Г.Эрхэмбаяр: Б.Баатар найруулагчийн хэлсэн үг намайг театр бараадуулж өдий хүртэл явуулсан


Монгол, БНСУ-ын жүжигчдийн хамтарсан, бүрэн хэмжээний анхны бүтээл “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино өнөөдөр Улаанбаатарт нээлтээ хийнэ. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн киноны зургийг Өмнөговь аймгийн Ноён, Сэврээ суманд авсан бөгөөд оролцон тоглосон жүжигчдээс Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаярыг урьж, ярилцлаа.

-120 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын багт багтаж “Өмнөдийг зорих замд” кинонд тоглосноо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Кинонд тоглох саналыг танд хэзээ тавьсан бэ?

-Өнгөрсөн жилийн хавар “Хүлэгү” пикчерсийн продюсер С.Сумъяа надтай уулзахдаа шинээр эхлүүлэх төслийнхөө талаар танилцуулсан нь “Өмнөдрийг зорих замд” кино байв. Монголд болсон үйл явдлаас сэдэвлэсэн киног бодохдоо би 1970-1980 онд хамаарах байх гэж таамагласан. Гэтэл  2005 онд болсон үйл явдлын тухай байсан нь миний сонирхлыг их татсан юм. Монгол Улсын хилээр Ардчилсан Солонгосын иргэд нэвтрэхэд тэднийг мөр сайн шинждэг эгэл жирийн нэгэн  малчин эмгэний тусламжтайгаар эсэн мэнд олсон байдаг. Цухасхан дурдахад танд ч гэсэн сонирхолтой санагдаж байгаа болов уу. Ийм нэгэн бүтээлд надад ногдсон нь хилийн цэргийн заставын захирагчийн дүр байв. Би олон зүйлийн талаар бодолгүй кинонд тоглох саналыг хүлээн авсан. Гаднын уран бүтээлчидтэй хамтран тоглож жүжигчний хувьд өөрийгөө хаахна яваагаа мэдэж авъя гэж бодсон хэрэг л дээ. Тиймээс олон зүйлийн талаар бодоогүй. Киноны зураг авалт 2023 оны наймдугаар сард Өмнөговь аймагт эхэлсэн. 

-Киноны зураг авалт эхлэхээс өмнө зохиолтойгоо нэлээд ажилласан байх. Газар орон, байгаль цаг уураас гадна хилийн заставын амьдралыг нэвт шувт мэдэж байж сая дүр тодорно биз дээ?

-Киноны зохиолоо аваад гурав, дөрвөн сар нухсан шүү. Дүрийн судалгаа хийхэд багагүй цаг зарцуулсан. Нэг их удалгүй Өмнөговь аймаг, Монгол Улсынхаа урд хэсэгт байрлах хилийн заставт хүрч зураг авалтаа эхлүүлсэн. Кинонд гардгаар яг л саран дээр очсон юм шиг санагдаж байлаа. Байгалийн тогтоц үнэхээр гайхалтай. Гэхдээ халуун гэж нөхцөлгүй. Хөрсөн дээрээ +50 хэм хүрсэн хүндхэн нөхцөлд бид зураг авалтаа эхлүүлсэн. Байгаль, цаг уурын тийм нөхцөлд алба хааж байгаа хилийн цэргийн алба хаагчдаараа бахархах сэтгэл төрж байсныг энд зориуд дурдмаар байна. Би өмнө нь “Байтаг богд” киноны тулгаралтад орсон арван баатрын нэг Хаянхярваа дэслэгчийн дүрд тоглож байсан. Ийм туршлага байсан учраас шинээр авсан дүр надад хол санагдаагүй. Гэхдээ дүр болгон онцлогтой болохоор түүнийг өөрийн хэмжээнд, тултал нь гаргах гэж хичээсэн. Үүний үр дүнд гаднын уран бүтээлчдээс их зүйл мэдэж бас сурлаа. 


-Та жүжигчний хувьд өөрийгөө хаахна яваагаа мэдэх зорилготойгоор энэ кинонд тоглосноо хэлсэн. Хариулт нь ямар байв?

-Би өнгөрсөн жил “Вивант” кинонд Японы уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Яг дараахан ажилласан нь “Өмнөдийг зорих замд” кино юм. Үүнээс гадаад дотоод гэлтгүй жүжигчид бид нэг л онолтой гэдгээ ойлголоо. Бас багш нар болон уран бүтээлчдээрээ бахархах сэтгэл төрсөн. Жүжигчнийхээ мэргэжлийг зөв онолоор эзэмшин өөрсдийн арга барилыг бий болгон явж байгаагаа мэдэж авлаа. Жүжигчний мэргэжил онолд тулгуурладаг. Тэр онолыг бүрэн эзэмшиж байж цааш явна. Манай зарим нэг хүн, уран бүтээлч жүжигчний ажлыг их хөнгөн гэж ойлгодог. Гэтэл маш нарийн, мэдрэмж шаарддаг.

Санаагаа багцлаад таны асуултад хариулахад, бидэнд бусдаас хоцроод, дутаад байгаа зүйл байхгүй. Харин ч тайз дэлгэцийн салбар даяаршиж байна. Гаднын уран бүтээлчид манай улс, уран бүтээлчидтэй хамтран ажиллах боллоо. Манайхан ч гэсэн гаднын уран бүтээлүүдэд амжилттай тоглож байна.

-Аливаа эрсдэлийг даван туулж чадвал амжилтад хүрдэг. Таны хувьд өнгөрсөн онд нэлээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан киногоо үзэгчдэд хүргэхээр тэсэн ядан хүлээж байна уу?

-Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан багийн ажилласан бүрэн хэмжээний анхны киноны нээлт хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна. Амжилтын хувьд ганц жүжигчдийн хувьд ярих нь дутмаг болно. Биднээс гадна кино багт ажилласан оператор, туслах, гэрлийн техникч гээд бүгд хамтарч ажиллахдаа олон зүйлийн талаар мэдэж, сурч авлаа. Дээр нь туршлага солилцсон кино болж чадсан гэж бодож байна. Наад зах нь хувь хүнд чиглэсэн мэдлэг, туршлага, дараа дараагийн уран бүтээлд тоглохдоо анхаарч өөрчлөлт хийх зэргээр ихийг мэдэж авсан уран бүтээл боллоо. Киноны нээлт удахгүй эхэлнэ. Үзэгчдэд ямар сэтгэгдэл төрсөн тухай сонсохыг тэсэн ядан хүлээж байна. 


БНСУ-ын кино багийнхны хувьд ч адилхан хүлээлттэй байгаа болов уу. Тэд ч гэсэн 50 хоногийн турш их халуунд, цөлд байрлан ажилласан. Бидний хувьд говьд зураг авахуулах асуудал биш. Гэтэл Солонгосын уран бүтээлчид манай улсад ирээд шууд говьд ажилласан болохоор амаргүй байгаа нь харагдаж байлаа. Тийм болохоор бид хамтран ажиллаж, найзалж нөхөрлөсний дүнд энэ бүтээлийн ард гарсан. Үр дүнд нэг нэгнээ сайн мэддэг болсон гэж бодож байна. “Өмнөдийг зорих замд” киноны маань Солонгос дахь нээлт есдүгээр сарын 28-нд болно. Нээлтэд оролцохоор Монголоос уран бүтээлчид явах юм.

-“Өмнөдийг зорих замд” кинонд манай гурван үеийн жүжигчдийн төлөөлөл хамтран тогложээ. Тэр дундаа та Ардын жүжигчин С.Сарантуяатай Улсын драмын эрдмийн театрт хамтран ажиллаж байсан шүү дээ?

-Ажиллахаас гадна миний багш байхгүй юу. Надад жүжигчний А үсэг, цагаан толгой заасан хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяа. Энэ кинонд Солонгосын уран бүтээлчдээс гадна багштайгаа ажиллахад надад амар байгаагүй. Уран бүтээлч хүний жаргал бас зовлон нь энэ л байдаг. Кинонд тоглож байгаа ч нэг талаараа багшдаа шалгалт өгч байгаа мэдрэмж байнга дагаастай явлаа. Гэхдээ сургуулиа төгсөөд театрт ажиллахдаа багштайгаа олон уран бүтээлд хамтран тоглосон. Багш маань миний охин, би аав нь болон бүтээлд тоглосон удаа хүртэл бий. Залуу уран бүтээлчдийн хувьд яг л надтай адилхан олон зүйлийг сурсан байх гэж бодож байна. Залуучуудаас сайн, сайхан уран бүтээлч төрөн гарч ирж байгааг харлаа. Урлагийн салбар ундаргатай. Түүчээлэн авч явах авьяастан тодрон танигдсаар байна.

-Та Улсын драмын эрдмийн театраас мөрөөдлөө биелүүлэхээр том зорилготой гарсан. Тэр л шийдэмгий зангаараа явсаар сүүлийн үед олон ажлын ард гарлаа. Уран бүтээлчийн хувьд сэтгэл дүүрч байгаа мэдрэмж төрөх юм уу?

-Г.Алтаншагайтайгаа нийлж “Мөрөөдлийн театр”-аа байгуулснаас хойш 13 жил болжээ. Энэ хугацаанд театр удирдан авч явах хялбар байгаагүй. Өөрөө дуртай, зүрх сэтгэл, бүхнээ зориулсан болохоор бүтээлээс бүтээлийн хооронд амьдран театраа авч явсаар иржээ. Гэхдээ энэ бүхэнд сэтгэл ханаж байсангүй. Миний багш, аав ээж аливаа зүйлд сэтгэл ханаж болдоггүй гэж захидаг. Хэрвээ “Боллоо” гээд бодох юм бол тэр цагаас урагшлахгүй. Тийм учраас өөрийгөө байнга хурцалсаар ирсэн байна.  Би эд хөрөнгийн талаар яриагүй шүү. Дандаа мэргэжил, оюуны бүтээлийн хувьд бодлоосоо хуваалцаж байгаа нь энэ. Тийм болохоор би ажил, жүжигчний мэргэжлийн хувьд хэзээ ч сэтгэл ханаж байгаагүй. Дандаа өөрийгөө голж явдаг. Урлагт 25 дахь жилдээ ажиллаж байна. Ард түмэндээ зориулсан уран бүтээлийн зарим нь үзэгчдийн сэтгэл оюунд хүрч байгааг хараад үнэхээр их баярладаг. Гэхдээ “Үүнд сэтгэл ханахгүй илүү ихийг сурах, ажиллахын төлөө болоогүй шүү Эрхэм ээ” гэж өөртөө хэлдэг юм.

-Бусдын сэтгэлд хүртэл дүрээ амьдруулахын төлөө ажиллаж ихэнх цаг хугацаагаа зарцуулдаг. Харин ямар үед өөртөө чөлөө өгч, амрах хугацаа гаргадаг вэ?

-Хүн л юм чинь стрессэднэ. Сэтгэл санаа, бие махбодын хувьд амармаар санагдана. Тийм үед амарсан юм шиг амардаг хоёр аргатай. Тэдгээрийн нэг нь гэртээ, гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх юм. Хүүхдүүд шуугилдаад, хоол унд хийж идээд цаг гарвал удирдлагаа бариад хэвтсэн шигээ цагийг өнгөрөөвөл түүнээс илүү амралт гэж юу байх билээ. Өөр нэг зүйл нь хөдөө явах их сайхан байдаг. Хөдөө хөдөөдөө эзгүй хээр гарч амар амгаланг мэдрэх гоё. Гөрөөчин ах нартай хамт явж тэдний хууч хөөрөхийг сонсонгоо хээрээр гэр хийж явах л сайхан амралт болдог юм даа.


-Жүжигчний мэргэжил эзэмших эхэн үед танд сэдэл төрүүлж урагшлах замыг зааж өгсөн Б.Баатар найруулагчийн талаар та яриач. Театр танд хаалгаа нээхэд энэ хүн таныг чиглүүлсэн үү?

