Манайд үндсэн мэргэжлийнхээ ажлын хажуугаар уран бүтээл чимээгүйхэн хийж, хааяа часхийсэн өгүүлэл, нийтлэл, эсээ, богино өгүүллэг, шүлэг, орчуулгаа сонин, сэтгүүлд гаргаж, уншигчдын танил, нэн ялангуяа уран зохиолын хүрээнийхэн андахгүй болсон даруухан хүмүүс бий. Тэдний нэг нь миний эрдэмт сайн анд Цаг уурч Хүрэн-Алагийн Хангайсайхан- “Сэтгэлийн цэнхэр огторгуйгаа шүтэгч” юм.
Тэрбээр алба, амины 40 гаруй ном, сурах бичиг, товхимол бичиж хэвлүүлсэн бөгөөд уран зохиолын хувьд өөрийн бүтээлээр “Ээжийн шүтлэгтэй од”, “Сэтгэлийн цэнхэр огторгуй”, “Задгай цагаан орчлон” зэрэг шүлэг, найраглал, өгүүллэг, туужийн ном, мөн гадаадын 200 гаруй яруу найрагч, зохиолчдын бүтээлээс орчуулж “Яруу найргийн цоморлиг” зэрэг жинтэй номууд хэвлүүлсэн нь бий. Бас “Дэлхийн яруу найраг” цувралыг санаачилж, Абай, С.Есенин, Л.Бурич, Н.Рубцов, И.Такүбокү зэрэг гадаадын яруу найрагчдын бүтээлээр тусгай 14 ном хэвлүүлжээ.
Энэ бүхэн Хангайсайхан гэж хэн бэ? гэдгийг тодорхой өгүүлдэг юм. Тэгээд ч тэр зүй ёсоор Монголын зохиолчдын нэрэмжит шагнал (2009), Н.Рубцовын нэрэмжит Бүх Оросын утга зохиолын “Звёзда полей” (Талын одод) шагнал (2011) хүртжээ.
Эдүгээ түүний яруу найргийн бүтээлээс уншигчдадаа толилуулж байна.
Хотол даяар таалал орших болтугай!
Ардын уран зохиолч Ж.Саруулбуян
ТӨРСӨН НУТАГТАА ХОЛООС ОЧИХОД...
(Тэнгэр нагац нартаа)
Усны эх нь булаг
Хүний эх нь нагац
Төрсөн нутагтаа холоос очиход
Төгөлдөр орчлонд сая ирж байх шиг
Багын давчуу сэтгэл минь уужирч
Баярын нулимс хацар даган урсах юм.
Унаган нутагтаа холоос очиход
Унан тусан сая хөлд орж байх шиг
Омголон хурдан хүлгээсээ буугаад
Огцом хэд гишгээд зогтусах юм.
Эх нутагтаа холоос очиход
Ээжээ дуудан сая хэлд орж байх шиг
Булиглах зүрхний мэнд аяндаа урслаа ч
Буурал нагацтайгаа дуугүй золгох юм.
ТЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН ДУРСАМЖ
Хүйтэн хушууны хөндийд, аавтайгаа
Өвлийн өдөр шаваг, тэсгэнэ түүлцэхэд
“Хүү минь тусад орж дээ...” хэмээн
Өөрийн эрхгүй эцэг минь баярласан юм.
Өвчтэй, аймагт хүргэгдсэн эхийг нь
Өөдөсхөн үрсийнх нь хувь заяанд даатгаж
Эцэг минь хөөрхий, зүдэрч явсан тэр жил
Эр хүн болж, би тэнгийн ачаа даасан юм.
Өндөр хүрэн ат, бас хэдэн тэмээнд
Өнжүүд түүсэн түлээгээ бид ачаалж,
Аймгийн төв ороход юм бүхэн сонин ч
Айлын ууган хүүд эрхлэх үе байгаагүй ээ!
УУЛЫН ШӨНӨ
Улайран багаа тэнгэрийн хаяа ширтэн
Уулын шөнө, саран мандахыг хүлээхүйд
Унтаагүй шувуудын сулхан жиргээн
Уянга нэмэж шөнийн амгаланг хөглөнө.
Хот айлын тэндээс яндангийн оч улалзаж
Холын чимээ анирлан чөдрийн морь үүрсэж
Багын дуртгал шөнийн
сэвшээгээр айлчилж
Баярын нулимс зүрхэн тольтод
минь харвана.
Янагшин дассан энхрийхэн чи минь
Янзага адил дэгдэн хажууд хүрч ирэхүйд
Үхэлгүй мөнхийн амьдралд би умбаж
Үлгэр туульсын хан хөвгүүнд хувилна.
ЭЖИЙ, ШААЗГАЙ ХОЁР
(Зөнч мэргэн эжийдээ)
“Алаг шаазгай араг дээр суугаад
Жигэр жигэр жигэр жигэр жигэр жигэр гэнээ л...”
Ардын дуунаас
Эжий, шаазгай хоёр
Эгнэгт бат нөхөрлөнө.
Эжий, шаазгай хоёр
Эгч дүүс шиг амьсана.
Эжий шаазгай хоёр
Хэл, үгээ ололцоно.
Эжий шаазгай хоёр
Хэт үйлээ ч ярилцана.
Хайртай хүү нь хол ч
Шаазгай сургийг нь гаргана.
Халамжтай охин нь ойр ч
Шаазгай үгийг нь зөөнө.
Айлчин гийчин ирэхийг
Шаазгай төвөггүй мэднэ.
Аргал хормойлох хооронд
Эжий хэлснийг нь ойлгоно.
Уяхан дуутай гургалдай ч
Уран донгодох хөхөө ч
Алаг шаазгайтай адил
Ангир эжийд сангадахгүй.
Эрүү цагаан болжмор ч
Энх амгалан тагтаа ч
Элэн халих хараацай ч
Эжийтэй бас дотносохгүй.
Эхийн сэтгэл шаналахыг
Шаазгай ерөөс андахгүй.
Эерүү цөөхөн үгсээр
Шагширч тэр аргадна.
“Шаазгайн зөөсөн үгс
Билэггүй хэзээ ч байгаагүй”.
Сайхан эжий ийнхүү
Санаа бодолдоо сүсэлнэ...
“Луу цагт шаазгай шагширлаа,
Холд яваа хүү минь ирэх нь ээ.
Бич цагт шаазгай бас шагширлаа
Бидэнд сайн мэдээ өгч байна” гэнэ.
Эжий шаазгай хоёр
Хэл, үгээ ололцоно.
Эжий шаазгай хоёр
Хэт үйлээ ч тохиролцоно.
Эжий, шаазгай хоёр
Эгнэгт бат нөхөрлөнө.
Эжий, шаазгай хоёр
Эгч дүүс шиг амьсана.
МОНГОЛ НУТГИЙН МИНЬ ХАВАР
МОРИН УУЛНААС ЭХЭЛДЭГ
Өвөл хөрлөсөн цасны ус
Уяралын нулимс адил мэлмэрч
Өнгө цэнхэр яргуйн түрүүч
Өдрийн одод адил гэрэлтэж
Монгол нутгийн минь хавар
Морин уулнаас эхэлдэг ээ.
Зургаан есөд өлдсөн буга
Зугуухан тэнхэрч тайгадаа буцан
Ургах нарны илчийг шүтэн
Урь тээсэн шувууд найрлаж
Монгол нутгийн минь хавар
Морин уулнаас эхэлдэг ээ.
Хан тэнгэрийн будант хаяанаас
Харьж ирэх тогоруун дуу хүлээж
Холоос туяарах Алтай нутгаа, би
Хонгор ээжтэйгээ цуг зүүдэлж
Монгол нутгийн минь хавар
Морин уулнаас эхэлдэг ээ.
ЭЭЖИЙН ШҮТЛЭГТЭЙ ОД
(Дууны үг)
Дорнын шөнийн тэнгэр доор
Домог туульсын өлгий нутагт
Долоон бурхан одод оо өмчилж
Долоон үедээ жаргаж явна аа, би
Ай, миний хувь тавилан
Асар тэнгэрийн эрхэстэй уяатай.
Өргөн дэлхийн цээжин дээр
Өрлөг дээдсийнхээ сүлдэн дор
Шанаган оддын хишиг хүртэж
Санасан үйлс дэлгэрч явна аа, би
Ай, миний хувь тавилан
Асар тэнгэрийн эрхэстэй уяатай.
Мөнгөрөн гэрэлтэх саран доор
Мөнхийн ерөөлт Монгол орондоо
Ээжийн шүтлэгт одод оо харж
Эгшигт дуугаан өргөж явна аа, би
Ай, миний хувь тавилан
Асар тэнгэрийн эрхэстэй уяатай.
ӨВГӨД, ЭМГЭД МИНЬ
Өвлийн нартай энэ өдөр
Өндөр орон сууцны гадаа
Хэцэн дээрх шувууд адил
Хэдэн өвгөн, эмгэн сууна.
Хэн нэг нь таяг барьсан
Нөгөө нэг нь эрх эргүүлсэн
Хэлэлцэх үгс нь тод бус ч
Хэдүүл хөөр баяртай байна.
Нэг өвгөн нь энгэр дээрээ
“Ахмад дайчин” тэмдэгтэй.
Нөгөө хэддээ яриа дэлгэж
Ам хамхихгүй хөөрч сууна...
Бас нэгэн нэмж ирвэл
Баяр хөөртэй угтацгаана.
Урьдын хөгжөөнтэй яриа
Улам бүр өрнөөд ирнэ.
Насан өндөр өвгөд, эмгэд
Нарны илчийг шүтэж сууна.
Удахгүй болох сар шинэ,
Урьдын явдлаас хуучилна уу?
Өнөө хэцүү цагийн тухай
Өр зүрхээ өмлөн халаглана уу?
Ирээдүй хойчийн төлөө
Энэрэх сэтгэлээ чилээцгээнэ үү?
Ай, цагийн хэцүүг үүрсэн
Азай буурал өвгөд минь ээ.
Ай, цагаан сүүгээ өргөсөн
Ачтай буурай эмгэд минь ээ!
2020.02.02, Буянт-Ухаа
ХАЙРТ МИНЬ ШИЛИЙН БОГД
ЯВААД ИРЛЭЭ...
Хайрт минь Шилийн Богд яваад ирлээ,
Хаа холын сайхан нутаг ус үзээд ирлээ,
Торой Бандийн домог нэг сонжоод ирлээ,
Торомгор Шармааны дуу сонсоод ирлээ.
Сайн эрсийн алдар өнө мөнх дуурссан
Сайхан бүсгүйн ая дуу өнөө ч уянгалсан
Дарь уул, Ганга нуураар түмэнд овогтой
Дарьганга зоны амрыг мэдээд ирэв үү?
Сүлдэнд, цагаан морьтой мөнхөрсөн
Сүхбаатар жанжины удмынхан сайн уу?
Дарьгангаа дэлхийд алдаршуулан дуулсан
Дашбалбар андын нутгийнхан сайн уу?
Алсаас харсан хэний ч хийморь сэргээх
Дарь уулын хормойд тавтай хоноглов уу?
Алгандаа дээжлэн, магнайгаа нэг шавшиж
Ганга нуурын уснаас сүсэглэн хүртэв үү?
Талын агуйд хэдэн хором тухлан саатав уу?
Торойн гаргасан бартаат замаар мацав уу?
Шилийн Богд явж, Алтан овоонд мөргөсөн
Миний хонгорын сүлд хийморь нь сэргэв үү?
Алтан овоо, Шилийн Богдоор аялахдаа
Аль эртний буурал түүхийн замаар бэдэрч
Цөс ихст эрсийн мохошгүй зоргийг шагшиж,
Чин үнэнч хайрын нууцыг мэдрээд ирэв үү?
Шударга үйлийн төлөө тэмцэж
боссон Торой
Түмний хүсэл тээсэн сайн эр юм
гэдэгт итгэв үү?
Шулуун зантай эр нөхрөө
өмөөрсөн Шармаан
Түүхэнд гийсэн сайхан бүсгүй гэдэгт
бишрэв үү?
ЗҮҮДНЭЭС ҮҮДСЭН ШҮЛЭГ
Өөрийгөөн би хөлдөөлгөж байна гэж
Өнгөрсөн шөнө хачин зүүд зүүдэллээ.
Өглөө нь тэгээд бүр хөргөгчид хийлгэж,
Өчнөөн жил хадгалуулж байх юм гэнээ.
Зуун жилийн дараа хөргөгчнөөс гарахад
Зураг төдий жилийхүй угтаж авах биз ээ.
Манай дэлхийнхэн харь гарагийнхантай
Магад уулзан, нөхөрлөсөн байх биз ээ.
Үхэл гэгчийг төсөөлөхгүй хүн төрөлтөн
Үй түмээрээ, дэлхийд багтахгүй бужигнаж,
Гараг хооронд нүүдэллэн ирж, буцаж
Гайхам содон үйлс өрнөсөн байх биз ээ.
Намайг үзмэр болгох хойч үеийнхэнтэй,
Надад үл итгэх тэр харь гарагийнхантай
Найрсаж хамт амьдарна гэдэг чухамдаа
Насандаа үйлдсэн лайгаа эдлэх хэрэг ээ.
Хүмүүн биеийн минь бүрэлдүүлж өгсөн
“Хүү минь” гэж энэрэн эвийлж өсгөсөн
Эцэг, эх хоёр минь ч байхгүй болохоор
Энэ орчлон даанч давчуудах буй заа.
Идэр залууд, хайр сэтгэлээрээ учирсан
Инээж баясан, бас гуниглаж дассан
Янаг хайрт чи минь байхгүй болохоор
Яруухан орчлон уйтай харагдах биз ээ.
Чи бидэн хоёрын хайрын шувуухай болж
Чимээ шуугиантайхан гар дээр дэрвэсэн
Хонгор үрсээс минь бас байхгүй болохоор
Хорвоогийн нар бүр харанхуйлах буй заа.
Цаг хугацааг хөлдөөлгөсөн хүн би ялахгүй,
Цагийн юм цагтаа бүрэн төгс утга учиртай.
Орон зайг гэсгээлгэсэн хүмүүн би эзлэхгүй,
Орчих ертөнц жам ёсны мөнхийн хуультай.
2016.03.04, Буянт-Ухаа
ЭЛЕГИ
Хайрт ханийнхаа гэгээн дурсгалд
Одоо чи минь наддаа
Одтой насныхаа биеэрээ харагдахгүй ээ.
Даанч чи минь наддаа
Далан настай эмгэн болж хүрч ирэхгүй ээ.
Хайрт чамтайгаа өнөө, би
Хааяа нэг зүүдэндээ л учрах юм даа.
Өнгөрсөн шөнө чамтайгаа уулзаж
би зүүдэллээ,
Өглөө сэрээд өөрийн мэдэлгүй нэрээр
чинь дуудлаа.
“Яасан бэ, миний өвгөөн?..” гэж
хүрч ирэхийг чинь
Яаралгүйхэн, хөлийн чимээ
чагнанхан хүлээлээ.
“Хэдэн ном чинь тараад, тоос
дарчихаж ээ...” гэж
Хэлэх үгийг чинь чих тавин сонсох гэж
их хүслээ...
Өчнөөн жил хамт амьдарсан хуучин
байр минь
Өнө мөнхийн чимээгүйгээр хариу
надад барилаа!..
2020.04.03, Буянт- Ухаа
ДӨРВӨН МӨРТ
* * *
Хөрлөсөн цас ханзрах яагаад ч үгүй атал
Хөдөөгийн сэлүүхэнд гэнэт
турьхан эрвээхий
Өвс, цас, чулуу дамжин нисэхийг харахуйд
Өвч сэтгэл минь буйгаар цэцэг
болж дэлгэрмүй!..
* * *
Өнөөдөр зургаан сарын хорин хоёрон
Өдөр нь хамгийн урт, шөнө нь богино гэнэ...
Маргаашаас бүх юм өөр болох
мэт санагдана,
Магадгүй харь гарагийн бүсгүйтэй ч
учрах юм шиг ээ!..
* * *
Хонгор үрийнхээ булшин дээр
Өтөл эх ганцаар бөртийн зогсох юм аа.
Хорвоогийн жам даан ч хатуу
Хоёр туйл солигдсон санагдах юм аа.
* * *
Ш.О-д
Хавар эртийн тэнгэрийн нүргэлэх дуу чимээ
Хаа тэртээх цэнхэр уулсын
чанадад сонсогдлоо.
Аюулхай цээжинд мөнх хайрын гал асааж
Анхны болзоо жаран насны
босгонд дурсагдлаа.
* * *
Орчлонгийн сайхан сэтгэлт бүх хүнтэй
Очиж уулзаж байдгаа дэлгэж
хуучилмаар байх юм.
Олдсон энэхэн бие минь даанч ганцхан
Оддын доор амьдрах хүний нас
даан ч богинохон!..
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна