Эгэлгүй их хүмүүнийг дурсахуй



Алтай нутагт тийм ч олон тохиолддоггүй нар ээсэн шаргал   өдрийн үд дөхөж байхад хичээлийн нээлт боллоо. Хамгийн урд эгнээ буюу нүүрэнд 1-4 дүгээр анги, тэдний ард 5-7–гийнхан, тэгээд   ахлах анги буюу 8-10-ын ах нар жагсжээ. Биеийн тамирын багш  Н.Ламжав зохион байгуулсан энэ жагсаалаа эгнээндээ зэрэгцсэн эсэхийг, нуруугаараа дараалан зогсож чадсан зэргийг шалгаж зааварлах аж. Тэр  ахлах ангийн дарга нараас ирсэн сурагчдын нэрийг авч бүртгэсний дараа бага ангиас хойшлох тутам сурагчдын тоо цөөрч байгааг хэлээд  жагсаалын эгнээ шугам шиг эгц,өндөр намаараа ч мөн тийм цэх байх ёстой, өөр хоорондоо ярьж болохгүй гэлээ.          
 Нар салхинд хөрсжин үл мэдэг бараантсан хүүхдүүдийн  гүжирмэг бор нүүр царай баяр баясгалангаар гэрэлтэж зуны амралтаар үзэж харсан, дуулж мэдсэнийгээ шивнэлдсээр нэлээд хугацаа өнгөрсөн байх, босоо суугааг ч анзаарахгүй болтол яриандаа халсан бидний хувьд эргэн тойронд юу болж  байгааг бараг л мэдрэхгүй   байсан биз.  
Сургуулийн удирдлага, багш нар бүрэн бүрэлдэхүүнээр гарч ирмэгц шивнээ яриа намжлаа. Тэд ч бас зэрэгцэн зогсоод  хичээлийн нээлт эхэлж байгааг зарлаж, сурагч бүхэн шамдан сурах, сахилга баттай байх, сургуулийнхаа эд хогшилд эзний ёсоор ариг гамтай хандахыг анхааруулсны дараа шинээр ирсэн багш нарыг танилцуулав. Хуучин багш нараас гадна гоё сайхан хувцастай тав зургаан хүн байна. Нэг нь богино хормойтой савхин хүрэм өмссөн, нүдэндээ шилтэй, ахлах ангийн сурагч болов уу гэхээр  залууг орос хэлний багш Түдэв гэж байна. Наймдугаар ангид орж ахлах ангийн сурагч болж байгаа болохоор бид, анги танхим, сургуулиа мэддэг, багш галч нарыгаа таньдаг, өнөө цагийн хэллэгээр бол архаг амьтад болж байлаа.
Ангид орж ирмэгц шивнээ яриа маань чангарч үргэлжилсээр сүүл рүүгээ нэг нөхөр маань  хэн  яаж амарсныг санаанаасаа зохиогоод  ярьж эхэлмэгц  бусад нь хачир нэмсээр  бөөн шуугиан  болоод байх үед ангийн багш М.Төмөрбат өнөөх савхин дээлтэй шинэ багшийг дагуулаад  орж ирэв.
Одоо бол  ялаа ниссэн ч тод сонсогдом танхимд хуруугаа ч хөдөлгөлгүй   сууцгааж буй сурагчдадаа орос хэл заах багшийг танилцуулж байна. Тэр хоёр Алтайд 5-7 дугаар анги, Улаанбаатарт очоод  багшийн сургуульд мөн нэг ангид хамт сурч байсан нь Төмөрбат багшийн ярианаас ойлгогдож байв. Булчин шөрмөс нь зангирсан бяр чадалтай  агаад намхавтар нуруутай Төмөрбат, түүнээс арай өндөр турьхан биетэй Түдэв нар багын найзууд ажээ.   
Тэр үед орос хэлийг 5-10 дугаар ангид заадаг гол хичээлүүдийн нэг байсан болохоор долоо хоногт 3-4 удаа орно.Түдэв багш гэрийн даалгаварт 60 шувуу юм уу эсвэл 60 ургамал, амьтны нэр цээжилж ирэхийг шаардана. Бид махчин амьтдын нэрийг тоолоод оросоор байтугай монголоор ч 60 хүргэж чадахгүй байсан тохиолдол  бий. Сурагчдыг нэг нэгээр нь дуудаж самбарын өмнө гаргаад өгсөн даалгавраа шалгаж (яриулж) байхдаа  толгой өөд таталгүй юм бичиж байвч нэг үг буруу хэлэхэд л "Битгий  залаад бай" гэх. Время гэдэг үг я үсгээр төгссөн атлаа яагаад средний  род болдгийг асуухад "Эр, эм  гээд ялгахаар унжсан санжсан юм алга л байна" гэж биднийг инээлгээд дараа нь  орос хэлний үсгийн дүрэмд арваад ийм үг байдгийг хэлж өгсөн юм.  Хүүхдүүдийг царай зүс, биеийн хэлбэр галбир, үг яриагаар нь зүйрлэхдээ яг онож хэлэх нь бүр ч инээдэмтэй, яваандаа тэр нь нөгөө хүүхдийнхээ хоёр дахь нэр болж  үлдэнэ, хүүхдүүд ч түүндээ дуртай байлаа. Үе үе байранд орж ирээд их сонирхолтой юм ярина, бид түүнийг нь сонсох гэж кино үзэхийн дайтай юм болно,зэргэлдээ өрөөнүүдийхэн ч орж ирнэ. Нэг удаа цахилгаан ч  бил үү, атомын ч бил үү  цэнэгтэй хөдөлгүүр бүхий  машинаар аялан яваа тухай ярьсан юм даг. Дараа нь тэр яриа ямар нэгэн сонины хэдэн дугаар дамжин хэвлэгдэж байсан, өгүүллэг юм уу тууж  байсан байх. Энэ зохиол бүтээлийнх чуулганы 40 ботийн аль нэгд хэвлэгдсэн байж таарна. Ийнхүү Л.Түдэв багшийн бичсэн зөгнөлт зохиол далан жилийн дараа бодит ажил болж хүн төрөлхтний хамгийн чухал хэрэгцээг хангах хэмжээнд хүрээд, уг машины  үйлдвэрлэлтээр манай өмнөд хөрш дэлхийд тэргүүлж явна. 
Багш нэг удаа хичээл заахаар орж ирэхдээ баруун гартаа  жижигхэн чемодан шиг юм барьж, нөгөө гарынхаа суганд ангийн журналаас гадна хааяа   өөртөө авч явдаг  хавтастай юм хавчуулсандаа  бага зэрэг  түүртсэн янзтай  харагдлаа. Ширээнийхээ дэргэд очмогц "Дорж чи үүнийг манайд аваачаад тавьчих" гэж байна. Тэр нь хөнгөхөн юм, дотор нь юу байгааг  сонирхсонгүй хэлснээр нь л хийлээ.Энэ ажил хэд дахин давтагдсаны дараа нэг өглөө эртдүүхэн очиход өнөө чемодан шиг юм бичгийн машин байжээ, мань хүн түүн дээрээ ажиллаж байна. Бичгийн машин өдрийн одтой зүйрлэм ховор байсан тэр үед яаж ийм машин олдог байсныг би одоо хүртэл мэдэж чадаагүй яваа. Тэр үеийн багш нар гар бөмбөг, одон бөмбөг тоглож, тэшүүр, цанаар гулгадаг, их спортлог хүмүүс байсан. Түдэв багш одон бөмбөгнөөс өөр тоглоомд ер нь харагдахгүй, нэг удаа тоглож байх чөлөөндөө надад багш нарын кабинетаас миний туужуурыг  аваад ир" гэлээ. Бүдэгдүү сонсогдсон тэр нь юу байдгийг мэдэхгүй боловч лавлаж асуусангүй, яваад очвол  ганцхан Энэбиш багш байлаа. "Түдэв багш туужуур аваад ир гэсэн" гэхэд юу гэнээ, гэснээ инээд алдаад сандлын түшлэг дээр тохсон савхин хүрэм рүү  заахад л би буруу ярьж  хөгөө тарьж яваагаа ойлгож билээ. 
Манай анги биологийн кабинет гэх  ургамал, амьтны болон эрдэмтдийн   зураг, лааны тосоор хэвэнд цутгаж хийсэн чихмэл маягийн дүрс бас амьд туулай, үнэгний гавар тэжээх зэрэг тэр үедээ л үзэж сонирхохоор юмтай хөөрхөн тохижсон өрөөнд хичээллэнэ. Мөн ангийн жижүүрийн нэрс, хэнийх болох нь мэдэгддэггүй ганц хоёр номтой шкаф байх. Эдгээрийг бүрэн бүтэн байлгахыг би хариуцдаг байлаа. Дотор нь амьд амьтад байгаа болохоор байнга эргэж тойрох хэрэг гарна, хааяа багш  яаж услах  тэжээхийг шалгаад зөвлөгөө өгөхдөө голдуу Түдэв багштай хамт орж ирээд дунд сургууль, техникумд байсан тухайгаа ярих нь их сонирхолтой  санагддаг байв. 
Биднийг аравдугаар анги төгссөн тавиад оны (ХХ зууны)  дунд үе хүртэл манайд дээд сургуульд ороход   элсэлтийн шалгалт авдаггүй гэрчилгээгээ (аттестат) үзүүлээд л бүртгүүлчихдэг байлаа. Тэгэхдээ улсын шалгалт авч байх үеэр МУИС,УБДС, ХААДС-аас төлөөлөгч ирж сурагчдаас ямар сургуульд орох саналыг нь асуугаад элсэх хүүхдүүдийн хувийн хэргийг аваад явна. Намар ирээд тэр сургуульдаа ордог байлаа. Биднийг төгсөхөд эхлээд Улсын их сургуулиас нэг багш ирж санал авахдаа Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин болон бидний мэддэг бусад алдартан хичээл заадаг тухай яриад санал асуухад манай ангийнхны бараг далаад хувь нь гар өргөж нэрээ бичүүллээ. Би ч бас саналаа өгөх  гэтэл Тө багш "Сууж бай чи" гээд зөвшөөрсөнгүй. Хэд хоног өнгөрч байтал Багшийн дээд сургуулиас ирсэн хүн бидэнтэй уулзаж түрүүчийн адил сургуулиа танилцуулж, Д.Цэвэгмид, Х.Далхжав, Б.Цэвэгжав  нар манай сургуулийг төгсөгчид гээд ярихад олон хүүхэд санал өгсний зарим нь түрүүнд их сургуульд орохоор нэрээ бичүүлсэн хүүхдүүд ч байгаа нь багшийн ажлыг мэддэг байсных биз.Тэдний нэг  болох би  дотроо санаатай байгаач Тө багш муухай хараад байхаар гараа өргөж чадсангүй. Ингээд хоёр удаа санасандаа хүрч чадалгүй үлдсэнд багшдаа гомдон уруу царайлж бухимдангуй явж байтал  Хөдөө аж ахуйн дээд сургуулиас Пүрэвжав гэдэг багш ирэв.Тэр хүнийг сургуулиа таницуулж дуусмагц Тө багш маань миний нэрийг бичүүлээд агрономийн ангид оруулахыг захилаа. Цаад хүн нь эргэлзэж байгаа бололтой гайхасхийж байснаа  журналын дүн үзсэний  дараа толгойгоо дохиж байгааг нь харахад зөвшөөрсөн бололтой.
Шалгалт дуусаж гэрчилгээгээ аваад сум руугаа явах зардал олох санаатай барилгын ажлаа хэд хоног хийлээ. Хүмүүс ярих нь  5-6 өдөр ажиллахад 50-аад  төгрөг олддог гэнэ. Аймгаас манай сум хүрэхэд 22 төгрөг хэдэн мөнгө төлнө. Хугацаагаар бол (5 хоног ажилласан) зардлаа олох болсон, харин авах мөнгө нь хэд хүрч байсныг бүү мэд, орой ажлаасаа буугаад байрлуугаа очих замдаа Л.Түдэв багштай тааралдахад: 
-За чи авгай авчихаад гэрлүүгээ явахгүй л байна уу. Багшийн сургуульд орно гэж гөжүүдлээд Төмөрбат багшийгаа уурлуулж алганы амт үзэх шахсан гэл үү. Агрономич бол манай улсад одоо л  бэлтгэж эхэлж байгаа хамгийн   залуу мэргэжил шүү дээ гэж хэлээд ёстой л гар зүсэм шинэ 25 төгрөг өглөө. 
Хөлөө газарт хүрч байгаа эсэхийг мэдрэхгүй болтлоо баярласан би чинь тэр дороо л байрандаа очиж хэдэн ном дэвтрээ эмхэлж хайрцаглаад барилга дээр очихыгоо сох мартан өглөө болохыг тэсэж ядан хүлээж хонолоо. 
Намайг Хөдөө аж ахуйн дээд сургуульд орсон жил Түдэв багш тэр үед эхлэн байгуулагдаж байсан Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд,  Төмөрбат багш залуу байгальчдын станцад ажиллахаар хотод шилжиж  ирснийг би нэгдүгээр курс төгсөж  байхдаа мэдээд очиж уулзсанаас хойш тэдэнтэй байнгын харилцаатай байсан. Тэгээд анги ахихын хэрээр очих нь цөөрсөөр 1964 оны зун сургуулиа төгсөөд  Сэлэнгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд хуваарилагдсаны дараа зориуд явж хоёулантай нь уулзахад хэн хэн нь сайн ажиллахыг л захиж байлаа. Тэгэхэд уг сангийн аж ахуй мөн тэнд суурьшин судалгаа шинжлгээ хийдэг Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн албан ёсны бааз нь байв. Хүрээлэнд голдуу Зөвлөлт холбоот улс,Хятад болон социалист системийн бусад оронд төгссөн залуучууд ажилладаг болохоор юм үзэж нүд тайлсан тэдэнтэй өдөр бүр харилцаж, зарим нэгтэй нь дотно танилцлаа. Эрдэм шинжилгээний ажил хийх хүсэлтээ дээд газарт явуулаад гурван жилийн турш цааш нааш гүйж байж хэрэг бүтлээ. Ингээд 1971 онд аспирантурын шалгалтад тэнцчихээд Зохиолчдын хороо руу явж Түдэв багшийнд очиход саяхан гарсан ном дээрээ "Эрдэмтэн болохыг хүсье" гэж бичээд өглөө. Тэндээсээ Сурганы хүрээлэнд ирж Төмөрбат багштай уулзахад өөрөө шалгалт өгсөн юм шиг л баярлаж байж билээ. 
 Аспирантурт Казахстаны Алма-Ата хотод гурван жил суралцаж дэд эрдэмтний зэрэг хамгаалчихаад ирэхдээ Түдэв багшид казах хэлээр хэвлэгдсэн "Уулын үер" романыг нь өөрийнхөө хураангуйтай, Төмөрбат багшдаа Казахстаны нэг гавьяат багшийн биологийн хичээл заах аргын ном мөн хураангуйгаа авчирсан юм. Хотод ирээд Сурганы хүрээлэнд очвол Тө багш маань эрдмийн зэрэг хамгаалах бүтээлээ бичээд дөхөж байгаагаа яриад нөгөө Казахстаны гавьяатын номыг ашиглана гэж байна. Тү багшид авчирсан "Тау тасыкана"-ыг (Уулын үег) хармагц өрөөнийхөө нөхдөд хэлэхэд тэд бүгдээр босож ирээд номын гоё үзэмжтэйг, Тү багшийн ажилч хичээнгүй ба өндөр мэдлэгтэйг шагшин  магтацгааж,тэр дороо л утасдан ном нь Казахстанд хэвлэгдсэнийг, намайг аваачиж өгөх гээд явж байгааг Тө багш мэдээлж амжлаа. Үе тэнгийн тэдгээр ахмад цөм баярлаж байгааг харахад мөн ч сайхан, нэгнийхээ ололт амжилтыг нийтээрээ талархан дэмждэг нь үзтэл илэрхий  байж билээ.
Л.Түдэв багш номыг авч ганц хоёр хуудас эргүүлж харж байснаа хэвлэх үйлдвэр сайтай газар юмаа гэх нь Казахстаныг хэлж байгаа бололтой. Тэгснээ  “Танайх тариаланд ашиглаж болох хөрс багатай атлаа ийм их газрыг хагалах нь зөв юм уу" гэж хөдөөгүүр явсан Америкийн нэг сэтгүүлч хэлж байсан, чиний хөрс хамгаалах асуудлыг судалдаг чинь зөв  байх аа” гээд цаашаа эргэж өөрийнхөө шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл болох “Национальное и интернациональное  в монгольской литературе” номынхоо эхний  хуудаст  "Хайрт шавь, эрхэм эрдэмтэн Дорж чамдаа дурсгав. Доктор цол хүртсэн энэ номоо өргөн барихдаа мөн ирээдүйн докторын гарт өгөв гэж итгэлээ" хэмээн бичээд надад өгч билээ. Энэ бол миний хувьд том шагнал бас биелүүлэхэд тун ч  амаргүй даалгавар байлаа. Үүнээс хойш ажил амьдрал, эрдэм мэдлэгийн минь өлгий болсон Зүүнхараад хүрээлэндээ очиж судалгааны ажлаа хийсээр явтал арван таван жил өнгөрлөө. Агрономич болсноос хойших хугацаанд дээлийн хормой үзэгдэхгүй шороон шуургатай хавар, хурц нар  зөвхөн гаднаас төөнөхөөр барахгүй амьсгалахад  уушиг хатаам халуун агаартай зун, өдөр хөлөрч шөнө чичирсэн намартай олон удаа нүүр тулж үзлээ. Энэ хугацаанд манай тариаланчид Сэлэнгийн цэнхэр хөндий, Бүрэнханы цэлгэр уудам хормой, Хэнтий, Хөвсгөлийн уулс, Дорнодын талыг бүтээн бүрэхсэн тариан түрүү найгуулж, хураасан ургацаа багтаах  газар олохгүй засмал зам, Цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж байсан удаа ч бас хэд хэдэн удаа тохиолдож  л  байсан.
1983 оны намар тариа хураалт дөнгөж эхэлж байтал "Үнэн" сонины Дархан хот дахь сурвалжлагч, зохиолч И.Гүрринчин "Манай ерөнхий эрхлэгч Түдэв ирэх гэнэ. Хоёул явж угтъя" гэлээ. Тэгэхэд хүрээлэн маань нүүгээд дархан хотод очoод тохижиж чадаагүй, би хүрээлэнгийхээ Газар тариалангийн секторын эрхлэгчийг Хонгорын сангийн аж ахуйн агрономичтой хавсран гүйцэтгэж байсан болохоор уулзах нь мэдээж. Бид түүнийг Цайдамын үтрэм дээр угтаж уулзлаа.  Багш маань ирэх замдаа Жаргалант, Борнуур, Баруунхараагийн тариа хураалтыг үзжээ. Буудайн ширхэг жижиг байгаагийн учрыг асуухад нь үр цутгалтын үед чийг дутагдсаныг хэллээ, Ийм нөхцөлд үүл буудан бороо оруулж чадвал тарианы ширхэг жижгэрэхээс хамгаалж болдог талаар, мөн үр зутгалтын үед чийг дутагдахад ургац буурдаг боловч харин уураг цавуулаг нь нэмэгдэж ургацын чанар сайжирдаг болохыг хэлсэн.  Хэд хоногийн дараа "Үнэн" сонинд "Шижир долгио" нэртэй бүтэн нүүр эзэлсэн сайхан сурвалжилга гарч билээ. 
Тэтгэвэрт гарсан хойноо Тү багш минь шинжлэх ухаанаар тайлагдаагүй асуудлуудыг голдуу нийтэлдэг  "Дал" сониныг эрхлэн гаргах болсон нь сэхээтнүүд, ялангуяа эрдэмтдийн  ширээн дээр тогтмол харагддаг хэвлэл болсон юм. Шинжлэх ухааны бараг бүх салбарыг хамааруулж нийтэлдэг тийм сонин гаргахад олон эрдэмтний мэдлэг авъяас шаардагдах нь тодорхой. Гэтэл тэр ганцаараа хийдэг нь өөрөө л ёстой  шинжлэх ухаанаар тайлагдаагүй хүн байсных гэмээр. Тийм ч учраас Дэлхийн намтар судлалын хүрээлэнд шинжлэх ухааны асуудал хариуцсан захирлаар ажиллуулах урилга ирж байсан биз. Говь-Алтай аймгийн Наран сум, Хантайширын нурууны өвөрт 1935 онд малчны гэрт төрсөн Лодонгийн Түдэв ийм л сэхээтэн байсан даа. Манай төр, засаг түүний мэдлэг,оюуны арвин сан, хөдөлмөр бүтээлийг  үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч,  Хөдөлмөрийн баатар цол олгосон юм.   

Багшийн сургуулийн сурагч Л.Түдэв                               

Дунд сургуулийн багш Л.Түдэв

Б. Дорж
/Монгол Улсын Гавьяат агрономич, доктор (Sc), профессор/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ээвэр газар 18 цагийн өмнө
Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай… 18 цагийн өмнө
Олныхны их дууч 18 цагийн өмнө
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд “Пес… 19 цагийн өмнө
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний мэдүүлгийг хянан … 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллаг… 21 цагийн өмнө
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ 21 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖ… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээл… Өчигдөр
Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизн… Өчигдөр
Тосон зургийн мастер С.Рэнцэн агсны бүтээлүүдийг толилуулна Өчигдөр
У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тоо… Өчигдөр
​ Монгол Улс ШХАБ-д байр сууриа бататгаж, Монгол, Туркменистаны хооро… Өчигдөр
Дэлгэцийн шинэ бүтээлүүд “Улаанбаатар” кино наадамд цойллоо Өчигдөр
Раскольниковыг тархинд минь амьдруулсан Ц.Гомбосүрэн Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүд гал алдахгүй, өвлийг өнтэй давна Өчигдөр
"Нямбуугийн Нямдорж-90" эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
Х.Тамираа: Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлж байн… Өчигдөр
Монгол бүжгийн хэмнэл зохиогч Өчигдөр