Сонгодог урлагийн өлгий нутагт гялалзсан монгол од


Европын театруудын чимэг болсон А.Аданы “Жизель” балетыг Монголд анх удаа эх тавилтаар нь үзэгчдэд толилуулахаар зэхжээ. Аймшигтай хууртагдаж энэ хорвоогоос одсон ч хайртай залуугаа аврах гэж тэмцдэг сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай гол дүрийг П.Чайковскийн нэрэмжит Пермь хотын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тэргүүн гоцлооч Р.Булган “амьдруулна”. Тэр бол Монголын балетын урлагийн түүхэнд анхны гэх тодотголтой олон үйл явдлын эзэн. 

Олон улсын хамгийн сорилттой тэмцээнүүдийн нэг “Арабеск 2018”-д туршлагатай гоцлоочидтой өрсөлдөж, 18 насандаа мөнгөн медаль хүртсэн, сонгодог урлагийн нэгэн том өлгий болсон Оросын академик театрт ажиллаж буй Монголын анхны эмэгтэй балетчин юм. Рэнцэндоржийн Булган бол Пермийн Хореографын сургуулийн төгсөгч. Домог болсон Галина Уланова, Майя Плисецкая, Ульяна Лопаткина нарын эх оронд гялалзсан монгол од. Сонгодог урлаг тэр дундаа балетыг нэрийн хуудсаа болгосон Оросын театрууд гадаадын бүжигчнийг тэргүүн гоцлоочоо болгосон түүх тун ховор. 

Харин Р.Булган төгсөлтийн шалгалтынхаа дараа Пермийн театрт гурван үзэгдэлт балетын гол дүрийг бүтээжээ. Бас ховор тохиол. Анир чимээгүй танхимд тоглолт намуухан жаргахад хуран цугласан олны нижигнэсэн алга ташилт нүргэлэн цуурайтаж, баглаа цэцэг тайз дүүрэн алаглаад гагцхүү цэцгэн далайд умбах хунгийн дэвэлт цайран харагдах нь гайхалтай. Дэлхийн бүжигчдийн ур чадварыг тодорхойлдог “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээнэ гэдэг бүжигчдийн бахархал. “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Цөмөөхэй”, бол П.Чайковскийн гурван оргил бүтээл. Гоцлоочийн гараагаа “Хунт нуур” гэсэн алдартай балетаар эхлүүлэх болсондоо Булган түгшиж байв.


Тоглолтын өмнөх үдэш сэтгэл догдолж нойр нь хүрсэнгүй. Тайзан дээр гарахын өмнө сэтгэл хөдлөл, баяр хөөр давхцаж байлаа. Тоглолт дуусаж үзэгчид суудлаасаа босон баяр хүргэхэд сая л тайвшрав. Дэлхийн хоёрдугаар дайны үед Санкт-Петербург, Москва хотын урлагийн сургууль, хөгжим, бүжгийн коллеж болон Их театрын уран бүтээлчдийг Пермьд нүүлгэн шилжүүлсэн учир тус хотынхон сонгодог урлагийг дээдэлдэг. Нээлтийн тоглолт болоод ч тэрүү үзэгчид тасралтгүй баяр хүргэн хөшиг дахин нээгдэж, уран бүтээлчид хоёр дахиа ёсолсны дараа ч алга ташилт цуурайтсаар.

 Бүжигчний гараагаа дөнгөж эхлүүлсэн 18 настай охинд үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж төржээ. Мэргэжилтнүүд, үзэгчдийн дүгнэснээр Булган шинэхэн төгсөгч гэхэд театрын тайзнаа бүрэн бэлтгэгдсэн байв. Тэрбээр бүтээх дүрээ нямбай судална. Тухайн үеийг харуулсан кино үзэж, ном уншиж, музей үзнэ. Булган Их театрын тэргүүн гоцлооч асан Наталья Осиповаг балчир охин байхаасаа шүтэн биширчээ. Осипова бол дэлхийн супер оддын нэг. Азтай тохиолоор Пермийн академик театрт 2017 онд урилгаар ажиллажээ. Пермьд байх хугацаандаа Хореографын сургуулийн таван сурагчид мастер класс орохоор болов. Сургуулийнхаа шилдэг таван сурагчийн нэгд багтаж, бишрэн шүтдэг бүжигчнээрээ хичээл заалгасандаа Булган баяртай явдаг. 

Наталья Осиповагаар алдаагаа шүүлгэнэ гэдэг олдохгүй боломж. Их театрын Ольга Смирнова гайхалтай бүжигчин ч тэмцээн уралдаанд тэр бүр оролцдоггүй. Түүний нэгэн адил Булган тэмцээн хэссэн бүжигчин биш ур чадвартай гоцлооч байхыг илүүд үздэг. Мэдээж мэргэжлийн бүжигчний хувьд “балетын олимп” гэгддэг Варнагийн олон улсын тэмцээнд оролцож ур чадвараа сорихыг хүсдэг аж. А.Аданы Жизель охин бол түүний мөрөөдөл. Гэнэн цайлган, уяхан, хайртай хүнийхээ төлөө үхэж чаддаг Жизелийн дүр бүжигчнээс мэргэжлийн ур чадвар, уран жүжиглэлт шаарддаг.

Энэ дүр романтик, гуниг гээд сэтгэлийн бүх хөдөлгөөнийг гаргадгаараа онцлогтой. Балетын хоёр акт бодит болон хийсвэр ертөнцөд өрнөдөг. Дэлхийн сонгодог бүтээл “Жизель” балет Монголын тайзнаа тэртээ 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд “мэндэлсэн” билээ. Ингэхдээ ЗХУ-ын Ардын жүжигчин Флора Кайданийн хувилбараар дэглэсэн байдаг. “Жизель” бол түүний Монголын театрт бүтээсэн анхны дүр биш. Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай “Цөмөөхэй”-д хамтран бүжиглэж байжээ. Пермийн театрт “Цөмөөхэй” балетын драматический, сонгодог хувилбарт гоцолдог ч “Монголын минь театр шүү” гэж бодохоор сэтгэлд нь дотно, дулаахан мэдрэмж төрж байсан гэдэг.

“МОНГОЛ ОХИН” ГЭЖ ДУУДУУЛАХДАА АЗ ЖАРГАЛ МЭДЭРДЭГ

-Пермийн хореографын сургуульд суралцах боломж тэр бүр хүнд тохиохгүй. Орост төдийгүй дэлхийд алдартай энэ сургуулийг Монголын шилдэг балетчид төгссөн. Тиймээс багш нар болон сургуулийн захиргаанаас монгол оюутнуудад ам сайтай байдаг уу?

-Балетын бүжигчин болоход ээж минь нөлөөлсөн. Долоон настайд минь Хөгжим, бүжгийн коллежийн балетын ангид шалгуулсан боловч нас бага гээд элсүүлээгүй юм. Тэгээд Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшийн удирдлагад гурван жил хичээллэж, балетын гараагаа эхлүүлсэн. Тухайн үед багш маань Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетмейстер байлаа. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Ганчимэг багштайгаа хичээллэж эхэлсэн. Арван настайд Пермь хотын Хореографын сургуулийн багш нар Монголоос элсэлт авахаар ирсэн юм. Шалгаруулалтад тэнцэж найман жил суралцан төгссөн. 

Манай сургууль сонгодог балетын дэгээрээ дэлхийд алдартай учраас гадаадын оюутан олноор суралцдаг. Дайны үед 1941 онд Марийнский театр, Оросын анхны гэгддэг Санкт-Петербургийн Хореографын сургуулийг /Вагановагийн нэрэмжит Оросын балетын академи/ Пермьд нүүлгэн шилжүүлж манай сургуулийг байгуулсан. Пермиэс төрсөн, одоо АНУ-д багшилдаг У.Бат-Эрдэнэ ах надад мэргэжлийн зөвлөгөө өгч, сэтгэл санаагаар дэмждэг. Сэтгэл санааны дэм бидний хувьд их чухал.

-Хүүхэд наснаасаа амьдар­сан учраас Пермь хот танд дотно байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Сургуулиа төгсөхдөө Оросын гурван театраас гоцлол бүжигчнээр ажиллах урилга авсан. Пермийн театраас гадна Екатеринбург (хуучнаар Свердловск) хотын Дуурь, бүжгийн эрдмийн театр, Н.Касаткины нэрэмжит Москвагийн сонгодог балетын театрын төлөөлөгчид надтай уулзсан юм. “Арабеск 2018” олон улсын уралдааны дараа Пермь хотынхоо Дуурь, бүжгийн эрдмийн театрыг сонгосон доо.

-Ер нь дэлхийд гайхагдсан балетын бүжигчин болоход ур чадвар чухал уу эсвэл тэвчээр үү?

-Балетыг хатуужлын урлаг гэдэг. Тэвчээртэй бүжигчид л амжилт гаргах нь элбэг. Гэхдээ хэтэрхий хичээж, сургуулилалтаа махран хийснээр гайхалтай бүжигчин болохгүй. Балетыг тархиараа бүжиглэдэг. Ямар хөдөлгөөнийг яаж хийхээ оюун бодолдоо удаан эргэцүүлж, бүжиглэхийг хичээдэг. Хэн нэгнийг дуурайж бүжиглэх дургүй. Хамгийн гол нь нас ахисан ч сэтгэлийн галаа мөхөөхгүй байх нь чухал.


-Оросын балетчид Их театрт бүжиглэж энэ том тайзаар овоглохыг мөрөөддөг. Танд тийм нууцхан хүсэл байдаг уу?

-Их теарт 2018 онд болсон Оросын балетын шилдэг найман академийн тоглолтод сургуулиа төлөөлж оролцож байлаа. Мөрөөдөл болсон Их театрын тайзнаа бүжиглэснээрээ бахархдаг. Эрмэлзэлтэй, мэрийлттэй байхад зорилгодоо хүрнэ.

-Дуурийн дуучдын хувьд залуудаа Ж.Верди, арай нас тогтоод хоолойны өнгө өтгөрөөд ирэхээр Ж.Пуччиний дуурьт дуулах нь түгээмэл. Үүнтэй адил балетчдад бүжиглэх үе гэж байдаг уу?

-Балетын бүжигчний карьерын оргил үе хэдхэн жилээр хэмжигддэг. Бидний хувьд 35 нас гэдэг бол “Бүжигчний замналаа дуусгах цаг ойртсон шүү” гэсэнтэй адил. Залуу насандаа л бүгдийг амжуулж, боломж бүрийг алдалгүй шүүрэхийг шаарддаггаараа балет онцгой урлаг. Заримдаа өөрийгөө хурцалж, дайчлаад байхад амжихгүй байх шиг санагддаг. Кино, зар сурталчилгаанд тоглооч гэсэн урилга ирдэг ч хором мөч бүрээ балетад зориулахыг хүсдэг. 

Нэг түвшиндээ гацахгүй байх хэрэгтэй. Тиймээс тоглолтоос тоглолтод ахиж, дэвжихийг хичээж байна. Орь залуу насандаа л хамгийн хүнд, биеийн эрч хүч шаардсан балетуудад гоцолдог. Харин нас яваад ирэхээр бүжиглэлт багатай тайзан дээр алхдаг дүрд бүжиглэх нь элбэг. Ихэнх тэргүүн гоцлооч карьерынхаа төгсгөлд ийм дүр бүтээхээс татгалздаг. Аймшигтай мэдрэмж шүү дээ. Бүжигчний замналаа дуусгаад багшлах, кинонд тоглох зэргээр урлагийн бусад салбарт хүч үзэх нь ч бий. Надад одоохондоо тийм хэтийн төлөвлөгөө байхгүй. Холын зорилго тавьчихаар одоо цагаасаа хөндийрөөд байх шиг санагддаг.

-Балетын эмэгтэй бүжигчдийн өрсөлдөөнийг ширүүн гэцгээдэг. Залуухан монгол бүжигчнийг хамт олон нь хэрхэн угтсан бэ?

-Өрсөлдөөн байлгүй яах вэ. Гэхдээ би хэн нэгэнтэй өрсөлдөхөд ач холбогдол өгдөггүй учраас бусдын хандлагыг анзааралгүй өнгөрөөдөг. Сурагч байхаасаа “Миний өрсөлдөгч бол би” гэсэн зарчим баримталсан. Өөрийгөө ялж байж л амжилтад хүрнэ. Хэн нэгэнтэй өрсөлдөж, бусдаас илүү гарч, өөртөө сэтгэл ханаж зогсонги байдалд орно гэдэг харамсалтай шүү дээ.

-Эх орныхоо нэрийг зарлуулж бүжиглэхдээ омогшдог уу?

-Би Пермийн театрынхантай Хятад, Ирландын театр, Францын Версалийн ордонд хар, цагаан хунгийн дүрийг бүтээсэн. Бахрейны гүнжийн урилгаар тус улсад аялан тоглолт хийхэд мөн л “Хунт нуур” балетдаа бүжиглэлээ. Улс орны тайз бүр ондоо, давтагдашгүй байдаг. Тэр бүрд “Монголын бүжигчин” гэж дуудуулахад сэтгэлийн гал асдаг. Би аялан тоглолтоор явах, бэлтгэлийн үеэр “Монголия” гэсэн бичигтэй цамцаа өмсөж, “монгол охин” гэж дуудуулахдаа аз жаргал мэдэрдэг. Ер нь бол гаднын театрт ажилладаг учраас найруулагчийнхаа хараанд өртөх, боломж бүрийг алдалгүй соргог байхыг хичээдэг. 

Би Берлинд төрсөн. Аав, ээж минь намайг бүжигчин болгох гэж бүхнээ зориулсан. Аравхан настай охиноо хүний нутагт сургуульд үдэхдээ аав, ээж минь дотроо хэчнээн их шаналсан бол. Таньдаг хүнгүй харийн хотод охин минь “Ганцаардах вий, өвдөж зовох вий” гэж эмтэрч байсныг би одоо л ойлгож байна. Тиймээс тэднийхээ бахархалт охин нь байж, эх орныхоо нэрийг дэлхийн олон тайзнаа дуудуулахыг хүсдэг.

Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24522/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… Өчигдөр
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ Өчигдөр
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна Өчигдөр
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн Өчигдөр
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… 2024/12/25
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… 2024/12/25
Шатрын шинэ хаан 2024/12/25
Хийморийн дарцаг хатгахад сайн 2024/12/25
Улаанбаатарт 17 хэм хүйтэн 2024/12/25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23