Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан болж, гурван шийдвэр гаргалаа. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл 2024 оны наймдугаар сарын 12-ноос өмнө сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх учиртай. Үүний дагуу нийслэлийн МАН-ын хорооны ээлжит хуралдаан болсон юм. Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн МАН-ын хорооны 279 гишүүний төлөөлөл ирж оролцов. Тус хуралдаанаар 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд оролцох тогтоол, ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах болон дүн гаргах журмыг баталсан юм. Ингэснээр нийслэлийн МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох тогтоолоо хуулийн хугацаанд багтаан нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүллээ.
Мөн энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах журмаа баталсан юм. Журмын хүрээнд нэр дэвшигчдийг нээлттэй, ил тод өрсөлдөх боломжоор хангаж өгснийг нийслэлийн МАН-ын хорооноос мэдээлж буй. Гуравдугаарт, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн байсан арав гаруй хүн өөр намд орсон болон төрийн албанд шилжсэн, шүүхийн шийдвэр гарсан зэрэг шалтгаанаар намын харьяалалд өөрчлөлт оруулах шаардлага гарсан байна. Тиймээс МАН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу намын хорооноос чөлөөлсөн шийдвэрийг гаргалаа. Харин оронд нь шинээр УИХ-д сонгогдсон гишүүн болон нийслэлийн удирдлагуудыг нөхөн нэр дэвшүүлж, гишүүнээр элсүүлсэн шийдвэрийг IV хуралдаанаас гаргалаа.
Энэ үеэр нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэхүйц бие бүрэлдэхүүнийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхээ тодотгосон. Тэрбээр “Энэ удаагийн орон нутгийн сонгууль миний бодлоор, магадгүй мажоритар тогтолцоогоор явуулах сүүлчийн сонгууль байх. Нөгөө талдаа шинэ, хамтарсан Засгийн газар байгуулагдаад байгаа энэ үед нийслэлийн МАН илүү санаачилгатай, эрч хүчтэй ажиллах шаардлагатай. Тийм ч учраас хамтарсан Засгийн газраас дэвшүүлж буй “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэхийн тулд “20 минутын хотын сэргэлт” гэдэг уриатайгаар нийслэлийн МАН сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө боловсруулан Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Харин энэ удаад дээрх мөрийн хөтөлбөр, концепцыг хэрэгжүүлэхүйц бие бүрэлдэхүүнийг бүрдүүлж нэр дэвшигчдээ тодруулах бодлоготойгоор нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаанаа хуралдуулж, энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох хамтын шийдвэрийг гарган, хуулийн хугацаандаа сонгуулийн байгууллагад хүргүүллээ” хэмээн тодотголоо.
Нийслэлийн МАН-ын хорооны хувьд хамтарсан Засгийн газраас дэвшүүлж буй “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх, “20 минутын хот хотын сэргэлт” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн зургадугаар сарын 21-нд Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг. Харин энэ удаад энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхүйц бие бүрэлдэхүүнээр багаа бүрдүүлэн иргэд сонгогчдод илгээхээр болсноо намын хорооны дарга нь ийнхүү илэрхийллээ.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө нийслэл дэх Төрийн аудитын газарт хүлээлгэн өгөхдөө МАН 2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль болон аудитын байгууллагын хуулиудад заасан шаардлагад нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулан, хуулийн хугацаанд хүлээлгэн өгч байгааг дуулгааад мөрийн хөтөлбөрийн талаар “Манай намын мөрийн хөтөлбөр үндсэн таван бүлэгтэй, өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаж байгаа иргэдийн амьдрах орчин, орон сууц, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшиг ослын эрсдэлийг бууруулахад чиглэсэн зорилтыг дэвшүүлсэн. Ялангуяа хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга зам, санхүүжилт, эдийн засгийн тооцооллуудыг мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарган удаан хугацаанд судалж багцалсан. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн бас нэг онцлог нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд, өртөг тооцож болдог үйлчилгээний төрлүүд дээр бүхий л боломжуудыг ашиглан хотын эдийн засгийг тэлэх бодлого баримталсан” хэмээн танилцуулж байсан юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно. Орон нутгийн сонгуулийн онцлог нь анхан шатанд иргэд өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг сонгодог хариуцлагатай сонгууль юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл ИЗНН оролцох хүсэлтээ илэрхийлэн бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Харин өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр болсон УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-68, АН-42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл болон ИЗНН тус бүр дөрвөн суудал авсан. Үүний дагуу хамгийн олон суудал авсан нам дангаар Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд АН болон ХҮН намыг урьснаар хамтарсан Засгийн газрыг байгуулаад байгаа билээ. Улс төрийн намууд ийнхүү орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон бол УБЕГ болон Сонгуулийн ерөнхий хорооны хувьд ч хуулийн дагуу хуваарьт ажилдаа ороод байгаа юм. Тухайлбал, хуулийн дагуу энэ сарын 5-нд аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын байгуулсан. Орон нутгийн Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн хурал 2024 оны наймдугаар сарын 2-ноос өмнө аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгуулсан. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, аймаг, нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх, аймаг, нийслэлийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн хуралд өргөн мэдүүлэх, сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдсэн удирдлагаар хангах, сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх зэрэг эрхийг хэрэгжүүлэн ажиллах юм. Түүнчлэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо 2024 оны наймдугаар сарын 12-ноос өмнө Сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс өмнө дарга болон зургаа эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан. Уг хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт зогсоогоод байна. Түүнчлэн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.m... цахим санд байршуулсан бөгөөд сонгогчдын хувьд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ дээрх цахим сайтаас шалгах боломжтой.
Х.Цацрал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна