Дэлхийн чанар стандартаар хуш модны самар, чөмгийг ариутган савлаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Хушхан" брэндийг үүсгэн байгуулагч Д.Энх-Амгалантай ярилцлаа.
-Хушны самрыг инновац шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, үндэсний брэндээ хөгжүүлсэн түүхээс ярилцлагаа эхлүүлье. Дотоодын хэрэглээгээ хангахаас гадна хэчнээн улсад экспорт хийж байна?
-Хуш модны самрын бизнес манай улсад 1990-ээд оноос эхэлсэн. Тэр үед самрыг ястай нь, нэмүү өртөг шингээлгүй БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг байв. Уулнаас түүсэн самраа вагонд ачаад Хятад улс руу гаргадаг гэсэн үг. Гэтэл боловсруулалтгүй учир Монголын хушны самар Хятадын зах зээлд төдийлөн зарагддаггүй байсан. Манайхаас нийлүүлсэн самраа цэвэрлэж, сортолж ангилаад Европ, Хойд Америк, Өмнөд Солонгосын зах зээлд гаргадаг. Ийм байдалтай явсаар 2014 он хүрсэн. Тэр жил хуш модны самрыг боловсруулаад, нэмүү өртөг шингээгээд экспортлох сайдын тушаал гарсан юм. Манай компани уг тушаал гарсны дараа самрын бизнес рүү орсон. Хоёр жил судалсны эцэст 2016 онд анхны экспортоо хийсэн. Бид судалгаагаа эхлүүлэхдээ л Хятад улсаар дамжуулалгүй гаднын орны зах зээл рүү бие даан орохыг зорьсон юм. Ингэхдээ бизнесээ эрхэлж сурчихаад технологи, тоног төхөөрөмж, зах зээлээ эзэлсний дараа Европ руу экспорт хийхээр шийдсэн. Тиймээс өмнө нь Хятад руу нийлүүлдэг байсан зарчмаараа ажилласан. Бүтээгдэхүүнээ 2020 оноос Европ руу экспортлосон. Одоогоор БНХАУ, БНСУ, Итали, Испани, Герман, Турк гэсэн зургаан улсын зах зээлд тодорхой хэмжээний экспорт хийж байна. Турк, Герман улсад тогтмол нийлүүлдэг. Технологио сайжруулж, эргэлтийн хөрөнгөө шийдээд ирэхээр экспортлох улсын тоо нэмэгдэнэ. Тухайлбал, АНУ руу экспорт хийх боломжтой.
-Гадаад худалдаагаа өргөжүүлэхэд гарал үүсэл тодорхой, хугацаа уртасгагчгүй байх зэргээр эрүүл ахуйн шаардлага хангах ёстой. Ялангуяа Европын холбоо хатуу стандарт мөрддөг шүү дээ?
-Европын стандартад бордоогүй, хортон шавьж устгах бодис цацаагүй, үйлдвэрийн явцад химийн найрлага ашиглаагүй байхыг шаарддаг. Хилээр нэвтрүүлэхдээ чөмөгнөөс дээж авдаг юм. Тэр ч байтугай үйлдвэрийн орчинд ариутгаагүй гараар сав баглаа боодолд хүрсэн тохиолдолд лабораторийн дээжээс нян илрэх магадлалтай. Тиймээс хүний гар хүрч болохгүй, технологийн чамбай ажиллагаа шаарддаг. Манайх самрын ясаа цохиж хагалдаг тоног төхөөрөмж ашиглаж байна. Хагалах явцад чөмгийг гэмтээж болохгүй. Зүүгээр хатгах төдийд л өнгө хувирч, муудсан мэт харагдаж Европын стандартад тэнцэхгүй. Гэтэл үйлдвэрийн шат дамжлагууд чөмөг гэмтээх магадлалтай. Бид алхам тутамдаа сурч, судалж, шинэчилж, сайжруулж ирснээр технологио тогтоосон. Европ руу сард 2-3 чингэлгийг тогтмол экспортолж байна.
-Хушны самрыг эцсийн бүтээгдэхүүн болгох технологи хэр түгээмэл вэ. Самрыг яснаас нь салгах, чөмөг хатаахдаа ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?
-Сибирийн хуш мод зөвхөн Монгол, Орос улсад ургадаг.
Боловсруулах технологи нь манай улсаас гадна ОХУ, БНХАУ-д л байна.Бид технологио хоёр хөршөөсөө сурсан. Дэлхийн технологи, үйлдвэрлэлийн том компаниуд хуш модны самрыг боловсруулах тоног төхөөрөмжийг шууд үйлдвэрлэх цаг нь болоогүй, төлөвшөөгүй байна. Тоног төхөөрөмжийг хувь хүмүүс хийдэг. Энэ бизнесийг дэлхийн хэмжээнд эрхэлдэг бизнесмэн цөөхөн.
-Та Сибирийн хуш модны самар гэж тодотголоо. Бусад улс оронд ургадаггүй учраас төдийлөн судлагдаагүй биз. 2014 оноос хойш судалсан гэхээр та баримттай ярих болов уу?
-Хушны самрын идээ бие организмыг олон төрлийн өвчин эмгэгээс хамгаалах ер бусын чадвартай. Самрын идээ 60 орчим хувийн тослогтой байдаг. Орос, Хятад, Япон, Герман, Өмнөд Солонгост хуш модны самрын идээг туршиж, судалсан. Эдгээр судалгааг харьцуулаад үзэхэд вирус, бактерыг дарангуйлдаг анти оксидантын агууламж өндөр байсан. Тиймээс хүний дархлааны системийг бэхжүүлнэ. Хүний биед орлуулшгүй 19 төрлийн амино хүчлийн агууламжтай. Монголчууд омегагаа нөхөх гэж загасны тосыг капсулсан гадаадын витамин хэрэглэдэг. Гэтэл манай орны байгалийн хишиг самрын чөмгөөс дээж авч судлахад омега 3, 6, 9 багагүй хэмжээгээр илэрсэн. Мөн витамин В-гийн комплекс байгаа нь батлагдсан. Хушны самар уургийн агууламж ихтэй учраас цагаан хоолтнууд, тамирчид тогтмол идэхэд тохиромжтой. Германчууд хушны самрыг зүрхэнд сайн гэдэг. Цааш дурдвал ханаагүй өөх тос, фосфор, кальци, магнийн агууламжтай.
-Танай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс хуш модны самрын ашиг тусыг өөр өөрийнхөөрөө магтдаг байх. Ихэвчлэн ямар эерэг сэтгэгдэл хэлдэг вэ?
-Хэрэглэгчид болон ойр дотныхон “Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа болон бодисын солилцоо сайжирсан гэдэг. Албан ёсны эмнэлзүйн туршилт хийгээгүй ч ходоодны улайлт, шархлаагаа хуш модны самрын тосоор эмчилснээ олон хүн ярьсан. Өдөрт тэдэн грамм самар идэх ёстойг батлаад цаасан дээр буусан судалгааг би хараагүй. Гэхдээ манай технологичид өдөрт 100 грамм самар идэхэд хүний бие организм дурдсан амин дэмээ нөхнө гэж зөвлөдөг. Манай бүтээгдэхүүнийг анхнаас нь хэрэглэсэн өвөрмонгол найз минь бий. Хушны самарт дуртай учраас өдөр бүр зохистой хэмжээгээр идээд үсний уналтаа зогсоосон тухайгаа ярьсан. Тэр одоо хушны самрыг шүтдэг. Бид үндэсний “lhamour” брэндтэй хамтран ууж, түрхэж болдог хуйх арчилгааны бүтээгдэхүүн хөгжүүлж байна.
-Хүнсний, гоо сайхны гээд бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна. Одоогоор үйлдвэрлэж буй нэр төрлөөсөө сонирхуулна уу?
-Ястай самар, чөмгөө 10 граммаас нэг килограм хүртэлх савлагаагаар худалдаанд гаргасан. Энэ ташрамд нэг зүйлийг тайлбарлая. Байгалийн самрыг шууд савлаад үнэтэй зардаг гэсэн шүүмжлэл хааяа ирдэг. Хэрэглэгчид бол манай бүтээгдэхүүний чанар, амтыг мэднэ.
Ястай самрыг цэвэрлэх, ариутгах, чийгшил тохируулах, хатаах зэрэг арав гаруй дамжлагаар оруулсны эцэст дэлгүүрийн лангуунд очдог.Боргоцойны нахиа, хагарсан, чөмөг ялзарсан, байгальдаа хөгзрөөд хонгио болсон гэхчилэн 30 хувийн хорогдол гарна. Тэр бүрийг ялгахад хүний хөдөлмөр, цахилгаан, ус зарцуулж, зардал гардаг. Энэ бүхнийг шингээж, үнэ ханшаа тогтоосон. Үнэтэй ч хушны самрыг хүмүүс тогтмол хэрэглээсэй гэж боддог.
-Үндэсний брэнд, эрүүл мэндэд тустай учраас Цагаан сарын бэлгэнд тохиромжтой санагдлаа?
-Ахмад настан, хүүхдүүдэд самрын чөмөг, залуучуудад ястайг нь бэлэглэвэл тохиромжтой. Ахмадууд шүдний асуудлаасаа болоод самар цөмж чаддаггүй. Гэхдээ хэрэглээд дадсан хүнс учраас самарт дуртай. Хүнээр цөмүүлж идэхэд эрүүл ахуйн хувьд тохиромжгүй учир манай савласан чөмгийг худалдаж авдаг. Харин залуучуудад цөмж идэх нь кайфтай шүү дээ. Гаднын хүнд бэлэглэсэн ч болно. Амсаж үзсэн хүмүүс аятай амтыг нь гайхдаг. Сонирхуулаад хэлэхэд хушны самрыг бүх төрлийн хоол, хүнсэнд хольж хэрэглэж болно. Ааруул, жимс, чихэр, шоколадтай хоршдог сонин идээ шүү.
-Монголчуудын хувьд бараг л уламжлалт идээ болсон хушны самрыг гадаадад тансаг хэрэглээ гэж үздэг юм билээ. Намар гудамжинд худалдаалж байгаа самрыг хараад ангийнхнаа, найз нөхдөө санадаг шүү дээ?
-Америкчууд, солонгосчууд, германчууд хушны самрыг хэрэглэж сурсан. Бараг биднээс ч илүү хэрэглэдэг байх. Гадаадад байдаг монголчуудад хушны самар хамгийн том бэлэг болдог. Хэдийгээр зугаа маягаар багаасаа цөмж ирсэн ч монголчуудын хувьд цагаан идээнээс дутахгүй уламжлалт хүнс. Үндэсний хэмжээнд хушны самрыг боловсруулж, инновац шингээгээд массын хэмжээнд бизнес хийсэн нь манай компани. Яахав бага хэмжээгээр савлаж зардаг байсан. Манай бүтээгдэхүүнийг АНУ, Японд хувиараа хүргээд монголчууддаа худалддаг юм билээ. Бараг өдөртөө дуусдаг гэсэн. Гадаадад амьдардаг найз минь “Самрын бизнес эрхэлдэг найзтай байж самар идэж чадахгүй юм” гэж гомдоллодог. Би самрыг монголчуудад бурхнаас өгсөн хишиг гэж боддог. Үнэ цэнтэй, нөхөн сэргээгддэг байгалийн баялгаа хэрэглэж хэвшье гэж уриалмаар байна.
-Олон талын үр өгөөжтэй ч самар түүхэд байгаль экологи сүйддэг гэж шүүмжилж, бэртэж гэмтсэн хуш модны зураг цахим орчинд биднийг эмзэглүүлдэг. Энэ байдал хэзээ дуусах бол?
-Хуш модны самрын бизнес эрхлэгчдийн хамгийн эмзэг сэдэв. Манай салбарынхан хариуцлагатай байх ёстой. Байгаль экологид сөрөг үр дагавар гарсан. Хэтдээ ийм байдал давтагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүд ирээдүйгээ харна. Нөгөөтэйгүүр хүн л юм чинь “Байгалиа сүйтгэн байж баялгийг нь авах хэрэг байна уу” гэж бодоод тоохгүй өнгөрч чадахгүй. Бид чинь багаасаа лус савдаг хилэгнүүлж болохгүй гэсэн хатуу хүмүүжилтэй. Хуш модыг гэмтээж самар түүдгийг бизнесээ эхлүүлэхдээ хараад сэтгэл зовнисон. Зөв зохистой хэрэглэдэг болох гэж компанийхаа зардлаар Хөдөө аж ахуйн их сургууль, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран хушин ойд өвөл, намрын судалгаа хийлээ. Хушаа тоолж, хортон шавьж, сэргэн ургалтыг нь судалсан. Мунаар цохьсон гэмтэл модны насжилт, амьдрах чадварт хэрхэн нөлөөлдөг, үрийн ургах чадварыг аймаг бүрээр судаллаа. Гаднын улсын туршлагыг ч хардаг. Эцэст нь бид учраа олж, шийдлээ гаргаж төсөл боловсруулж, хэрэгжүүлээд эхэлж байна. Үүнээс цааш бид байгальтайгаа зохистой харьцана.
-Зарим жил самар бэлтгэхийг хориглодог. Хориглох нь зөв шийдэл болох уу?
-Манай салбарыг бүрэн гүйцэт мэдэхгүй хүмүүс тийм шийдвэр гаргадаг. Магадгүй хорьчихвол байгальд хохиролгүй, хуш модоо хамгаална гэдэг. Энэ бол ямар ч судалгаагүй зүгээр л бодол. Гэтэл хорих тусам байгальд хөнөөлтэй, хүмүүс гэмт хэрэгтэн болно. Учир нь хорьсон жил бүтээгдэхүүний үнэ өсөж, ашгийн зөрүү гардаг. Түүхий эдийн үнийг дагаад ханш өснө. Ашигтай болоод ирэхээр хүмүүс самрын бизнес рүү хошуурч байгалийг ямар ч хяналтгүй талхилдаг. Харин хориогүй жил байгаль орчны байцаагч, ойн ангиуд хяналтаа тавиад бүртгэлжүүлдгээрээ давуу талтай. Самар бол уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн. Төр засаг бодлогоор жаахан дэмжээд өгвөл ноолуур, махнаас дутахгүй валют оруулж ирэх салбар юм шүү.
Х.ЗАЯА