Б.Бямбабаяр: Дуучдын хэрүүл явсаар сүүлдээ маркетинг болоод хувирчихлаа



 Оюуны өмч, түүнийг хэрхэн хамгаалах талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяртай ярилцлаа

 -Нийгэмд оюуны өмчийн талаарх ойлголт муу байна. Оюуны өмчийн талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, мэдлэг мэдээлэл өгөх ямар арга байх юм бол?

-Оюуны өмчийн харилцааг  Оюуны өмчийн тухай, Соёлын тухай, Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохицуулдаг л даа. Оюуны өмчийг хамгаална гэдэг нь оюуны бүтээлчийн бий болгосон бүтээгдэхүүн буюу зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн обьект, аж үйлдвэрийн  өмчийн харилцааг зохицуулна гэх мэт олон юм бий. Жишээлэхэд миний оюун санаанд урган төлжиж, тэсрэн гарсан дуу, дууны уран бүтээлүүдийг л дээрх хуулиудаар зохицуулах гээд байна. Хуулиараа ч миний оюуны өмчийн эрхийг хамгаалах зарчим нь энэ. Оюуны өмчийн харилцаа өөрөө нарийн зохицуулалт шаардсан харьцангуй төвөгтэй  үйл явц учраас олон нийт төдийгүй оюуны бүтээл үйлдвэрлэгчдэд энэ талын мэдлэг, мэдээллийг шаардлагын түвшинд хүргэж чадахгүй байгаа нь үнэн. Үнэндээ дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахаас эхлээд олон нийтэд оюуны өмчийн ойлголтыг гүн бат суулгаж байж уг харилцааг нийгмийн хүрээнд оюуны соёл, зохист хэрэглээ болтол нь зохицуулж чадна. Оюуны өмчийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн үү, түүнийг ямар арга замаар хэрэгжүүлэх юм, олон нийт үүнд ямар оролцоотой байх тухай тодорхой болж байж үр дүнд хүрнэ.

-Оюуны өмчийн өмчлөгчийн асуудлаас үүдээд сүүлийн үед дууны бүтээл дээр маргаан үүсэж, энэ талаар иргэд илүү их сонирхож байна?

-Маргаан үүснэ байна гэдэг асуудал байна гэсэн үг. Асуудлын гол нь юу вэ гэхээр нийгэм оюуны бүтээлийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь ойлгож, өмч хэмээн хандаж, хамтарч хамгаалах ойлголт байхгүйгээс үүдэлтэй. Жишээ нь бид сайхан дууг баясан сонсож, даган дуулж жаргадаг хэрнээ үүнийг хэн зохиосон, ямар замыг туулж ард олны аманд хүлхэгдэх мөнхийн бүтээл болж буйг тэр бүр анзаарч, үнэлж цэгнэдэггүй. Үнэлэмж гэдэг нь өмч гэдэг утгаараа тодорхой төлбөр шаардана. Дууг нь сонсож жаргачихаад үгүйдээ гэхэд үнэ цэнтэй үйлчилгээ авлаа, түүнийхээ төлөө төлбөр төлнө гэх ойлголт одоогоор хэвших нь бүү хэл бүрдэл болоогүй байна. Гэтэл хуулиараа, жишээ нь дууны бүтээл гэхэд зохиогдсон тэр агшнаасаа зохиогчийн эрх үүсэж түүнийг хамгаалах эрх зүйн орчин бий болдог. Сүүлийн үед цахим орчинд яваад байгаа дуучдын маргаан, зохиогчийн эрхийн хууль үйлчлэхгүй учраас оюуны өмчийн талаар ойлголт байхгүй дуучдын хэрүүл явсаар сүүлдээ маркетинг болоод хувирчихлаа.

-Зохиогчтой гэрээ хийдэг соёл байхгүй гэж хэлэхэд болох байх. Хууль нь байна, оюуны өмчийн эрх эзэмшигч нь байна. Тэгэхээр хуулиа мэдэхгүйгээс болж байна уу?

-Хууль мэдэхгүйдээ ч биш байх. Зохиогчтой нь гэрээ хийдэг тухай ойлголт уран бүтээлчдэд бол бий. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гэдэг гуравласан гэрээ хийж байж дууг дуулах ёстой. Гэрээнд оролцогч хоёр хүн нь зохиогчийн эрх, харин гурав дахь нь хамаарах эрхийг хуулиараа эдэлнэ. Гэтэл энэ гурвын хооронд хийсэн гэрээ байхгүй. Та ажигласан бол энд зохиогчийн эрх, хамаарах эрх гэсэн эрхийн хоёр ойлголт яригдаж байгаа биз. Зохиогчийн эрхийг эдэлж байгаа яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёр тухайн бүтээлийнхээ өмчийн хэдэн хувийг хэн хэн нь яаж эзэмшихийг гэрээгээр зохицуулсан байх учиртай. Тэр гэрээний тохиролцооны дагуу хамтын удирдлагын байгууллага уран бүтээлчдийг төлөөлж бүтээл ашигласны төлбөрийг хэрэглэгчдээс цуглуулж хуваарилалт хийх хуулийн зохицуулалттай юм уг нь. Гэрээний соёл гэж энийг хэлээд байна. Хамтын удирдлагын байгууллагатай тухайн уран бүтээлийг ашиглах байгууллагууд баар цэнгээний газар, караоке, дуу бүжгийн чуулга, Бөхийн өргөө, UB палас, зах дээр диск, меморинд дуу хураан зарж байгаа хувь хүн хүртэл гэрээ хийх ёстой юм шүү дээ.

-Хамтын удирдлагын байгууллага гэж та ямар эрх, үүрэгтэй байгууллагыг ярьж байна вэ?

-Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага нь хамтын удирдлагын байгууллага гээд хуульчилсан юм. Үүнийг жирийн нэг төрийн бус байгууллагатай андуурч, адилтгаж болохгүй. Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчийг төлөөлж бүтээл ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах эрх, үүрэг бүхий байгууллага юм. Тухайн оюуны бүтээл туурвигч өөрийнхөө бүтээлийн зохиогчийн эрхийг өөрөө хамгаалах нь нээлттэй боловч Хамтын удирдлагын байгууллагад төрөл хэлбэрээрээ төрөлжин сайн дураараа нэгдэж хамтран хамгаалах нь хамгийн зөв гарц гаргалгаа болох нь тодорхой болж байна. Хуулийн үзэл санаа ч ийм учраас манайд ч, олон улсын түвшинд ч “Хамтын удирдлагын байгууллага”-ын тогтолцоог гол болгож байгаа.

-Манайд ийм жишээ байна уу?

-Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг буюу MOSCAP гэдэг байгууллага 2011 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ “Хамтын удирдлагын байгууллага” зохиолч, дуу болон хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалдаг. Зохиогчийн эрхийг хамгаалдаг маш олон байгууллага тухайн үед байлаа. Би Монголын хөгжмийн зохиолчдын холбоог тэргүүлж байхдаа тухайн үеийн Зохиолчдын хорооны тэргүүн байсан Чилааживтай хамтран MOSCAP-ыг байгуулсан.  Дэлхийн зохиогчийн эрхийн төв нь CISAC гэж байгууллага. Бидний байгуулсан MOSCAP нь Оюуны өмчийн газартай хамтран ажиллах гэрээтэй “Хамтын улирдлагын байгууллага”. Дэлхийн зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо буюу CISAC-ны ажиглагч гишүүн шүү дээ. Тиймээс Монгол Улсын Оюуны өмчийн газар,  CISAC-т жил тутам ажлаа тайлагнаж, Ази, Номхон далайн бүсийн хуралд жилд хоёр удаа тайлангаа хэлэлцүүлж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

-Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах байгууллагын жинхэнэ гишүүн болоход ямар нэг биелүүлэхэд бэрх шаардлага нөхцөл байдаг юм уу, яагаад ажиглагчаар байдаг юм бэ?

-Оюуны өмчийн азийн бүсийн хурал MOSCAP-ыг CISAC-т элсүүлэх тухай санал хэлэлцэхэд “Танай гадаад харилцаа, бизнес төлөвлөгөө сайн байна. Даанч Монголдоо оюуны өмчөөс олох орлого муу байна” гэж хэлээд болиулсан. Манайх CISAC-т элсчихвэл хүний дуу булаацалддаг, гадаадын дуучдын дууг хуулбарлаж дуулдаг нөхөд өрөнд ороод босож өндийхгүй юм болох байлгүй.

-Дууны уран бүтээлд нас барсан уран бүтээлчдийн дууг дуулж болох эсэх талаар ямар нэг тусгай зүйл заалт бий юу?

-Байлгүй яахав. Зохиогчийн эрхийн тухай хуульд тухайн зохиогч бүтээл ашиглах онцгой эрхээ насан туршдаа эдэлнэ, нас барснаас хойш 50 жил энэ эрх хадгалагдах заалт байгаа. Хамтарсан бүтээлийн тухайд хамгийн сүүлд нас барсан зохиогчийн он цагаас хойш энэ хугацааг тоолох учиртай. Харин зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүйгээр хамгаалахаар хуульчилсан байдаг юм. Жишээ нь саяны маргааны эх үүсвэр болсон “Хулан хонгор”гэдэг дууны хөгжмийг зохиосон Г.Дарамзагд, шүлгийг нь бичсэн Д.Цэдэв хоёулаа байхгүй. Гэхдээ оюуны өмчийн эрх эзэмшигчид нь MOSCAP-т бүртгэлтэй байгаа.

-Олон жил дуулсан учраас миний дуу гэх хандлагаар залуу дуучдад хандах үзэгдэл нэг биш гардаг?

-Тийм ээ, ингэж л хандаж ирсэн тэр хандлагыг өөрчлөх гэж нэлээд ажил болж байна. Анх дуулсан, олон жил дуулсан нь харгалзах үзүүлт мөн үү гэвэл мөн. Гэхдээ гэрээ байгуулаагүй, гэрээнд тухайлан тусгаагүй бол энэ бол онцгойлох зүйл биш. Ялангуяа дуучдад ийм хандлага их гардаг. Гэтэл тэд зохиогчийн эрх бус хамаарах эрх эдлэх гүйцэтгэх тоглогч уран бүтээлчид шүү дээ. Үүнийхээ зааг ялгааг уран бүтээлчид маань сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Таны уран бүтээлийг дуучид булаацалдаад  байвал та яах бол?

-Би дуудаж авчраад шууд л гэрээ хийнэ. Миний нэг дууг таван дуучин дуулсан ч болно шүү дээ. Тэр дуучидтай тоглолтод дуулах юмуу, дискэнд оруулах гэрээ байх юм уу гэдгээ тохироод гэрээ байгуулна. Хуульд энэ бүгд тус тусдаа тусгагдсан байгаа. Тусдаа үнэлгээтэй. Дуу гэдэг бүх ард түмнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй л бүтээл. Нэг дуучин өмчлөөд явна гэж байж болохгүй асуудал. Хамаарах эрхтэй гэж байгаа боловч гэрээний хүрээнд заагдсан хугацаанд л энэ асуудал яригдана. Манай оюуны өмчийн харилцааг зохицуулдаг гэх Оюуны өмчийн тухай, Соёлын тухай, Зохиогчийн эрхийн тухай хуулиуд хэрэгжүүлэх механизм нь тодорхой биш байгаад их учир байна. Гэрээ хийгээгүй тохиолдолд үүрэх хариуцлага гэж байхгүй. Тийм заалт байхгүй.

-Зохиолчид жүжгээ, киногоо зөвхөн тэр найруулна, тэр зураглаачаар ажиллана, гол дүрд тэр тоглоно гэх мэтээр гэрээслэх үзэгдэл дэлхий дахинд мэр сэр бий. Манайд иймэрхүү жишээ баримт байдаг уу ?

-Хамтын нэгдмэл уран бүтээлийн тухайд зохиогчийн эрхийн асуудлыг гэрээгээр нарийвчлан зохицуулах хэрэгтэй. Гэрээнд энэ талаар юу гэж тохиролцож тусгасан нь эрх зүйн үндэслэл болоод явчихна. Гэрээ хэлцэлгүйгээр гэнэт л хэн нэг нь бусдыгаа шантаажлах маягаар зохиогчийн эрхээ тусад нь авна, татна гэх нь утгаггүй хэрэг. Одоогоор таны асуусан жишээ баримт алга.

-Манай хэвлэлийнхний бэлтгэн нийлүүлдэг мэдээ мэдээллүүд зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй гэх ангилалд ордог. Мөн хөрөг, эссэ, өгүүлэл, нийтлэл, сурвалжилга гэх төрлүүд дээр яах ёстой вэ ?

-Хэрвээ тэр хэвлэлийн компанид зохиогчийн эрхээ шилжүүлэх гэрээ хийгээгүй бол зохиогчийн эрхээ та эдэлнэ. Сэтгүүлзүйн хувьд “үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ мэдээлэл”-ийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй гэсэн хуулийн заалт Зохиогчийн эрхийн тухай хуульд бий. Харин хөрөг, эссэ, өгүүлэл, нийтлэл, сурвалжилга зэрэг бичлэгийн төрөл зүйлийн тухайд зохиогчийн эрхээ эдэлнэ.

-Нэг дууг тэгж үнэлнэ гэх мэт тариф байхгүй биз дээ ?

-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл хянан баталсан жишиг тарифыг үндсэндээ баримтална. Дуу бүр өөр өөрийн үнэлэмж, өртөгтэй учраас уран бүтээлчийн байгуулсан гэрээний заалтуудыг харгалзах тул яг тэд гэж тоо хэлэхэд төвөгтэй.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22