Олимпын наадамд багтдаг спортын төрлүүдийг хөгжүүлэх, хүүхэд залууст сурталчлах зорилготой Олон улсын хүүхдийн спортын Х наадмыг манай улс амжилттай зохион байгууллаа. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын залуус өрсөлддөг энэхүү наадмаас ирээдүйн алдартай тамирчид төрөн гарч, спортын талбарт туршлага хуримтлуулдаг. Тухайлбал, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар нар энэ тэмцээнээс спортын гараагаа эхлүүлсэн юм. 2009 оноос зохион байгуулж байгаа энэхүү спортын наадам нь залуусыг сорихын зэрэгцээ гурван улсын эв найрамдалтай оршин буйг бэлгэддэгээрээ онцлогтой. Түүх сөхвөл, 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот, 2011 онд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот, 2015 онд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита хотод болж байв. 11 дэх удаагийн наадмыг 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-д зохион байгуулахаар болжээ.
Э.Төгс-Эрдэнэ бамбар асаалаа
Олон улсын хүүхдийн спортын X наадмыг энэ сарын 6-11-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монгол, ОХУ, БНХАУ-ын 460 тамирчин спортын есөн төрөлд 525 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон. Тэмцээнүүд олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Спортын төв ордон, “Буянт-Ухаа” спортын ордон, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв ТӨААТҮГ, “Оч” клуб, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын ордон, Налайх дүүргийн хөнгөн атлетикийн тартан замд боллоо. Энэ удаад Монголын өсвөрийн шигшээ баг 35 алт, 34 мөнгө, 32 хүрэл, нийт 101 медаль хүртсэнээр наадмыг багийн дүнгээр тэргүүллээ. Харин Хятадын баг 23 алт, 12 мөнгө, 26 хүрэл, нийт 61 медальтайгаар удаалж, ОХУ найман алт, 20 мөнгө, 25 хүрэл медаль хүртсэн байна. Наадмын бамбарыг боксын залуучуудын улсын аварга, өсвөр үеийнхний улсын аварга Э.Төгс-Эрдэнэ асаажээ. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс энэхүү наадмыг зохион байгуулах үүргээ биелүүлэн Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлаа ханган гурван орны 466 өсвөрийн тамирчид спортын есөн төрлөөр өрсөлдөхөд бэлэн болсон байна. Ирээдүйд тив, дэлхий, олимпын аваргууд болох өсвөрийн тамирчдадаа өндрөөс өндөр амжилт хүсье” гэв. Сонирхуулахад наадмын хамгийн отгон оролцогч нь 13 настай теннисчин Б.Болор-Эгшиглэн байлаа. Тэрбээр “Токио-2020” наадамд эх орноо төлөөлөн оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Болор-Эрдэнийн төрсөн дүү юм. Монголд дөрөв дэх удаагаа болсон тус наадмын онцлох зүйл нь үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, сур харвааг багтаасанд оршино. Манай улсын өсвөрийн шигшээ баг наадамд хэрхэн оролцож, ямар амжилт үзүүлснийг дор цухас дурдъя.
Чөлөөт бөхийн төрөлд найман алтан медаль хүртэв
Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын газрын зааланд чөлөөт бөхийн тэмцээн болсон. Багийн дүнгээр эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай тэргүүлсэн бол удаах байрт ОХУ, БНХАУ-ын баг оров. Харин эрэгтэйчүүдэд Монгол Улсын баг гурван алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медальтай тэргүүлсэн бол удаах байрт ОХУ, БНХАУ-ын баг орлоо.
Жүдочид 13 алтан медалиар дээд амжилт тогтоов
Наадмын эхний тэмцээн болох жүдо бөхийн төрөлд Монгол, ОХУ, БНХАУ-ын охид, хөвгүүд 16 жинд өрсөлдлөө. Багийн дүнгээр охидын ангилалд Монгол Улсын нэгдүгээр баг (зургаан алт, хоёр мөнгөн медальтай) тэргүүлж, Монгол Улсын хоёрдугаар баг (хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл) дэд байрт орсон бол ОХУ-ын баг удаалав. Хөвгүүдийн ангилалд Монгол Улсын хоёрдугаар баг (гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл) нэгдүгээр байрт шалгарсан бол Монгол Улсын нэгдүгээр баг (хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл) дэд байрт орсон бол ОХУ-ын баг гуравдугаар байрт шалгарлаа. Харин БНХАУ-ын баг дөрөвдүгээр байрт орсон байна.
Б.Болор-Эрдэнэ шилдгээр шалгарчээ
Ширээний теннисний төрлөөр Монголын тамирчид хоёр алтан медаль хүртсэн нь 2017 онд “Токио-2020” олимпын наадмын оролцогч Б.Болор-Эрдэнэ, 2019 онд Ө.Балжинням нар байв. Холимог хосын төрөлд БНХАУ-ын Ли Яо Мин Зэ нар алтан медаль хүртэж Монгол Улсын А.Билгүүн, С.Анхмаа нар мөнгө, БНХАУ-ын Лю Риу Се, Лиан Юэ нар хүрэл медалийн эзэд боллоо. Харин багийн хөвгүүдийн ангилалд Монгол Улсын баг түрүүлж БНХАУ, ОХУ-ын баг удааллаа. Тус төрлийн охидын ангилалд БНХАУ-ын баг алтан медаль хүртсэн бөгөөд ОХУ, Монгол Улсын баг мөнгө, хүрэл медалийн тавцанд гарсан юм. Хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд БНХАУ-ын тамирчин Яанг Юу Бин аваргалж удаах байрт Монгол Улсын тамирчин У.Мөнх-Өлзий, А.Билгүүн нар орлоо. Охидын ганцаарчилсан төрөлд БНХАУ-ын тамирчин Лиан Юэ Ши орсон бол дэд байрт БНХАУ-ын теннисчин Лиэ Юү Тон, удаах байрыг Монгол Улсын тамирчин С.Анхмаа нар эзэллээ.
Товчхон
Бокс: Энэ жилийн боксын гурав дахь дэлхийн цомын тэмцээн ирэх сарын 23-26-нд Улаанбаатар хотын “UG Arena”-д болно. Ази тивд зохион байгуулагдаж буй анхны боксын дэлхийн цомын тэмцээн гэдгээрээ онцлог. Монголын боксын холбоо дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулан ажиллах юм.
Шатар: Ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө. Тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа юм.
Волейбол: Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Хонконгт эхэллээ. Тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг, Монгол гэсэн найман улсын баг өрсөлдөж байна. Монголын шигшээ БНСУ, БНАСАУ, Хонконгийн багтай нэг хэсэгт багтжээ.
Буудлага: Практик буудлагын спортын карабины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландын Оулу хотод боллоо. 35 орны 820 гаруй мэргэн бууч оролцсон тэмцээнд манай улсаас 16 тамирчин дөрвөн багт хуваагдан хоёр ангилалд өрсөлдөхдөө гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай эх орондоо иржээ.
Сагсан бөмбөг: Хятад улсад сагсан бөмбөгийн 3х3-ын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Өмнөд хөршид зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 U21 Nations League” stop-2”тэмцээнд Монгол Улсын “U21” насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд тоглоно. Манай эмэгтэй багийн бүрэлдэхүүнд А.Хонгорзул, Б.Нямцэцэг, Б.Номин, Э.Энхбуян нар тоглох юм.
Жүдо: Макао улсад “IJF”-ийн Олон улсын жүдо бөхийн холбооны өсвөр, залуучуудын цуврал тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд “Winner judo sport” клубийн тамирчид амжилттай оролцсон байна.
Теннис: Сквош теннисний "Мөнгөн" зэрэглэлийн олон улсын тэмцээн буюу Өмнөд Солонгосын нээлттэй өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Монгол Улсаа төлөөлөн сурагч А.Ариунбилэг “GU17” ангилалд Хятад, Макаогийн өрсөлдөгчдийг ялж гуравдугаар байрт шалгарсан байна. Тэмцээнд 14 орны 400 орчим залуу тамирчин оролцжээ.
Холимог тулаан: Холимог тулааны өсвөр үеийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо болж, эх орноо төлөөлөн нийт найман тамирчин өрсөлдсөн. Хамгийн бага буюу 12-13 насны ангилалд “Ихэр бээлий”, “Кинг Панда” клубийн тамирчин А.Мөнгөнзул хүрэл медаль хүртлээ.
Үндэсний бөх: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин” соёлын фестиваль энэ сарын 16-18-нд Налайх дүүргийн Тайж хайрхан, Налайхын голд болно. Энэ үеэр хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болно.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна