа аавтайгаа  машин тэрэгтэй нь ноцолдож явсны хэрэг ч гарсан шүү.

-Бямба гаргийн орой 19:00 цагт уулзсан нь оножээ. Амралтын өдөр атал ажлын өрөөнд уулзъя гэхэд тань үнэндээ гайхсан шүү. Одоо ч таны утас зогсоо зайгүй дуугарч, жолооч нар бололтой хүмүүс гомдол санал тавиад л байгаа бололтой?

-Манай жолооч, ачигч нар холбоотой ажилладаг. Дүүргийн тамгын газраас парк шинэчлэл хийж гурван шинэ машин өглөө. Өмнө нь бас гурван машин авсан. Одоо зургаан шинэ тэрэг зургаан хуучин тэрэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн жил Хан-Уул дүүргээс хот, нийтийн аж ахуйн дөрвөн байгуулагадаа 24 машинаар парк шинэчлэл хийсэн нь  сайшаалтай ажил боллоо. Хан-Уул дүүрэг шинэ суурьшлын бүс. Манай компанийн  хариуцдаг Яармаг, Нисэх орчим өдрөөс өдөрт  тэлж өргөжиж байна.  “Хан-Уул Эко” дүүрэг гэсэн нэрээ хадгалахын  тулд зогсолтгүй  ажиллах түүхэн шаардлагатай байна. Хог ачилтын ажил цагийн нарийн хуваарьтай. Айл, өрх, албан байгууллагууд  хуваариа ягштал бариад сурчихсан. Заримдаа илүү цагаар ажиллаж ачааллаа тэнцүүлдэг. Манай жолооч, ачигч нар өнөөдөр 00 цаг хүртэл ажиллана. Би хяналт тавихаас илүүтэй залуустайгаа хамт ажиллахыг хичээдэг. Өнгөрсөн жилийн цагаан сараар битүүний үдшээс шинийн нэгний өглөө 09:00 цаг хүртэл хамт ажиллаж байлаа. Тулааны талбарт жанжин нь байхгүй бол утгагүй биз дээ. (инээв)

-За орой ч болжээ, сайхан хүүрнэлээ. Ярилцлагынхаа төгсгөлд хувийн бодлоо хуваалцъя. Таныг амбицтай залуу гэсэн анхны дүгнэлт алдаатай байжээ. Амьдралын зам л таныг ийм ажил хэрэгч, санасан бодсоноо хэрэгжүүлэхэд нөлөөлдөг юм байна гэж ойлгогдлоо?

-Би дарга болъё гэж боддоггүй. Харин ингээд хийчих юмсан, өөрчлөх юмсан, хөгжих юмсан гэдэг хүсэл тэмүүлэл маань надад боломж олгодог байх. Түүнээс биш зүлгэн дээр гэрээ барьчихаад  хэдэн морио уяж уралдуулж амьдрахсан гэсэн жинхэнэ хөдөөх эрийн мөрөөдөлтэй. Хар залуу наснаасаа хүнд дэлгэх хадаг нь, хүлэгт мордох дөрөө нь болж явсан намдаа хааяа гомдох шиг болох юм. Энэ улс орныг хөгжүүлэх, ард иргэдээ амар тайван амьдруулах тухай ярьж байх ёстой. Улсын хөгжил бол нэг айлын хөгжил юм. Өрх бүрийг жаргалтай байлгах нь төрийн үүрэг. Тийм атал нэг хэлтсийн даргын гэрээс манай дүүргийн хог ачилтын дөрвөн компанийн жилийн төсөв гарч ирэхээр бухимдал төрсөн. Яагаад зарим хүн улс орноо хөгжүүлье, тохь тухтай хөгжил дэвшилтэй нийгэмд амьдаръя гэж боддоггүй юм бол. Миний насаараа шахам мөрдөж яваа итгэл үнэмшил минь яах вэ. Би энэ улс орныг хөгжүүлэхийн төлөө явж байгаа л гэж бодож явсан шүү дээ. Ингээд яривал их л юм байна. “Аугаа хүмүүс сэдэв ярьдаг, энгийн хүмүүс амьдрал ярьдаг, жижиг хүмүүс хүн ярьдаг” гэж сүртэй сургаал байдаг. Сэдэв ярьж томрохгүй, хүн муулж жижгэрэхгүй амьдралаа яриад л энгийн л явахсан.

-Ярилцсанд баярлалаа. Сайн сайхныг хүсье.

 ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24533/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө