Монгол өвийг дэлгэрүүлэх “КАЖУГ” арьсан бүс


Арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кажуг” компани байгуулагдаад 15 жил болжээ. Компанийн захирал Лувсанзундуйн БАТДЭМБЭРЭЛ цаг уурч мэргэжилтэй нэгэн. Энэ цагийн монголчуудын нэгэн адил 1990-ээд оны үед аж, амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-ыг зорьжээ. Гадаадад байгаа монголчуудын нэгэн адил Солонгос улсад очоод олдсон ажлыг голж, шилэлгүй хийж явсаар бүсний үйлдвэрт оржээ. Энэ үйлдвэртээ 10 гаруй  жил тогтвортой ажилласан байна.  Монголдоо ирээд энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхлэхээр орон сууцны подваль түрээслэн үйл ажиллагаагаа явуулжээ. Мэдээж,  арьс, будагны үнэр, үйлдвэрлэлийн дуу чимээ гомдол дагуулж, оршин суугчдын тав тухыг харгалзан үйлдвэрлэлээ явуулдаг байсан байна. Харин өнөөдөр “КАЖУГ” үйлдвэр өөрийн оффис, үйлдвэрийн байртай гэр бүлийн бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ  дотооддоо төдийгүй гадаадаас захиалга авдаг Монгол брэнд  болон танигджээ.

 

Л.Батдэмбэрэл: Манайхан бэлэг сонгохдоо Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авахыг зорьдог болсон

 

Манай бүсийг авсан хэрэглэгч дор хаяж 5-6 жил зүүнэ. Манайхны сэтгэлгээ өөр болсон, бэлгийг сонгохдоо Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авахыг зорьдог болсон. 

 “Кажуг” компанийн захирал Л.Батдэмбэрэлтэй ярилцлаа.

-Ярилцлагаа компанийн нэрнээс эхэлье. Яагаад “Кажуг” гэж нэрлэсэн бэ?

-Кажуг хоёр утгатай солонгос үг л дээ. Гэр бүл дотроо “гэр бүл”, үйлдвэрт “арьс” гэсэн утгатай. Анх Монголдоо ирээд компаниа байгуулахдаа нэр сонгох гэтэл бүсний төрлийн оновчтой нэр гарч ирдэггүй.  Солонгост бүс, тэлээний үйлдвэр ажиллаж байхдаа “кажуг” гээд ярьдаг байсан. Манайхан ихэнх нь солонгос явсан, солонгос үг мэддэг, зарим нь ойр сонсогддог болсон. Тиймээс  “кажуг” гээд хайтал хамгийн эхэнд гарч ирсэн.  Тэгээд компаниа нэрлээд, 2007 оноос үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

-Анх бизнесээ эхлүүлэхэд хүндрэл хэр байсан бэ?

-Анх хэдэн тоног  төхөөрөмжтэй байлаа. Татварын дарамт ихтэй байсан. Одоо харин харьцангуй гайгүй болсон байна.

-Арьсан эдлэл дотроо бүсний үйлдвэрлэл голлосон байна. Арьсаа хаанаас авдаг вэ?

-Солонгос улсад мал аж ахуй сайн хөгжөөгүй ч арьсан эдлэл боловсруулалт сайтай. Арьсаа сайн боловсруулдаг. Харин манай арьсны боловсруулалт дутагдалтай. Тиймээс арьсан эдлэлээ ихэвчлэн гаднаас авдаг. Анх бүсээ үйлдвэрлээд борлуулалтаа хийхэд асуудал их гардаг байлаа. Харин өнөөдөр хэрэглэгч чанараа мэдээд захиалж авдаг болсон.

-Ковидын үед тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байсан байх. Үйлдвэрлэлээ хэрхэн явуулж байсан бэ?

-Тийм ээ, коронавируст халдварын үед тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байсан. Тэр үед бүтээгдэхүүний нөөцийн асуудал үүссэн. Ингээд нэг цехээ монгол арьсан эдлэлд зориулсан юм. “Булигаар” компанид боловсруулсан үхрийн ширийг шат, дамжлагаар нь боловсруулж  туршиж үзсэн. Бид цаашдаа монгол, итали, энэтхэг арьсаар үйлдвэрлэлээ хийдэг болсон.

-Танай бүсийг аль улс орон захиалан авч байна вэ?

-Одоогоор ОХУ руу гэрээ хийж, албан ёсоор гаргаж байна. Иргэд гадаад руу явахдаа гарын бэлгэнд их авдаг. Хүмүүс нэг хэсэг гадаад руу явахдаа “Чингис” ч юм уу нэг шил архи авдаг байсан. Харин одоо Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авдаг болсон байна. Хийморь, сүлд талаасаа ч бүс бэлгэнд авах нь их байдаг.

-Манай монголчууд бүсийг дээдэлдэг. Бэлгэдэл талаасаа ямар төрлийн бүс үйлдвэрлэж байна вэ?

-Монгол хүн бүсэндээ хийморь шингэсэн гэж дээдэлдэг. Гэтэл Хятадад үйлдвэрлэдэг цаасан бүс өнгө үзэмж муу, арал нь амархан хугарна, нэг сарын  л хэрэглээ байдаг. Би өөрөө Солонгост арьс, ширэн бүс хийж байлаа. Тиймээс би анх үйлдвэрээ байгуулахдаа монгол хүний бэлгэдлийг ч тооцсон. Арьсан бүсний арал дээр монгол хээ угалзыг хийдэг. Өөрсдөө зураг, дизайн, арлын хэвээ гаргаад, захиалж хийлгэдэг.

-Үйлдвэрлэлийн технологи яаж явагддаг вэ?

-Солонгост анх үхрийн арьсаар тэлээ хийх аргыг сурсан. Тоног, төхөөрөмжөөр шат дамжлага нь явдаг. Арьсаар бүс яаж хийхийг Солонгост сураад Монголдоо нутагшууллаа. Монгол хүний биеийн чацаас шалтгаалан бүс нь Солонгос хүнийхээс урттай байдаг. 

-Танай үйлдвэр хэдэн ажилтантай вэ?

-Гэр бүлээрээ үйлдвэрлэл эрхэлдэг. Нийтдээ найман хүн ажиллаж байна.

-ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байв уу?

-Манайх ЖДҮХС-гийн гурван хувийн зээлд хамрагдаагүй. Хамрагдахад хүндрэлтэй юм билээ. Харин ЖАЙКА олон улсын байгууллагын зээлд хамрагдсан. Жилийн зургаан хувийн хүүтэй. Бид анх үйлдвэрээ байгуулахад орон сууцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тэр үед оршин суугчдаас “Арьс, будагны үнэр үнэртэж байна, чимээтэй байна” гэсэн гомдол их ирдэг, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хүнд байсан. Бид оршин суугчдын тав тухыг бодолцож үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Харин энэ зээлд хамрагдсанаар өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа оффис болон үйлдвэрийн байраа худалдан авсан.


-Хэчнээн төрлийн бүс үйлдвэрлэдэг вэ?

-Манай үйлдвэр, эрэгтэй эмэгтэй, албаны, энгийн гээд нийтээ 14 төрлийн бүс хийдэг. Арьсны өнгө, арлаас шалтгаалж ангийн, аяллын, жинсний, костюмны гээд төрөл бүр байдаг. Эмэгтэй бүс даашинзны, жинсний, дээлний гээд ялгарна.

-Борлуулалтын оргил үе хэзээ байдаг вэ?

-Мэдээж, Цагаан сар. Цагаан сараар шинэ дээл, хувцас өмсөж, бүсээ зүүдэг ард түмэн. Манай бүсийг авсан хэрэглэгч дор хаяж 5-6 жил зүүнэ. Манайхны сэтгэлгээ өөр болсон, бэлгийг сонгохдоо Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авахыг зорьдог болсон. Манай үйлдвэр Цагаан сараар жилийн борлуулалтынхаа 80 орчим хувийг хийдэг. Манай борлуулалт жилээс жилд өсөж байна. Анх байгуулагдсан эхний гурван жил борлуулалт хүнд байсан. Бүтээгдэхүүн маань ч олонд танигдаагүй байж. Одоо бол борлуулалт нэмэгдсэн. Сүүлийн үед монгол хээ, загвартай бүсийг сонирхож байна. Буриад, өвөрмонголчууд энэ төрлийн бүсийг их сонирхож, авдаг. Ковид гарахаас өмнө олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцдог байлаа. Өвөрмонголчууд “Би монгол хүн” гэхээсээ илүү  Монголд үйлдвэрлэсэн, монгол хээтэй хувцас хэрэглэл өмсөж, зүүх дуртай байдаг юм билээ. Оросын Буриад, Тувагаас их худалдан авдаг. Бүснээс гадна түлхүүрийн оосор, картны гэр, түрийвчийг дагалдуулан үйлдвэрлэж байна.

-Одоо Сар шинэ болж байна. Танай бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд оролцох уу?

-Энэ Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд манай компани И-март, Их дэлгүүрийн бэлгийн худалдаа, "Шинэ 100 айл" жижиг, дунд үйлдвэрийн "Амар байна уу" бэлгийн худалдаа, "Хүннү молл", "Мишээл экспо" -ийн Цагаан сарын бэлгийн худалдаа, Сансрын колонкийн автобусны ард өөрийн нэрийн бараа "КАЖУГ" дэлгүүрт тус тус  борлуулалт хийж байна. 

 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр улс орон хөгжинө

 

Биднийг ийн ярилцах зуур үйлдвэрлэл явагдаж, ширэн арьсан бүс, тэлээнүүд шат шатны дамжлагаар үйлдвэрлэгдэн гарч байлаа. Л.Батдэмбэрэл гэр бүлийн хүний хамт үйлдвэрлэл дээрээ анхаардаг бол хүү Б.Билгүүн нь дизайнер мэргэжилтэй. Бүсний хээ, өнгө, арлын хээ, загварыг гаргадаг байна. Өлзий хээ эв эеийг,  ланз хээ эд хөрөнгийг бэлгэддэг. Эр хүний хийморь гэдэг утгаар бүсэнд хээнүүдээ шигтгэхэд анхаардаг байна. Нэг бүс 4-5 шат дамжлагаар дамжиж үйлдвэрлэгдэнэ. Үүнээс гадна бүтээгдэхүүний савлагаа чухал. “Кажуг”-ийн бүтээгдэхүүн бүр хайрцаг савлагаатай. Солонгост үйлдвэрлэсэн ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хайрцаг, савлагаатай хүрдэг. Харин Монголд үйлдвэрлэлээ эрхлэхээр  зах зээлд худалдаалагдаж байгаа бүс, тэлээг харахад лангуун дээр савлагаагүй, өлгүүрт тохсон зэргээр бүтээгдэхүүнээ задгай байгааг харахад хачин сэтгэгдэл төрж байсан гэнэ. Тиймээс ч бүс, тэлээг Монголдоо анхлан  сав, боодолтой худалдаалж эхэлсэн байна. Энэ салбарт мэдээж, өрсөлдөөн их. Арьсаар цүнх, түрийвч хийдэг газрууд бүс хийдэг ч ихэвчлэн технологийн дагуу биш байх нь мэргэжлийн хүний нүдэнд тод тусдаг байна.


“Кажуг”-ийнхан бүтээгдэхүүн бүр дээр өөрсдийн патентаа авчээ. Харин тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэх тохиолдол ч гарсан байна. Хятадад дуураймал хийж, борлуулалтад нь сөрөг нөлөө үзүүлсэн гашуун түүх ч өнгөрсөн 15 жилд гарчээ.  “Манай компанийн нэр, логотой  бүтээгдэхүүнийг хүмүүс тор тороор нь бидэнд авчирч өгч, гомдол мэдүүлсэн. Танай бүтээгдэхүүнийг авсан чинь арал нь молоконы лааз шиг, бүс нь хэмжээндээ хүрэхгүй байна” гэж маш их гомдол ирсэн. Эрээний Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төвд бичиг баримтаа бүрдүүлэн өгч гомдол гаргахад хуурамч бүтээгдэхүүнийг хураасан. Хууль чангатай юм билээ. Харин манайд өөрсдөө бүтээгдэхүүнийхээ патентыг авсан ч хуурамчаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй тэмцэхэд хууль, эрх зүйн орчин хангалтгүй байна. Хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах хууль, эрх зүйн орчныг нь гаргавал жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө гэдэг чинь улс орон хөгжинө гэсэн үг” хэмээн компанийн захирал Л.Батдэмбэрэл ярьж байлаа.

Дээр нь төсвийн тендерт оролцоход хамгийн бага үнэтэй саналыг шалгаруулж авдаг. Үнэ хямд байхын хэрээр чанарын асуудал яригдана. Үйлдвэрлэгчдийн өгсөн үнийн санал зургаан сарын дараа зах зээлийн ханш нэмэгдэх вий гэсэн айдастай байдаг байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн болон татварын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай аж. 

“Кажуг” брэндийн бүтээг­дэхүүнээрээ монгол өвийг сурталчлахыг зорьж байна. Бүс бол Монголын өв. Эрт дээр үеэс эхлээд Чингис хаан, Жамух хоёр бүсээ солилцож анд барилдсан. Өнөөдөр ч монгол хүмүүс анд барилддаг. Тиймээс цаашдаа бүсээрээ анд барилдсан өдөр болгон хөгжүүлэхээр “Кажуг” компанийнхан зорьж байна.

Хаяг: Баянзүрх дүүрэг 2-р хороо 64/2 байр , Ulaanbaatar, Mongolia

Утас: 8860 3107

И-мейл: cajugllc@gmail.com


Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/


0
angry
8
care
0
haha
15
liked
4
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө