Дэлхий нийтийг аймшигт автуулж, хүмүүний нийгмийг тэр чигт нь хөл хорионд оруулсан аймшигт цар тахлын дуулиан, үр дагавар тасраагүй л байна. Хөл хорионы үед цэцэглэсэн нэг бизнес бол яах аргагүй онлайн худалдаа, түгээлт байв. Жеф Безосын “Амазон”, Жек Ма-гийн “Али Баба” зэрэг онлайн бизнесүүд хүчээ аван өргөжиж, хөл хорионд байгаа хүн төрөлхтний авралын бурхан болж байв. Аливаа муу зүйлд ч сайн тал байдгийг олж харж чаддаг гэгээн сэрэхүй, бүтээлч мэдрэхүй, бизнес сэтгэхүйтэй хүмүүс нийгмийг түүчээлэх бөлгөө. Тэдний гаргасан жим мөр зам болж, зам нь амжилтад хөтөлж хүргэх нь олонтаа. Монголын онлайн худалдаа, түгээлтийн бизнест өөрсдийн жимээ гаргасан нэгэн хамт олон бий. Тэднийг “ЖИМ” гэх бөлгөө.Цахим бөөний худалдааны “ЖИМ”дэлгүүрийн эзэн Лундаажанцангийн Алтанцэцэг.
-“Жим” гэдэг нэрийг сонгох болсон учир юу вэ. Ямар нэгэн утга бэлгэдэл байгаа байлгүй?
-“Жим” гэдэг санамсаргүй сонгож олсон үг биш, маш их бодож байж энэ нэрийг өгсөн. Нэгдүгээр утга нь “Жинхэнэ итгэмжлэгдсэн менежер” гэдэг гурван үгний товчлол. Хоёрдугаарт жингийн цувааны гаргасан жимээр гэсэн утга. Манай лого ч жингийн тэмээдийн зураг бүхий лого бий. Саад бартааг даван туулах, хэцүү бэрхийг сөрөн урагшлах жим. Өөр нэг бэлгэдэл бий. Дэлхийн тэргүүлэх баячууд, тэрбумтануудын нэр “Ж” үсгээр эхэлсэн байдаг юм билээ. “Ж” үсэг өгсөж уруудах амьдралын мөн чанар, тэгш дүүрнийг хослон илэрхийлдэг.
-Цахим худалдааны салбарт өөрийн жимийг гаргаж, манлайлагчдын нэг болсон бүсгүйн хувийн намтартай танилцаж болно биз дээ?
-Би Хөвсгөл аймагт төрж өссөн дундаж сэхээтэн айлын ганц охин. Ээж, аав хоёр минь хоёулаа багш хүн. Аав намайг багад тэнгэрт дэвшсэн. Дунд сургуульдаа амжилттай суралцаж, 16 настайдаа Улсын багшийн их сургуулийн оюутан болж байлаа. Их сургуулиа төгсөөд аймагтаа дөрвөн жил ажиллаад хот орж ирсэн дээ. Би муу багш байгаагүй. Хотод ирээд улсын тэргүүний 84-р сургуульд багшилж байгаад Баянгол дүүргийн нэгэн хувийн сургуульд уригдан ажиллаж тэндээсээ бизнесээ эхлүүлсэн. Товчхондоо бол ийм.
-Цахим худалдаа таны хувьд зорилтот бизнес байсан уу?
-Зорилтот байлгүй яахав. Олон хүнийг ажлын байртай болгоё, хямдхан чанартай бараа бүтээгдэхүүн хүмүүст танилцуулъя гэж л бодож байсан. Анх Францын гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны төлөөлөгч болж бизнесээ эхэлсэн. Нэг том дэлгүүрт нэрийн барааны лангуу нээж, найзыгаа суулгачихаад ажлаа хийгээд л явж байлаа. Нэртэй том од бүсгүйг нүүр царай болгож реклам хийлгээд овоо явсан. Гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүний бизнес гэдэг ажиллагаа ихтэй, зардал өндөртэй бизнес юм билээ. Үгүйдээ л “дүрх төрх” болж байгаа бүсгүйгээ цалинжуулахаас эхлээд реклам зар сурталчилгаа хийлгэх гэх мэт. Ингээд ахуйн, өргөн хэрэглээний бараа руу орохоор шийдсэн. Бага багаар захиалга аваад хүргэж өгөх байдлаар өөрийнхөө нүүр номоор жижиг худалдаануудыг хийдэг байсан дээрээ тулгуурлаад, айл өрхийн өдөр тутмын хэрэглээг миний онилох цэг юм байна гэж товлоод ажилдаа орсон.
-Жим.мн онлайн худалдааны сайтаа хэзээ нээсэн юм бэ. Одоогийн байдлаар хэдэн хүнийг ажлын байртай болгоод байна?
-2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн онлайн худалдааны сайтаа ажиллуулж эхэлсэн. 100 мянга гаруй дагагчтай байнгын үйл ажиллагаатай онлайн дэлгүүр боллоо. Манайх ганцхан цахимаар худалдаа, хүргэлт хийдэггүй. Улаанбаатар хотын гурван дүүрэгт салбараа нээж, бараа бүтээгдэхүүнээ өөрийн дэлгүүрүүдээр бөөний үнээр борлуулж байна. Дэлгүүр оффис, хүргэлт нийлээд 30 гаруй ажилтантай. Хэдхэн жилийн өмнө мөрөөдөж байсан олон хүнийг ажлын байртай болгохсон гэдэг хүслийнхээ зах зухаас биелүүлчихээд сууж байна.
-Би хэрэглэгчдийн өмнөөс нэг асуулт асуумаар санагдаад байна. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа онлайн бизнесүүдээс хэрэглэгчид яагаад “Жим”-ийг сонгох ёстой юм. Юугаараа давуу юм бэ?
-Манай цахим худалдаа БНХАУ-ын хоёр том үйлдвэрээс агуулах, зуучаар дамжуулалгүй шууд бүтээгдэхүүнээ хүлээж авдаг. Чанарын хувьд маш сайн ч үнэ хямдтай. Учир нь бид нэг бараа нэг юань зарчмаар ажилладаг. Харилцагч компаниуд маань ч энэ зарчмыг маань сайшаан дэмжиж “Монголчуудын нэг алдаа бараа бүтээгдэхүүнээ дөрөв, тав нугалж зарах гээд мөнгө түгжиж, цаг хугацаа алдах гээд байдаг муу талтай. Чи үүнээс өөр маркетингээр ажиллаж байгаа нь сайн хэрэг, олон эсэргүүцэлтэй тулгарах байх битгий нугараарай” гэж хэлдэг дээ. Би энэ бизнесийг эрхэлснээрээ худалдааны төвүүд, захын наймаачдын орлогыг булаагаад байгаа юм биш биз гэсэн санаа зовнил үргэлж надад байдаг.
-Олон эсэргүүцэлтэй тулна гэдэгтэй санал нийлж байна. Би энэ дээр дараа саналаа хэлж болно биз дээ?
-Тэгээрэй, надад хүн бүрийн санал чухал. Дэлгүүр дээрээ сууж байхдаа үйлчлүүлэгчдийн юу хүсээд байгааг сонсож, таалалд нь нийцүүлэхийг хичээдэг. Үйлчлүүлэгчдийн саналыг биелүүлж болох хэсгийг нь хэсэгчилж багцлаад үйлдвэрлэгч нарт илгээж санал солилцох журмаар ажиллана.
-Онлайн худалдаа цаг хугацаа, хил хязгааргүй харилцах боломжтой дэлгүүр гэхээр сайхан юм аа. Хөдөө орон нутаг руу захиалгаа хэрхэн хүргэж байна. Ирээдүйд тээвэр хүргэлт гэх мэт дэд бүтцээ, хэрхэн шийдвэрлэх гэж байна?
-Хот дотроо бол тээвэр, түгээлтээ шийдээд явж байна. Манайх харьцангуй залуу бизнес шүү дээ. Гурван жил болсон бол гурван настай хүүхэд шиг, таван жил болсон бол таван настай хүүхэд шиг гэж бизнесийг тодорхойлсон байдаг. Эрсдэл даах чадвараар нь тэгж дүгнэдэг болов уу. Хөдөө орон нутаг руу шуудангаар л голцуу бүтээгдэхүүнээ тарааж байна. Хөдөө орон нутгаас захиалга хийж байгаа хүмүүс нэг бараа шуудангаар авсан, гурван бараа шуудангаар авсан ялгаагүй таван мянгыг шууданд төлдөг болохоор нэг худалдан авалт хийхдээ хоёроос дээш захиалга хийх хандлагатай байдаг.
-Наймааны нэг зальжин арга юм биш үү, тэгвэл?
-Нэг талдаа бол бараг л тийм.
-Нэгэнт хоёулаа ирээдүй ярьсных цаашдын бизнес төлөвлөгөөг чинь сонсчихмоор байна. Энэ өргөн дэлгэр нутаг оронд амьдарч байгааг хэлэх үү, хөдөө орон нутагт салбараа нээх санаа байна уу?
-Ажлуудаа төлөвлөөд, дэс дараатай, цэгцтэй гүйцэтгээд явж байна. Яг өдийд төдийд салбараа тэр, энэ аймагт нээнэ гэж амламааргүй байна. Манай цахим худалдаатай 21 аймгаас буюу Монгол орон даяар харьцахаас гадна гадаадаас буюу Энэтхэг, Турк, ОХУ, Солонгос гэсэн дөрвөн улсаас бидэнтэй холбогдож захиалга өгч, худалдан авалт хийдэг. Одоо бид реэкспортын талаар судалгаа хийж байна.
-Монголдоо тэргүүлээд зогсохгүй гадаад руу гарахад бэлэн болчихсон байх нь?
-Яг бэлэн болчихсон ч юм байхгүй.
-Тантай ярилцаж байхдаа буянтай үйлс юм биш үү гэж бодогдоод байсан л даа?
-Өрсөлдөгчид, наймаачид, лангуу түрээслэгч гэх мэт жижиглэнгийн бараа бүтээгдэхүүний худалдаанд би олон дайсантай болж байгаа байж магадгүй. Гэхдээ! Худалдан авагч хэрэглэгч нарын хувьд, тэдний надад хэлдэг урмын үгс зоригжуулж, зөв зүйл хийж байгааг минь илтгэж байна даа. Заримдаа би ханьдаа “Хоёулаа яг зөв зүйлээ хийж байна уу” гэж хэлдэг. Зарим үед данс хасахтай гарах тохиолдол ч байна. Ажилчдын цалин, татвар хураамжаа төлөөд тэр шүү дээ.
-Иргэдийн халааснаас гарч байгаа мөнгө зах дээр очоод нэг бараа худалдан авдаг бол танайхаас хэдийг авах боломжтой вэ?
-Манайх даруй тав дахин хямд үнээр борлуулдаг. Тэр хэрээр иргэдийн мөнгө үнэд орж төгрөгийн худалдан авах чадамж манайд сайжирч байна гэсэн үг. Зах, худалдааны төвүүдээс нэгийг авах үнээр манайхаас тавыг авчихна.
-Би танд гэж хэлэхэд худалдааны төвүүд, захын наймаачдын орлогыг булаагаад байгаа юм биш биз гэсэн зовнилоосоо салаасай гэж хүсэж байна. Аливаа бизнес том нь жижгээ өрсөлдөх чадвараараа, үнэ чансаагаараа залгих тохиолдол байдаг. Зах зээлийн хууль нь тийм байх гэж бодож байна. Та бүхний гаргасан жим тань зам болж дэлхийг хэрэх болтугай. Жижиглэн худалдааны дэлхийд нэрээ дуурсгасан дараагийн Жеф Безос, Жек Ма-тай би ярилцсан ч юм билүү.
Баярлалаа танд.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24537/