“Алдар” спорт хорооноос зуны XXXIII олимпын наадамд оролцож байгаа, өнгөрсөн өдрүүдэд хувийн амжилтаа ахиулан тэмцээн уралдаанаа өндөрлүүлсэн тамирчдын талаар танилцуулж буй. “Парис-2024” олимпод Монголоос спортын есөн төрөлд 32 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тэдгээрээс 12 нь “Алдар” спорт хороонд харьяалагддаг бөгөөд өнгөрсөн дугаартаа зургаан тамирчны тухай товчхон дурдсан. Дугаараас дугаарт шилжих хугацаанд манай улсын зарим тамирчин тэмцээнээ өндөрлүүллээ. Онцлох тамирчин нь дугуйн спортын олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц бөгөөд тэрбээр зуны олимпын наадмын засмал замын дугуйн бөөн гараатай 273 км-ийн зайд уралдлаа. Улмаар өгөгдсөн зайг 6:28.31 цагийн хугацаанд туулснаар 33 дугуйчны урд орж 57 дугаарт бариалав. Дугуйчид нийт 2800 метр өгсүүр зам бүхий 14 авиралт хийж, долоон цагийн дараа барианд оржээ. С.Жамбалжамц олимпын наадамд эрх авч уралдсан Монголын анхны дугуйчин болж байна.
Парисын олимп энэ сарын 11-нийг дуустал үргэлжилнэ. Тэмцээн сонгомол бөхийн 60, 130 кг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн барилдаанаар эхлэн өдгөө олимпын медальтнууд тодроод байна. Дэлхийн 61 орны 291 бөх сонгомол болон чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй жинд 18 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Чөлөөт бөхийн төрөл нь “Парис -1900” олимпын наадмаас эхлэн албан ёсны төрлүүдийн нэг болсон. Манай улс 1964 оны Токиогийн олимпын наадамд анхлан өрсөлдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл олимпын наадмаас дөрвөн мөнгө, зургаан хүрэл медальтан тодрон монгол түмэн олноо баярлуулаад байна.
Зуны XXXIII олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд манай улсын эмэгтэй тамирчид бүтэн багаараа оролцож буйгаараа онцлогтой. Жин жингийн аваргуудаас онцлох нь Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон юм. Олимпын чөлөөт бөхийн барилдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө түүнтэй холбоотой таагүй мэдээлэл гарсан нь олон нийтийг сандаргаад авсан. “П.Орхоноос допинг илэрснээр БНСУ-ын тамирчин олимпод оролцох болсон гэх мэдээлэл” нь ор үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбоотой албаны эх сурвалжууд мэдээлсэн нь цагаа олсон үйлдэл болов. Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 50, 62 кг-ын жинд Умард Солонгосын бөхчүүд Парисын олимпод оролцохгүй болж, оронд нь Итали, БНСУ-ын бөхчүүд оролцохоор болоод байна. Тэмцээн эхлэхээс өмнө гарсан таагүй мэдээлэл манай тамирчны сэтгэл зүй төдийгүй багийн амжилтад нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс цаашид үргэлжлэх олимп, паралимпын наадмын мэдээллийг хариуцсан холбоод, найдвартай эх сурвалжаас авах нь хаа хаанаа оновчтой шийдэл болохыг анхааруулах нь илүүц биз ээ. Монголчууд тамирчдаа хүндэлдэг, бөхийн спортоо чих тавин чагнадаг ард түмэн. Ирэх өдрүүдэд биднийг чөлөөт бөхөөс гадна хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанууд хүлээж байна. Олимпын дэвжээнд зодоглох, уралдааны замд гарах “Алдар”-аас тодорсон аваргуудын талаар энд товчхон сийрүүлье.
Тэр олон жилийн дараа эргэн ирлээ
Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон өнөөдөр Парисын олимпод зодоглоно. Түүнтэй хамт Ц.Цогтбаяр багш нь олимпын дэвжээнд гарна. 14 наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн тэрбээр багагүй бартааг туулж өнөөдөрт хүрсэн. Одоо түүнд Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулах нь дутаж байна. Түүнийг ид барилдаж буй хугацаанд зогсоох хүчтэн ховор байсан. Харин өдгөө дэлхийн чансааны бөхчүүд хүлээж байна. П.Орхон Киргизстаны Бишкек хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцож Парисыг зорих тийзээ өвөртөлсөн. Тухайн үед БНСУ-ын И Хан Битийг цэвэр ялснаар Монголын олимпын наадамд оролцох тамирчдын жагсаалтад нэрээ нэмсэн. П.Орхон зуны олимпын наадмын хоёр дахь эрхээ авсан бөгөөд өмнө нь “Рио-2016” олимпын наадамд барилдаж байв.
Э.Даваанасан анхны олимпдоо зодоглох гэж байна
Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан мөн л “Алдар” спорт хорооных. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт тэрбээр анхны олимпын наадамдаа маргааш барилдах гэж байна. Говь-Алтай аймгийн уугуул Э.Даваанасан 2012 оноос чөлөөт бөхөөр хичээллэжээ. Хөнгөн атлетикаар хичээллэх сонирхолтой байсан түүнийг бөхийн спортод дунд сургуулийн багш нь хөтлөн оруулсан гэдэг. Түүний багын бяртайг мэдэх гэр бүлийнхэн нь чөлөөт бөхөөр хичээллэнэ гэхэд нь дэмжсэн байна. Тэр цагаас хойш Э.Даваанасан дотоод, гадаадын тэмцээнд тууштай оролцсоноор маргааш хүсэн хүлээсэн дэвжээн дээрээ гарах нь. Түүний хувьд Турк улсын Станбулд болсон олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцсоноор Парисыг зорих олимпын багт нэгджээ.
Хөнгөн атлетикийн рекорд эзэмшигч
Энэ удаагийн олимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд Монголоос гурван тамирчин оролцож байна. Тэдний нэг олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайханы уралдаан энэ сарын 11-нд эхэлнэ. Марафон гүйлтийн Азийн аварга, “AGO half” марафон гүйлтийн Монгол Улсын рекорд эзэмшигч тэрбээр “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Японы Токио хотод болсон марафонд 2:26:32 цагийн амжилт гаргаснаар "Парис-2024" зуны олимпын наадамд оролцож байна. Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан юм. Энэ амжилтаараа Токиогийн марафонд наймдугаар байрт шалгарсан Монголын анхны тамирчин болсон. Түүний анхны багш нь Мөнхцэцэг, О.Оюунтуяа нар. Тэрбээр олимпын өмнө олон улсын хэд хэдэн удаагийн уралдаанд оролцож багагүй туршлага хуримтлуулсан. Зорилгодоо хүрэхийн тулд бэлтгэл сургуулилалтаа тууштай хийсээр яваа манай улсын хөнгөн атлетикийн шилдэг тамирчдын нэг юм.
Алтан охин
Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг олимпын хотхондоо очжээ. Гурав дахь олимпдоо өрсөлдөх гэж байгаа тэрбээр энэ сарын 10-ны 22:00 цагаас хүч үзэх юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медаль, “Токио-2020” олимпын наадмын IV байрт шалгарч байсан М.Анхцэцэг жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн нэгд зүй ёсоор багтдаг. Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарлахад тэрбээр жингийнхээ шилдэг 10-т, Азиас хоёр тамирчин багтсаны нэгээр тодорч байв. Олимпын эрхийн сүүлийн тэмцээний дараа манай тамирчны чансаа 13-т байсан бөгөөд зөвхөн 10 тамирчинд "Парис 2024" тийз олгох хуваарьтай. Энэ үед Умард Солонгосын жингээ тэргүүлж байсан тамирчин олимпод өрсөлдөхгүй болсон. Улмаар олимпын эрхээ авсан зарим орны тамирчин энэ жинг сонгоогүй учир М.Анхцэцэг 10 дугаар байрт бичигдсэнээр гурав дахь олимпын наадамдаа өрсөлдөнө.
Олимпын жүдогийн төрөлд өрсөлдсөн 122 улсаас 16-д эрэмбэлэгдэж байна
Парисын олимпын Монголын медалийн салхийг хагалсан манай жүдочдоос “Алдар”-аар овоглодог нь олон улсын хэмжээний мастер Э.Ариунболд, А.Адьяасүрэн нар юм. Э.Ариунболд олимпын жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглолоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, “Ханжоу 2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хошой хүрэл медальт тэрбээр эзэн орны бөхөд дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Тэмцээний дараа Э.Ариунболд “Олимпын наадамд том зорилготой ирсэн ч санаснаа бүрэн дүүрэн гаргаж чадсангүй. Уг нь бэлтгэл сургуулилалтаа маш сайн жигдрүүлсэн. Шөвгийн наймд үлдэх хариуцлагатай барилдаанд тактикийн алдаа гаргаж ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн” гэсэн юм. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд зодоглосон А.Адьяасүрэн “Алдар” спорт хорооных. Азийн аварга, “Ханжоу 2022” Азийн наадмын хүрэл медальт тэрбээр ямар чадал чансаатай тамирчин болохоо олимпын жүдогийн холимог багийн тэмцээний үеэр харуулсан. Өөрөөсөө жин илүү, Парисын олимпын мөнгөн медальт тамирчныг ялсан нь багийнхны сэтгэл зүйд нөлөөлсөн.
Ийнхүү зуны XXXIII олимпын наадамд Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг 10 тамирчинтай оролцож Б.Баасанхүү мөнгөн медаль, Ё.Басхүү, Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар шагналт долдугаар байрыг эзэлсэн амжилттайгаар өндөрлүүллээ. Энэ үзүүлэлтээрээ “Парис-2024” олимпын жүдогийн төрөлд өрсөлдсөн 122 улсаас 16-д эрэмбэлэгдэж байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна