Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттайгаар 2017 онд үүд хаалгаа нээсэн “Оюут” бага сургуулийн захирал Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Өнөөдрийг таван жилийн өмнөхтэй харьцуулахад танай сургуулийн үйл ажиллагаа хэрхэн өргөжив?
-Бид огцом биш. Харин зогсохгүй бага, багаар урагшлах зарчим баримталдаг. Тиймээс жилээс жилд сурагчдын тоо нэмэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ хичээлийн жилд таван бүлгийн 120 сурагч, үндсэн долоо, цагийн 4-5 багштайгаар үйл ажиллагаа явууллаа. Анх байгуулсан жилээ 45 хүүхэдтэй хичээллэж байсан. Боловсролын газрынхан “Хувийн сургуулиудын сурагчдын тоо буурч байхад танайх өсөж буй нь сургалтын чанар сайтайг харуулж байна” гэсэн нь бидэнд урам өгсөн. Бид сурагчдын тооноос илүү чанарт анхаардаг. Тиймээс орчин нөхцөл таатай сайхан биш байсан ч эцэг, эхчүүд биднийг зорьж ирээд хүүхдүүдээ манай сургуульд элсүүлдэг нь сургалтын чанарт итгэл үзүүлж буй үйлдэл. Хувийн сургуулийг хүмүүсийн эрэлт хэрэгцээнд суурилж байгуулдаг учраас сургалтын чанар сайтай нь урт удаан хугацаанд оршин тогтнож, улам өргөждөг.
-Бага сургууль байгуулах болсон шалтгаан, түүхээсээ хуваалцаач?
-Би багаасаа л тооны хичээлдээ дуртай, сонирхолтой байсан болохоор уралдаан тэмцээнд хүчээ үздэг байлаа. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн математикийн багш мэргэжил эзэмшсэн. Боловсролын салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байна. Хувийн сургуультай болохоос өмнө улсын ерөнхий боловсролын сургуульд багшилдаг байсан. Тэр үед дунд ангийнхан суурь мэдлэг дутуугаас болж, хичээлээ ойлгохгүй байх, хоцрогдол үүсэх хандлагыг нэлээд ажигласан. Хүүхдүүдийг квадрат тэгшитгэл чөлөөтэй боддог, уламжлал ба хязгаар, интегралын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгохын төлөө хичээдэг ч суурь мэдлэггүй зарим хүүхэд яаж ч заагаад ойлгодоггүй. Хүүхэд бүхэн математикч байх албагүй ч бүгд үндсэн суурь мэдлэгтэй байх ёстой гэж боддог. Гэтэл яагаад энэ чадварыг хүүхдүүдэд суулгаж чадахгүй байна вэ, тоог яаж, ямар байдлаар заах ёстой вэ гэдэгт би сэтгэлээ чилээж явдаг байлаа. Үүний хариулт бол бидний үүсгэн байгуулсан “Оюут” бага сургууль. Бага ангийн суурь мэдлэг сайтай хүүхэд дунд, ахлах ангидаа толгой өвддөггүй.
-Танай сургуулийн хөтөлбөрийн онцлог юу вэ?
-Манай сургууль академик болон чадавхжуулах сургалтыг хослуулдаг. Мөн дүрсийн чанаруудыг зургаар тайлбарлах замаар геометрийн бодлогыг тусгайлан хичээл болгож үздэг. Нэгдүгээр ангиасаа математик сонгон, хоёрдугаар ангиас нь математик сонгон ба өгүүлбэртэй бодлого бодох хичээлийг заадаг. Хүүхэд нэгдүгээр ангидаа чөлөөтэй уншиж, бичих, хоёрдугаар ангидаа өгүүлбэртэй бодлого бодох чадварт суралцдаг гэсэн үг. Эхлээд бодлогынхоо өгүүлбэрийг ойлгох, товч бичиглэл хийх, тайлбарлаж ярих чадварыг эзэмшүүлдэг. Би өмнө нь ерөнхий боловсролын сургуульд багшилж байхад хичээлийн программд нэлээд шахагдаж, агуулгаа сурагчдад бүрэн дүүрэн ойлгуулж чаддаггүй байсан. Тиймээс би одоо хичээлийнхээ программд уян хатан байдлаар хандаж, багш нартаа “Хэрэв энэ хичээлийн агуулга цагтаа багтахгүй байвал орхиж болохгүй шүү. Үргэлжлүүлэн заагаарай” гэж зөвлөдөг. Бид дөрөвдүгээр анги хүртэл бага боловсролын агуулгаа судалж дуусгаад, тавдугаар ангиасаа дараагийн шатны Кембрижийн хөтөлбөртэй болон гүнзгийрсэн сургуулиудад элсэх шалгалтад бэлтгэх нэмэлт агуулга, хичээлийг судалдаг.
-Сургуулийн сургалтын чанар, үзүүлэлт сайн байх нэг гол хүч нь боловсон хүчин буюу багш байдаг. Тиймээс багш нарыг сонгон авах, улмаар чадавхжуулахад хэрхэн анхаардаг вэ?
-Тийм шүү. Багш нар мэдлэг, чадвартай байснаар сургалтын чанар илүү сайжирна. Тиймээс багшаа сонгохдоо математикийн суурь боловсрол, мэдлэгийг нь харгалзан үзэж, шалгалт авдаг. Ажилд орохоор ирсэн зарим багш шалгалтын материал хараад “Танай сургуулийн шаардлагыг хангахгүй юм байна” гээд өөрөө татгалздаг. Харин тэнцсэн багш нарт би өгүүлбэртэй бодлого бодох арга зүйн сургалт орж, илүү чадавхжуулдаг. Үүний үр дүнд манай багш нар өгүүлбэртэй бодлого арифметик аргаар бодох чадварыг бүрэн эзэмшсэн. Ер нь би сүүлийн жилүүдэд өгүүлбэртэй бодлого бодох арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарт цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж байна.
-Танай сургуульд суралцаж буй хүүхдүүд англи хэл, математикийн хичээлдээ толгой өвдөхгүй болохоос гадна өөр ямар ур чадвар эзэмшиж байна вэ?
-Бид брэнд хэд хэдэн хөтөлбөр, дугуйлан хичээллүүлдэг. Тухайлбал, хүүхдүүдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, гоо зүйн боловсрол олгох мөн бүжгийн эвсэлтэй, нээлттэй болгох зорилгоор бүжгийн дугуйлан хичээллүүлдэг. Манай хүүхдүүд ямар ч хүнтэй чөлөөтэй харилцаж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай. Сүүлийн хоёр жилд дөрөв, тавдугаар ангийнхныг туршилтын байдлаар электроникийн дугуйланд хамруулж, физикийн шинжлэх ухааны ойлголт, анхан шатны мэдлэгтэй болгосон. Дугуйланд хамрагдсан хүүхдүүд цахилгааны зэрэгцээ, цуваа холболт хийж сурсан. Мөн сонирхлынхоо дагуу бүтээл хийж, түүнийгээ хөгжүүлж байна. Би бүх ангид өгүүлбэртэй бодлого бодох арга зүйн хичээл ордог учраас хүүхдүүдийн унших, бичих, ярих чадварыг харж, дутмаг байвал хэрхэн, яаж сайжруулах вэ гэдэг талаар багш нартайгаа зөвлөлддөг. Хүүхэд бүр өөр өөр өнгө, ертөнц байдаг учраас багш нар маань тэднийг мэдэрч, тулж ажилладаг.
-Танай сургуулийг төгссөн хүүхдүүд хүссэн дунд, ахлах сургуульдаа элсэж чаддаг уу?
-Бид сургуулийн захиргаа, багш, сурагч, эцэг, эх гэсэн эргэх холбоотой ажиллаж, зөвлөлддөг. Суурь мэдлэг, чадвар сайтай хүүхдийг аль болох мэргэшсэн, гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд оруулахыг эцэг эхчүүдэд зөвлөдөг. Ерөнхийдөө манай сурагчид “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, I, XI зэрэг хүссэн сургуулийнхаа шалгалтад тэнцэж, элсэн ордог. Зарим хүүхэд наймдугаар ангиа төгсөх хүртлээ биднээс давтлага авч байгаад “Монгол тэмүүлэл” сургуульд элсдэг. Гэхдээ сурагчдын мэдлэг чадварыг хүссэн сургуульдаа орж чадаж буй эсэхээр дүгнэх нь харьцангуй өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл, хэчнээн сайн байлаа ч шалгалт өгөх тухайн өдрийн сэтгэл зүйн байдал тогтворгүй байх зэрэг гадны бусад хүчин зүйлээс шалтгаалж, тэнцэж чадахгүй байх тохиолдол ч бий.
-“Тооны хичээлдээ сайн байлаа гээд тэр нь амьдралд хэрэг болдоггүй” гэх хүмүүс байдаг. Ийм бодол, хандлагатай хүмүүст ямар хариулт өгөх вэ?
-Ямар нэг тоо бодох, аливаа нэг тэгшитгэл бодож сурах нь тухайн хүүхэд асуудлыг бие даан шийдэх чадвартай болж байна гэсэн үг. Математикийн шинжлэх ухаан зөв хүн болох чадамжийг нэмэгдүүлж, дээшлүүлдэг. Бүгд математикч болох албагүй ч хамгийн сайн эмч, хуульч, багш болохын тулд математикийн суурь мэдлэг, чадвартай байх ёстой. Хүний оюун ухаан хөгжихийн хэрээр үзэл бодол, төлөвшил өөрчлөгддөг. Тэсвэр тэвчээртэй, асуудлыг олон талаас нь хардаг, өөртөө итгэх итгэлтэй болох зэрэг хувь хүн болж төлөвшихөд шаардлагатай олон суурь чадварыг бий болгож, хөгжүүлэхэд математик чухал нөлөөтэй.
-Та бүхний цаашдын зорилго зорилт юу вэ?
-Эхний таван жилд бид сургуулиа хөл дээр нь босгож, тогтворжуулах зорилтын төлөө ажиллаж, өнөөдөр бодит үр дүнд хүрээд байна. Цаашид өөрийн гэсэн байртай болох, сургалтын чанараа тогтвортой хадгалж, улам илүү сайжруулахын төлөө ажиллана. Бидний хэтийн зорилго бол босоо эсвэл хэвтээ тогтолцоотойгоор сургуулиа өргөжүүлэх явдал юм.
Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюут” сургуулийн багш нарын байр суурийг хүргэж байна.
Сургалтын менежер Г.Баяржаргал:
-Багш нар шавь нартайгаа ижил тэгш эрхтэй, нээлттэй харилцаж, хүүхэд бүрд боломж олгохыг зорьж, төлөвлөж, хэрэгжүүлдэг арга барил бол манай сургуулийн соёлын бусдаас ялгарах онцлог. Бид ном унших цаг, бүжиг, шатар, даам, электроник зэрэг хүүхэд хөгжүүлэх нэмэлт дугуйлан, хөтөлбөрийг хичээлийн бус цагаар явуулдаг. Эдгээр нь ямар нэгэн нэмэлт төлбөргүй. Хөгжүүлэх сургалтын үр дүнгээ хичээлийн жилийн төгсгөлд эцэг, эхчүүдэд тайлагнадаг. Шатар, даамын дугуйланд хамрагдсан хүүхдүүд Азид амжилт гаргасан. Манай сургууль дөрөв, тавдугаар сард бэлтгэл бүлэгтээ 8-15 сурагч элсүүлж, унших, бичих, ярих суурь чадварыг эзэмшүүлдэг. Тухайлбал, долоон эгшиг, гурван гийгүүлэгчээ холбож унших, ой тогтоолт хөгжүүлэх дасгал зэргийг түлхүү ажиллуулж чадваржуулдаг.
Англи хэлний багш Ж.Алтынжан:
-Би ажлын гараагаа “Оюут” сургуулиасаа эхлээд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хоёрдугаар ангиас эхэлж, англи хэлний хичээлийг долоо хоногт 3-4 удаа ордог. Жилд 150 гаруй цаг судалдаг. Энэ жилээс эхлэн англи хэлний үндсэн хичээл дээр ярианых нэмэгдсэн. Ярианы хичээлээр тоглоомын арга ашиглан үндсэн хичээлээ илүү бататгадаг. Бага насны хүүхдийг залхаахгүйгээр хичээлээ ойлгомжтой заах ёстой учраас ном их чухал байдаг. Тиймээс “Smiles 2, 3” номыг ашиглаж байгаа. Энэ ном системтэй, цэгцтэй, уялдаа холбоотой, тоглоомын арга ашигласан дасгал ажил олонтойгоос гадна зураг болон сонсох дасгал сайтай. Бага ангийн хүүхдүүд аливаа зүйлийг нүдлэн тогтоох, сонсож цээжлэх чадвар өндөртэй байдаг. Тиймээс яг энэ үед нь англи хэл зааж, бага зэрэг шахвал суурь мэдлэгтэй болох бүрэн боломжтойг манай сургуулийн сурагчид харуулж байна. Бид хичээлийг бүх хүүхдийн оролцоог хангаж, орчин үеийн техник технологи ашиглан сонирхолтой байдлаар заадгаараа онцлогтой.
Нэгдүгээр ангийн багш Б.Оюунтогт:
-Би оюутны ширээнээс ажлын байранд гараад анхны нэгдүгээр ангиа хариуцан авч амжилттай төгсгөлөө. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэдэг нь намайг энэ сургуулийг сонгоход нөлөөлсөн. Хүүхдүүдэд мэдлэг олгохоос гадна чадварлаг хамт олны дунд орж, өөрийгөө дайчилж, хөгжүүлэхийг зорьсон. Захирал маань өөрийн болон бусад сургуулийн багш нарт өгүүлбэртэй бодлого бодох арга зүйн сургалт ордог. Энэ бол миний оюунд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт. Манай сургууль хөтөлбөрийнхөө дагуу цагаан толгойн бүх үсгээ арванхоёрдугаар сард үзэж дуусгадаг. Түүнээс хойш дүрэм, унших, бататгах ажлыг түлхүү хийдэг. Хүүхдүүд хүрдээ цээжилсэн, мянгын дотор чөлөөтэй нэмж хасдаг, уншиж бичээд сурчихсан, мөн хоёр оронтой тоог нэг оронтой тоогоор үржүүлэх хэмжээнд хүрсэн. Үржих, хуваах орсон өгүүлбэртэй бодлогыг бодож чаддаг болоод төгссөн. Эцэг, эхчүүд ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
“Оюут” бага сургуульд суралцан төгсөж буй V ангийн сурагчдын сэтгэгдлийг сонслоо.
Х.Молор:
-Энэ сургуульд сурдаг хамаатныхаа хүүхдийн зөвлөсний дагуу би тавдугаар ангид элсэх жилээ шилжиж ирсэн. Хэдий нэг жил суралцсан ч надад маш том ахиц дэвшил, өөрчлөлт гарсан. Үүнийгээ би “Шинэ эрин” сургуульд элсэн орж батлан харуулна. Хичээлдээ сайжирч, түвшин ахихаас гадна би шагайн наадгай болон ном унших цаг хөтөлбөрт хамрагдсан. Ном унших дуртай болсон. Гэхдээ номыг уншаад орхихгүй. Ойлгосон зүйлээ бусад хүүхдэд ярьж өгдгөөрөө бидэнд илүү давуу тал бий болгодог.
Л.Энхтүвшин:
-Дөрөв дэх жилдээ суралцаж байна. Би тоонд дургүй байсан. Харин энэ сургуульд орж ирснээс хойш математикийн хичээлийг ойлгоод илүү дуртай, сонирхолтой болсон. Багш нар хүүхэд бүртэй тулж харьцдаг учраас ойлгохгүй хоцорно гэсэн зүйл гардаггүй. “Шинэ эрин” сургуульд орохын тулд 60 минутад 40 бодлого бодож чаддаг байх ёстой. Би үүнийг хангалттай гүйцэтгэж чадаж байгаа. Бүжгийн дугуйланд гурван жил явсан. Хөдөлгөөний эвсэлтэй болохоос гадна ханиад томуу хүрэх нь бага болсон. Энэ жил би “Эрхэт эрдэм” сургуулиас зохион байгуулсан олимпиад, мөн олон улсын “Кенгуру” уралдаанд оролцож хоёулангаас нь хүрэл медаль авсан.
Ц.Энххүслэн:
-Би “Оюут” сургуульд нэг жил сураад төгсөж байна. Бүх талаараа сайжирсан. Анх орж ирэхдээ гурван үйлдэлтэй энгийн тэгшитгэл ч бодож чаддаггүй байсан бол одоо арван үйлдэлтэй тэгшитгэлийг ч богино хугацаанд бодож чаддаг болсон. Мөн хэд хэдэн олимпиадад амжилттай оролцсон. Математикийн хичээлдээ сайжрахаас гадна шатар, даам тоглож сурсан. Мөн физикийн үндсэн мэдлэг олгодог элетроникийн дугуйланд хамрагдаад олон төрлийн холболт хийж сураад бүтээл хийсэн. Жишээлбэл, алсаас утсаараа удирдах боломжтой удирдлагатай машин бүтээсэн. Зуны амралтаараа үүнийгээ илүү сайжруулна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна