Шар тос бол монголчуудын уламжлалт идээ. Гаргаж авах, боловсруулах арга, технологи нь нутаг нутагт ондоо байдаг. Ихэвчлэн өрөмнөөс гаргаж авна. Зарим нутагт айргийг түүхий сүүгээр эсгэж бүлээд тосыг нь ялгадаг. Тос холиход хайлж буй өрөмний дээд хэсгээр ялгарсан шар тосыг халбагаар авч, зориулалтын саванд хураадаг. Түүхий сүүний айрагнаас шар тос ялгаж авахдаа хоёр шатны боловсруулалт хийнэ. Айргаа халаасан хярмаар хярамлах, эсвэл халаасан айрагтай хольж бүлээд тос загсаадаг. Загсаасан тосоо шаргааж шар тос гаргах жишээтэй. Ингэж загсаасан тос өрөмнөөс ялгаруулсан тосноос өнгө, амтаараа ялгардаг. Мөн бод, бог малын тос өөр өөр байна. Үүнээс сарлагийн сүүний шар тос амин дэмээр баялаг идээ болохыг дотоодын төдийгүй гадаадын хүнс судлаачид нэгэн дуугаар баталдаг.
Тиймээс сарлагийн сүүний шар тосыг 2015 онд “Тайм” сэтгүүлээс шалгаруулсан “Дэлхийн шилдэг 50 эрүүл хүнс” жагсаалтдаа багтаасан байдаг. Сарлаг Алтай, Хангай, Хөвсгөлийн нуруудын далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөрлөг бүс нутагт бэлчээрлэдэг. Хүйтэнд тэсвэртэй, онгон зэрлэг байгальд бэлчээрлэн 80 гаруй нэр төрлийн өвс ургамлаар идээшилдэг. Монгол орны өндөр уулсын өвсний 50 хүртэлх хувь нь эмийн ургамал болохыг судлаачид хэдийнэ баталсан билээ. Органик, өвөрмөц, ховор, үнэ цэнтэй шар тосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар ховор. Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын (Өвөрмонгол, Төвөд) нутагт 20 орчим сая толгой сарлаг бэлчээрлэж байна. Энэ бол дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн үхрийн ердөө 1.5 хувь юм. Сарлагийн үнээнээс өдөрт хоёр удаагийн саалтаар 2.5 литр сүү гардаг. Нэг тонн сүүнээс 40 орчим килограмм шар тос үйлдвэрлэж байна.
Өглөөний мэнд, шар тостой кофе минь
Насанд хүрсэн хүн хоол хүнснээсээ өдөрт дунджаар 2000 калорийн илчлэг авах ёстойг бид мэднэ. Нийт илчлэгийн 120 орчим калорийг тосны хүчил эзэлж байж тэнцвэртэй болдог аж. Насанд хүрсэн хүн хоногт 12 грамм тосны хүчлийг хүнснээс авах ёстойг хоол зүйчид зөвлөдөг. Гэтэл тэр хэмжээний тосны хүчил амны нэг халбага буюу 3-5 грамм сарлагийн шар тосонд агуулагддаг байна. Тиймээс мэргэжилтнүүд шар тосоор зохистой илчлэгээ нөхөхийг зөвлөдөг. Суурин газар амьдардаг хүмүүс цай болон кофендоо халбага шар тос хийж уух, мах, хүнсний ногоогоо хуурах, хуушуур хайрах, арвайн гурил зуурах, гамбир хийх зэргээр хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд ач тустай.
Монголд үйлдвэрлэв
Хүнсний аюулгүй байдал, эрүүл хооллолтыг эрхэмлэгчид гарал үүсэл нь тодорхой, органик бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хадгалалт, тээвэрлэлтийн стандарт эргэлзээтэй хүнснээс илүүтэй үндэсний үйлдвэрлэлээ дэмжих болсон. Дархлааг төгс дэмжигч эрүүл хүнс сарлагийн шар тосыг орчин үеийн хэрэглээнд тохируулан үйлдвэрлэж эхэлжээ. “Глобал Номадик Продактс” компанийн бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүн ховор. Монгол түмний үндэсний баяр Цагаан сар хаяанд ирж, айл өрхүүд уламжлалт идээ ундаагаа базааж буй энэ үед “Глобал Номадик Продактс” компанийн “Сарлаг” брэнд эрэлттэй байна.
Архангай аймгийн Хангай, Цахир, Тариат суманд байрлах гурван үйлдвэртээ 200 гаруй малчин өрхөөс 6-8 тонн сүүг зах зээлийн үнээр худалдан авдаг аж. Стандартад нийцсэн үйлдвэрт, тусгай технологиор боловсруулан олон улсын чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангасан шар тос үйлдвэрлэн, дотоод, гадаадын зах зээлд борлуулж байна. “Глобал Номадик Продактс” компанийн шар тос ямар нэгэн хольцгүй гэдгээрээ онцлог, хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. “Сарлаг” нэр төрлийн бүтээгдэхүүн транс тос агуулаагүй, генийн өөрчлөлтгүй, нэмэлт хадгалагч, нөөшлөгч бодис агуулаагүй, олон улсын “Paleo foundation” байгууллагаар баталгаажсан KETO, PALEO гэрчилгээтэй Монголын цор ганц бүтээгдэхүүн юм.
Үхрийн сүүний шар тостой харьцуулбал, фосфор, кальц, витамин А, D, E, холестрол, байгалийн антиоксидант, омега 3,6,9, ханасан болон ханаагүй тосны хүчил 4-10 дахин их хэмжээгээр агуулдаг ер бусын хүнс. Түүнчлэн сарлагийн шар тос нь эрдэс бодис, шим тэжээл, өөх тос, чухал витаминууд, хүний биед үл орлогдох болон орлогдох ханаагүй тосны хүчил, ханасан тосны хүчлүүдийг тэнцвэртэй агуулдаг. Эдгээр эрдэс бодис, төрөл бүрийн тосны хүчлүүдийн үйлчилгээ нь хүний биеийн үндсэн бүтэц, хэвийн үйл ажиллагааг бүрэн хангадаг, дархлааг төгс дэмжигч эрүүл хүнс юм. Тиймээс идээний дээжээрээ дайлж, эдийн дээдээ өргөн барьдаг Сар шинийн баярын зөв зүйтэй сонголт. Ахмад настан, азай буурлуудтайгаа “Сарлаг” шар тос барин золгоорой.
“Шар алт”-ны ач тус
Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлдэг
Сарлагийн шар тосны найрлагад хүний биед үл орлогдох ханаагүй тосны линолийн хүчил (омега-3,6), их хэмжээгээр агуулагддаг. Мөн олейны хүчил (Омега-9), А2/А2 казейн нь тархины үйл ажиллагаа, ой тогтоолтыг сайжруулж, тогтворжуулах, судасны хатуурлаас урьдчилан сэргийлж уян хатан байдлыг дэмждэг. Иймд өдөр бүр шар тос хэрэглэвэл эрт зөнөх Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Хавдар, үрэвслийг дарангуйлдаг
Шар тосонд агуулагдах хүчтэй антиоксидантууд хэт эсэлдэлтийг бууруулж, үрэвсэл, хавдрын эсрэг үйлчилгээтэй. Мөн ханаагүй тосны хүчлүүд нь ходоод, гэдсэнд үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Шарх үүсэх эрсдэлийг бууруулдаг байна. Үрэвсэл шарх, хавдрын үндэс суурь болдог учраас ходоод, гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвслээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор шар тосыг тодорхой горимоор хүнсэнд хэрэглэж заншихыг эмч нар зөвлөдөг.
Зүрх, судасны өвчний эрсдэлийг бууруулна
Стеарины хүчил ялангуяа холбосон линолийн хүчил шар тосонд агуулагддаг. Эдгээр хүчил нь зүрхний үйл ажиллагааг дэмжих, судасны уян хатан чанарыг хангах үүрэгтэй. Иймд шар тос тогтмол хэрэглэвэл зүрх, судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулна. Хүний бие дэх нян бактерийг устгадаг тул зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
Дархлаа сайжруулагч
Шар тосонд агуулагдах омега-6 тосны хүчил, мөн фенол антиоксидант нь дархлааны урвалыг зохицуулах, дархлааны системийг сайжруулах үйлчилгээтэй.
Чихрийн шижин тусахгүй
Сарлагийн сүүний шар тос ханаагүй болон ханасан тосны хүчлүүдийг тэнцвэртэй агуулдаг. Эдгээр хүчил болон шим тэжээл, эрдэс бодис хүний биен дэх илүүдэл инсулинийг хянах, цусны глюкозыг гадагшлуулж инсулины хэмжээг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Зарим хоол, тэжээлийн мэргэжилтэн, эрүүл мэндийн судлаачид шар тос бол чихрийн шижнийг дарах эм гэж үздэг.
Хоол боловсруулах системийг сайжруулна
Хоол боловсруулах систем, шингээх үйл явцыг шар тос сайжруулдаг. Шар тосонд их хэмжээгээр агуулагддаг бутир зэрэг тосны хүчлүүд хоол боловсруулах шүүрлийг өдөөж, ходоод гэдсэн дэх нян бактерийг устгаж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг байна.
Ясны сийрэгжилтийг багасгаж, нөхөн үржихүйн эрүүл мэндэд тустай
Линолийн хүчил, омега-3, 6 ясны эд, эсийн солилцоонд нөлөөлдөг. Тиймээс эдгээр хүчлийг агуулдаг шар тос араг ясны нягтралыг хамгаалах, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг байна. Мөн цэвэршилтийн үеийн хам шинж, үтрээний хуурайшилтын эмчилгээнд ач холбогдолтой. Өндгөвчний үйл ажиллагааг дэмжиж дааврын ялгаралт болон нийлэгжилтийн үйл ажиллагаанд оролцдог аж.
Шар тос харшил үүсгэхгүй
Биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Шар тос маш өндөр температурт буюу Цельсийн 250/ Франгейтийн 480 хэмд халдаг учир сүүнээс шар тосыг дулааны аргаар үйлдвэрлэх, боловсруулах үед урвалд орохдоо элдэв хортой бодис үүсгэдэггүй. Дулааны боловсруулалтын явцад шар тосон дахь сүүний хатуулаг, хорт бодис, холестрин устдаг. Иймээс шар тосыг хэрэглэснээр хүнд ямар нэг харшил үүсэхгүйгээс гадна, архи, тамхи, бодисоор хордсон тохиолдолд хүний биеийг хоргүйжүүлэн эрүүлжүүлэх үйлчилгээтэй.
Өнгөлөг арьстай болгож, нүдний хараа сайжруулна
Уламжлалт анагаах ухаанд шар тос дархлаа, бодисын солилцоо, хоол боловсруулах системийг дэмжих, хүний биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэйг тайлбарласан байдаг. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг. Тэгвэл шар тосыг тодорхой жороор тогтмол хэрэглэснээр арьс гэрэлтэж өнгөлөг, зөөлөн,толигор болно. Шар тос цусны болон нүдний даралтыг бууруулдаг. Учир нь, шар тосонд ихээр агуулагддаг А амин дэм нүдний харааг сайжруулдаг билээ.
Жин хасахад тусална
Шар тосонд агуулагдах ханаагүй зарим хүчил нь бодисын солилцоог түргэсгэхээс гадна хүний биеийн илүүдэл өөхийг шатаадаг. Ялангуяа хэвлийн хэсгийн өөхийг хайлуулж жингээ хасахад тусална.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/