Монгол тамирчид амжилтаа ахиулж, ард түмнээ огшоож байна


Паралимпын тамирчид бусдаас илүү ачаалалтай хөдөлмөрлөж, сэтгэлийн тэнхээ, тэвчээрийн хүнд хэцүүг даван зорьсондоо хүрдгийг энэ өдрүүдэд дэлхий нийтээрээ харан биширч байна. Тэд амжилтаа даруухан тэмдэглэж, танигдахгүй явдаг чимээгүй баатрууд аж. Парис хотноо болж буй паралимпын наадамд манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцож байгаа билээ. Наадмын салхийг хагалж, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд У.Сүрэнжав алтан медаль хүртэн монголчуудын магнай тэнийлгэлээ. Энэ бол манай ард түмний зуны олимпоос хүсэн хүлээсэн алтан медаль юм. “Өнөөдөр манай тэр дэвжээнд гарна, цэц сорино, хүч үзнэ” гэж битүүхэн горьдож хүлээсэн итгэлийг сэргээж, сэтгэлийг огшоосон ялалт байлаа. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгэмд бүхний гадна хоцордог  залуучуудын спортоор хичээллэх хүсэл мөрөөдлийг бадрааж байна. Төр, засгийн түвшинд хүртээмжтэй нийгэм бүтээхийн үнэ цэнийг ч давхар харуулаад амжлаа. 

Наймдугаар сарын 30 бол Алттай өдөр

Олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав паралимпын анхны  эмэгтэй аварга болсон. Тэрбээр 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин юм. Түүний алтан медаль хүртсэн наймдугаар сарын 30-ыг “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлажээ. Сонирхуулахад, 2021 оны наймдугаар сарын 30-нд “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн.  Гурван жилийн зайтай олимпын циклд Монгол Улсаас алтан медальтан төрдөг ээлтэй өдөр юм. У.Сүрэнжавын амжилтын буухиаг үргэлжлүүлэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж, эх орон нэгтнүүдээ баярлууллаа. Тэрбээр таеквондогийн дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальтай. Энэ цагаас хойш паралимпын мөнгөн медальтан хэмээн цоллуулах эрхтэй болсон Г.Болор-Эрдэнэ “Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй гэж хараад байдаг. Гэтэл бид энгийн тамирчдаас илүү их хичээж зүтгэдэг” хэмээн бусдад урам өгч, тамирчдаа хурцаллаа.  Монгол төрийн дуулал эгшиглэж, алтан соёмбот далбаагаа мандуулсан У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нарын амжилтаар манай таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын  шилдэг дөрөвт шалгарсан. Тэд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор бэлтгэлээ базаажээ. 


Аавын малгайнаас авсан адис

Ард түмнийхээ сэтгэлийг хөвсөлзүүлж баярын нулимстай медалийн тавцанд гарсан тамирчин бол Олон улсын хэмжээний  мастер Цэгмидийн Баттулга. Бие халаалтаа дуусгаад, цэнгэлдэх хүрээлэнд орохынхоо өмнө аавынхаа  малгайнаас адис авч буй зураг биднийг эрхгүй огшоосон. Эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 төрөлд мөнгөн медаль хүртэж улсынхаа амжилтыг ахиулсан тэрбээр  Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийнхаа баяр наадамд хоёр түрүүлж, 12 удаа шөвгөрсөн Аймгийн хурц арслан  Ч.Цэгмидийн хүү. Ээж Н.Мядагсүрэн нь “Миний хүүг багад нь хүүхдүүд намхан гээд шоолдог байсан ч “Би чадна, сурна” гэж хичээсээр ирсэн” хэмээн тамирчин хүүгийнхээ тухай ярьжээ. Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Ц.Баттулга Парист амжилт үзүүлэхийн тулд ажлаасаа түр чөлөө авчээ. Зорилгодоо хүрч, медалиа зүүгээд “Аав минь тэнгэрийн орноос хүүгээ хараад ямар их баярласан бол” хэмээн хөнгөн гунигтай өгүүлжээ. Тэрбээр Ханжоугийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн, Бээжингийн гранпри болон Бүх Оросын алтан медальтай тамирчин юм.


Медалийн найдвар тасраагүй, паралимпын буухиа үргэлжилж байна

Хүлээлт, итгэл тээж буй тамирчин бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын аварга Э.Содномпилжээ. Дэлхийн пара пауэрлифтингийн гиннесийн амжилтыг эзэмшигч. 2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Монгол Улсын түүхэнд анх удаа пауэрлифтингийн тамирчин паралимпод оролцох болзол хангасан нь энэ байлаа. “Рио 2016” паралипын наадмаас хүрэл медаль, “Токио 2020” паралимпын наадмаас алтан медаль хүртээд байгаа. Тэрбээр паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм. Пара Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Д.Сэлэнгээ дөрөвдүгээр байр, хөнгөн атлетикийн 100 метрийн тэргэнцэртэй гүйлтийн төрөлд ОУХМ П.Энхманлай 16.03 секундын амжилтаар гараандаа тавдугаар байрт шалгарсан амжилтаар  тэмцээнээ өндөрлүүллээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдэж байна.


 Х.Заяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 10 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 13 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 13 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 13 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30