Г.Баясгалантөгс: Адууны үйлдлийг мэдэрч зураглахыг хичээдэг


Монгол ахуйн төрлөөр зураг авдаг гэрэл зурагчин  Г.Баясгалантөгстэй ярилцлаа.

 -Таны авсан гэрэл зургуудаас “Хөдөө талын амар амгалан” мэдрэгдэх юм. Та яагаад энэ төрлөөр авдаг юм бэ?

-Миний бага нас хөдөөний эгэл бор амьдралын дунд л өнгөрсөн. Нүүдэлчин амьдралын хэв маяг, өссөн орчин маань тэр чигээрээ л хүмүүний сэтгэлийг хөдөлгөх кадрууд байдаг. Тийм  монгол ахуйг зураглахгүй байж үнэхээр чадамгүй санагддаг юм. Анх 2011 оны наадмаар аппараттай болж түүгээрээ анх зураг авч сурсан юм.  Зургийн төрлөөс хамаарч зурагчид өөр өөр зураг авдаг юм билээ. Би бол байгалийн болон хөдөө ахуй, хурдан морь, тал нутаг гэх мэт ахуйн зураг авах л дуртай.

-Байгаль, ан амьтан, ахуйн зураг авдаг зурагчид ер нь ямар улиралд зураг авах илүү дуртай байдаг юм бэ?

-Зураг дардаг хүмүүс ихэвчлэн зун намрыг чухалчилдаг болов уу. Миний хувьд эх орныхоо дөрвөн улирлыг фото хальсанд буулгаж үлдээхийг эрмэлздэг. Байгалийн зураг авахад өвөл юм уу, намар их гоё буудаг л даа. Хүмүүсийн дунд нэг ийм хэлц ч юм уу үг байдаг даа. “Намар бол урлаг бусад нь улирал” гэдэг. Гэхдээ ингэж туйлширч болохгүй гэж бодогдоод байгаа юм. Монгол орны дөрвөн улирал дөрвүүлээ өөрийн гэсэн онцлогтой. Намрын өглөө  нар тусаад л Хэрлэн гол зайрмагтсан харагдах тэр агшин, зуны орой номин ногоон дэвсэг дээр нарны гэрэл ташуухан тусаж байхыг харах бас гоё. 

-Таны дарсан фото зургуудаас хамгийн сайхан гарсан, эсвэл гойд өгүүлэмжтэй зургаа нэрлэ гэвэл ямар зургаа хэлэх вэ?

-Бүтээл бүхэндээ л хайртай л даа. Тэр дундаас хайртай хэдэн зураг байдаг нь 2012, 2013 оны наадмаар дарсан зурагнууд юм даа. Хүүхдүүд монгол эмээл, хурдан морины иж бүрэн хувцастай, овоодой малгай тэргүүндээ асаачихсан цовоо цолгин байдал нүдэнд нь ассан гойд үзэмжтэй. Хурдан морины хүүхдийн наадмын цамц хуучных гээд л яг л миний бага балчир үеийг санагдуулсан үеийг буулгаж үлдээсэн дээ. Хуучин нийгмийн үеийг дүрслэн үлдээсэн мэт сэтгэгдэл төрмөөр. Тэр жилийн зургаан сард Хэрлэн Баян- Улаанд зургийн ажлаар явж байгаад би нэг гоё агшинг мөнхжүүлж үлдэж билээ. Дөнгөж нүүгээд зусландаа буусан айлтай таараад очлоо. Дөнгөж буусан шинэ буурин дээрх анхны цайгаа үйчихсэн эмэгтэй зуухныхаа хажууд суугаад галаа асааж, утаа нь агаарт мушгиран эргэлдээд, тэр утаан дунд морьтой хүүхэд зогсчихсон гайхалтай зураглал нүдэнд харагдсан. Буугаа сугалаад гэдэг шиг аппаратаа суга татаж гаргаад л буулгаж амжсан. Гэртээ тавилгаа ч тавьж амжаагүй айл байсан. Тэр зургандаа илүү их хайртай.

-Намаржаандаа буусан хот айлыг холоос авсан гоё зураг байдаг. Түүнийг хаана авсан бэ?

-Тэр зургийг намар есөн сарын эхээр Дадал сум руу явж байгаад авсан юм.   Машинтай шөнө оройтон гарч яваад шавар усанд суун барин будилж, шөнөжингөө явсаар байгаад өглөө болгов. Газрын баримжаагаар Дадал сумын наахан талд сэрүүцэх, нойроо сэргээх санаатай зогслоо. Намрын өглөө нойтон агаар хүндрээд тогтчихдог яг л тийм өглөө байж таарах нь тэр. Өглөөний тийм сэрүүхэн, хүндэрсэн агаарт аргалын утаа задарч газарт хэвтээд л байдаг. Өглөөний нар мандаж байгаа таараад авсан зураг.

-Та бороотойд зураг авдаг уу?

 -Бороотойд авсан зураг ганц нэг байдаг. Гэхдээ борооны  зураг авах төвөгтэй. Камер норгочих гээд хэцүү байдаг.

-Таны авсан морины зургуудыг харж байхад  хурдан морь унаж өссөн хүүхдийн дурсамж сэдрэмээр гоё агшин олон  буужээ. Яаж ийм мэдрэмжтэй авч чаддаг юм бэ?

-Миний мэдрэмж гэхээс илүү бага насандаа хурдан морь унаж өссөнтэй маань холбоотой байх. Би таван настайдаа анх морь унаж сураад, зургаа настайгаасаа л хурдан морины нуруун дээр гарсан унаач хүүхэд шүү дээ. Хурдан моринд хүнддэх болтлоо л унасан. Тиймээс л мориныхоо үйлдэл бүхнийг мэдэж байгаа. Үйлдэл бүрийг нь мэдэж байгаа учраас л түүнийг мэдэрч зургийг нь авдаг юм болов уу. Морьдын уралдааны явцыг буулгах дуртай л даа.

-Адуун өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” наадамд та их идэвхтэй оролцдог. Энэ талаар яривал?

-“Талын түмэн адуу” наадмыг 2017 оны хамгийн анх үйл ажиллагаанд нь очиж оролцож байлаа. “Талын түмэн адуу” наадмыг одоо ч зохион байгуулдаг хэвээрээ байгаа. Анх санал тавиад олон зурагчинтай хамт очиж байлаа. Дан гэрэл зурагчдад наадмын үйл ажиллагаагаа таниулах урилга заллага тараасан юм билээ. Түүнээс хойш алгасаагүй. Төв аймагт болсон хоёр жилд нь л очиж амжаагүй. Монголд адуун соёлыг дангаараа таниулж, сурталчилж байгаа хамгийн том үйл ажиллагаа бол “Талын түмэн адуу” шүү дээ. Сүүлийн нэг хоёр жил “Агтана хүрээт” гэж болоод байгаа  юм. Би 2020 онд "Агтана хүрээт -д очсон. Тухайн үед зохион байгуулалт нь тааруу санагдаад сэтгэлд хүрээгүй. Харин “Талын түмэн адуу” наадам жил ирэх тусам чанаржиж, хүрээгээ тэлж, зохион байгуулалтын хувьд ч сайжирч байгаа. Одоо бүр Хэнтий аймгийн төвд зохион байгуулагдах юм билээ. “Талын түмэн адуу”наадмын гол онцлог нь мянга гаруй, хоёр мянган адууг нэг дор харах гоё. Газар газраас ирсэн олон адуучин ур чадвараараа өрсөлдөж байгааг харахаар омогшихоос өөр аргагүй. Баруун аймгуудад бүргэдийн баяр их том арга хэмжээ болдог бол зүүн бүсэд түүн шиг хэмжээний баяр арга хэмжээ болж өргөжиж байна даа. Сүүлийн үед дагалдах үзүүлбэрүүдтэй болсон. Тухайлбал, тайга нохой зэрэг. Наадмын сонин содон зүйлийг л камертаа буулгах гэж хайна л даа. Бусад зурагчны, жуулчдын олж хараагүй өнцгийг. Энэ жилийн онцлог нь манай орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг маань Монголд анх удаа Соёлын яамнаас гэрэл зурагчидтай хамтарч зохион байгуулсан Photo week үзэсгэлэнд “Хийморь” нэртэй 60, 70 зурагтай үзэсгэлэн нээж оролцоод тухайн үзэсгэлэнд шилдгээр шалгарсан. Энэ үзэсгэлэнгээ адууны бэлчээрт гаргасан нь их содон зүйл болсон.

-Зөвхөн өөрийнхөө хоббигоор л зураг дардаг уу. Ажил хэргийн шугамаар зураг дарж байна уу?

 -Гэрэл зургаа сонирхоод, үүндээ анхаараад ирэхээр арга хэмжээнд уригдаж, оролцоод туршлагажиж л байна. Анх ажлын шугамаар зураг дардаг байсан. Сүүл рүүгээ гэрэл зураг авах цаг гаргаж нутаг орнууд руу зорьж явдаг болдог юм байна. Заавал төрсөн нутаг гэлтгүй олон ч аймгаар явлаа. Аялал зугаалгаар явахдаа гээд л янз бүрээр л урын сангаа баяжуулж л явна даа.


  Д.Бат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22