Сүхбаатарын хөшөөг бүтээлцсэн нэрт уран барималч



Монголын уран баримал, дүрслэх, чимэглэлийн Урлагийн хөгжилд өөрийн давтагдашгүй, сор бүтээлүүдээрээ мөнхөрсөн нэрт уран барималч, сурган хүмүүжүүлэгч, БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Дамдины Дамдимаа

                 * * *

Улсын удирдагч, баатар, эгэл жирийн ажилчдын олон баримал, хөшөөг чулуугаар урлан мөнхөлсөн, Шаазан ваарны үйлдвэрийн бэлэг дурсгал, чимэглэлийн 200 орчим эх загварын зохиогч, Сүхбаатарын морьтой хөшөөг бүтээлцсэн цор ганц эмэгтэй барималч бол Дамдины Дамдимаа билээ. Урлан бүтээхүйн ертөнцөд өөрийн нэрээ сийлэн үлдээсэн гайхамшигтай уран бүтээлчийн "Догшин сарлаг", "Тагтаатай сав" хоёр бүтээл нь Дэлхийн оюутан, залуучуудын VI наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Монголын зүрх болсон Улаанбаатарын төв талбайд 74 жил заларч буй Сүх жанжны хөшөө бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Сономын Чоймбол тэргүүтэй Монголын ууган барималчдын гарамгай бүтээл бөгөөд урлан бүтээхүйн тэр ажилд ганц эмэгтэй оролцсон нь Дамдины Дамдимаа юм. Энэ бол 1946 оны үйл явдал билээ. Монголын уран зургийн түүхэнд сод үзэгдэл болсон "Азарганы ноцолдоон" зургийн /1958/ эзэн, Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач, олон зуун шавь төрүүлсэн гавьяатай О.Цэвэгжавын түүхийг өгүүлэхэд мөн л Дамдины Дамдимаа заавал хамт бичигдэнэ. Учир нь тэд бие биенээ хөглөн, Монголын түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн нэгэн гэр бүлийнхэн билээ.

Ардын хувьсгалын анхны партизануудын нэг Дамдин 1927 онд охин үртэй болсон нь Дамдимаа байлаа. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн бяцхан охин аав, ээждээ ирсэн түүх нь сонирхолтой. Магадгүй түүхэнд нэрээ мөнхлөх тавилантай ирсэн түүнийг хувь заяа нь хөтөлсөн буй за. Дамдин говь нутгийн Осоржамаа гэдэг бүсгүйтэй ханилсан ч үр хүүхэдгүй олон жил болж. Сүхбаатар аймгийн хязгаарын цэргийн ангид комиссараар томилогдон Байшинтын заставт алба

хааж байхдаа нэг өдөр эхнэрийн хамт Дарьганга сумаар явах замдаа санамсаргүй нэгэн айлд буухад олон хүүхэдтэй айл таарч, хувь заяаны ерөөлөөр бага охиныг нь үрчлэн авчээ. Ингэж Дамдин гэдэг айл охинтой болж, заставтаа эргэн ирэхэд нь орос комиссар "Дамдимаа" гэсэн нэр хайрлажээ. Дамдин зүүн хилээр арваад жил алба хаагаад нийслэлд шилжин ирэхэд охин нь 12 настай байв. Д.Дамдимаа шинэ бичгийн дугуйланд суралцав. Сайд нарын дэлгүүрт худалдагч хийдэг ээж нь Сүх жанжны эхнэр Янжмаад хэлснээр охин ажилд орж "Цогт тайж" киноны жижиг хэрэглэл, чимэг зүүлт зэргийг хийж байсан барималч Д.Гүрдоржийн шавь болов. Ингэж 1942-1945 онд буюу уг киног бүтээхэд оролцсон Д.Дамдимаа баримал хийх ур дүйтэй болжээ. 1942 онд эмэгтэйчүүдийн байгууллагаас зарласан уралдаанд "Тагтаатай хүүхэд" баримал нь шалгарч дээлийн торгоор шагнуулав. "Цогт тайж" кино дэлгэцнээ гарсны дараа Урлагийн хорооны шийдвэрээр Д.Дамдимаа нарын хэдэн хүн Зураг урлалын газрын дэргэд байгуулсан Уран баримлын тасагт ажиллах болов. Тухайн үед жанжин Сүхийн хөшөөг босгох ажил эхэлсэн бөгөөд нэг өдөр хөшөөний эх загвар гаргасан С.Чоймбол багш нь "Хөшөөний баруун мөрөн дээр нь суугаад чихийг нь хий. Энэ бол түүхэн ажил, нэр чинь дурсагдах болно" гэж хэлснээр жанжны баруун чихийг хийж, морины нугарсан хөлийг нь шавардах зэргээр олон ажил гүйцэтгэжээ. Энэ ажил түүнд туршлага ч нэмэв. Зураг урлалын газрын баримлын тасагт 1945-1948 онд ажиллангаа Ү.Ядамсүрэн, Д.Чойдог, О.Цэвэгжав, Ю.Дорж нараар хар, өнгөт зургийн мэргэжлийн хичээл заалгав. Энд 17 настайдаа насны ханьтайгаа учирч 1946 онд тоонот гэрт толгой холбож, О.Цэвэгжавынх гэдэг айл бий болов. Дараа жил нь тэд үрийн зулай үнэрлэж, "Дайны дараа гэртээ" бүтээлээрээ гэрийн эзэн Төрийн шагнал хүртсэн бол Дамдимаа "Саальчин", "Хадлан" зэрэг баримлаа үзэсгэлэнд дэлгэв. Гэгээн сайхан урлагаас төрсөн хоёр уран бүтээлч долоон сайхан үртэй болсон юм.

Д.Дамдимаа 1954 онд Урлагийн сургуульд барималчны анги нээгдэхэд элсэн суралцаж, нэгэнт эзэмшсэн мэргэжлээ онолын хувьд баталгаажуулжээ. Түүнчлэн УБДС-ийн зургийн анги ч дүүргэв. Хөдөлмөрчин, малчин, манлайлагч ажилчдын баримлыг олон хийсний нэг нь 24 насандаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн тракторчин Бямбацогтын баримлыг цагаан гантигаар урласан бүтээл юм. Гантигаар бүтээл хийх нь эмэгтэй хүнд ахадсан хөдөлмөр хэдий ч Д.Дамдимаа чадсан. Тэрбээр 2008 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Чулуу цохиж, "ноцолдох" чинь эмэгтэй хүнд үнэхээр хүнд ажил.

Гэсэн ч би ажилдаа дуртай. Анх "Цогт тайж" кинонд шуумал баримал хийснээр энэ урлагийн амьдрал минь эхэлсэн. Арван хэдтэйгээсээ өдгөө ная гартлаа чулуутай "ноцолдож" байна. Чулууг гурил шиг болгон үйрүүлж, нунтаглаж байж сая баримлынхаа дүрсийг гаргаж авдаг. Хэр баргийн эмэгтэй хүн халшрах ажил" хэмээн өгүүлсэн байдаг. 1964 онд ЗХУ-ын Ленинград хотыг зорьж, Репиний академид хоёр жил сурч, мэргэжил дээшлүүлээд эргэж ирснийхээ дараа зөвхөн хөрөг бүтээхээс гадна хөшөө, дурсгал урлаж, Шаазан ваарны үйлдвэрт ажиллав. 1969 онд Шаазан ваарны үйлдвэрт боловсон хүчин бэлтгэхээр ТМС-д багшаар томилогдож, улмаар тэндээсээ 1971 онд 20 шавьтайгаа Шаазан ваарны үйлдвэрт очиж ажиллажээ. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сайжруулж, чанаржуулахад Д.Дамдимаа асар их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тухайлбал, шаазан эдлэл, вааран дээрх амьтны хөлнүүдийг үргэлжээр нь, битүү хийдэг байсныг салгаж, голоор нь цоолбортой болгосноор илүү үзэмжтэй, чамин, хөнгөн болгосон аж. Домбо, гүц, чихрийн сав зэрэг тагтай шаазан, төрөл бүрийн аяганы загвар, бэлэг дурсгалын зүйл, хатан, ноён, хүүхэд, буга согоо гэхчлэн арвин бүтээлийн загвар зохион бүтээжээ. Олон сайхан эх загвараар нь өдгөө ч шаазан бүтээл хийсээр байна. Түүний 200 орчим бэлэг дурсгал, чимэглэлийн эх загвар нь охин Дагиймаад хадгалагдаж байна. Тэрбээр "Ээжийн минь 1967 онд бүтээсэн В.И.Ленин, манлай ван Дамдинсүрэнгийн боржин хөшөө яг л амьд мэт санагддаг. Ээж хад, чулуутай "ноцолддог" болоод ч тэр үү, их эршүүд, шулуухан хүн байсан.


Аливааг заавал дуусгаж байж санаа нь амардаг. Аав, ээж минь үргэлж завгүй ажилладаг байсан ч үр хүүхдүүддээ цаг гарган, зааж сургадаг байлаа. Аав долоон хүүхдээ урлагтай холбоход их үүрэг гүйцэтгэсэн. Бид аавд даалгавраа шалгуулна аа. Дулимагхан бол дуугарахгүй дээ. Яс хийсэн цагт л "болсон" гэнэ. Харин ээж хараад л инээгээд сууна. Аавын хажуугаар орж ингэлээ тэглээ гэх нь үгүй" хэмээн ярилаа.

Д.Дамдимаагийн "Шуурга" чулуун бүтээл нь Москвагийн Дорно дахины музейд тавигдсан Монголын цорын ганц баримал юм. 1957 онд Дэлхийн оюутан, залуучуудын VI наадмаас "Догшин сарлаг", "Тагтаатай сав" хоёр бүтээл нь хүрэл медаль хүртсэн гэхээр тэрбээр хэр чансаатай уран бүтээлч байсан нь тодорхой. Үүнээс гадна 12 улсад болсон уралдаанд бүтээлээ сойж, олон шагнал, диплом авсан байдаг. Тэрбээр хөшөө, баримал урлахын зэрэгцээ сийлбэр сайн хийнэ. 1974 онд О.Цэвэгжав, Д.Дамдимаа нар Буриадын Улан-Үдийн Самиловын нэрэмжит музейд гэр бүлийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, дараа нь ЗХУ, Чех, Герман зэрэг хэд хэдэн оронд дэлгэж, өндөр үнэлгээ авчээ.

Манлай ван Дамдинсүрэн, Дамба баатар нарын хөшөөний эх загварыг зохиож, Хатанбаатар Магсаржав, Д.Сүхбаатарын "Үсэг өрөгч Д.Сүхбаатар" зэрэг баримал гайхалтай бүтээлүүдээ хийсэн нь 1960-1970 он. Түүний уран бүтээлүүдээс хүний чин эрмэлзэл, тэмүүлэл, эрч хүч, сэтгэл нэвт шувт харагддаг гэж урлагийн томчууд үнэлдэг байв.

Хүний амьдралд зовлон гуниг хэлж биш, хийсэж ирдэг. Хоёр хүү, хайрт ханиа ойрхон алдсан хүнд хэцүү үеэ Д.Дамдимаа шавь нар, найз нөхдийнхөө хүчээр туулсан хэмээн ярьсан байдаг. Тэрбээр уран бүтээл хийхдээ гаргууд шигээ сайн хань, сайхан ээж байжээ. Аливаад ухаалгаар ханддаг, уурлах нь үгүй, элдэв хор атаагүй хүн байсныг тэр үеийн уран бүтээлчид халуун дотноор дурссан байдаг. Тэрбээр ханьдаа зориулан "Зураач О.Цэвэгжав" нэртэй боржин хөшөө босгосон юм. Түүний уран бүтээлүүдийн сор болсон энэ бүтээлд Төрийн шагналт, алдарт зураач О.Цэвэгжавын урт буурал халимаг, алсыг ширтсэн харц, өглөгч сайхан сэтгэл нь яг л буусан гэлтэй гэж урлаг судлаач Р.Бат-Очир бичжээ.

Монголын анхны эмэгтэй барималч, Монголын Урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдимаа "Монгол кино" үйлдвэрт барималчин, Шаазан ваарны үйлдвэрт эх загвар зохиогч, Музейнүүдийг удирдах газарт барималчнаар ажиллаж байсны зэрэгцээ Пионерын ордонд багшилж, олон хүүхдийг энэ урлагт дурлуулан, уран бүтээлч болох замыг нь заасан сурган хүмүүжүүлэгч юм. Түүний "Хадланч", "Торхчин", "Ботготой хүүхэд", "Шуурга", "Уургачин" зэрэг аж байдлын сэдэвт бүтээлийг монголчууд андахгүй. Тэр дундаас "Догшин сарлаг"- ийг нь өнөөдөр ч хүүхэд, залуучууд сайн мэднэ. Түүний хийсэн хөрөг бүтээлүүдийн нүднээс амьдралын гал цогийг харж болно. Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү, Н.Бямбацогт, Д.Даваажав, З.Очир, Улсын баатар Д.Нянтайсүрэн, П.Чогдон нарын хөрөг баримал, бас дахин дурдахад Улсын баатар Х.Дамба, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нарын хөшөө нь үүний илрэл билээ.

“Зууны 100 эмэгтэй” I ботиос...

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ээвэр газар 18 цагийн өмнө
Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай… 18 цагийн өмнө
Олныхны их дууч 18 цагийн өмнө
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд “Пес… 18 цагийн өмнө
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний мэдүүлгийг хянан … 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллаг… 21 цагийн өмнө
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ 21 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖ… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээл… Өчигдөр
Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизн… Өчигдөр
Тосон зургийн мастер С.Рэнцэн агсны бүтээлүүдийг толилуулна Өчигдөр
У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тоо… Өчигдөр
​ Монгол Улс ШХАБ-д байр сууриа бататгаж, Монгол, Туркменистаны хооро… Өчигдөр
Дэлгэцийн шинэ бүтээлүүд “Улаанбаатар” кино наадамд цойллоо Өчигдөр
Раскольниковыг тархинд минь амьдруулсан Ц.Гомбосүрэн Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүд гал алдахгүй, өвлийг өнтэй давна Өчигдөр
"Нямбуугийн Нямдорж-90" эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
Х.Тамираа: Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлж байн… Өчигдөр
Монгол бүжгийн хэмнэл зохиогч Өчигдөр