А.Энхжин: Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлсэн ч Монголбанк оролцоотой хэвээр байна


Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

 

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаа он гарснаар дуусгавар болсон. Зээлийн эргэн төлөлт хэвийн байдалд шилжсэн үү?

-2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу Монголбанк, Монголын ипотекийн корпорац /МИК/ болон арилжааны банк хамтран ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг нийт таван удаа хойшлуулсан. Энэ шийдвэрт нийтдээ 63 мянган зээлдэгч хамрагдсан. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2023 оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан эдгээр 63 мянган зээлдэгчид зээлийнхээ эргэн төлөлтийг банктай байгуулсан гэрээ, тохирсон хуваарийнхаа дагуу төлж эхэлсэн. Хэвийн үед ойролцоогоор сард 40 орчим тэрбум төгрөгийн ипотекийн эргэн төлөлт хийгддэг байсан. Зээл хэвийн төлөгдөөд эхлэхээр энэ хэмжээгээр ипотекийн зээлийг цааш нь үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэж ойлгож болно. 

Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 2021 онд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг 13 мянга орчим зээлдэгчид олгож байсан бол 2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг найман мянга орчим зээлдэгчид олгоод байна. Түүнчлэн УИХ-аас 2023 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан бөгөөд үүний дагуу 2023 оны эхний хагаст багтааж ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс цаашид энэ хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх талаар Засгийн газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, оны эхний зургаан сарын турш сар бүрийн эргэн төлөлт болох 40 орчим тэрбум төгрөгийн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Харин 2023 оны хоёрдугаар хагаст санхүүжилтийн хэмжээг бууруулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэх, улмаар Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх тухай боломжит хувилбаруудыг бид ярилцаж байна.

-Шинээр ипотекийн зээл олголт хамгийн багадаа сар, ихдээ хэдэн сараар хүлээгдэж байсан. Цаашид энэ хугацааг багасгах боломжтой юу, ямар нэгэн шийдэл бий юү?

-Иргэдээ орон сууцжуулах ажлыг Монголбанк, МИК-тай хамтран хэрэгжүүлж ирсэн. Бид ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээд олон сорилт тулгарсан, даваад гарсан. Үүнээс үзэхэд бидний хэрэгжүүлж буй энэ зээлийн хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой юм байна гэдэг нь харагддаг. Тухайлбал, нийт олгосон зээлээс чанаргүй ангилалд багтах нь нэг хүрэхгүй хувьтай байна. Анхаарал хандуулах шаардлагатай буюу хугацаа хэтэрсэн зээл 1-2 орчим хувьтай. Энэ бол хөтөлбөрт оролцогч талууд ажлаа зөв зүйтэй хийж байна, хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой гэдэг нь харагдана. Шинээр ипотекийн зээл олголт хэзээнээсээ л эрэлттэй байсан. Анх 2013 оноос энэ зээлийг олгож эхлэхэд л хүлээгдэл үүсдэг байсан. Зарим банканд хамгийн ихдээ зургаа орчим сараар хүлээгдэж байгаа тал бий. Цаашид ийм байдлыг өөрчлөх тал дээр бид ажиллаж байна. 

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг ирэх долдугаар сарын 1 гэхэд Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Энэ ажил одоо ямар шатандаа үргэлжилж байна вэ. Аль яам цаашид ипотекийн зээлийг хариуцаж ажиллах нь тодорхой болсон уу?

-УИХ 2018 онд Төвбанкны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монголбанк төсвийн шинж чанартай арга хэмжээнд оролцохгүй байх нь зөв юм байна гэж үзсэн. Бидний зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр Сангийн яамтай гэрээ байгуулаад бэлтгэл ажилдаа орсон байсан. Гэвч дэлхий дахинд цар тахал гарсан, эдийн засагт өндөр эрсдэл үүссэн үед хөтөлбөрөө цаашид тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй юм байна гэж УИХ-аас үзсэнээр бие даасан Ковидын хуулийг батлан хэрэгжүүлж байсан. 2023 он гарснаар энэ хуулийн үйлчлэлийг зогсоосон учраас ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Бидний зорьж байгаа зүйл бол УИХ-аас баталсан тогтоолд дурдсаны дагуу 2023 оны долдугаар сарын 1-нээс Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ сүүлийн арван жилд хэрэгжүүлээд ирчихсэн ололт амжилтаа цаашид тогтвортой үргэлжлүүлээд явъя гэж байгаа юм. 

Санхүүжилтийн механизмаа хэвээр нь хадгалах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Нөгөө талдаа Монголбанкны баланс дээр 2.6 их наяд төгрөгийн МИК-ын гаргасан бонд, дээр нь банкуудад олгосон үнэт цаасжаагүй байгаа 900 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа. Тэгэхээр манай балансад нийтдээ 3.5-3.7 их наяд төгрөгийн эргэлтийн багц үүсчихээд байгаа юм. Энэ багцын эргэн төлөлтөд жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 100 орчим тэрбум төгрөгийн хүүгийн орлого орж ирдэг. Тиймээс Монголбанк энэ хөрөнгөө Засгийн газарт шилжүүлчихвэл үүнийг цааш нь эргэлдүүлээд Засгийн газар сайн хичээвэл жилдээ 400 орчим тэрбум төгрөгийн эх үүвэр гаргаад байх боломжтой. Дээр нь улсын төсөв жилд 20 их наяд төгрөгийн зардал гаргадаг болчихлоо шүү дээ. Энэ доторх 200-300 их наяд төгрөгийг зохицуулж болох байх. Цаашдаа эдийн засгийн нөхцөл байдал сайн байвал төсөвтөө тусгайлсан эх үүсвэр нэмээд нийлбэр дүн болох 500-600 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаад байхад жилдээ 6-7 мянган өрхийг орон сууцжуулаад, гэр хорооллыг барилгажуулах ажлыг амжилттай үргэлжлүүлэх боломжтой гэж харж байна. Үүний дагуу Монголбанк, МИК, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам хамтраад ажлын хэсэг байгуулсан, бэлтгэл ажлаа хийгээд явж байна. 

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг долдугаар сарын 1-нээс Засгийн газар хэрэгжүүлээд эхлэхээр өнөөдрийн гаргаж буй эх үүсвэрт өөрчлөлт орох уу. Ер нь зээлийн журамд өөрчлөлт орох эсэхэд тайлбар өгнө үү?

-Монголбанкны хэрэг­жүүлж байсан ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжлээ гэхэд одоо гаргаж буй санхүүжилтийн хэмжээнд өөрчлөлт орохгүй буюу бууруулахгүй. Зээлийн журамд нэмэлтээр ямар нэгэн, нэмэлт шаардлага оруулахгүй байх талаас нь ажиллаж байна. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд 180-190 мянга орчим өрх орон сууцгүй байна. Орон сууцанд орох хүсэлтэй иргэн мэдээж маш олон бий. Зургаан хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоод байгаа нь угаасаа зах зээлийн нөхцөлөөс доор байгаа учраас ажил, орлоготой иргэн бүр л энэ зээлийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байдаг. Мэдээж эх үүсвэр хязгаарлагдмал учраас бид бүх хүсэлтийг хангах боломжгүй шүү дээ. 

-Ипотекийн зээлийн хөтөл­бөрийг Засгийн газарт шилжүүлчихээр Монголбанк оролцоогүй болно гэсэн үг үү. Энэ зээлийн хөтөлбөрт танай банк цаашид ямар байдлаар оролцох вэ?

-Төв банк эх үүсвэр гаргадгаа болиод Засгийн газарт шилжүүлчихээр огт оролцоогүй болчих юм биш. Нэгэнт санхүүгийн зах зээлийн 90 хувийг банкууд эзэлж байгаа учраас Монголбанк оролцоогүй байх боломжгүй. Банкны зохицуулагч байгууллага гэдэг утгаараа Төв банк хяналтаа тавьсаар л байх болно. Товчхондоо, Монголбанк санхүүжилтийн үүргээ Засгийн газарт шилжүүлсэн ч ипотекийн зах зээлд орон сууцны зээлтэй холбоотой асуудалд оролцоод л явна. Засгийн газартай хамтраад явна гэж ойлгож болно.

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг Зээлийн батлан даалтын сангаас даахаар болсон. Энэ тухайд одоогоор хэчнээн банк оролцоотой байна вэ, албан ёсны гэрээ хийсэн үү?

-Урьдчилгаа төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулах тухайд олон төрлийн санал, хүсэлт ирдэг. Үүний дагуу бид олон талаас нь судалгаа хийгээд явж байна. Эхний ээлжид бид даатгалын болон батлан даалтын механизмыг оруулах талаар сүүлийн жил гаруйн хугацаанд ярилцаж байгаад эхнээсээ шийдэлд хүрч эхэлсэн. Тодруулбал, Зээлийн батлан даалтын сангаас арилжааны банкуудтай батлан даалтын гэрээ байгуулаад эхэлсэн. Одоогоор хоёр банк албан ёсоор гэрээгээ байгуулсан. 

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргах боломж бүрдсэн гэсэн үг. Батлан даалтыг бол Засгийн газрын бодлогын хүрээнд ч тэр, Төв банкнаас ч зөв зүйтэй гэж хараад байгаа. Ингэхдээ батлан даалтыг Улаанбаатар хотод гэхээсээ илүүтэй орон нутагт ипотекийн зээл авч байгаа, нийслэлээс орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдэд түлхүү олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Тухайлбал, орон нутагт очиж суурьшаад орон сууцны зээлд хамрагдах гэж байгаа бол зээлийн хүүг гурван хувь байхаар Засгийн газраас шийдвэр гаргасан. Тиймээс энэ шийдвэртэй уялдуулан урьдчилгаа төлбөрийн батлан даалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиар үүргийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж болно гэсэн хуультай. Тэгэхээр урьдчилгаа 30 хувийн 60 гэхээр 18 хуьд нь батлан даалт гаргаад иргэд тухайн зээлийнхээ үнийн дүнгийн 12 хувийг бүрдүүлснээр орон сууцтай болох боломж бүрдэж байна гэсэн үг. 

-Урьдчилгаа төлбөрийн хэчнээн хувьд батлан даалт гаргах тухайд Монголбанк ямар нэгэн оролцоо байх уу. Бүх банк 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах боломжтой юу?

-Зээлийн батлан даалтын харилцаанд Монголбанк шууд оролцох боломжгүй байдаг. Учир нь Зээлийн батлан даалтын сан бол хуулийн этгээд, бие даасан хуультай байгууллага бий шүү дээ. Тиймээс энэ байгууллага банктайгаа хамтраад гэрээгээ байгуулаад хэрэгжүүлээд явна гэсэн үг. Төв банкны зүгээс батлан даалт байх нь зүйтэй. Гэхдээ энэ шийдлийг орон нутагт түлхүү хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж хараад байгаа юм. Зээлийн хэчнээн хувьд батлан гаргах зэргийг арилжааны банк Зээлийн батлан даалтын сан хоорондын харилцааны асуудал учраас бид нарийвчлан хэлж мэдэхгүй.

-Энэ жилээс орон нутагт гурван хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Зээлийн журам нь батлагдсан уу. Ямар нөхцөл, шаардлагыг тусгаж байгаа вэ. Энэ зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гэж байдаг. Энэхүү журамд 2022 оны аравдугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт оруулаад өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамдаа тусгаж өгсөн. Түүнчлэн 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд гурван жилийн хугацаанд гурван хувийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн. Энэ дагуу Сангийн яамнаас холбогдох гэрээ, төслийг банкууд, Зээлийн батлан даалтын сан болон Монголбанканд хүргүүлэн холбогдох саналуудыг аваад байгаа. Тиймээс энэхүү арга хэмжээ ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө