“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шатны Зөвлөлдөх уулзалтын хоёр дахь өдөр Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон Нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэв.
Баялгийн санд хяналт хамгийн чухал
Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах талаар Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал Б.Баясгалан, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрхлэгч М.Алтанбагана нар илтгэл тавилаа.
Гадаад улс орнууд одоо үе болон ирээдүй, хойч үедээ хуримтлал үүсгэх, ашигт малтмалын орлогыг захиран зарцуулах баялгийн санг байгуулж байна. Манай улсын хувьд Хүний хөгжлийн санг байгуулж байсан туршлага бий. Харин өнөөдөр Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлж байна. Тухайлбал, 2023 оны улсын төсөвт төсвийн орлогын 2.7 хувийг Төсвийн тогтворжуулалтын сан, 11 орчим хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр тусгажээ. Манайх дээрх санг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр хуримтлуулж байсан туршлага байхгүй. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэддээ тэгш хүртээх заалтыг тусгасан байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгээр дээрх төвлөрүүлсэн мөнгийг нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зөв үү гэсэн асуудлаар хэлэлцүүлэг үргэлжлэв.
Нийгмийн хамгааллын салбар дээрх эх үүсвэрийг зарцуулбал нийгмийн хамгааллыг сайжруулж, салбарын ачааллыг бууруулж, урт хугацаанд үр дүнгээ өгөх эерэг талтай. Нөгөө талдаа халамж хавтгайрах, ажиллах эрмэлзлийг бууруулах сул талтайг илгэгчид онцолж байлаа. Олон улсад баялгийн сангаа хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглаж ирсэн туршлага байдаг байна. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид экпертүүдээс хэсгүүдээ төлөөлж асуулт тавьж, хариулт авч байлаа. 20 дугаар хэсгээс “Уул уурхайн орлогыг бүтээн байгуулалтад зарцуулахыг дэмжиж байна. Хэрвээ бүтээн байгуулалтад зарцуулбал зээлийг сангаас олгох уу, өөр газраас олгох уу? Хөгжлийн банкны зээл дээр цар тахлын үед хүү тооцож байснаас болоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Хүүг нь бүтээн байгуулалтын хугацаанд биш, хойшуулах боломж байгаа юу” гэсэн асуултыг оролцогчид тавив. Эксперт, Байгалийн баялгийн засаглалын менежер Н.Дорждарь “Баялгийн санг бид олон жил ярьж байна. Энэ нь хоёр хэлбэр байдаг. Уул уурхайн орлогыг хуримтлуулж хөрөнгө оруулалт хийдэг. Нөгөө нь тодорхой төсөлд санхүүжилт хийдэг.
Сан гэдэг нь цуглуулсан мөнгөө арвижуулах ёстой. Хэрвээ ямар нэг зүйлд зарцуулсан тохиолдолд цаашдаа эргэн төлөгдөх үү. Сангууд Монгол Улсдаа биш гадаадад хөрөнгө оруулалт хийдэг хэсэг бий. Нөгөө хэсэг нь дотооддоо хөрөнгө оруулалт хийдэг. Мөнгийг дотооддоо шингээх чадавхаа бодох хэрэгтэй. Баялгийн санд хяналт хамгийн чухал. Тухайлбал, Норвегийн санд хөрөнгийг хаана, хэрхэн зарцуулсан нь сайт дээрээ ил тод байршиж байдаг” хэмээн хариулав.
Мөн 25 хэсгээс Орхон аймгийн оролцогч Ц.Шугарсүрэн “Мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр яасан бэ? Их, дээд сургуулиудыг хөдөө, орон нутагт шилжүүлснээр Улаанбаатарын төвлөрөл саарах уу?” гэсэн асуулт тавилаа. Үүнд эксперт, доктор М.Алтанбагана ”Мал аж ахуйн салбарыг боловсруулах үйлдвэр Дарханд Засгийн газрын тогтоолоор хийгдэж байна. Их, дээд сургуулиудыг Засгийн газрын тогтоолоор Дархан, Орхон, Өмнөговь аймгуудад шилжүүлнэ. Улаанбаатарт хотод 10 хүн тутмын нэг нь оюутан байна. Хөдөө, орон нутгийн төгсөх ангийн хүүхдүүдийн 60 хувь нь Улаанбаатар хотод ЕБС төгсдөг. Их, дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх нь зөв. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нэг арга” гэсэн харуилтыг өгсөн юм.
Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцооны түвшин буурчээ
Нийгмийн тулгамдсан асуудлаар үргэлжилсэн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг үдээс хойших нэгдсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллав. “Аливаа улсын баялаг бол хүн. Монголын баялаг бол монгол хүн. Монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой байх, баталгаатай, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэх мэт асуудлуудад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Ажилгүйдэл, ядуурлын түвшин цар тахлын дараа нэмэгдсэн. Агаар, хөрсний бохирдол л гэхэд хот, хөдөөгүй ихэссэн. Эрүүл мэнд, боловсролын салбарт эрс шинэчлэл, өөрчлөлт хийхгүй бол доголдож байна гэж бид ярьдаг. Төсөв хэлэлцэх болгонд бид эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг авч байгаа ч гэсэн дунд, доод шатандаа хэрэгжилтэд асуудал гарч байна. Эрүүл мэндийн салбарт л гэхэд гүйцэтгэлд тулгуурлаж санхүүжилт хийж эхэлсэн. Анхан, дунд шатанд асуудал нэлээд гарч байгаа.
Бид хийж байгаа шинэчлэлээ үр дүнтэй, монгол хүндээ хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Төр засгаас авч байгаа арга хэмжээ амьдралын баталгааг хангаж чадахуйц байх асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна. Ийм учраас “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх уулзалтын нэг гол сэдэв бол “Нийгмийн тулгамдсан асуудал” сэдэв юм” гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцлов. Энэ сэдвээр Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны сургалтын зохицуулагч, доктор, профессор Н.Наранчимэг, Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Нарантулга нар илтгэл тавьж, оролцогчдод тэнцвэртэй мэдээлэл өгсөн юм.
Монгол Улс нь НҮБ-ын гэрээ, конвенцод нэгдэн орж, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомждоо хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болохыг зааж, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй хэмээн тунхагласан билээ. Гэсэн хэдий ч бодит байдалд гадаадад ажиллагчдын дийлэнх нь залуу эрэгтэйчүүд, хотод ирж суралцагчдын дийлэнх нь залуу эмэгтэйчүүд, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр, эмэгтэйчүүд улс төр, шийдвэр гаргах түвшинд томилогдон ажиллах байдал нь 30 хувьд ч хүрэхгүй, ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцооны түвшин буурсны зэрэгцээ эмэгтэйчүүдийн цалингийн дундаж эрэгтэйчүүдийнхээс доогуур хэвээр, зөрүү нь багасаагүй, ажилд авахад эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүргээр нь ялгаварлан гадуурхах явдал гарсаар байгааг доктор Н.Наранчимэг “Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд эрэгтэй, эмэгтэй тэгш байх эрхийг хэрэгжүүлэх” илтгэлдээ дурдав.
Нийгмийн өмнө тулгарч буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үзэл баримтлал, зарчмыг салбарын хуулиудад бүрэн тусгаж тууштай хэрэгжүүлэх, удирдах албан тушаал дахь эрэгтэй, эмэгтэй хүний төлөөллийн доод хувь хэмжээг тус хуульд заасны дагуу практикт хэрэгжүүлэх, бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг ашиглахыг дэмжих шаардлагатай аж. Оролцогчид “Нийгмийн даатгалын сангийн хуримтлал зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа юу, Нийгмийн даатгалын санд хэдэн удаа шалгалт хийсэн бэ, 1990 оноос өмнө ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр дорвитой нэмэгдэхгүй байна” зэргээр асуулт тавьж , хариулт авсан юм.
Ийнхүү Зөвлөлдөх уулзалтад оролцогчид судлаачдаас тэнцвэртэй мэдээлэл авч, Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудалд шийдэл хайн хэлэлцэв.
Н.ЭНХ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/