Орчуулагч: Д.Оюунгэрэл
ЧҮНДЖ паблишинг
Манай хаалгыг цэлийтэл нээгээд Алёнка шагайж:
- Том дэлгүүрт хаврын зах нээгдсэн байна! – гэж хашхирлаа.
Айхавтар чангаар ингэж чарлахад нь товч шиг бөөрөнхий, том нүд нь байдгаараа бүлтийчихсэн харагдав. Би бүр эхлээд хүн амьтан үхэж үрэгдээ юм болов уу гэж бодсоныг яана. Тэгтэл Алёнка амьсгаа авснаа:
- Дениска, гүйцгээе! Хурдлаарай! Хөөстэй квас бий гэнэ! Хөгжим тоглоно, хүүхэлдэй маамуу өрөөстэй байгаа! Явъя аа! – гэж ориллоо.
Гал гарсан юм шиг л бархирч байна. Би ч дагаад сандарч орхив. Эгэмний доохно гижиг хүрэх шиг болоод, ум хумгүй гаран гүйлээ.
Алёнка бид хоёр хөтлөлцөж, галзуу туссан амьтад шиг салхи сөрөн харайлгасаар том дэлгүүрт хүрэв. Дотор нь дүүрэн хүн. Дэлгүүрийн тэхий голд, юугаар ч юм бэ бүү мэд, нэг л гялалзсан юмаар хийсэн, бараг таазанд тулам асар том эрэгтэй эмэгтэй хоёр хүн харагдана. Амьгүй мөртлөө нүдээ анивчуулж, уруул амаа хөдөлгөх ажээ. Эрэгтэй нь:
- Хаврын худалдаа! Хаврын худалдаа! – гэж зарлан хашхирна.
Харин эмэгтэй нь:
- Тавтай морилоорой! Тавтай морилоорой! – гэнэ.
Бид хоёр тэднийг удаан харж зогслоо. Тэгтэл Алёнка надаас:
- Яаж дуугараад байгаа юм бол? Амьгүй биз дээ? – гэж асуув.
- Ойлгох арга алга, - гэхэд минь Алёнка:
- Тэгвэл би мэдэж байна. Өөрсдөө хашхирч байгаа юм биш! Дотор нь амьд жүжигчид орж суугаад, бүтэн өдөржин ингэж орилдог байхгүй юу. Тэгээд бас олс татна. Олс татахаар энэ хүүхэлдэйнүүдийн уруул хөдөлж байгаа юм, - гэв.
Би тачигнатал инээж:
- Ингээд жаахан охин гэдэг чинь мэдэгдээд байдаг юм. Хүүхэлдэйн гэдсэнд жүжигчид ороод, бүтэн өдөр тэндээ суух уу? Төсөөл дөө, чи. Өдөржин атирч сууна гээд. Ядарч сүйд болох байлгүй! Ууж идэх хэрэг гарна аа даа? Өөр бас бус юм ч бий... Эвий хөөрхий, нялх тэнэг хүүхэд минь! Дотор нь радио дуугарч байхгүй юу! – хэмээлээ.
Хариуд нь Алёнка:
- Хамраа бүү сөх! – гэж дуугарав.
Цааш явцгаалаа. Эргэн тойронд олон хүн багшран чихцэлдэхийг сайтар харвал бүгд гоё ганган хувцсаа өмсөөд, хөөр баяраар бялхах ажээ. Хөгжим хангинаж, нэгэн эрэгтэй хүн сугалаа хийсэн сав эргүүлэн, хоолой мэдэн орилох нь:
Энд бушуу цуглаарай
Эд хогшлын сугалаа шүү!
Хөнгөн тэрэг “Волга” маань
Хөлөглөх эзнээ хүлээж байна!
Сунайсан “Москвич” манайд бий
Сугалаанд хожоод хаазаа жий!
Тэр хүний дэргэд бид зогсоод, уран цэцэн үг урсган байгааг нь харж баахан инээлдэв. Алёнка хэлж байна:
- Амьд хүн хашхичих нь радионоос хавьгүй сонирхолтой юм байна аа.
Том хүмүүсийн дундуур бид хоёр удаан гүйлдэж, сайхан хөгжилдөж авлаа. Тэгтэл үл таних цэрэг ах Алёнкаг шүүрэн авч өргөхөд хажууд зогссон нөхөр нь хананд байх товчлуурыг дартал үнэртэй ус цацагдав. Алёнкаг газарт буулгасанд тэр чигтээ чихэр шиг үнэр ханхална. Цэрэг ах:
- Ямар хөөрхөн охин бэ! Эгдүүтэй гэдэг нь, - хэмээн дуу алдлаа.
Алёнка ухасхийн зугтав. Би ч араас нь гүйж явтал квас зарж байхтай тааралдлаа. Өглөөний цай уух хэдэн зоос халаасанд байсан тул хоёул нэжгээд том аяга квас залгилж орхисон юм. Алёнкагийн гэдэс яг бөмбөг шиг болж, харин би хамраа сэтэртэл хэхэрч гарлаа. Нэгдүгээр зэрэглэлийн дориун эд санж. Ууж гүйцээд ахин цааш гүйтэл гэдсэнд минь квас цалгих нь сонсогдож байв. Гэртээ харихаар шийдээд гудамжинд гарвал тэнд бүр ч хөгжилтэй байх ажээ. Дэлгүүрийн үүдэнд нэг бүсгүй агаарын бөмбөлөг худалдаж байна.
Алёнка тэр хүнийг хармагцаа зогтусан зогсоод:
- Пөөх! Би бөмбөлөг авмаар байна! – гэдэг байгаа.
Харин би:
- Авбал сайхан л байна. Даанч мөнгөгүй, - гэж хэллээ. Гэтэл Алёнка:
- Надад мөнгө байгаа, - гэв.
- Харъя.
Халааснаасаа мөнгө гарж ирлээ.
Би:
- Өө, за! Арван мөнгө байна. Эгч ээ, энэ охинд бөмбөлөг өгнө үү! – гэж хүсэв.
Худалдагч эгч инээмсэглээд:
- Та ямрыг авах вэ? Улаан, хөх, цэнхэр байна, - гэлээ.
Алёнка улааныг авав. Гэр өөдөө алхаж явтал гэнэт Алёнка:
- Чи бариад явмаар байна уу? - гэж асуулаа.
Ингэж хэлээд бөмбөлөг уясан утсыг өгөхөд нь би атгаж авлаа. Дөнгөж барьтал өнөөх бөмбөлөг уяанаас зөөлөн татаж байна. Нисмээр байгаа бололтой. Тэгэхээр нь утсыг жаахан суллатал үнэхээр хөөрч одъё гэж гуйх мэт гараас минь татан тэмүүлнэ. Гэтэл нисэж чаддаг энэ бөмбөлгийг би л хүчээр бариад байх шиг санагдан, гэнэт өрөвдөх сэтгэл төрөх нь тэр. Уяаг сул тавьж орхиход эхэндээ бөмбөлөг ниссэнгүй. Итгэхгүй байх мэт. Тэгснээ сул чөлөөтэй болсноо мэдрэв бололтой, шууд ухасхийн хөөрч, гудамжны гэрлээс ч дээш сугаран нислээ.
Алёнка хоёр шанаагаа даран авч:
- Хүүе ээ, яаж байгаа юм бэ, бариад аваач! – гэж хашхираад доороо дэвхцэн, бөмбөлгийг тогтоохоор хэдэнтээ үсэрснээ чадахгүйгээ ойлгоод уйлж гарав.
- Чи яах гэж тавиад явуулчхав аа?..
Би хариу хэлсэнгүй. Бөмбөлгийг дагуулан харсаар зогсов. Алгуурхан хөөрөх тэр бөмбөлөг бүх насаараа ингэхийг л хүсэн хүлээсэн мэт аажим аажмаар улам өндөрт тэмүүлсээр.
Алёнка бид хоёр толгойгоо гэдийлгэн тэнгэр өөд өлийн харахад том хүмүүс ч мөн адил дороо зогсоод, улаан бөмбөлөг дэгдэн хөөрч улам жижгэрсээр байгааг ажиглана.
Асар өндөр байшингийн хамгийн дээд давхартай зэрэгцэж ирэхэд нь цонхоор нэг хүн цухуйгаад, гараараа даллаж харагдав. Бөмбөлөг үл ялиг хажуу тийш займчсанаа зурагтын долгион баригчаас ч дээш, бүр тагтаанаас өндөрт гаран цойлсоор өчүүхэн жижиг улаан цэг болж хувирлаа... Чих шуугина.
Хөвсгөр бяцхан бүжин шиг нимгэн цагаан үүлний цаагуур бөмбөлөг шургаж орсноо буцан ил гарч, тэгээд үзэгдэхээ болив. Одоо бараг саранд хүрээ байлгүй. Бид араас нь ширтэн зогссоор, миний нүдэнд янз бүрийн хээ угалз, цэг зураас анивалзаж харагдах боллоо. Харин бөмбөлөг л хаа ч алга. Алёнка хөнгөн шүүрс алдах нь дуулдаж, хүмүүс зам мөрөө хөөн одоцгоов. Бид ч явлаа. Чимээгүй алхах зуур би бодолд автаж явна. Хавар цаг гэдэг хэчнээн гайхалтай вэ, хүн бүр ганган хээнцэр, баяр баясалтай, машин тэрэг ийш тийш сүлжилдэж, цагаан бээлийтэй цагдаа ах зогсчихсон, цэлмэг тунгалаг цэнхэр тэнгэрт час улаан бөмбөлөг бидний гараас мултран хөөрөөд л... Гэхдээ энэ бүхнийг Алёнкад ярьж чадахгүй минь харамсалтай яа. Аятай зүйтэй үг холбож би чадахгүй, за, чаддаг байлаа ч Алёнка ойлгохгүй, жаахан охин шүү дээ. Хажууд үг дуугүй зэрэгцэн алхаж яваа түүний хацар дээрх доголон нулимс бүрэн хатаагүй л байв. Бөмбөлгөө алдсандаа харуусаж буй биз ээ.
Явсаар байрныхаа гадаа ирэв. Гэтэл гэр гэрийн зүг салах мөчид Алёнка:
- Хэрэв би мөнгөтэй байсан бол ахиад нэг бөмбөлөг худалдаж авах байсан юм... Тэгсэн бол чи хөөргөхгүй юу... – гэлээ.
Зохиолч:
Виктор Драгунский "Дениска хүүгийн өгүүллэгүүд" номоос
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна