З.Батырбек: Шүүхийн шийдвэр гарсан ч хөрөнгийн маргаан үүсгэж хугацаа алдаж байна


Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбектэй хууль хяналтын байгууллага болон шүүхэд шилжсэн тус банкны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой хэргүүдийн явцын талаар ярилцлаа. 

 

-Хөгжлийн банк зээлээ эргэн төлөөгүй 42 компанийг эрүүгийн журмаар шалгуулахаар АТГ-т гомдол гаргасан байдаг. Үүнээс гадна Иргэний хэргийн шүүхэд олон хэрэг хэлэлцэгдэж байгаа. Банк өнөөдрийн байдлаар хэчнээн компанитай шүүхдэлцэж байна вэ?

-Хөгжлийн банк 2018-2022 оны хооронд нийт 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний 38 зээлийг шүүхэд өгсөн. Үүнээс 620.9 тэрбум орчим төгрөг буюу 22 зээлийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эдгээр зээлийн 14 зээлийг шүүхийн анхан шатны шийдвэрээр, харин найман зээлийг Улсын Дээд шүүх хүртэлх шүүхийн ажиллагаагаар шийдвэрлүүлсэн. Харин өнөөдрийн байдлаар шүүхийн шатанд буюу 1.133.2 тэрбум төгрөгийн 16 зээлд шүүхийн хянан шалгах ажиллагаа хийгдэж байна. 

-Ямар компаниуд зээлээ бүрэн хаагаад байна вэ?

-“Кью Эс си”, “Капитал банк”, Буян-Ухаа-1, 2 дугаар хороолол, МИАТ ТӨХК зэрэг 16 төсөлд олгосон зээл бүрэн төлөгдөж хаагдсан. 

-Шүүх хурлын кейс бүр өөр өөр байгаа байх. Мөн шүүхээр хэлэлцэгдэж байгаа хэргүүд анхан, дунд, давж заалдах гэсэн гурван шатанд хуваагдана. Гурван шатанд тус тус хэчнээн хэрэг байгаа вэ?

-Одоогийн байдлаар иргэний журмаар 16 зээлийн асуудал бүгд анхан шатны шүүх дээр байна. Өөрөөр хэлбэл, дунд болон дээд шатны шүүх дээр зээлийн асуудал байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны барьцаа хөрөнгийн үнэлгээ гаргасан маргаантай холбоотой таван зээл бий. Тодруулбал, “Дэд бүтэц инженеринг”, “Энсада-истерн”, “Сонгоулд”, “Мон-лаа”, “Зэст-Өндөр” гэсэн таван зээл шүүхийн шийдвэр гарсны дараа хөрөнгийн маргаантай явж байна. 

-Яагаад хөрөнгийн маргаан үүсгэсэн бэ?

-Шүүх асуудлыг эцэслэн шийдвэрлэээд түүний дараа зээлийг төлүүлэх процесс эхэлдэг. Нэг ёсондоо барьцааны зүйлээр болон бусад орлогын эх үүсвэрээр зээлийн эргэн төлөлтийг албадан хангуулах ажил эхэлдэг. Үүний дагуу Хөгжлийн банкны зүгээс ШШГЕГ-т хандаж шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах хүсэлт өгдөг ба тэр дагуу дуудлага худалдаа зохион байгуулагддаг. Харин нөгөө тал барьцаа хөрөнгийн үнэлгээн дээр маргаан үүсгэж дахин шүүхэд хандаж хугацаа алддаг.

 

“Эрэл”-ийн шүүх хурал 26 удаа хойшилж, “Хөтөл”-ийн зээлийн хөрөнгийг барьцаалаагүй байна

 

-Шүүх хурал зарлагдсан ч огт шүүх хурал болоогүй хэргүүдийн талаар тодруулмаар байна. Жишээ нь, “Эрэл” компанитай холбогдох шүүх хурал 20 гаруй удаа хойшилсон, анхан шатны шүүх хурал ч болоогүй байна. Шүүх хурал нь яагаад хойшлоод байдаг юм бэ?

-2019 оноос хойш “Эрэл”, “Чингис хаан” банк, “Монгол драй милк”, “Инжир”, Хөтөл”-ийн шүүх хурал хамгийн олон удаа хойшилсон. Харамсалтай нь ихэвчлэн нөгөө талын хүсэлтээр буюу “өмгөөлөгч байхгүй, нотлох баримт хэрэгтэй, нэмэлт шаардлага тодруулга, төрийн болон холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах, солих болон эрүүл мэндийн шалтгаан зэрэг олон удаагийн шалтгаанаар шүүх хуралдааныг хуралдуулахгүй байх, зайлсхийх” зэрэг янз бүрийн шалтаг, шалтгаанаар хойшлуулдаг. Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 12-нд “Хөтөл”-ийн шүүх хурал болсон ч “өмгөөлөгч гадаад явсан” гээд хойшилсон. 

Хөгжлийн банк Засгийн газрын тогтоолын дагуу “Эрэл” компанид “БҮК-1” төслийг хэрэгжүүлэхэд зориулж нийт 23 сая ам.доллар болон 13.1 сая еврогийн зээлийг олгосон байдаг. Тус үйлдвэр нь 2017 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэвч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг өнөөг хүртэл хийгээгүй. Зээлийн төлбөрийн нийт үлдэгдэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 202 тэрбум төгрөгт хүрсэн байдалтай байна. 

Хөгжлийн банкнаас 2020 оны аравдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд 202 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг “Эрэл” ХХК-нд холбогдуулан гаргасан. “Эрэл” ХХК болон иргэн Б.Эрдэнэбатын зүгээс дээрх шалтгаан, үйлдлийг үзүүлсээр өнөөдрийг хүртэл шүүх хуралдааныг хуралдуулахгүй байна. Шүүх хурлын тов 2023 оны нэгдүгээр сарын 27-нд товлогдсон. “Эрэл” ХХК-тай холбоотойгоор өнгөрөгч хугацаанд шүүх хурал 26 удаа хойшилсон байдалтай байна.

-Асуудлыг шийдвэрлүүлэхгүй хойшлуулах нь зээлдүүлэгч талдаа эрсдэл үүссээр байна. 

-Тийм ээ, шүүх хурал хойшлох нь аль аль талдаа төвөгтэй байдлыг бий болгож байна. Зээл төлөгдөхгүй байх нь Хөгжлийн банкны хувьд санхүүгийн үзүүлэлтэд маш их сөрөг нөлөөтэй байдаг. Нөгөө талдаа зээлдэгчийн хувьд шүүхээр эцэслэгдэж асуудлаа шийдвэрлүүлэхгүй явж байгаа нь бизнесийн үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлж байдаг. 

Банканд учирсан бүх хохирол, өр төлбөрөө барагдуулах, бууруулахын тулд бид хуулийн хүрээнд бүхий л арга хэрэгслийг ашигладаг ба шүүх хурал хойшилсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлдэг. 

-Шүүхийн шатанд хэрэг нь шийдэгдэхгүй цаг алдаж, удаашрах асуудал их байх шиг байна. Тухайлбал, “Хөтөл”, “Монгол драй милк”, “Мон лаа” гээд шүүхийн шатанд гацсан зээлдэгчдийн талаар мэдээлэл өгөөч?

-“Хөтөл” ХХК-ийн хувьд нэлээд том асуудал бий. Өнөөдрийн байдлаар 373 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Харамсалтай нь, барьцаа хөрөнгөгүй шахам зээл олгогдсон. 2.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тоног төхөөрөмж, тодорхой хэмжээний хувьцаа барьцаалсан байдаг. Зээлээр бий болсон хөрөнгийг барьцаалах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл барьцаалаагүй байна. Мөн “Хөтөл” компанийн хувьцаа эзэмшигч нь нас барж, өв залгамжлалын асуудал дөрвөн жил гаруйн хугацаанд тодорхойгүй байдалтай байна. Тиймээс Хөгжлийн банк “Хөтөл” дээр хамгийн том эрсдэлд ороод байгаа. Нөгөө талдаа зээлдэгчийн зүгээс янз бүрийн арга хайж, шүүх хурлыг хойшлуулж байна. Шүүх хурлаа хийгээд асуудлаа нэг талд нь гаргах сонирхол бидэнд бий.

Мөн “Монгол драй милк” ХХК-ийн хувьд 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл анхан шатны шүүх хурлаа хийж чадахгүй явж ирлээ. Шүүх хурал нь 20-иод удаа хойшилсон. Хуурай сүүний үйлдвэр байгуулах төсөл харамсалтай нь хэрэгжээгүй. Зээлдэгчийн талаас өнөөдрийн байд­лаар Хөгжлийн банкны зүгээс нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөө­рөхгүй, мэтгэлцэх журмаар шийд­вэрлүүлэх болохоо мэдэгдээд байна. 

Түүнчлэн “Мон Лаа” компанийн тухайд 2019 оноос шүүх хурлын процесс нь удаашраад явж байна. Барьцаа хөрөнгө дээрээ асуудал үүсээд байгаа юм. “Мон лаа” компани нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас банк 2.3 тэрбум төгрөгийн шууд хохирол буюу ашиг олох боломжийг алдаад байна. Бид энэ компанитай удаа дараагийн уулзалт хийсний үр дүнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авсан. Тиймээс “Мон Лаа”-гийн асуудал энэ нэгдүгээр улиралд багтан шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. 

 

“Нью яармаг хаусинг прожект” компанийн шүүх хурал хоёр жил гацсан

 

-Шүүх хурал нь болсон ч Хөгжлийн банк ялагдвал яах вэ?

-Бид мэдээж давж заалдана. Хөгжлийн банкны нэхэмжилсэн дүн­гээс багассан тохиолдолд дараагийн шатны шүүхэд хандана. 

-Өмнөх шүүх хурлуудаас харж байхад зээлээ эргүүлэн авах боломжгүй, зээл авсан этгээд хожчих гээд байгаа тохиолдол гарсан уу?

-Тийм тохиолдол гарсан. Хөгжлийн банкнаас “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-нд олгосон 50 сая ам.долларын зээлийн асуудлыг ярьж болохоор байна. Өөрөөр хэлбэл, банкийг шүүхэд өгч хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар тус шүүхийн маргаан хоёр жил гаруй хугацаанд зургаан шатны шүүх дамжсаны эцэст Дээд шүүхийн шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгч “НЯХП” компанитай байгуулсан 57.4 тэрбум төгрөгийн Барьцааны гэрээг хүчингүйд тооцож, төсөл хэрэгжүүлэгч талын үндсэн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж шийдвэрлэсэн байдаг.

Үүний дараа Хөгжлийн банкны зүгээс “ТОСК” ТӨХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, хамтран хариуцагчаар төсөл хэрэгжүүлэгч “Нью яармаг хаусинг прожект” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудыг хариуцагчаар татсан. Тэгвэл хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” компани барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах, барьцаалсан эд хөрөнгийг Хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр болж, Хөгжлийн банкны нэхэмжилсэн 104.7 тэрбум төгрөгөөс 18.9 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Нью яармаг хаусинг прожект” ХХК -аас 61.2 тэрбум төгрөгийг, “ТОСК”-иас зээлийн гэрээний үүрэгт 24.6 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас 18.9 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

Уг шийдвэрийг төсөл хэрэгжүүлэгч талаас гомдол гарган давж заалдсан. Улсын Дээд шүүх бүрэлдэхүүнгүй болсонтой холбогдуулан хоёр жил гаруй хугацаанд гацсан. Улмаар 2022 оны эхээр Хөгжлийн банкны зээлүүд нийгэмд анхаарал татаж эхэлсэнтэй холбогдуулан хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” компани гомдлоо татаж авснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж хоёр жил ямар ч үндэслэлгүй хугацаа алдсан байдаг. Үүнээс болж өнөөдрийг хүртэлх хугацаанд 49.8 тэрбум төгрөгийн хохирол буюу алдагдсан боломжийг Хөгжлийн банк хүлээгээд байгаа тул энэхүү хохирлоо дахин хууль шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр явж байна.

-Шүүх хурлын процессоос харсан туршлага гэх юм уу, банк байгаа баримтаа гаргаад өгчихсөн, баримт нь зээлдэгчийн зээлээ төлөөгүйг харуулж байгаа ч асуудал банкны талд биш зээлдэгчдийн талд ший­дэгдчихээд байгаа ийм хэргүүд бий юу. Байгаа бол тийм хэргийг аль дүүргийн шүүх авч хэлэлцсэн байдаг юм бол?

-Зээлдэгчийн талд шийдвэр гарсан гэхээс илүүтэйгээр Хөгж­лийн банкны нэхэмжилсэн дүн, хохирлын хэмжээг бууруулж шийдвэрлэсэн тохиолдолд банк давж заалдаад хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлээд явж байна. 

Харилцагч маань хаана байр­шилтай байгаагаас хамаарч бүх дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явж байна. Тиймээс аль нэг дүүргийг онцлох боломжгүй. 

 

Зээлээ төлөхгүй бол банк ард түмний татварын мөнгөөр төлөх эрсдэл хүлээнэ

 

-Хөгжлийн банк чанаргүй зээлийн энэ бараан асуудлын ард хэрхэн гарах бол. Чанаргүй зээлтэй ком­паниуд зээлээ төлөх баталгаа хэр байгаа бол?

-Зээлээ төлөхгүй оргон зайлсан “Пи Си Вай” компани яригдаж байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Гантүлхүүр байхгүй болсон. Энэ хүнийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаад явж байна. Мөн зээлээ огт төлөхгүй 20-иод компани байна. Эдгээр компанийн араас хөөцөлдөх, хууль хяналтын байгууллагаар явах ажиллагаа хийгдэж байна. 

-УИХ дээр банкны найдваргүй зээлтэй холбоотой, гэрчийн тайлбарыг сонсох сонсгол яг одоо болж байна. Эндээс та юу олж харав. Жишээ нь, Хөгж­лийн банкныханд өгдөггүй байсан баримт, олддоггүй байсан мэдээл­лүүдийг шүүрэх боломжтой таарав уу. Ийм тохиолдол гарч ирж байх юм уу?

-Шинэ шинэ мэдээлэл их гарч байна. Тухайлбал, нэлээн олон компани зээлээ зориулалтын бусаар ашигласан гэдэг шинжээчийн дүгнэлт тодорхой гарлаа. Өөрийн хамаарал бүхий этгээдэд зээлээ шилжүүлсэн, хувийн зорилгоор ашигласан гэх зэргээр олон шинэ мэдээлэл гарч байгааг та бүхэн харсан байх. Ихэнх зээлүүд зөрчилтэй гарч байна. 

Банк зээлдэгчээс бусад этгээдийн мэдээллийг авах боломжгүй байдаг. Түр хорооны сонс­голоор сонссон нийтлэг зүйл зээл­дэгчдээс хуурамч баримтаар зар­цуу­лалтаа тодорхойлсон, харилцан хамаарал бүхий этгээдийн данс руу шилжүүлсэн гэх мэтээр зээлийн мөнгийг захиран зарцуулсан, нийт олгосон зээлийн багадаа 30-40 хувь нь өөр тийш шилжүүлжээ гэж ойлгогдохоор байна. Харилцан хамаарал бүхий компанитайгаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөнгө шилжүүлдэг байдал ч гарч байна. Энэ нь хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.

Банк тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг субьект. Энэ хөрөнгийг гадаадын зах зээл дээрээс тодорхой хүүтэй хөрөнгө босгож, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой байсан ч харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бид ямар байгууллага аж ахуйн нэгжүүдэд зээл олгож байсан талаар харлаа. Зээлдэгч зээлээ төлөхгүй бол банк энэ зээлийг ард түмний татварын мөнгөөр төлөх эрсдэл хүлээдэг гэдгийг хэлмээр байна.

-Хяналтын сонсголын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Хяналтын сонсголыг хоёр давуу талтай гэж би харж байна. Эхнийх нь, ямар хүмүүс зээл аваад, юунд зарцуулсан байна вэ гэдэг нь ил тод боллоо. Ил тод болсноор зээл нь үр өгөөжтэй байсан эсэхийг иргэд тодорхой түвшинд үнэлж, дүгнэх боломжийг олгож байна. 

Нөгөө талдаа, аливаа төрлийн зээлийг хууль бусаар авч, өгч болдоггүйг, зориулалтын бусаар зарцуулж болохгүй юм байна гэдгийг зээлдэгчид ч, Хөгжлийн банк ч, хууль тогтоогчид ч, анхаарсан байх. Цаашид бид энэ алдаа дутагдлаа засахын тулд холбогдох хууль, дүрэм, журамдаа яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг харуулж байна. 

Бүх зээлд хүү, хугацаа, зээлийн дүн, барьцаа хөрөнгө, эргэн төлөлтийн огноо, зориулалт, авч буй компани өөр өөр ч бусад бүх заалт нь нэг стандартын гэрээг ашигладаг ба зээлийг буцаан төлөх үүргийг хүлээсэн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл шүүхийн харьяалал, шүүгчийн ур чадвар, шүүгчийн дотоод итгэл үнэмшлээс хамааран хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэж байна. Үүнээс үүдээд Хөгжлийн банк нэхэмжилсэн үнээрээ шүүхийн шийдвэр гарахгүй байснаар хохирол бодитоор амс ч байгаа. 

Мөн иргэний хуулийн 219, 222.4, 222.5 дах заалтыг амьдралд, шүүхийн практикт тогтмол хэрэглэх нь хамгийн чухал асуудлын нэг болоод байгааг энд дурдмаар байна. Банкуудын зээлийн хүү буурахгүй байгаа маш том шалтгааны нэг нь шүүхийн шийдвэр гарах хүртэл маш их хугацаа зарцуулдаг байдал, гарсан шийдвэр нь хугацаа алдаж хэрэгждэг байдлаас болж зээлийн хүүгээ бууруулж чадахгүй байгаа нэг үндсэн шалтгаан болоод байна. 

 Н.ЭНХЛЭН

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө