СЭРҮҮЛЭГ ДИН ДОН ДИН
Энэ чимээгээр Монгол Улс хэмээх нэгэн том айлын маргаашийг бүтээлцэхээр салбар бүрийн хүмүүсийн ажил руугаа гэх тэмүүлэл, итгэл найдвар нь өглөөг эхлүүлж буй дүр зургийг эрхэм та санах биз ээ. Бидний хийж буй ажил юуг бүтээж, ямар зорилго, үнэ цэнийн төлөө байгааг та анзаарч, өөрөөсөө асууж үзсэн үү.
Бид ажилтай болчихвол бүх зүйл аяндаа бүтэж цалингаараа амьдрал, хүсэл мөрөөдлөө босгоно гэх итгэл найдвар, мөрөөдөлтэй явдаг. Гэтэл нэг л мэдэхэд ажлаас авах сэтгэл ханамжгүй, зөвхөн түрээс, зээлээ төлөхийн төлөө ажилладаг болчихсон байдаг. Бид хэзээ ийм байдалтай болсон байдаг бол?
АСУУЛТЫН ЦААНА
Тус асуултад хариулахын тулд бид хамтдаа тодорхой онол, философи сэтгэлгээг луужин болгох нь зүйтэй санагдлаа. Иймээс антропологич Дэвид Грейбер “Новшийн ажил юуг өгүүлнэ вэ” номдоо өгүүлсэн зарим гаргалгааг авч үзье.
Энэхүү философичийн үзэл санааг эрхэм танд товчхон тайлбарлавал ““Bullshit Job” утгачилбал новшийн ажил, “Shit Job” буюу хогийн ажил хэмээх ойлголтын талаар гардаг билээ.
Новшийн ажил гэдэгт өндөр цалинтай, ажлын нөхцөл бололцоо сайтай, гэхдээ тухайн хүний хийж буй ажил нийгэмд ашиг тус багатай, хор хөнөөлтэй байдаг. Харин хогийн ажил нь цалин хөлс багатай, ажлын орчин нөхцөл тааруу буюу бидний нэрлэж заншсанаар “хар ажил” гэж ойлговол дөхөмтэй. Гэхдээ та нэршилд ач холбогдол өгөхөө түр азнаарай.
АНХААРАЛТАЙ УНШААРАЙ
Бага зэрэг бүтээлч хандаад таны эрхэлж буй ажил новшийн ажил уу гэх асуултын талаар бодоод үзээрэй.
Антропологич Дэвид Грейбер новшийн ажлыг дараах байдлаар ангилсан. Үүнд:
Чухал царайлагч: Ихэвчлэн өөр хэн нэгнийг чухал мэт харагдуулахын тулд байдаг. Бидний хүний эрх зөрчиж нэрлэдгээр “цүнх баригч”, туслах, угтагч нарыг оруулсан байна.
Хууран мэхлэгч: Тэд өөрсдийг нь ажиллуулж буй хүмүүсийн ашиг сонирхлын төлөө аливаа зүйлийг хийдэг ч тэдний ажлын үр нөлөө нь хүн төрөлхтөнд бүхэлдээ хор хөнөөлтэй гэж хэлж болно.Лоббичид болон пиарчин, цахим тролл энэ ангилалд багтдаг.
Асуудал шийдэгч: Зөвлөхүүд байгууллагыг сайхан харагдуулахын тулд “хоосон тайлан” бичдэг. Ийм төрлийн захиргааны болон банкны олон ажил энэ хэсэгт хамаардаг.
Төрийн алба: Өгөөж багатай хэдий ч цалин авч ажилладаг хэсгийг хамруулж болно. Жишээ нь дэд сайд, түүний туслах, зөвлөх, дэд дарга, мэргэжлийн чадваргүй суудал бөглөгч гэх мэт.
Чиглүүлэг өгөгч буюу дунд шатны удирдлага: Энэхүү бүлгийнхэн бусдад ажил даалгаж, ажилд үүрэг багатай оролцдог ахлах албаны хүмүүс байдаг. Хоёр дахь хэсэг нь үнэндээ илүү хор хөнөөлтэй. Учир нь, тэд бусдад зориулж дэмий шахуу үүрэг даалгаврыг бий болгож, ачаалал үүсгэдэг. Тэд ажлаа ашиггүй гэж харуулахгүй байх, мөн бусдаас илүү ажил хийж байгаа мэт дүр эсгэдэг.
НОВШИЙН АЖИЛ МОНГОЛД
Данхар хэмээх төрийн албанд...газар албаны дэд дарга, тэдний зөвлөх, туслах гээд л авч буй цалин хангамж нь чамгүй өндөр. Гэтэл эмч, багш, сувилагч, цагдаа гээд нийгэмд хэрэгтэй, нийтэд тустай ажил хийж буй иргэдийн олонх нь ажлын нөхцөл тааруу, ачаалал өндөр хэдий ч цалин хангамж бага байх жишээтэй. Энэ асуудал нь нийгэмд дэх шударга бус баялгийн хуваарилалт, хөдөлмөрийн үнэ цэн, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл зоригийг бууруулж байдаг сөрөг талтай.
Гэтэл новшийн ажил эрхэлж буй хүмүүс нь хавигүй дээр амьдарч байгаа хэдий ч нийгмийн баялаг, татвар төлөгчдийн мөнгийг ашиггүй зүйлд зарцуулж байдаг муу жишиг нийгэмд тогтжээ. Төрийн албаны А гэх даргын автомашины зардал, жолооч, шатахуун түлш, засвар үйлчилгээ гэх мэт. Эргээд нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр нь гарын үсэг зурж, хэдэн дунд шатны менежерт чиглэл өгөх үү та бодоод үзээрэй. Магадгүй “Ажил мэдэхгүй нөхөр ингэж бичлээ” гэх боловч бидний эргэн тойронд яг үүнтэй адилхан асуудал ужиг өвчин мэт буглажээ.
ЭНЭ ТАЛААР БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ
Дэвид Грейбер новшийн ажлын байрыг хөнөөх нэг арга бол цалингийн орлогоос хамааралтай байдлаа салгах гэж үзэж байна. Хэрэв та түрээсийн төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төлөхийн төлөө л ажиллах хэрэггүй. Харин илүү үнэ цэнтэй ажил эрхлэх хэрэгтэй хэмээжээ.
Мөн новшийн ажил нь нийгэмд байх ёстой мэт ойлгогдож, нийтийн оюун санаанд хүлээн зөвшөөрөгдсөн байдагт асуудлын гол нь оршиж байна. Нийгэмд чадвар багатай эсвэл ур чадвар мэдлэг эзэмших боломж хомс бүлэг нь бол новшийн ажил эрхлэх магадлалтай болно.
Хэчнээн боломжийн ажил эрхэлж байсан ч ур чадвар дутмаг, ажилдаа хичээл зүтгэл гаргахгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй бол тэр ажлын байр новшийн ажил болно. Энэ нь улс орон, байгууллага гээд нийгмийн бүхий л хэсэгт хамгийн их гай болдог учраас аль болохоор ажил олгогч нар новшийн ажлыг бий болгохгүй байх, новшийн ажил хийж байгаа бол түүнийгээ өөрчлөх, эргэн тойронд чинь новшийн ажил хийж байгаа хэн нэгэнд энэхүү “Bullshit-Job” бүтээлийг санал болгоорой.
Ажил таныг новшийн болгож байна уу эсвэл та новшийн ажил хийгээд байна уу гэх асуултыг нэг биш удаа өөрөөсөө асуугаарай.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535