Их спортын хөгжлийн түүхийг харуулсан нэгэн зуны олимпын наадмыг бид ардаа орхилоо. Хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр ямагт амжилт дагуулдгийг олон тамирчны туршлагаас харлаа. Бас хэтийдсэн мэдрэмж, давсан хийрхэл ямар алдаа авчирдгийг зуны олимпын XXXIII наадам харууллаа. Манай улсын хувьд ч энэ удаагийн олимпоос ихийг ойлгож цаашид хэрхэхээ анхааралдаа авсан гэдэгт итгэлтэй байна. Олимпоос онцлох спортын төрөл цөөнгүй байсны нэг нь дугуйн спорт байв.
Монголын дугуйчид олимпын наадамд анх удаа эрхээ авч уралдан замаа амжилттай дуусгаснаар шинэ түүхийг эхлүүлсэн юм. “Атланта 1996” олимпын наадмаас мэргэжлийн дугуйчид уралдаж эхэлсэн нь Монголын дугуйчдын зорилгыг нэмж урмыг хурцалсан нь лавтай. Дэлхийн тамирчдын энд хүрэх хүсэл монгол дугуйчдад бий болж өнөөдрийг эхлүүлжээ. 2014 оноос Монголын дугуйн холбоо шинэчилсэн бодлогоор алсаа төлөвлөн ажлаа хэрэгжүүлж, мэргэжлийн тамирчдыг бэлтгэсэн байдаг. 2022 онд тус холбоо дэргэдээ анхны хагас мэргэжлийн буюу континентал багийг байгуулснаар 2023 оны чансаагаараа олимпын мэргэжлийн анхны эрхийг авч түүхийн шинэ хуудсыг нээж чадлаа. Парисын олимпын эрхийг олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц авсан бөгөөд ганцаарчилсан уралдаанд 28, бөөн гараат уралдаанд 57 дугаар байрт шалгарсан нь Монголын дугуйн спортын чансааг дэлхийд таниулан хүчтэй өрсөлдөгч гарч ирж буйг харуулсан юм.
Өдгөө амжилт амжилтаар үргэлжилж байна. Монголын дугуйчид дэлхийн шилдгүүдтэй уралдахаар Швейцарыг зорих нь. Энэ сард дугуйн спортынхон Цюрих хотод цуглаж дэлхийн аваргууд тодрох юм. Мэргэжлийн дугуйн элит, холимог баг, бөөн болон ганцаарчилсан гараатай, өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас нийтдээ 11 тамирчин өрсөлдөнө. 50 орны 200 дугуйчин эрх авч уралдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нар ажиллаж байна.
Тэмцээний элит ангилалд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, мэргэжлийн дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний элит ангиллын мөнгө, хүрэл медальт “Парис-2024” олимпын наадмын оролцогч С.Жамбалжамц, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, Б.Тэгшбаяр, улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Э.Билгүүнжаргал нар оролцох бол U23 ангилалд Б.Батбаатар, А.Даваажаргал, Х.Тэмүүлэн нар уралдахаар бэлтгэлээ базааж байгаа юм. Эмэгтэйчүүдээс Ц.Солонго, А.Анужин, Э.Энхмаа нар өрсөлдөх бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн нар хурд хүчээ сорино. Онцлууштай нь Монголын эмэгтэй дугуйчид тус тэмцээний холимог багийн төрөлд анх удаа өрсөлдөх гэж байна. Тэд саяхан Батсүмбэрийн 29 км-ийн замд эхний сорилоо хийлээ. 29 км-т 00:42':41" амжилт үзүүлж дундаж хурд 41км/цаг гарсан байна. Бэлтгэлээ улам эрчимжүүлэн дундаж хурдыг 43-44 км/цаг болгох шаардлагатайг тэд дурдсан юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын анхны эмэгтэй дугуйчин бол 2013 оны Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Энхжаргал юм. Тэрбээр 2014 оны Итали, 2015 оны АНУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байв.
Хэдхэн хоногийн дараа эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар Монголын дугуйн холбооны Гадаад харилцаа хариуцсан менежер А.Эрдэнэболдоос тодруулахад, “Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бид түүхэнд байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна. Дэлхийн дугуйн холбоонд бүртгэлтэй 200 гаруй улсаас шилдэг 50 нь энэхүү тэмцээнд эрхээ авч өрсөлддөг. Манайх энэ жил 33 дугаар байрт жагсаж нэг эрх авсан. Тэмцээний хувьд олимптой дүйх чансаатай гэж ойлгож болно.
Мөн анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчнаас бүрдсэн холимог багийн уралдаанд оролцох гэж байна. Өмнө нь голчлон элит эрэгтэй ангилалд тамирчид маань оролцож ирсэн. Энэ жилээс манайх дэлхийн аваргын дөрвөн ангилалд оролцож байна. Эмэгтэйчүүдийн хувьд арван жилийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд уралдах гэж байгаагаараа онцлогтой болж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна