2022 оны төгсгөлд Хөгжлийн банк бондын төлбөрт өгөх 750 сая ам.доллар хуримтлуулж амжихгүй бол Монгол Улсын Засгийн газар дефолт зарлах эрсдэлтэй нүүр тулгарах байв. Өр төлбөр барагдуулах асуудал он дамжин яригдаж, жилийн турш үргэлжилсээр өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк нэг их наяд 86.2 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ.
Энэ долоо хоногийн даваа гарагт зээл олголт, эргэн төлөлт, төслийн хэрэгжилтийг шалгах зорилгоор УИХ-аас байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо” сонсгол зохион байгуулж, гэрчүүдийг дуудаж, шинжээчдийг оролцуулан нотлох баримтыг тал бүрээс нь хэлэлцэж эхэллээ.
Сонсгол дээр Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтыг нэг бүрчлэн хэлэлцэж, шинжээчийн дүгнэлттэй танилцан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр ахлан явуулж буй сонсголд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч болох 59 компанийн 191 гэрч оролцож байгаа бол Нийслэлийн прокурорын газар Хөгжлийн банкны хэрэгт холбогдох 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбодох 493 хавтас эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлээд хэдхэн хонож байна.
Хөгжлийн банк уг нь улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч тус банкнаас гаргасан зээлүүд үнээний ферм, муур нохойн хоол үйлдвэрлэх гэх хэд хэдэн жижиг төсөлд очсон. Зах зээлийнхээ зарчмаар баригдаж, борлуулагддаг орон сууцны компаниудтай өрсөлдсөн этгээдэд орон сууцны хотхоны зээл олгосон. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүнд үйлдвэрүүд барина гэж амлаад зээл авсан ч эргэн төлөлт хийлгүй олон жил болж байгаа юм.
Тиймээс УИХ-аас зохион байгуулж буй сонсголын үеэр Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчидтэй холбоотой, хэрвээ энэ сонсгол хийгдээгүй бол дарагдаж үлдэх магадлалтай байсан, олон нийт магадгүй хэзээ ч олж сонсохгүй ч байж болох байсан нууцалсан баримтууд дэлгэгдэж байна. Ийм анхаарал татсан онцлох зээлийн баримтаас бид тоймлон хүргэж байна.
Ташрамд дурдахад банкны арга хэмжээний хүрээнд гурван сая гаруй гүйлгээг шалгасан бөгөөд эдгээр гүйлгээнээс зээлийн мөнгө хаашаа орсон болохыг харахын зэрэгцээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болон Хөгжлийн банк мөнгө угаасан том сүлжээ бүхий бүлэглэлүүдтэй хийж буй хариуцлага тооцох ажил хэдэн алхмаар урагшилж буйн томоохон илэрхийлэл болж байна.
Хөгжлийн банкны зээлийн 1.2 тэрбум төгрөг Макаогийн казиногийн АТМ-д уншигджээ
Хөгжлийн банкны хар дансанд бүртгэгдсэн “Бэрэн групп” 2014-2018 оны хооронд барилга арматурын үйлдвэр болон “Хангай хотхон”-ыг барихаар тус банкнаас дөрвөн удаагийн гүйлгээгээр 38.8 сая ам.долларын зээл авчээ. “Бэрэн групп”-ийн Хөгжлийн банкнаас авсан нийт зээл, хүүгийн үлдэгдэл 187.6 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд тус компани өнөөдөр арматурын үйлдвэр ч үгүй, барилга, орон сууцны төсөл нь ч бүрэн хэрэгжээгүй юм.
Сонсгол дээр шинжээчид “Бэрэн групп” ХХК-ийн барьцаа банкны шаардлага хангахгүй байснаас гадна өмнө нь авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хугацаанд нь хийхгүй байхад тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагууд тус компанид давуу эрх олгож, нэмж зээл өгсөөр байсныг онцолж байлаа.
Нотлох баримт цуглуулах явцад тус компани авсан зээлийнхээ 4.4 сая ам.долларыг тодорхойгүй зүйлд зарцуулсан болох нь илэрчээ. Тухайлбал, “Бэрэн групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгийг өөрийнхөө дансанд шилжүүлэн авч, 2018 онд Макао болон Сингапурын казиногийн АТМ-ээс 1.5 сая ам долларын гүйлгээ хийж явсан банкны гүйлгээний түүхүүд гарч ирлээ.
Түр хорооны хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаярын “Та казинод тоглодог уу” гэсэн асуултад Б.Мөнхтөр “Үгүй” хэмээн мэлзсэн. Мөн гишүүдийн ихэнх асуултад “Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа тул хариулах боломжгүй” хэмээн гүрийж байв. Гэвч шинжээчид дахин Б.Мөнхтөрийн 5130004657 дугаартай данснаас нийт 44 удаа казиногоор үйлчлүүлж, нэг тэрбум 209 сая 802 мянга 209 төгрөгийн зарлага хийгдсэн баримтыг дэлгэлээ.
Үүнээс гадна Б.Мөнхтөр Hotel казинод 77 удаагийн үйлдлээр 114 сая, Forex казинод 23 удаагийн үйлдлээр 46 сая, Makau, Macao казинод 254 удаагийн үйлдлээр 436 сая төгрөгөөр тоглосон болох нь тогтоогджээ. Энэ бол зөвхөн “Бэрэн групп”-т хамааралтай 300 гаруй хуудас материалаас сонгосон цөөн хэдхэн гүйлгээ. Бүгдийг энд тоочих аргагүй ч Сингапурт 84 удаагийн үйлдлээр 991 сая, Бээжинд 173 удаагийн үйлдлээр 107 сая, Бусан, Сеүл, Инчонд 98 удаагийн үйлдлээр 489 сая төгрөгийн зарлага гарсан баримтууд ч мөн ил гарч ирээд байна.
Хөгжлийн банкны “Мах боловсруулах цогцолбор”-т олгосон зээлээр мөнгө угааж, өөр компанийн зээлийг хаажээ
“Монгол мах экспо” ХХК мах боловсруулах цогцолбор төв барих зорилгоор Хөгжлийн банкнаас 31.9 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Энэ бол УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компани. Гэвч зээл мах боловсруулах үйлдвэрт зарцуулагдаагүй. Нийт зээлийн 29.05 тэрбум төгрөг нь “Капитал” банк руу орж, үлдэгдэл 2.7 тэрбум төгрөг нь “Монгол-Анар трейд” ХХК-ийн “Капитал” банкнаас авсан зээлийг хаахад зориулагдсан дансны хуулга ил гарч ирлээ.
Шинжээчид “Монгол мах экспо” ХХК-ийн Хөгжлийн банканд гаргаж өгсөн тайлан хуурамч байсныг нотолж байв. Баримтууд “Монгол мах экспо” ХХК авсан зээлийн 14 удаагийн гүйлгээгээр “Капитал” банк дахь дансанд 13.6 тэрбум төгрөг шилжин орсныг харуулсан бол 7.6 тэрбум нь мөн л Б.Ундармаагийн төрсөн эгч Б.Болормаагийн хадгаламжийн дансанд орсон байжээ. Үүнээс гадна Б.Ундармаагийн ээж Д.Чимэдийн “Капитал” банк дахь хадгаламжийн дансанд 11.2 тэрбум төгрөг, мөн 2.4 тэрбум төгрөг Б.Болормаагийн хадгаламжийн дансанд оржээ. Үүний дараа Б.Болормаа болон Д.Чимэдийн данснаас 21.4 тэрбум төгрөг мөн “Бишрэлт холдинг” ХХК-ийн данс руу шилжсэн болох баримтыг Түр хорооны сонсгол дээр дэлгэлээ.
“Эгийн голын УЦС” төслийнхөн Хөгжлийн банкнаас авсан зээлнээсээ 5.1 тэрбум төгрөгөөр машин, тавилга, бэлэг худалдан авчээ
Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 375 дугаар тогтоолын дагуу Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж Хөгжлийн банк 50 сая ам.долларын зээл олгосон байдаг. Ирээдүйн борлуулалтын орлогоос зээл төлөгдөнө гэж тооцсон Эгийн голын УЦС-ын төслийнхөн 2018 оны жилийн эцсийн байдлаар 10.6 сая ам.доллар буюу 21.4 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас авч зарцуулжээ.
Гэвч энэ зардлын 24 хувь болох 5.1 тэрбум төгрөг нь тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, бэлэг дурсгал худалдан авах ажиллагаанд зарцуулагдсан болохыг шинжээчид тогтоогоод байна.
Сонсгол дээр Эгийн голын УЦС төслийн удирдагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг гэрчээр дуудсан боловч тэр ирсэнгүй.
Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “Эрэл” ХХК-ийн шүүх хурал 26 удаа хойшлогдож, шүүхийн рекордыг эвдлээ
Хуучин нийгмийн үед баригдан, ашиглаж асан “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг “Эрэл” компани 1994 онд Нийслэлийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр хувьчлан авч байв. Тус компани 2013 оноос үйлдвэрийг шинэчилнэ хэмээн мэдэгдээд 2013-2015 оны хооронд Хөгжлийн банкнаас нийт 23 сая ам.доллар, 13.1 сая евро буюу тухайн үеийн ханшаар 72.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ хөрөнгөөр жилд 150.000 м3 бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, олон нийтийн барилга байгууламжийн хавтан үйлдвэрлэнэ хэмээн амлаж байжээ. Үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон хэдий ч үйлдвэрлэл явагдаагүй. Зээлийн эргэн төлөлт гацжээ.
Б.Эрдэнэбат “Эрэл” ХХК-иа өөрийн эзэмшлээс хасч, эхнэр Д.Сэргэлэнгийнхээ нэр дээр 100 хувь бүртгүүлээд өөрийн нэр дээр ямар ч үл хөрөнгийн бүртгэлгүй болж үлдсэн байна. “Эрэл” ХХК зээлийн төлбөрт 2013-2014 онд 718.8 мян ам.долларын хүү, 7.6 мянган еврогийн хүү л төлсөн. Өрийн нийт үлдэгдэл 39.5 сая ам доллар, 18.3 сая евро буюу 202.9 тэрбум төгрөгт хүрээд буй.
Хөгжлийн банк “Эрэл” ХХК-ийг шүүхэд өгсөн ч шүүх хурал 26 удаа хойшилж, шүүхийн түүхэнд хойшилсон тоогоороо рекорд тогтоосон хэрэгт нэрлэгдэх хэмжээнд иржээ.
Гэвч “Эрэл” ХХК-ийн эзэн Б.Эрдэнэбат “Зээл төлөгдөөгүй явдалд төр буруутай” гэсэн хачирхалтай хариултыг өгөөд сууж байна.
Сахал Б.Эрдэнэбилэгийн банк зээлийн гүйлгээний баримтыг устгажээ
Хөгжлийн банкнаас зээл авсан ч эргэн төлөлт хийгдээгүй компаниудын эрсдэлийг Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгт хамаарах зээлүүд зүй ёсоор тэргүүлж буй. ХХБ-ны хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК бол “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 2014-2022 оны дөрөвдүгээр сар хүртэл концессын гэрээгээр эзэмшиж байсан.
Тус компани “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулахаар 2014 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкнаас найман хувийн хүүтэй 71.300.000 ам.долларын зээл авчээ. Нэг жилийн хугацаатай авсан зээлээ 2015 онд гурван жилээр сунгасан ч зээлээ эргүүлэн төлөөгүй. Шүүхээс тус компанийг 191.1 тэрбум төгрөг төлөх ёстой гэсэн шийдвэр гарч, өнгөрсөн оны зургадугаар сард өр бүрэн төлөгдсөн ч “ХХБ-наас тусгай төлөөлөгч томилон Хөгжлийн банканд суурьшуулж, зээл гаргуулсан” гэдэг асуудал анхаарал татаж байгаа.
Учир нь “Кью Эс Си” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Бат-Оргил нь Хөгжлийн банкны Актив, пассив удирдах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Кью Эс Си” компанийн 71.3 сая ам.долларын зээлийн баримтыг Зээлийн хороонд танилцуулж, зээл олгох дүгнэлтийг боловсруулж байсан юм.
Мөн Худалдаа хөгжлийн банкны эзэн Б.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Бейзмент” ХХК Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэрт цемент үйлдвэрлэх шугамыг хуурай аргад шилжүүлэн, технологийн шинэчлэл хийх нэрээр 2012 онд Хөгжлийн банкнаас 61.3 сая ам долларын зээл авчээ. Гэвч зээлийн мөнгөөр “Бейзмент” ХХК-ын 5.5 сая ам.долларын өрийг хаагаад зогсохгүй Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкаар дамжуулан их хэмжээний мөнгө шилжүүлсэн аж. Мөн 21 сая ам.долларын гадаад гуйвуулга хийгдсэн “Кью Эс Си” ХХК-ийн гүйлгээний дансыг Худалдаа хөгжлийн банк “хугацаа дууссан” гэдэг шалтгаанаар устгалд оруулсан нь илэрчээ.
Д.ОТГОО
Эх сурвалж: Монголын үнэн сонин 003/24534/