​ Эмэгтэйчүүдийн оршихуйг тунхаглагч



Б.Үйзэнмаа гэх монгол нэр Европын кино урлагт  хүлээн зөвшөөрөгдөөд арван оныг үджээ. Дэлхийд монгол киног төлөөлж яваа цөөхөн уран бүтээлчдийн нэг. Майнцын их сургуульд франц хэл, түүх, хэл шинжлэлийн чиглэлээр суралцсан тэрбээр хүсэл сонирхлоороо урлагийн зам мөрийг хөөжээ. Мюнхенд баримтат киноны найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн түүний анхны бүтээл нь “Над руу битгий ингэж хар”. Нэр шигээ этгээд энэ киногоороо 2015 онд Мюнхений олон улсын кино фестивальд оролцож, “Олон улсын кино шүүмжлэгчдийн холбоо”-ны нэрэмжит FIPRESCI шагнал, Испанийн Таррагона хотод болсон “REC” олон улсын кино наадмаас “Онцгой санаа” шагнал мөн Баварын кино наадмаас “Шилдэг залуу найруулагч” шагнал  хүртжээ. “Хар сүү” хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний кино нь ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Анхны уран бүтээл “Над руу битгий ингэж хар” кинонд алс холын эх орноо санагалзах сэтгэлийг харуулсан бол сүүлд гаргасан “Хар сүү” киноны зураг авалтыг Монгол Улсад авчээ.


“Урлагт уянга хэрэггүй”

“Найруулагчийн гэсэн дүрэмд баригдалгүй ажиллах дуртай. Оюутан байхдаа ном, кино зохиол олныг уншсан. Кино урлагийн түүхийг олон талаас нь судалж, ойлгож, харьцуулахын тулд уншихаас өөр аргагүй. Тэгж байж л өөрийн гэсэн бүтээлийн хэлээ олно. Скорсезе давтах  юм бол кино хийгээд хэрэггүй гэж боддог. Тийм кино зөндөө байна. Би өөрийнхөө ертөнцийг нээхийг хүсэж байна. Хүмүүс  “Чи чадахгүй” гэж хэлсэн ч би дотоод хүслээсээ эрч хүч авдаг. Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй. Өөрийгөө чагнаж сурсан. Энэ бол их чухал үйл явц. 27 настайгаасаа эхлээд бусдын нөлөөнд автахааргүй болж, өөрийгөө сонсож сурсан даа. Энэ кино гоё, ийм л кино хийхсэн гэх хүсэлгүй. Бусдаас өөр зүйл хийхийн тулд би кино хийж байгаа” гэж ярьсан түүний уран бүтээл гоё хэтрүүлэг, чимэг зүүлтгүй бодит мэт. Зарим нэг эвгүй зүйлийг хүчээр биш, жам ёсоор харуулсан нь найруулагчийн ур чадварыг илэрхийлнэ. Үүнийгээ “Урлагт уянга хэрэггүй” гэж тайлбарлана. Түүнийг уран бүтээлч бас дотоод оршихуйг эрэлхийлдэг болж төлөвшихөд аав нь нөлөөлсөн байна. Аав Борхүү нь зураач. Охиныхоо шүлэг бичих, дуулах, бүжиглэх сонирхлыг үргэлж дэмждэг. Өөрийнхөөрөө байх, хүссэн мэдрэмжээ авах нь тэдний  гэр бүлд мөнгөнөөс үнэтэй байсан гэдэг. Түүний бодлоор  хүн бүр уран бүтээлч. Гэтэл ихэнх нь айдасгүй, дүр эсгэхгүйгээр ѳѳрийгѳѳ чѳлѳѳтэй илэрхийлэх урлагийн тѳрлѳѳ олж чаддаггүй. Харин аав, ээж нь хэрхэн эрх чѳлѳѳтэй байхын үнэ цэнийг өөрсдийн биеэр үлгэрлэж амьдарсан хүмүүс. Орчин нөхцөл хүнийг яаж ч хайрцаглах гэж оролдсон ч оюун ухаан, бодол сэтгэлгээгээр хэрхэн зад татаж болдгийг ойлгуулсан. Тэр эрх чөлөөг эрхэмлэж, аж төрөхүйн үнэнийг өөрсдийн өнцгөөс харахыг хичээжээ. Ирээдүйгээ өөдрөгөөр харж, итгэл найдвараар дүүрэн байсан нь аав, ээжийн сургаалын л хүч. Гэрээсээ гараад л гаднын хүн болчихдог нийгэмд 200 хувь мэрийх хэрэгтэй. Бусад хүн 70 хувь л мэрийхэд хангалттай байдаг. Яаж ч хичээсэн хангалттай биш байсан тэр үе Үйзэнмаагийн амьдралд хатуу боловч сайн сургамж болжээ. Амьдралын энэ сорилт түүнд “Чи юу ч биш  учир чаддагаа л хий” гэсэн хатуу зарчим суулгасан байна.  Өсвөр насандаа амссан дээрэлхэлтийг “Эндхийн хүмүүсийг ойлгохыг хичээ. Доромжлуулсан ч цаашаа яв. Чи сургуульд сурч боловсролтой болох хэрэгтэй. Гол юмандаа л анхаарлаа төвлөрүүл” гэсэн аав ээжийнхээ зөвлөгөөгөөр даван гарчээ. Хэрвээ гадуурхалтад бүдэрч үлдсэн бол “Над руу битгий ингэж хар” киноны зохиолоо бичиж, найруулж бас гол дүрд нь тоглохгүй байсан биз. Өөртөө итгэж, зөн билгээ дагах нь чухал. Хүмүүс нийгэмд ямар зан араншин гаргаж байгаа нь түүний сонирхлыг татдаг болов уу. Ялангуяа орчин үеийн эмэгтэйчүүд хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг уран бүтээлээрээ илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн жинхэнэ төрхийг харуулахыг зорьжээ. Эмэгтэй найруулагч амьдралаар л кино хийдэг гэх утгагүй ойлголт бий. Хүмүүс бүтээлийг нь хэрхэн хүлээж авах бол гэж  санаа зовохгүй найруулсан “Над руу битгий ингэж хар” киноны тухай үзэгчид одоо ч ярьсаар. Энэ бол бидний амьдарч буй нийгмийн тусгал болсон бүтээл.  

“Хар сүү”-Нүүдэлчдийн хүч

“Хар сүү”  кинондоо эгч дүүсийн олон жилийн хагацлын тухай өгүүлдэг. Тэдний соёлын зөрчилдөөн үйл явдалд хурцадмал байдлыг үүсгэдэг. “Хар сүү” 2020 онд Берлиний олон улсын кино наадмаар нээлтээ хийсэн. Кинонд ямар бодол санаа, аль соёл нь илүү юм бэ, энэ ялгаатай байдлыг хэрхэн шийдэх вэ, Монголдоо өссөн бол хэн болох байсан бэ гэх оршихуйн асуудлыг хөнджээ. Хэдий цар тахлын хөл хориотой ч тасалбар нь дуусаж, кино театрын гадаа хүмүүсийн дугаарласан урт цуваа үүсгэж байлаа. Цомхон бүрэлдэхүүнтэй ч чанартай зураг авалт болжээ. Илүү дутуу тавилтгүй, нүүдэлчдийн ахуйг  байгаагаар нь гаргахад аав Борхүү нь тусалжээ.  Олны танил жүжигчдийг бус говь нутгийн жирийн иргэдийг тоглуулсан нь үзэгчдэд хэтрүүлэггүй сэтгэл төрүүлнэ. Берлинд оролцон тоглосон говийнхны төлөөлөгчдөөс ирсэн нь нээлтийн гоёл болж, кино урлагийн сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн юм.  Мэргэжлийн жүжигчин биш тэд Германд өргөн дэлгэцээр өөрсдийгөө хараад цочирдож, ичэнгүйрч бас баярлаж байв. “Hollywood Foreign Press Association”-ын гишүүн Барбара Гассер  “Үйзэнмаа хүний, нийгмийн, эмэгтэйчүүдийн мэддэг хэрнээ ил яриад байдаггүй чухал сэдвийг зоригтой хөнддөг. Монголд ч биш дэлхийн нийтэд тулгамдсан сэдвүүд юм” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Үйзэнмаа кинондоо эгчийн дүрийг бүтээжээ. Харин дүүгийн дүрд үеэл Ц.Гүнсмаа тоглосон байна. Киноныхоо тухай “Би Монголд төрсөн. Хэдий олон жил гаднын улсад амьдарсан ч эх оронтойгоо үргэлж холбоотой явдаг. Германд аав, ээж, ах, эгчтэйгээ амьдардаг байсан 50 метр квадрат орон сууц бидний хувьд Монгол Улс байсан. Байрны гадна ганц алхмын цаана Герман байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Багаасаа хүний нутагт ганцаардаж өссөн дурсамж, эх орон гэх өөрийн бодолдоо хөтлөгдөн “Хар сүү” зохиолоо бичсэн. Миний хувьд амьдралыг ухаарсан байгалийн урсгал юм. Хар ѳнгөний тухай ойлголт кинонд чухал санаа илэрхийлсэн. Хар бол муу,  харласан царай муухай, хар арьстанд дургүй зэргээр хүмүүс цагаан руу тэмүүлдэг. Өнгѳц хандлагаасаа болоод юмны цаана, дотор нь байгаа эрч хүчийг харахгүйгээр шууд бодлоороо ханддаг. Мэдээж сүү цагаан өнгөтэй. Харин хөхөндөө ямар ѳнгѳтэй байдаг бол. Тэнд л маш их эрч хүч далд оршино. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний тэвчээр, жинхэнэ гоо сайхан тэнд л  оршдог” гэжээ. Таван настайгаасаа Зүүн Германд өссөн учраас эх хэл, соёлоосоо алсрах нь гарцаагүй. Харин зураг авалтын үеэр төрөлх хэл нь сэргэж, бусадтай шууд л ойлголцдог болсноо нуусангүй. Энэ бол нүүдэлчин эмэгтэйчүүд янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн ханддаг, ямар хүчтэй болохыг илэрхийлсэн дүр зураг юм. Европчуудын хуучны ертөнц гэж хардаг Монголд сул дорой эмэгтэй байхгүй. Тэд хүчтэй байх ёстой. Үүнийг л Үйзэнмаа найруулагч киноны хэлээр харуулж ойлгуулахыг хичээжээ. “Энэ ертөнцөд бид заримдаа төөрөлдөж байх шиг.  Барууны ертөнцөд хүмүүс "Цаг бол мөнгө" гэсэн ойлголттой байдаг. Бусдыг хийхийг хүлээх биш өөрөө хийх ёстой гэж тэд боддог. Тэгвэл монголчууд цаг хугацааны тухай огт өөр сэтгэхүйтэй. Цаг хугацаа эцэс төгсгөлгүй гэж үздэг. Тэнгэр сайхан байна, яарах хэрэггүй гэсэн бодолтой. Нүүдэлчин эмэгтэйчүүд зөвхөн өөрийгөө боддог хүмүүс биш. Тэд эхлээд бусдын тухай, дараа нь өөрийгөө бодно. Гэтэл барууны ертөнцөд зөвхөн хар амиа л хичээдэг” хэмээн монгол эмэгтэйн оршихуйг тодотголоо.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22