-“Зохиомж” сургуулийн төгсөх курсийн оюутан би 2003 онд Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс төгсөх курсийн оюутнууд болон мэргэжлийн жүжигчдийн дунд зарладаг сонгодог жүжгийн шилдэг дүрийн уралдаанд оролцсон. Тэнд дандаа сонгодог жүжгүүдээр өрсөлддөг, уран бүтээлийн том наадам. Түүнд би А.Чеховын “Хунгийн дуу” бүтээлээр оролцоод гуравдугаар байрт шалгарсан нь манай сургуулиас ийм шагнал хүртсэн анхны тохиолдол болсон. Тэр үед шагналаа авах гээд тайзан дээр гарахад нэг таягтай ах байсан нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар байв. Тэр хүн надад шагнал өгчихөөд “Сургуулиа төгсөөд театрт ирээрэй” гэсэн. Тэр үг намайг өдий хүртэл явуулсан байх гэж би боддог. Түүнээс хойш би театрыг барааддаг болсон. Тухайн үед “Надаар тоглосон хайр” жүжиг хит болж байлаа. Би энэ жүжгийг дараалан 36 удаа үзсэн. Сүүлдээ бүх дүрийн үгийг цээжээрээ мэддэг болчихдог юм билээ.

-Том найруулагч таньдаг, том бүтээлүүдийг нь үзсэн хүн сургуулиа төгсөөд театрт шууд орсон биз?

-Үгүй шүү. Өөрөө л дагалдан жүжигчин гээд байгаа болохоос намайг хэн ч ир гэж хэлээгүй байхад би хоёр жил дагалдаж явсан. Хоёр жилийн дараа намайг театрт жүжигчнээр жинхэлж авсан юм. Цалин мөнгөгүй ч хоёр жил яваад би их зүйл сурсан. Тэрний хүчинд би өдий зэрэгтэй явна. Дагалдантайгаа нийлээд театрт арван жил ажиллахдаа их ч юм сурчээ. Ер нь театрт ороод нэг алхахад нэг зүйл сурдаг. Жүжигчний мэргэжил эзэмших амаргүй. Үүнийг зарим нь  хялбар мэтээр ойлгодог. Үгүй шүү дээ. Театрт очихдоо “Б.Баатар найруулагч намайг ирээрэй” гэсэн гээд нэг л их том хүн. Тэгсэн “Чи чинь хэн билээ” гэж асуудаг байгаа. Найруулагчийгаа “Ямар ааштай хүн бэ” гэж бодоод анхандаа ойлгодоггүй байлаа. Сүүлдээ яг л гарынх нь хүн болсон доо.

-Жинхлэх эсэхээ мэдэхгүй хоёр жил гүйхдээ шантраагүй юм уу?

-Шантрахгүй байх олон шалтгаан надад байсан. Манай ээжийн өвөө Монгол Улсын Гавьяат жүжигчин Ё.Шаравдоо орчин цагийн театрыг үүсгэн байгуулсан хүн. Энэ хүний үр удам нь учраас хазгай гишгэж болохгүй. Өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо дайчлах ёстой. Магадгүй энэ бодол намайг ухраагаагүй байх. Эрдмийн театрын жүжигчин болоод өвөөгийнхөө байсан өрөөнд ажиллаж байлаа.

-Найруулагчийг дурссан нь танаас асуух дараагийн асуултын сэдэл юм. Урлагт 25 жил зүтгэлээ. Найруулагчаар ажиллах бодол танд байгаа юу?

-Одоо цагт өөрөө л чадвал бүх зүйл нээлттэй байна. Миний хувьд нэг л уран бүтээлийг өөрийнхөө мэдрэмж, өнцгөөр хийхсэн гэж боддог. Түүнээс биш үргэлжлүүлэн найруулагчаар ажиллана гэсэн бодол огт төрдөггүй. Найруулагч бол тусдаа мэргэжил. Харин түүний оронд жүжигчний мэргэжлээрээ өөрийн чадах хэмжээнд мацъя гэсэн л бодолтой явдаг хүн дээ, би.

-Та тоглосон дүрүүдээ хүний ой тойнд үлдээж чаддаг. Дэлгэцийн олон бүтээлд тоглож байгаа ч дүр хоорондын ялгаа ихтэй. Үүнийг та юу гэж тайлбарлах бол?

-Хэн нэгэн хүн надад дүрийн санал тавихад би эхнээс нь судалдаг. А үсгээс нь эхэлдэг гэсэн үг. Яг энэ зарчмаараа зохиолтойгоо ажилладаг. Мэдээж хамгийн түрүүнд баримталдаг зүйл бол зохиол зохиол бас дахин зохиол. Зохиолын задаргаа хамгийн чухал. Би Доржийн дүртэй 100 хувь танилцаж, мэдэж байж сая ажлаа эхлүүлдэг.

-Хошин урлаг, тайз, дэлгэцийн бүтээлийн аль нэгнээр дагнах ёстой гэж бодох хүмүүс ч цөөнгүй бий. Одоо та дэлгэцийн бүтээлд түлхүү ажиллаж байна. Харин цаашид ямар сонголт хийх бодолтой байна?

-Миний боловсрол эзэмшсэн мэргэжлийн диплом дээр “Тайз, дэлгэцийн жүжигчин тул үнэмлэх олгов” гэж байдаг. Тэгэхээр би тайз, дэлгэцийн жүжигчнээр сурсан гэсэн үг байгаа биз. Манай зарим хүн хошин урлагт тоглосон л бол хошин урлагийн жүжигчин. Кинонд тоглосон бол дэлгэцийн уран бүтээлч гэдэг. Гэтэл энэ чинь жүжигчин гэдэг нэг л мэргэжил. Харин хувь уран бүтээлч өөрөө дагнан ажиллаж болно. Ард түмэн юу гэж хүлээж авч байна. Тэр хүний өөрийн үнэлэмж гэж бий. Өөрөөр хэлбэл, надад драмаас илүү хошин урлагийн жүжигчнээр ажиллах боломж байна гэдгээ мэдэрдэг. Эсвэл би тайзнаас хол хүн юм байна, тийм болохоор дэлгэцийн бүтээл надад илүү наалдаж байна гэдэг ч юм уу. Энэ бол хувь уран бүтээлчтэй хамааралтай. 

Гаднын уран бүтээлч, мэргэжил нэгт нөхөдтэйгөө ажиллаж байж барагцаагаа мэддэг гэж ойлгосон. Тийм учраас гаднаас эрэл хайгуул хийж явах нь бас нэгэн шаардлага. Манай уран бүтээлчид Англид, том театрын тайзан дээр тоглож байна. Урлагийн салбар хөгжиж байна. Одоо хувь уран бүтээлч өөрсдөө л хөгжих хэрэгтэй.

-Таны эхнэр жүжигчин мэргэ­жилтэй, нэг замаар өгсөж яваа уран бүтээлчид дэм дэмэндээ урагшилж, нэгнээ дэмждэгийг олон зүйлээс ажиглалаа?

-Намуунаа бид хоёр “Мөрөөдлийн театр”-т хамт ажиллаж байгаад гэр бүл болсон. Хүүхэд төрүүлж, ээж, эхнэрийн үүргээ гүйцэтгэсээр одоо л уран бүтээлдээ эргэн ирж байна. Одоо бид хоёр нисэхийн салбарын 16 ангитай кинонд хамтран тоглож байна. Үүний хамт би Онцгой байдлын аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчийн тухай киноны зураг авалтад орж байна.

Өмнө нь сургууль, цэцэрлэгт дөрвөн хүүхэд зөөдөг байсан бол одоо хоёр нь хасагдсан. Гэхдээ нөгөөдүүлээ ээлжилж харна. Ингэж гэр бүл, үр хүүхэд, ажлаа зохицуулаад хамтдаа гүйгээд байна даа.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ээвэр газар 18 цагийн өмнө
Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай… 18 цагийн өмнө
Олныхны их дууч 18 цагийн өмнө
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд “Пес… 18 цагийн өмнө
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний мэдүүлгийг хянан … 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллаг… 21 цагийн өмнө
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ 21 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖ… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээл… Өчигдөр
Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизн… Өчигдөр
Тосон зургийн мастер С.Рэнцэн агсны бүтээлүүдийг толилуулна Өчигдөр
У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тоо… Өчигдөр
​ Монгол Улс ШХАБ-д байр сууриа бататгаж, Монгол, Туркменистаны хооро… Өчигдөр
Дэлгэцийн шинэ бүтээлүүд “Улаанбаатар” кино наадамд цойллоо Өчигдөр
Раскольниковыг тархинд минь амьдруулсан Ц.Гомбосүрэн Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүд гал алдахгүй, өвлийг өнтэй давна Өчигдөр
"Нямбуугийн Нямдорж-90" эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
Х.Тамираа: Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлж байн… Өчигдөр
Монгол бүжгийн хэмнэл зохиогч Өчигдөр