Хубилай Сэцэн хаан Их Юань гүрний нийслэлд монгол отчийн сургуулийг 1261 онд байгуулсан тухай сурвалжид үлджээ. Монгол дэг журмаар явж байсан отчийн сургууль хэдхэн зуун жилийн дараа хятад эмчийн сургууль болсон. Тэрхүү сургуульд эрдэм мэдлэгээ зааж байсан монгол маарамба багш шавьдаа лүндэн буулгаж, Монгол нутаг руу явуулсан нь гэгээрсэн их оточ маарамба Жамъян-Яндаг билээ.
Монгол отчийн сургуулиас үүдэлтэй нууц жор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дахь Жингэр тэмээтийн агуйн даяанч оточ нарын гарын авлага болсон юм болов уу.
Анхны их багш Жамъян-Яндаг Жингэр тэмээтийн агуйд долоон жил нямба даянд суухдаа Манал бурхны бясалгал хийж, гэгээрэхүйн ухааны монгол, төвөд, энэтхэг, хятад номыг шүүн тунгааж, шүүдэр мэт ариун хийгээд үнэн утгыг хуримтлуулаад бясалгалаа өндөрлөсөн гэдэг. Даян бясалгалаа өндөрлөсөн жил буюу аргын тооллын 1561 онд таван настай Сономринчен хүү шавилжээ. Хүү багшийгаа 25 жил дагалдан суралцаж, “Гэгээрэхүйн ухаан”-ы жүд дамжлага эхэлсэн түүхтэй. 1561 оноос өнөөдрийг хүртэл Гэгээрэхүйн ухааны цогт дөрвөн үндсийн жүд дамжлага тасралтгүй өвлөгдсөөр ес дэх үедээ иржээ. Дөрвөн улиралд эмийн өвс ургамлаа таних, түүх, номхотгох, эм найруулах арга ёс, судал түшиж танин мэдэхүйн дээд, өвчтөн оношилж эдгээх, эрт эдүгээ үеийн ном судрыг шүүн тунгааж, арвин мэдлэг туршлага хуримтлуулж, ёс, төвлөрөл бясалгалаар төгөлдөржих бүх замд суралцах шавиа эл агуй, багш нараа Жингэр тэмээтийн хүрээнд бэлтгэдэг байна.
Жингэр тэмээтийн уулын бясалгагчдын зургаа дахь үед Говийн догшин хутагт Равжаа эмнэл зүйн ухааны тарнийн ёс, аргыг дэлгэрүүлж, хутагтаас тарнийн эмчилгээний дамжлагыг эмч хүмүүн жаахан Шагдар авчээ. Түүнээс өндөр төвөд хэмээх Чойням маарамба тарнийн ёснийн жүд авснаар Жингэр тэмээтийн уулын эмнэл зүйн гал голомт бүрэн төгс бадамлажээ. Уулын их бясалгагчдыг дурдвал Жамъян-Яндаг (1519-1609 он), Сономринчин (1579 -1669 он), Шаравдэмид(1629-1707 он), Дэндэвчойдог (1679 – 1767 он), Гэндэнжамц (1742 – 1837 он), Чойням (1807-1901 он), Дамчаасүрэн (1852-1936 он), Дорж нар болно. Маарамба, Одь хэмээх Доржийн шавь нар дээд найман багшаа газарт хувилан төрсөн Манал бурхны найман бүрэлбаа гэж үздэг. Ес дэх үеийн шавь нарын нэг бол “Оточ Одь” эмнэлгийг үүсгэн байгуулсан хүний Гавьяат эмч П.Баатар юм. “Urgana”-гийн тухай ярихаас өмнө брэндийг бий болгосон “Одь” эмийн үйлдвэрийн үүх түүх, органик эмийн жорын тухай хүүрнэхгүй байхын аргагүй учраас дээрх түүхийг бичлээ.
“Юргана индастри” ХХК бол “Одь Тан”-гийн охин компани бөгөөд 2022 оны гуравдугаар сард байгуулагджээ. 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны жор дамжлагыг орчин үеийн техник, технологи, судалгааны үр дүнтэй хослуулан эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл ахуй, ариутгалын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлдэг. Ингэхдээ GMP стандартаар баригдсан, лабораторитой үйлдвэрт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг аж.
“Одь Тан” ХХК-ийн охин компани “Юргана индастри”-ийн захирал Баатарын Чанцалдуламтай инновац шингэсэн бүтээгдэхүүн, ирээдүйн төлөвлөгөөнийх нь талаар ярилцсанаа хүргэж байна.
Б.Чанцалдулам: Бид уул уурхайгаас ангид шинэ эдийн засгийн тулгууртай болох ёстой
-Танай компани одоогийн байдлаар хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Манай компани органик гоо сайхан, ахуй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэл ба эмийн ургамал хүнсний ногоо тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн орцоо нөөц бололцоогоороо тариалж байна. Одоогоор 50 гаруй эмийн ургамал тариалснаас “Мана” гэдэг ургамлыг эх орондоо амжилттай нутагшуулаад бусад эмийн үйлдвэрийг түүхий эдээр хангаж байна.
-Органик тодотголтой бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдмээр байна. Дэлхий даяар химийн бодистой бүтээгдэхүүнүүдээр хахаж байгаа энэ үед байгалийн гаралтай бүтээгдэхүүний тухай сонсохоор дүүрэн машин хөлхсөн гудамжинд ногоон гэрэл асах мэт санагдах болж?
-Манайх “Одь Тан” ХХК-ийн охин компани бөгөөд эрүүл мэнд, гоо сайхны 10 төрлийн цай, 56 нэр төрлийн бүтээгдэхүүн, ариун цэвэр, ахуйн зориулалттай 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Энэ салбарт хэдэн зуун жил хөгжиж бараг төгс бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болчихсон гадаадын том компаниудыг нэхэж очно гэдэг холын мөрөөдөл. Манай салбар дахь дэлхийн чиг хандлага байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, бүрэн судлагдсан уламжлалт анагаах ухаан, химийн найрлагагүй эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг сонгож эхэлсэн. Тиймээс бид 100 хувь органик байх бодлогыг баримталдаг.
-Уламжлалт эм тан Европ анагаах ухаанаас юугаараа ялгардаг юм бол?
-Европын анагаах ухаан өвдөж байгаа шинж тэмдгийг хөөдөг бол дорнын анагаах ухаан өвтгөж байгаа шалтгааныг хөөдөг. Товчхондоо арга билгийн анагаах ухаан гэж хэлж болно.
-Энгийнээр тайлбарлаж болох уу?
-Толгойн өвдөлтөөр жишээ татъя. Та тархиа хөдөлгөсөн, эсвэл хоол ундгүй удаан явснаас хийдээд өвдөж болно. Энэ тохиолдолд Европын анагаах ухаанд өвчин намдаах эм өгдөг. Харин уламжлалт анагаах ухаанд толгой өвтгөж байгаа шалтгааныг эмчлэх тан барьдаг. Уламжлалт анагаах ухаан дөрвөн улирал, таван махбодид суурилдаг. Жишээлбэл, хаврын цагт хууч өвчин сэдэрдэг учраас өвөл өвчнөө сэдрээхгүй эм тангаа хэрэглэнэ. Төмөр махбодитой уушги өвөл сульддаг учир тамиржуулах эмчилгээ хийж тан барих зэргээр зохицуулж хэрэглэдгээрээ ялгаатай. Монголчууд арга билигт суурилсан хоолны соёл, эмчилгээний уламжлалт арга барилтай. Үүнийгээ ягштал баримталж чаддаг байсан тул эрүүл саруул өвчин эмгэггүй амьдардаг байв. Харамсалтай нь, он цаг өнгөрөх бүр бид уламжлалаасаа алсраад л байна даа.
-Нууц биш бол компанийнхаа алсын хараа, зорилгын ерөнхий чиглэлээс хуваалцана уу?
-Манай “Urgana” брэнд эрүүл мэндийн гоо сайхныг онцолдог. Эмчилгээний эм тангаас арай ондоо. Уламжлалт анагаах ухааны эм тангаа хоол хүнсээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээс гадна арьсаар дамжуулан эмчилгээ тэжээлийг өгнө. “Эрүүл мэндийг ургуулна”, “Гоо сайхныг ургуулна”, Эмийн ургамал, хүнсний ногоо ургуулна” гэсэн уриатай “Монголын анагаах ухааныг дэлхийд гаргана” гэдэг алсын хараатай ажилладаг. Хэтийн зорилгоо эхнээс нь биелүүлээд бүтээгдэхүүнээ дөрвөн улсад экспортолж байна.
-Уламжлалт анагаах ухаанд суурилсан эмчилгээг хүнд хүргэдэг хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээсээ нэрлэвэл?
-Хүний биеийн хамгийн том эрхтэн бол арьс. Арьсандаа эрүүл мэндээ дэмжсэн бүтээгдэхүүн хэрэглэх юм бол эм ууснаас хоёр дахин илүү үр дүнтэй. Хорт хавдар үүсэх 10 шалтгаан байдаг. Үүний нэг нь гоо сайхны бүтээгдэхүүний буруу хэрэглээ юм. Хөхний хавдрын 90 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүнээс үүдэлтэйг баталсан. Хүн гоо сайхны бүтээгдэхүүний үнэрийг хамраараа хүчилтөрөгчтэй хамт авдаг. Үнэр уушгины альвол гэх хэсэгт очиж цусны улаан эсээр дамжин хүний биеэр дамждаг. Тиймээс амьсгалах эрхтэнтэй хамгийн ойр байдаг гоо сайхны бүтээгдэхүүндээ анхаарал хандуулах ёстой. Уламжлалт анагаах ухаанд суурилсан органик найрлагатай бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх зорилгын учир ийм. Манай брэндийн шампуний орцонд эртний хатдын хэрэглэж байсан нууц жор гэзэг өвс ордог. Мөн шинэ технологиор буюу аарцнаас ялгаж авсан кальциар баяжуулсан шүдний оо дэлхийд цор ганц гэсэн гэрчилгээгээ авсан.
-Амьд кальцныхаа тухай тодруулаач?
-Хүний өдөр тутмын хэрэглээ шүдний оонд кальци, фтор гэсэн хоёр бодис нэмдгийг бид мэднэ. Гэтэл эдгээр бодисыг хэрхэн гаргаж авсныг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Кальцийг геохимийн аргаар болон өндөгний хальсыг боловсруулж гарган авдаг үндсэн хоёр арга байдаг. Геохимийн арга нь мөнгөн ус болон цианит ашигладаг гэхээр хортой нь ойлгомжтой. Шүдний оог хүн өглөө бүхэн хэрэглэдэг болохоор шүлсний бүтцэд нөлөөлдөг. Шүлсний бүтэц хоёр цаг тутамд өөрчлөгдөж байдаг. Манай брэнд анх удаа аарцнаас амьд кальци гаргаж шүдний оогоо баяжууллаа. Органик кальцитай учир шүд нь ургаж байгаа бага насныхан хэрэглэхэд ч тохиромжтой. Аарцнаас ялгаж авсан амьд кальци дэлхийд том нээлт болсон. Мөн гэр бүл, ахуйн орчинд халдварладаг хелико бактерийн эсрэг үйлчилгээтэй хус модны давирхайтай оо үйлдвэрлэж байна.
-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн органик шүдний оо гэхээр нийтээрээ хэрэглэмээр. Монголынхоо зах зээлд гаргаж, импортын бараа бүтээгдэхүүнийг шахах тактик баримталж байна уу?
-Дэлхийд анх удаа гэдэг анхдагчийн гэрчилгээг тодотгох ёстой. Манай оог зах зээлд гарсан даруйд сүлжээний компани худалдаалах эрхийг нь авсан. Дэлхийн дөрвөн улсад борлуулалт хийдэг сүлжээний компани юм билээ. Хэрэглэгчдийн сонирхлыг татдаг өөр нэг онцлог бүтээгдэхүүн бол үс ургуулах сет. Бид дэлхийн зах зээлд олон бүтээгдэхүүнээр танигдах гэж бодохгүй энэ сетэд багтсан “Халгайн үрийн тос”, “Үс ургуулах тоник”, “Гэзэг өвсний шампунь” гэсэн ийм гурван бүтээгдэхүүн. Арьс арчилгааны зах зээлээс манай улс даруй 50 жилээр хоцорсон. Хэчнээн шинэ нээлт хийгээд багтах орон зай байхгүй. Тиймээс үс арчилгааны бүтээгдэхүүнээр зах зээлд нэвтэрнэ. Үс ургуулах гэзэг өвсний шампунийг Монголоос өөр улсад үйлдвэрлэгддэггүй. Гэзэг өвс зөвхөн манай оронд л ургадаг. Гаднын улсууд түүхий эдгүй учир өрсөлдөх боломжгүй.
-Гэзэг өвсний найрлага дахь ийм шимт бодис үсийг ургуулдаг гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээний нотлох баримт байгаа юу?
-Европын холбооны “Трамб” төслийн багахан хөрөнгө оруулалтаар Ирландын Дублин хотод байх CEV компанийн лабораторид шинжлүүлээд гэзэг өвсний үс ургуулах шинж чанарыг баталсан.
-Бизнесийнхээ хэтийн стратеги төлөвлөгөөг хэрхэн тодорхойлсон бэ?
-Монгол орны газарзүйн байршил дөрвөн улирал эрс тэс уур амьсгалтай өвөрмөц цаг ууртай болоход хүргэсэн. Хэдийгээр хөрс төдийлөн сайн биш ч эрс тэс уур амьсгал, эмийн ургамлын амьдрах чадварт нөлөөлдөг. Ургамал үхэхгүйн тулд антиоксидиант ихээр ялгаруулдаг болохоор биологийн идэвхт бодис нь бусад орны эмийн ургамлаас илүү байдаг. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс. Нэг тонн нүүрс олборлохын тулд 900 куб хөрс гэмтээдаг атлаа 70-100 ам.доллароор худалдаж байна. Үүнийг чихэр өвстэй харьцуулсан үзүүлэн надад бий. Нэг килограмм чихэр өвс 25-100 ам.доллароор дэлхийн зах зээлд зарагдаж байна. Чихэр өвс газрын хөрсийг хавж ургадаг ургамал учраас 14 куб элс нүүхээс сэргийлдэг. Монгол Улсын ирээдүйд өрсөлдөх чадварын нэг бол эмийн ургамал тариалах. Үнэ цэнтэй, эмчилгээний ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргавал эдийн засгийн нэг гол эх үүсвэр болно. Мөн хөрсний эвдрэл сүйрлийг зогсоох байгаль экологийн давхар ашигтай.
-Газрын баялгаа ухах бус эмийн ургамал тариалж, өрсөлдөх төслөө эхлүүлсэн үү?
-Энэ ажлынхаа хүрээнд би нэг төсөл бичсэн. Төсөл 500 га газар эмийн ургамал тариалахаас эхэлнэ. Эхний 500 га эмийн ургамлын тариалангаас олсон орлогоороо дараа, дараагийн талбайг 100, 100-гаар нэмэгдүүлэн санхүүжүүлж, эмийн ургамлын хамгийн том тариалантай болно. Ийм тариалантай болсноор түүхий эдийн тасалдалд орохгүйгээс гадна эмийн ургамлыг дэлхийн зах зээлд экспортлох юм.
-Миний бодлоор хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг энэ төсөлдөө татан оролцуулаад тариалсан эмийн ургамлыг нь худалдан авч түүхий эдийнхээ нөөцийг бүрдүүлж болох уу?
-Та миний төслийг уншчихсан юм биш биз дээ. Төсөлд нэг айлд таван га-г хариуцуулахаар тусгасан байгаа. Тухайн айлдаа бид тариалалтад хэрэгтэй тоног төхөөрөмж, үр бордоогоор хангаад арчилгаа, услалтыг нь хариуцуулах юм. Ургацынхаа 80 хувийг менежмент хийж байгаа компанид өгч, үлдсэн 20 хувиа өөрсдөө зарж, борлуулах эрхтэй. Ийм маягаар Монгол орны хэмжээнд 500 өрх тогтмол орлоготой, ажлын байртай болно. Төслөө хангайн бүсийг бус говийн аймгуудыг сонгож хэрэгжүүлэхээрээ онцлог. Гадаад дотоодын төслүүдэд танилцуулгаа өгсөн. Хөрөнгө оруулалт тодорхой болоогүй ч сайн төсөл гэдэг тодорхойлолттой байгаа. Хөрөнгө оруулалтын төсөөлөл таван сая ам.доллароор санхүүжиж гурван жилийн дараа 77 сая ам.долларын ашиг олох. Дэлхийд Монгол Улс онгон дагшин байгалиараа, эвдэрч сүйдээгүй нутаг орон, аялал жуулчлалын салбарт нууцлаг мөрөөдлийн гэдэг тодотголтой. Үүнийгээ хадгалж үлдэхийн тулд уул уурхайгаас аль болох хурдан татгалзаж, эдийн засгийн бусад бололцоог эрэлхийлэх ёстой гэж боддог.
-Бүтээгдэхүүнээ танилцуулж, компанийнхаа өнөөдрийн болон ирээдүйн төлөвлөгөөг ярьсанд баярлалаа. Дэлхийд танигдсан монгол брэнд болоорой.
“URGANA” БРЭНДИЙН ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
МҮХАҮТ-аас шалгаруулдаг 2017 оны шилдэг жижиг дунд үйлдвэрлэгч
Entreprenour,
Сингапур улсад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгээс байгальд ээлтэй бүтээгдэхүүн шагнал,
2019 оны Сонгинохайрхан дүүргийн Шилдэг “Алтан гар” шагнал,
2019 оны байгалийг хамгаалагч компани,
2021 оны онцлох бүтээгдэхүүн /хужиртай аяга таваг угаагч бүтээгдэхүүнээр,
2022 оны оны онцлох эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж.
“Urganа”️ амьдралыг ургуулна
Оффис хаяг : БГД-ийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Кёкюшү Тауэр, 407 тоот, Ulaanbaatar, Mongolia
Утас: 7200 4004 Мэйл: info@urgana.mn Инстаграмм: urganamongolia Вэб сайт: urgana.mn
ТРАМП ТӨМӨРӨӨ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24533/