Дархны урлан. Үл мэдэгхэн хөх утаа суунаглаж, лаавны тос үнэртсэн урлангийн хаалгаар оров. Саяхан хайлуулсан лаавнаас мөнөөхөн хөх утаа суунаглах аж. Хойморт суух эрээн цамцтай эр хүнгэнэсэн хоолойгоор мэндлээд “Алив наагуур байгаа зүйлсээ хөлөөрөө зайчлаад наашлаарай” гэж байна. Шалаар хөглөрөх ундуй сундуйг хөлөөрөө зайчлан зүтгэсээр мань эртэй шадарлан суулаа. Миний ярилцагчийг Лодонгийн Мөнх-Алдар гэдэг. Тэрбээр “Хүн ямар нэг юмыг төгс сурна гэж байхгүй шүү дээ. Хамгийн сүүлд үхэж л сурна” гэж өгүүлснээр бидний ам задгайрч, хууч эхэллээ. Би энэ урлангаас халуун савыг домбо хэлбэрт оруулж, домбыг эргүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн дархныг хайж ирсэн. Домбыг хэрэглээнд нэвтрүүлснээр залуу үеийнхэнд мөнөөх үгийг шинээр таниулж, үгийн санг баяжуулсан гэж болох гавьяа түүнийх юм билээ. Ингээд яриандаа оръё.
-Хуучин цагийн эдлэл, хэрэглээг сэргээж, орчин цагийн хэв маяг шингээсэн загвар олныг гаргасан дархан гэж таны тухай сонслоо. Орчин үеийн тоног төхөөрөмжгүй, цахилгаан багаж ховортой хуучны дархчуудын урланд ороод ирсэн мэт санагдаж байна?
-Би энд ямар нэгэн үйлдвэрлэл явуулах биш сонирхол, хүслээрээ урлаж бүтээж, урласан зүйлээсээ таашаал аваад л сууж байдаг хүн. Олон гэхэд хаашаа ч юм бэ, хуучны гэр ахуйн хэрэглээний сав суулгыг шинэчилж орчин цагийн хэрэглээнд оруулсан нь үнэн. Хамгийн түрүүнд таны нүдэнд тусах ойрхноос нэрлэх юм бол домбыг халуун саваар доторлож хэрэглээнд орууллаа. Айрагны сөнг нержээр доторлосон хувилбар байна.
-Халуун савны дотортой домбыг харчихаад өө, нээрээ ингээд хийчихэж болно шүү дээ гэж л бодсоноос санаанд ороогүй л байхгүй юу. Та анхдагч юм байна. Бусад дархчуудтайгаа холбоотой байна биз. Эх загвар солилцох гэх мэтээр?
-Би хүрээлэл багатай. Хүмүүсийн захиалга аваад, ээмэг бөгж хийгээд суух дургүй. Дотроо сонирхож сэдсэн зүйлийнхээ эх загварыг гаргаад, өөрөө засаж сайжруулаад явчихдаг учраас тийм байж магадгүй. Нэг загвар гаргахад их бодно шүү дээ. Боссон суусан ч бодоостой, хоолоо идсэн ч өнөөх загвараа хараад л суудаг юм. Ингэж байж нэг юм хүний нүдэнд тусахуйц аятайхан донж маягтай бүтээл гардаг.
-Энд тэнд явахдаа бүтээлтэйгээ их таарна биз?
-Тааралгүй яахав. Хөдөө гадаа аялал зугаалгаар явж, айлд ороход миний бүтээл байх юм бол шууд л нүдэнд тусна шүү дээ. “Өө миний хийсэн бүтээл байна” гэхээр “Манай тэр ингэж бэлэглэсэн, сайн малчны шагналд ирсэн” гэдэг ч юм уу ямар нэг түүхтэй болчихсон байдаг. Тэрийг сонсоход надад сайхан санагддаг. Тухайн бүтээл миний хувьд ч гэсэн өөрийн түүхтэй шүү дээ. Хийж байхад болсон үйл явдал, дурсамж сэргээд л энд нь нэг ийм юм байгаа тэнд нь тэгсэн гээд л харахад шууд танигддаг. Жишээ нь, энэ гурван домбо бүгд ижил материал, хэмжээгээр хийсэн ч гэсэн нэгнийх нь бариул жаахан дээшилчихсэн байх гэх мэтчилэн. Үйлдвэрийн автомат төхөөрөмжөөр хийсэн бол өөр шүү дээ. Бүгд нэг хэвийн миллиметр, сантиметрийн зөрөөгүй байна. Үүнийг хүн 100 хувь гар аргаар урлаж байгаа учраас бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой бүтээлүүд гарч байгаа юм. Яахав миний арга худалдаж авсан хүмүүст үлдэцтэй, хэзээ ч хоцрогдохгүй гэж боддог.
-Ингэж хийснээрээ орчин цагийн залууст нэлээд том оюуны хөрөнгө оруулалт болсон нь харагдаж байна. Үгүй дээ л гэхэд домбо гэдэг үгийг хэрэглээнд нэвтрүүлээд ирлээ шүү?
-Домбо гэдэг үг бараг мартагдчихсан байсан юм биш үү. Залуучууд харчихаад энэ чинь юу билээ, ломбо билүү гээд зогсож байдаг. Үгүй ээ домбо гэдэг юм, баруун аймгаас үүдэлтэй цайны соёл гэх мэтчилэн бага сага зүйл ярих жишээтэй. Сав суулгыг алт, мөнгөөр урлахаас эхлээд зэрэг дэвийг илтгэсэн, аж байдалдаа тохирсон хэрэглээний том соёл. Хувьсгалын дараах хэлмэгдүүлэлтэд домбо хүртэл өртсөн. Одоо орчин үед эргээд хэрэглээнд орлоо. Хөдөө гадаа явахдаа нэг литрийн домбо авч яваад буцалсан усаа хийгээд кофе, цайгаа найруулаад уучихна. Сервантдаа сувинер шиг хадгалах хэрэггүй. Эдэлгээнд орох тусам өнгө ордог металлиар хийсэн. Ажилтай эхнэрийн сав суулга гялалзаад л байдаг биз дээ.
-Зах зээлд их олон янзын домбонууд гарч иржээ. Урдаас орж ирээд байна уу даа. Оюуны бүтээлээ хамгаалуулах талаар ярьж, хэлж үзэв үү?
-Манай урланд дадлага хийж байсан залуус хагас дутуу сурсан болоод л гараад явдаг. Тэгээд болсон болоогүй юм хийснээ мөнгө олж болох юм байна гэж хараад урд хөршид олноор үйлдвэрлүүлээд эхэлдэг. Би нэг бүтээл оюуны өмчид бүртгүүлэх гээд очиж үзсэн л дээ. Европт олон жил амьдраад, амьдралыг өөрөөр хардаг болчихсон, сайн сайхан гэж юу байдгийг үзчихсэн, сэтгэл хангалуун хүмүүсийн нүд хэрхэн гэрэлтдэгийг харчихсан хүн эх орондоо ирсэн. Гэтэл үнэхээр бачимдмаар зүйл тохиолдсон. Би сайн санаж байна. Миний оюуны өмч 3222 тоот гэрчилгээ авах болж байгаа юм. Оюуны өмчийн газрын нэг хурган дарга ирчихээд, яг чиний сууж байгаа сандал дээр суучихаад мөнгө нэхсэн. Би яагаад мөнгө өгөх ёстой гэж. Ном журмынх нь дагуу яваад бүртгүүлсэн миний оюуны өмч. Энэ тэр түшмэлийн оюун санаанаас гараагүй, миний л өмч. Гэтэл хошин шог хүртэл оюуны өмчөө хамгаалуулж байна. Уг нь хошин шог нийгмийн болох болохгүй асуудлыг шоолж үзэгчдийг инээлгэдэг байх болов уу.
Херлуф Бидструпын зургийн номыг бид мэднэ. Зүгээр зургаар л шүүмжлээд инээлгэж чаддаг. Одооны хошин шог хүмүүсийн хэл аялга, баян хоосон, царай зүс, нас, хүйс тэр ч бүү хэл өвчин эмгэгээр хүртэл доог хийдэг. Бид түүнийг нь үзэж өөрсдийгөө шоолдог. Тэнд бичлэг хийх хориотой. Яагаад гэвэл оюуны өмчөөр хамгаалагдсан. Эсвэл дээр үеийн дууны хөгжмийг нь жоохон өөрчлөөд дуулснаа оюуны өмчөөр хамгаалуулчихдаг. Яг өөрийнхөө оюуны өмчөөр, гараар үйлдвэрлээд байхад хамгаалдаггүй. Өөрийнхөө оюуны өмчийг хамгаалах бол худлаа юм билээ. Миний хийсэн бүтээлийн хээг нь өөрчлөөд л оюуны өмчид бүртгүүлчихнэ. Тэр патентаараа урд хөршид аваачаад үйлдвэрлээд эхэлж байгаа юм. Монгол үндэсний хээ хуарыг буруу харуулж тавьчихаад оюуны өмчөөр хамгаалуулаад яах юм бэ. Хараад сэтгэл шимширмээр шүү.
-Шавь гэснээс одоо дархчуудыг бэлддэг сургуультай болсон уу, эсвэл шавь сургалтаараа л явж байна уу?
-Чи ёстой зөв юм асуулаа. Миний хэл загатнаад явдаг зүйлийн нэг. Соёл урлагийн их сургуульд дархны анги гээд жил болгон элсэлт авдаг. Тэнд юу заах гээд байгаа юм. Хуучин бол дөрвөн жилд нэг элсэлт авдаг байлаа. Бүр өгөгдөлтэй хүүхдүүдийг шилж сонгож шүү. Дархан гэдэг чинь танхимд суугаад сурдаг, даддаг ажил биш шүү дээ. Дархан хүнд ромбо, дипломны, дээд боловсролын хэрэг байхгүй. Чи доктор, профессор дархан гэж дуулсан уу, үгүй. Урланд шавь сургалтаар, дур сонирхолтой, өгөгдөлтэй хүүхдүүдийг дагалдуулан сургаж байж дөр суулгадаг юм. Залуучууд юмыг сайн, бүрэн гүйцэд сурах гэж хичээхээ больчихож. Хагас дутуу сурсан болчихоод л би чадчихлаа гээд яваад өгдөг.
-Уран дархны хувьд гарын сайн шавь бэлдэж чадав уу?
-Надад одоо хоёр шавь байна. Урланд ирж ажлаа хийгээд суралцаад явж л байна.
-Орчин үед хэт хийрхсэн мэт тоноглолтой эмээл, хазаар их харагдах болж?
-Надад нэг шавь бий. Энд ирээд урланд хоноод л, эхнэр нь жирэмсэн хөдөө. Ингээд орон гэр ч үгүй яваад байхаар нь би хэллээ. “За дүү минь нэг ажил барьж ав. Аль болгон ингэж явах вэ, надад нэг санаа байна, чи хий” гэлээ. Шавь маань ч миний үгэнд орсон. Одоо энэ эмээлийн санааг би гаргаж өгсөн юм. (зураг үзүүлэв) Модыг нь 450 мянгаар аваад жил гаран хатаалаа. Эмээлээ яг гардаж бариад найман сар нүдсэн. Зургийг нь фото студид авахуулаад хүмүүст үзүүлээд л явлаа. Зарагдахгүй нэлээд удсаны дараа Засгийн газар худалдаж авсан. Дүүгийн гар дээр 68 сая төгрөг ирээд байр савтай болж билээ. Нэг гэр бүл хамтдаа байх боломжтой болсон шүү. Мань эр тавилга сэлтээ өөрөө хийгээд сайхан төвхнөчихсөн байна билээ.
-Тэгвэл энэ “хийрхэл” танаас эхтэй ажээ. Одоо хийхээр төлөвлөсөн ажил бий юу?
-Домбоныхоо бариулыг хөдөлгөөнтэй болгохоор зорьж байна. Сая нэг эмээл дуусгалаа, одоо ахиад нэг эмээл хийхээр төлөвлөсөн. Уламжлалаас жаахан гажих санаа байна. Нэг их дэлгэрэнгүй яримааргүй байгааг ойлгоно биз дээ.
-Ариун гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгов би, ард түмний мөр түүний зүг балрахгүй зурайна гэж А.Пушкины шүлгийн мөр байдаг. Оюун санаанаас урган гарсан уран бүтээлээ хэлсэн болов уу?
-Би насны эцэст хотын захиргаанаас хааш хаашаа хоёр метр квадрат хэмжээний л газар гуйна гэж бодож байгаа. Тэр газар дээрээ хүрэл ч юм уу, гууль эсвэл нержээр нэг сайхан хөшөө босгоно. Уран бүтээлчдийн хувьд хараа хурц байх л хэрэгтэй. Миний шарилыг он цагийн эрхээр хаа нэг тийш зайлуулах ч юм уу эсвэл үр удам минь мартаж болно шүү дээ. Тэр цагт миний үр удам тийш очдог байг. Ханш нээхээр заавал шарилын газар очдог байх албагүй, тэнд очоод л үр хүүхдэдээ эцэг өвгөдийнхөө түүхийг хүүрнээд өгчихөд л болно. Тэгэхийн тулд хотын өнгө үзэмжийг нэмсэн, зуу зуун жил утга санааны хувьд хуучрахгүй тийм л хөшөө босгох хэрэгтэй. Одооноос л ямар хөшөө байж болохыг бодоод л байгаа. Өнөөгийн түүхийг өгүүлсэн хөшөө байвал болох байх. Хотын захиргаа ийм хэмжээний газрыг надаас харамлахгүй биз.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлдээ онгод, хийморьтой байх болтугай.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо “Аянчин зочид” буудлын хашаанд
Утас: 90095115, 99297068
Фэйсбүүк хаяг: Aldar Lodon
ТРАМП ТӨМӨРӨӨ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/