Маш их итгэл найдвар гэдэг хүнд асар их үүрэг хариуцлага үүрүүлдэг. Үүрэг хариуцлагыг хэрхэн ухамсарлаж, хүлээн авч байгаагаар нь тухайн хүний сэтгэлзүй хэр хүчирхэг вэ гэдгийг дүгнэж болох юм гэж бодогдоод байна. Саяхан зуны олимпын их наадам болоод өнгөрлөө. Дэлхийн хүн төрөлхтний их наадам болдгоороо болоод өнгөрдөг ч араасаа тив дэлхий, улс хоорондын харилцаа төдийгүй улс орнуудын доторх ил далд маш олон асуудлыг хөндөж орхидог. Манай улсын хувьд ч ялгаагүй спортын салбарт бугласан асуудлын наалт ховхорч, ард иргэдийн нүд чихэнд ил боллоо. Спорт хороодын хөрөнгө санхүү, удирдлагын арга барилыг олны анхааралд оруулж орхисон нь олзуурхууштай. Зарим спорт хорооны удирдлага суудалдаа лав гэгч нь шигдэж, үхрийн гүеэнд шигдсэн хаврын хувалз мэт болж тэрүүхэндээ вант улс байгуулахаа шахсаныг мэддэг хүмүүс нь шүүмжилж эхлээд байна. Олон ч эмзэг шархаа олон түмэнд үзүүлэн ил гаргах шив. Хэрүүл уруулгүй айл ч гэж юу байх вэ. Алдаа завхрал гарсан, гарсныг нь мэдсэн нөхцөлд хэлэхгүй ярихгүй өнгөрнө ч гэж юу байх вэ.
Монголын баг тамирчдын амжилт гаргах найдвар тасрах тусам мэдээллийн хэрэгслүүд, олон нийт хоёр талцан маргалдаж, маргаан нь даамжирсаар, мэргэжлийн спорт холбоодыг татан оролцуулж эхлэв. Спорт холбоод сандралдан зодог тайлсан тамирчин, зоргоороо бурдаг нийтлэлчдийн ард орж нуугдах тактик боловсруулан олон нийтийн өрөвч, нинжин сэтгэл дээр тоглолт хийж эхэллээ. Барьцгүй хавирч, дүрэмгүй тоглох нь л дээ. Олимп гэдэг наагуураа тамирчдын ир бяр, авхаалж самбаа, эр зориг тэмцэлдээд байгаа мэт боловч цаанаа улс үндэстнүүдийн урам зориг, итгэл найдвар өрсөлдөж байдаг юм. Итгэл найдвараа дайж, урам зоригоо хөтлүүлээд явуулсан ард түмэн чинь спорт холбоод, түүний эрх мэдлийн төлөөх бүтэн дөрвөн жилийн тэмцлийн үр уршгаар ялагдчихлаа. Токиогийн олимпоос Парисын олимп хүртэлх дөрвөн жилд спорт холбоод эрх мэдлийн хэрүүл тэмцлээс гадна юу хийсэн юм бэ гэдэг асуултыг иргэд асуух нь зайлшгүй. Олимпын дөрвөн жилийн циклд бид спортынхонд жил бүр 100 гаруй тэрбумын төсөвтэй “Олимпын сайд” өгч, 180 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний хороо хүртэл байгуулж өгөө биз дээ. Ард түмэн та бүхэнд итгэл найдвараа, төр 122 тэрбум төгрөгөө төсөвлөж өгсөн. Төр юу байх вэ иргэдийн татварын л мөнгө. Ядуу орны хувьд багагүй мөнгө учраас үүрэг хариуцлага нэхэх нь зүйтэй биз дээ. Б.Баасанхүүгийн авсан ганц мөнгөн медалийг та нар урдаа ч барьсан, ардаа ч барьсан тэвэрч үнсээд, уйлахгүй нь лав. Нээрэн та бүгд 122 тэрбум төгрөгөөр юу хийсэн болохоор тамирчдын чинь сэтгэлзүй өрсөлдөгчийнхөө өмднөөс доогуур болчихсон юм бэ, олимпын сайд аа. Ямар ч техникгүй, тэсрэлтгүй, сэтгэлзүйн хатгүй эцсийн мөч хүртэл шатаж тэмцэлдэх тэвчээргүй бөхчүүд чинь өрсөлдөгчийнхөө хөл тэвэрч хэвтэж байгаад л ирлээ. Юу ч хийгээгүй болохоор гэдэг хариулт чинь энэ байна. Тамирчдыг буруутгах гээгүй. Тэднийг уяа нь эвлэсэн морь шиг болгож чадаагүй дасгалжуулагч, тийм боломжоор хангаж өгөөгүй спорт холбоодын удирдлагуудыг чинь хэлж байна.
Бидний хамгийн их найдвар тавьдаг төрлүүд, тэдний спорт холбоод, хамгийн өндөр амжилт үзүүлсэн 2008 оны Бээжингийн олимпын энерцээр 16 жил яваад энэ жилийн олимпоор бензин нь дуусаад таг зогсчихлоо доо. Цаашаа хөдөлье гэвэл бүтэц бүрэлдэхүүний нэлээд том өөрчлөлт хийх хэрэгтэй. Жишээ нь Монголын чөлөөт бөхийн холбоо. Уг нь хэл амаа ололцоод хэлбэр дүрсээ олоод ажиллаж эхэлсэн. Шинэ бүтэц, бүрэлдэхүүн ажлаа аваад дөнгөж л нэг жил болж байгаа ч энэ хугацаанд ажлаа сайн хийсэн дүгнэлтийг спортын сэтгүүлчид өгдөг. Хэрвээ спортын сэтгүүлчдийн дүгнэлт зөв бол олимпоос олимпын хоорондох дөрвөн жилд нэг гар, сэтгэлээр ажилласан бол гэдэг харамсал яагаад ч юм төрөөд байх юм. “Нэг жил сайн ажиллаад ийм амжилт үзүүлсэн юм бол дөрвөн жил ажилласан бол” гэдэг бодол хэнд ч төрнө биз дээ. Чөлөөт бөхийн төрөлд есөн тамирчин олимпын эрх авч тэднийг есөн дасгалжуулагч, долоон бэлтгэл хангагч дагалдан 253 сая орчим төгрөгийн зардалтайгаар олимпод оролцоод ирсэн. Энэ мөнгө цалингаараа бор ходоодоо божийлгодог мань мэт шиг хүмүүсийн хувьд зүүдэнд ч оромгүй их мөнгө. Чөлөөт бөхийн тамирчид маань эмэгтэй төрөлд бүтэн багаараа олимпод оролцсон. Манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүд дэлхийд үргэлж дээгүүр эрэмбэлэгддэг болоод удаж байгаа л даа. Чөлөөтийн эмэгтэйчүүдийн Токиогийн олимпоос авсан хүрэл медалийн өнгийг хувиргах нь бүү хэл үзээд өгөх ч юмгүй ирлээ. Харин эрэгтэйчүүдийн баг 50 хувь нь л олимпод оролцлоо. Элдэв янзын яриа сонсогдож байсан ч энд улиглаад яах вэ. Хэдийгээр спортын амжилт муутайхан ч Чөлөөт бөхийн холбоо хөрөнгө мөнгөнөөс эхлээд бусад асуудалд сайн ажилласан юм билээ. Гэхдээ л тэдний тэмцэл ил биш далд хэлбэрт байсаар л байгаа гэдгийг спорттой ойрхон ажилладаг хүн бүр ярьдаг. Дасгалжуулагчдын хоорондын тэмцэл хэчнээн хүүхдийн ирээдүйг сүйтгэж, итгэл найдварыг нь мохоосныг тааварлах ч хэрэггүй.
Өөр нэг асуудал татвар төлөгчдийн эгдүүг хүргэж, цахим ертөнцөд түймэр дэгдээж орхисон. Олимпын баг тамирчдыг юун наадамчид дагачихаа вэ гэдэг шуугиан гэрлийн хурдаар тархлаа. Сумдын 100 жилийн ойн наадам ихтэй зун байсныг хэлэх үү, бараг сумын наадамд явсан багаараа ах дүү, амраг садангаа ачиж аваад хөдөлчихөө юү гэж бодогдмоор. Дээрээс нь спортын сэтгэлзүйч, хоолзүйч байхгүй учраас манай тамирчдын сэтгэлзүй хангалттай бэлтгэгдэхгүй байна гэдэг таамаг яригдаж эхлэв. Энэ асуудлын мөрөөр ороогүй, шагайгаагүй хүн толгойтон энэ улсад бараг үлдээгүй биз. Сэтгүүлчид нь мөшгөж, мөнгө санхүүг нь тоолоод иржээ. Энэ талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалж болох Монголын Үндэсний Олимпын хорооны хэвлэлийн албанаас тодруулахад “Энэ удаагийн олимпын наадамд оролцож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар багтан ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Гавьяат эмч Ч.Насанбат багтсан болно” гэдэг албан ёсны тайлбар өгсөн юм.
Чөлөөт бөхийн төрөлд албан мандаттай есөн дасгалжуулагч явжээ. Есөн дасгалжуулагчийн дунд улсын шигшээд дансгүй нөхөр тууж явсан байх юм. Улсаас төсөв авдаг, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг улсын шигшээ багийн дасгалжуулагчийг холбооны нөхөд дур мэдэн шийддэг юм бол улсын шигшээ гэж байгаад яах вэ. Цаашдаа тэгээд яах вэ. “Төсвийн мөнгө уйлдаггүй” гэдэг тэнэг ишлэл барьсан хэдэн нөхөр матрын нулимс унагасаар байгаад замхруулж орхих уу. Татвар төлөгчдийн мөнгөөр тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад, сэтгэл зүй, хоол хошийг нь бэлдэж чадаагүй удирдлагуудтай тооцоо бодох юм уу.
Уг нь энэ дөрвөн жилийн хооронд дансанд нь орсон татвар төлөгчдийн мөнгө рүү улаан нүдлэн ухасхийж байхын оронд дасгалжуулагч нараа нэг гарт зангидаж, эрэл хайгуул хийж, тэмцээн уралдаан зохион байгуулж, олон өрсөлдөгч бэлдэж байсан бол тамирчдын чанар чансаа дээшлэх байв. Нэг жинд доороос нь гарч ирэх олон өрсөлдөгч байх тусам өрсөлдөөн ширүүснэ. Японы жүдо бөхийн төрөл гэхэд л нэг жинд эн тэнцүү олон өрсөлдөгч дундаас ялж гарч ирэх нь дэлхийн аваргын барилдаан шахуу юм болдог гэж ярилцдаг. Ямар сайндаа л Японы “Их дуулга”-ыг бага дэлхийн аварга гэх вэ дээ. Зөвхөн нэг спорт хорооны байж байгаа царай энэ. Манай олимпын баг 34 тамирчинтай 120 даргатай явсан нь энэ олимпын маш том дуулиан боллоо. Нийгмээрээ энэ үргүй зардал гаргасан, төсвөөс хумсалсан дарга нарыг зарлаж, салбар бүрд реформ хийхийг шаардаж байна. Тамирчдын өмсөх хувцасны загвараас эхлээд л хэл ам дагуулж эхэлсэн. Энэ удаагийн олимпын баг тамирчид шиг их шүүмжлэл дундуур эх орныхоо хилийг давсан нь хэд бол.
Энд тайлбарлах шаардлагатай зүйлс бий. Энэ бол олимпод уригдах зочидын квотын талаар юм. Олимпод оролцох хүндэт зочдын тусгай урилга. Энэ урилга Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тэдний хамгаалалтын ажилтан, дагалдах зочин гээд нийт тав хүртэлх хүний хамт, ОУОХ-ны гишүүн (Б.Баттүшиг) дагалдах гурав хүртэлх хүний хамт, МҮОХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар дагалдах хүний хамт олимпын наадамд оролцох эрхтэй бөгөөд зардлыг Олон улсын олимпын хороо, түүний Эв нэгдлийн сангаас гаргадаг. Тамирчдын тосгонд амьдрах зардлыг Олон улсын Олимпын хорооноос бүрэн даадаг. Үүнд шигшээ багийн тамирчид болон тосгонд нэвтрэх эрхтэй албаны хүмүүс багтана. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон штабын ажилтнуудын зардлыг ОУОХ-ны Эв нэгдлийн сан (Olympic Solidarity)-аас даадаг. Харин МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, спортын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд замын зардал болон байрны зардлаа өөрсдөө гаргадаг. МҮОХ-нд энэ жилийн тухайд нэг пресс атташе, гурван сэтгүүлч, хоёр гэрэл зурагчны мандат хуваарилагджээ. “NOC Guest” буюу МҮОХ-ны зочны мандат Монгол Улсад хоёр ширхэг ногдсон бөгөөд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд олимпын наадмын туршид гурав хуваагдан уг мандатыг эзэмшин, ажил үүргээ гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Д.Жаргалсайхан, Ц.Сандуй нар энэ мандатыг эзэмшиж байсан.
Тэгвэл БТСУХ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, төрийн байгууллага. Шилэн дансан дахь мэдээллийг харвал БТСУХ-ы гурван ажилтан болох О.Гэрэл, Э.Билэгт, Ш.Баясгалан нар 32,599,860 төгрөгийн зардал гаргуулжээ. Харин Монголын багийн их эмч М.Булган болон массажист Ц.Туул нарын зардалд 9.367.720 төгрөг зарцуулсан аж. Мөн олимпыг сурвалжлах сэтгүүлчдийн баг гэж МҮОНРТ-ийн спорт сувгийн гурван хүн явжээ. Тэдний зардал 29,336,342 төгрөг болжээ. Мэдээж бүх мэдээлэл шилэн дансанд байгаа гэнэ. Дээр дурдсанчлан БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлого хэрэгжилтийн хэлтэс болон спорт холбоод олимпын бүрэлдэхүүнд хэнийг багтаахаа шийднэ. Гагцхүү тамирчдынхаа 50 хувьтай тэнцэхүйц албаныхан явах учиртай. Жишээлбэл, дөрвөн тамирчин эрхээ авсан бол хоёр албаны хүн дагалдах ёстой юм.
Парисын зуны олимп өндөрлөж өдөр бүрийн тэсэж ядсан хүлээлт үгүй болж найр тарсан гэрт сэрэх мэт эль хуль оргих нь таагүй. Бага байхад ээж дэлгүүр яваад тор хоосон ирэхэд ч ингэтлээ гонсойж байсан нь үгүй. Хүлээлт догдлол дүүрэн 16 хоногийн турш монгол хүн бүр ээж нь дэлгүүр явсан хүүхдийн сэтгэлтэй горьдлого тээн нүд чих тавьж суусан даа хөөрхий.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна