Зуун настай “Саран ээж”


Намрын дунд сарын шинийн 17-ны өлзий, буян тэгширсэн өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардьн жүжигчин, “Алтан үе”-ийн төлөөлөгч Л.Цогзолмаа гуайн зуун насны ойг тэмдэглэлээ. Улсын филармонид тусгайлан дэглэсэн гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” номын нээлт, эрдэм шинжилгээний хурал хөл гишгэх зайгүй өнөр боллоо.  

Зуун насны бэлгэ шингэсэн насны авшигт өдрөө үр хүүхэд, ахан дүүс, хотол олноороо хамтдаа угтах буян хүн бүрд тэгш заяахгүй.  Тэр дундаа ард түмнийхээ хайранд  өлгийдүүлэн хүндлүүлэх сайхан. Үр хүүхдүүд, төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтнүүд баяр хүргэхээр иржээ. Үүнээс “Алтан үе”-ийн гэгддэг  соёл, урлагийг түүчээлэгчдийн удмынхан хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ. Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын охин Л.Насанбат, Ардын зураач Н.Цүлтэмийн хүү Ц.Мөнхжин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын охин Б.Дэлгэрмаа, Төрийн шагналт зохиолч Л.Ванганы гэргий Т.Пялзай, Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн удмынхан баяр хүргэсэн юм.  ХX зууны Монголын сэхээтнүүдийн үр хүүхдүүдийн цугларалт орчин үеийн нэгнийгээ үл тэвчдэг урлагийнханд үлгэр дуурайл болсон биз ээ. Цугласан олны өмнө ээжийгээн хөтлөн ууган охин Н.Сувд нь гарч ирэхэд хүрэлцэн ирсэн зочид суудлаасаа босон угтлаа. 

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд “Миний ээжийн 100 насны ой гэж нэрлэсэн ч Монголын шинэ үеийн соёл, урлагийн хөгжлийн нэгэн зууны түүхийг тэмдэглэж байна. Мэргэжлийн урлагийн байгууллагыг хөгжүүлэхэд ээж минь авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан. Хойч үе нь энэ ойг санаачлан зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ бол ахмад үедээ хүндэтгэл үзүүлж, хойч үедээ ахмад уран бүтээлчдийнхээ туршлага, арга барилыг танилцуулах эхлэлийг тавилаа. Хүн бүрийн ээж үр хүүхдэдээ эрхэм, сайхан байдаг шүү дээ. Миний ээж олон түмэндээ хайрлагдаж, дурсагдаж яваад баяртай байдаг. Ээжийн үеийнхэн хэдэн сарын хэдэнд төрснөө мэддэггүй.  Ээж минь ч мэддэггүй юм. Дөнгөж төрөөд, ээж нь бурхан болж, айлд өргүүлсэн ч түмэн олонтой нэгэн зууныг туулах хувьтай байж” хэмээн ёслолыг нээлээ.

Төрсөн өдрийн эзэн Л.Цогзолмаа гуай хүрэлцэн ирсэн хүн бүрд талархсанаа илэрхийлээд “Өнчин надад өмөг түшиг болж ирсэн ард түмэндээ баярлалаа” хэмээгээд баярын нулимсаа нуусангүй. Эрхэм  эмэгтэйн амьдрал, баялаг намтрын нэгээхэн хэсэг нь “Үнэн” сонинтой салшгүй холбоотой.  Түүний хань Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрай 1963-1984 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан юм.  Энэ сайхан өдөр үр хүүхдүүдийнх нь аз жаргалыг хуваалцан, баярын сэтгэгдлийг сонслоо. Н.Сувд  “Ээжийнхээ ойгоор аавыгаа бодож, санагалзан суулаа. Миний аавын ажиллаж байсан “Үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.  

Аав, ээж минь бидэнд “Хүнд хэзээ ч муу санаж болохгүй. Дандаа сайн талаас нь харж, ярьж байгаарай” гэж захиж сургасан. Ээжийн минь урт, удаан жил амьдарч буй нууц гэвэл олны хайр хүндэтгэл. Тиймээс дурсамж номоо "Олон гэдэг оломгүй далай" гэж нэрлэсэн байдаг. Бусдын хайр хүндэтгэл дээр амьдрал нь тогтсон. Аав минь ээжид маш их хайртай, энэ хүний төлөө бүх зүйлээ зориулсан. Монголчууд минь нэг нэгнээ хайрлаж, хүндэлж, ойлгож, сайхан талаас нь хандаж чадвал бүгдээрээ 100 наслах боломжтой” гэсэн юм. Ээжийнхээ тухай Н.Энхтүвшин "Би айлын отгон охин ч ээжтэйгээ өтлөх хувьтай, азтай аж. Ээжтэйгээ хамт 60 жил амьдарч байна. 

Миний ээж Соёлын яамны Соёл гэгээрлийн хэлтэст ажиллахдаа сайн дурын уран сайханчдыг гарган ирж, ардын урлагаа хөгжүүлсэн. 1980 он гэхэд улсын хэмжээнд 300 мянган сайн дурын уран сайханч байлаа. Улс даяар ардын урлагийн үзлэгийг жил бүр зохион байгуулж, алдартнуудыг урлагт хөтөлсний жишээ бол Д.Банзрагч, “Морины” Нансалмаа нарын олон авьяастан. Би ээжийнхээ ардын богино дууг нь сонсох дуртай. Дууны утга, аяыг цогц сайхан хүргэж чаддаг уран бүтээлч байж дээ гэж бахархаж явдаг” хэмээлээ. 


“Бөмбөгөр ногоон” дахин сүндэрлэв

Сүхбаатарын талбайн зүүнтээ “Бөмбөгөр ногоон” театр нэгэн зууны дараа дахин сүндэрлэжээ. “Улаанбаатар” зочид буудлын төв хаалгыг Монголын мэргэжлийн урлагийн анхны байгууллагын төрхөөр зассан учиртай. Бидний “Алтан үе”-ийнхэн хэмээн хүндэлдэг уран бүтээлчдийн нэг эрхэм хүмүүний зуун насны ойд зориулан тайз зассан нь энэ. “Дуулбал бууз өгнө”  гэж айл аймгийнхан нь өхөөрдөхөд учиргүй их дуулдаг байснаа дурсамж номдоо бичжээ.  Эндээс л урлагийн замнал нь эхэлсэн болов уу. Үеийнхэндээ, урлагийнхандаа “Цооцоо” хэмээн хүндлүүлсэн тэрбээр 1924 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын Улаан хад хэмээх газарт эхээс мэндэлжээ. 

Ээж нь түүнийг төрүүлээд бурхан болжээ. Хорвоод удаан амьдрахгүйгээ мэдэрсэн хөөрхий бүсгүй зэргэлдээх Сэргэлэн сумын Лувсанжамц гэдэг айлд охиноо өргүүлсэн гэдэг. Харамсалтай нь зургаан нас хүрдэг жил аавынх нь морь үлийнд бүдэрч, унаснаар хорвоог орхижээ. Багын дурсамжаа “Өргөсөн ээжийг Долгоржав гэдэг. Бүдэг бадагхан санадаг юм. Надтай хамт нэг их удаагүй ээ хөөрхий. Ааваас хойш хэдхэн сарын дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Зургаахан жил хамт байсан ч асар олон жил болсон юм шиг л санагддаг. Бага гэж намайг гололгүй олон зүйл сургасан болохоор л тэгж боддог юм шүү дээ” гэж номдоо бичжээ. 

Лувсанжамц гуайн том охин  Маамаа  дүүгээ өөртөө татан авч, хөдөөнөөс нийслэл хотод суурьшсан байна. Дүүгээ дуунд дуртайг анзаарч “Залуучуудын соёлын ордон”­ы хөгжмийн ангид оруулжээ. Ийнхүү тэрбээр урлагийн зам дахь гэгээн харгуйгаа нээсэн гэдэг. 1940 онд улсын Циркийг  байгуулахад театруудаас авьяастай хүүхдүүдийг сонгон авахад Цогзолмаа жааз хөгжмийн бүлэгт хуваарилагджээ. Тэнд саксафон хөгжим тоглодог болсноор хүсэн хүлээсэн жинхэнэ хөгжимчин болох үүд нь нээгдэв. 

Циркэд хоёр жил ажиллаад удаагүй Орост тоглолтоор явуулсан байна. Урлагт дуртайг ч хэлэх үү анх удаа хилийн дээс алхаж байгаадаа учиргүй  баярлажээ. Гэвч түүнийг гэртээ ирэхэд алган дээрээ бөмбөрүүлж  өсгөсөн эгч нь бурхан болсон байв. Харуулж, асруулах хүнгүй ч ажилтай болсон болохоор өөрийгөө авч явж дөнгөөд байв. Монголын театр, цирк, дуу бүжгийн чуулга, дэлгэцийн урлагийн түүхийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй. Тэрбээр “Цогт тайж”-ийн Дулмаа, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Жаргалын зам” жүжгийн Халиун, “Амарсанаа” жүжгийн Гэрэлгуа зэрэг олон арван домогт дүрүүдээрээ монгол түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ. Нэгэн цагт тайзнаа дуулж явсан бүтээлүүдийг нь энэ үеийн шилдэг уран бүтээлчид дуулсан үдэш байлаа. 

Тоглолтын эхэнд Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон “Чингис хаан” дуурийн хэсгээс толилуулж, мэндчилгээ дэвшүүлээ. Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдаач явсан Л.Цогзолмаа гуайд хамт олон нь мэхийн ёсолж, Үелзүүр бүжиг, “Цэвэр охин”, “Дуулаад учирмаар Цооцоо”, “Монгол морь”, “Миний ээжийн тэнгэр”, “Цэнгэлийн эгшиг” зэрэг уран бүтээлээр ая дуу өргөсөн. Харин Улсын драмын эрдмийн театрынхан “Цогт тайж” киноны хэсгээс буюу Арслан тайж Гүрсоронзонгомбын 33 дугаар гүнж Дулмаа нарын үзэгдлийг толилуулж Хөдөлмөрийн баатарт бэлэг барьсан. 1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1951 онд  Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал, 2001 онд Ардын жүжигчин, 2007 онд Хөдөлмөрийн баатар цол xүртсэн. Хөдөлмөрийн баатар гэдэг хэргэм хэн бүхэнд ногддоггүй. Харин өөрөө энэ цолоороо дуудуулж тайзан дээр гарахдаа “Ард түмнийхээ буянд хүртсэн шагналдаа баяртай байдаг ч яс хавтайдаг юм” хэмээлээ. 


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ээвэр газар 18 цагийн өмнө
Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай… 18 цагийн өмнө
Олныхны их дууч 18 цагийн өмнө
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд “Пес… 18 цагийн өмнө
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний мэдүүлгийг хянан … 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллаг… 21 цагийн өмнө
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ 21 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖ… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээл… Өчигдөр
Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизн… Өчигдөр
Тосон зургийн мастер С.Рэнцэн агсны бүтээлүүдийг толилуулна Өчигдөр
У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тоо… Өчигдөр
​ Монгол Улс ШХАБ-д байр сууриа бататгаж, Монгол, Туркменистаны хооро… Өчигдөр
Дэлгэцийн шинэ бүтээлүүд “Улаанбаатар” кино наадамд цойллоо Өчигдөр
Раскольниковыг тархинд минь амьдруулсан Ц.Гомбосүрэн Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүд гал алдахгүй, өвлийг өнтэй давна Өчигдөр
"Нямбуугийн Нямдорж-90" эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
Х.Тамираа: Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлж байн… Өчигдөр
Монгол бүжгийн хэмнэл зохиогч Өчигдөр