XIX зууны Оросын уран зохиол ба галт тэрэг


1837 онд Петербургийг Царское село хоттой холбосон төмөр замд анхны галт тэрэг тавигдсан бөгөөд тэр үеэс эхлэн уурын тэрэг уран зохиолын салшгүй нэгэн хэсэг болж иржээ. Оросын сонгодгуудын хуудаснаа галт тэрэгний ямар жим татсаныг сонирхоцгооё.

АЙДАС

Тээврийн энэ шинэ хэрэгсэлд хүмүүс тун удаан дасжээ. 1870-аад оноос эхлэн Орос орон даяар төмөр зам тавьж эхэлсэн нь урьд хожид үзэгдээгүй юм болж, уурын тэрэг буюу “галтай могой”-ноос үнхэлцгээ хагартал айцгааж байлаа. Морин өртөөний бизнес эрхлэгчид орлогын үүд хаагдана гэж эмээхдээ үүнийг нь дэвэргэж, галт тэрэгний хурд хүний тархинд өвчин зовуурь үүтгэнэ, яндангийн утаанд нь нисэж яваа шувуу шууд үхэж байна, уурын тэрэг дэлбэрвэл зорчигчдоо түмэн хэсэгт хувааж хаяна гэх мэт цуу яриаг нэн эрчимтэй тараав. Төмөр зам барих явцад олон тооны ажилчид үхэж, тэдгээрийг зам дагуу булшилсан нь ардын дунд айдас нэмэх бас нэгэн шалтаг болж байв. Москва, Петербургийн хоорондох замд хамгийн их үхэл тохиолджээ. Николай Некрасов энэ замд нэгэн найраглалаа зориулсан нь сарны гэрэл доор галт тэргэнд яваа Ваня хүү муухай зүүд үзэх бөгөөд:

Хүйтэн шилнээ сүүдэр

                                   татлаа...

Хүн үү? Бөөн үхдэл сүгүүд!

Ширмэн замыг ширэн

                               гүйлдэнэ,

Шинэхэн замыг хажин

                              гүйлдэнэ

гэж бичив.

Нийтээрээ айдаст автах энэ явдал нь зарим нэгэнд эр зоригоо гайхуулан бахархах сайхан суурь болж өгснийг бас хэлэх хэрэгтэй. Фёдор Достоевскийн “Ах дүү Карамзовынхан” романы Коля хүү мөрий тавин, төмөр зам дээр эвхэрч хэвтээд галт тэрэг хүлээнэ. “Түнэр харанхуйн дундаас хос улаан гэрэл цоонон гарч, аймшигт мангас түжигнэн айсуй. “Замаас зайлаач! Бушуул!”  гэж сүнсээ зайлтал айсан жаалууд бутан дотроос Колягийн зүг хашхирцгаав. Коля тэр дороо ухаан балартаад өгсөн ч “эрэмгий зүрхтэн” гэх үүрдийн алдрыг хүртсэн билээ”. Бодит амьдрал дээр ч ийм зоригтнууд олон гарчээ. XIX зууны төгсгөл үеэр, уурын тэрэг байдаг л нэгэн зүйл болоод хувирчихсан байхад ч хүмүүсийн далд мухар сүсгийн айдас бүрэн арилсангүй. Леонид Андреевын “Агшин зуур” өгүүллэгт: “... замын баруун талыг халхалсан ханын цаанаас гэнэт гал дөл бадраасан хар мангас гарч ирээд хуй салхи адил эрчлэн, уурын хүнд тэргийг ухасхийн шүүрч, араа шүдээ хавиран хяхтнуулсаар чирээд одлоо” – хэмээжээ.

ДУГУЙН ДООР АМИА ӨРГӨГСӨД

Ер нь үхлийн сэдвийг галт тэрэг тойрч гарсангүй. Олон ч хүн алтан сайхан амиа егүүтгэхдээ шинэ тээврийн хэрэгслийг сонгосоор байв. Лев Толстойн ачаар гэх үү, оросын уран зохиолд энэ сэдэв батжиж иржээ.

Мэдээж, галт тэрэгний хамгийн алдарт золиос нь Анна Каренина. Түүнээс арай өмнөхөн, роман эхлэх үед манаач эр төмөр зам дээр үхдэг: “... согтуу хөлчүү явсан уу, эсхүл даарч бээрэхгүй санаатай толгой түрүүгээ бин битүү ороочихсон яваа болов уу, юутай ч гэсэн ухарч хөдөлсөн уурын тэргийг сонссонгүй, тэгээд доогуур нь орчихжээ”. Аннад энэ хүний үхэл “аймаар” эсвэл бүр “амар, агшин зуурын” санагдсан байж. Эцэст нь, энэ дурсамж л бүсгүйг төмөр замын дэр мод өөд хөтөлсөн бөгөөд: “Вронскийтой анх учирсан тэр нэгэн өдөр няц дайруулсан хүнийг гэнэт санаад, юу хийх ёстойгоо Анна ухаарчээ”.Толстойн өөр нэгэн баатар – “Крейцерийн сонат”-ын хамжлагат ноён Позднышев хардаж шаналсан сэтгэлдээ бачимдан Аннагийн жишгийг дагахад бэлэн болно: “Шаналал зовлон минь багтартал хүлж баглах тэр хоромд дэр мод дэрлээд амгалан одох таатайхан бодол төрж билээ”. Харин зохиолч Леонид Андреев залуу халуун насандаа азгүй нэгэн дурлалаас болж төмөр зам дээр хэвтэж явсан толгой. Азаар амьд мэнд үлдсэн. Гэвч “Аниргүй” өгүүллэгтээ номлогчийн охин Вераг мөн л Каренинагийн араас явуулна: “Ахиж түүнийг амьд мэнд хараагүй бөгөөд учир нь тэр оройдоо галт тэргэн доогуур харайж ороод, хоёр хэсэг хуваагдчихсан байсан юм”.

МӨНХИЙН ҮЙМЭЭН

Цаг хугацаа өнгөрч, төмөр замаар гагцхүү хамжлагат ноёд, тайж язгууртнууд зорчдог үе улирав. Төмөр замын буудал дээрх хөл хөдөлгөөн, зорчигчдын үймэлдэн бужигнахыг ном бүтээлдээ бичихгүй өнгөрсөн зохиолч ховор. Николай Лесков бүр 1862 онд аян замын тэмдэглэлдээ: “Зогсоолд дөхөж ирэх үед бүгд цай уухаар гүйлдэх боловч цай түгээх буланд удаан багшралдаж болохгүй тул хагас дутуу хэд балгаад л буцаж вагондоо харайн орно”  гэсэн байна.

Антон Чеховын “Түмний нэг” өгүүллэгт: “Буудал дээр, галт тэргэн дотор уут сав, элдэв цаасан хайрцгаа тэврээд зогсоно. Галт тэрэг хөдөлмөгц зорчин явагчид ачаа барааг минь тал бүр тийш чулуудаж гарав. Хүний суудал эзэлчихсэн байж”, гэсэн бол “Галт тэргэнд” өгүүллэгт “Хөгжилтэй түжиг тачиг” станцаас “Амь амиа бодоорой” станц хүртэл шуудангийн галт тэрэг уур савсуулан довтолгож явдаг.XIX зуун дуустал энэ зураглал үндсэндээ өөрчлөгдсөнгүй. Леонид Андреевын “Петька зусланд” өгүүллэгт мөн л олон өнгө сүлэлдсэн, хүн амьтан бужигналдсан төмөр замын нэгэн буудлын тухай: “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөн энэ холхилдоон дундуур уурын тэрэгний шүгэлдэх, төмөр дугуйн харшин түжигнэх эцэс төгсгөлгүй мэт чимээнд зорчин явагсад зүг бүр тийш яаран сандчин алхах нь ер дуусаж өгөхгүй” гэжээ. Цугларах, үдэн мордуулах их ажил дуусаж, зорчигчид амьсгаа аван зэрэгцэж суугаад, дэргэдэх хүнээ анзаарч эхэлнэ. Чеховын “Галт тэргэнд” өгүүллэгийн баатар: тааран богц үүрсэн хэдэн эмгэн, аахилж уухилсан тариачин эр, тамхи зуусан гимназын хөвгүүдийн дунд сууж таарах бөгөөд шүүхийн мөрдөгч хурхиран унтаж, дэргэд нь “дажгүй” нэгэн бүсгүй үүрэглэнэ. Лев Толстой “Анна Каренина”-даа: цэх суугаад эргэн тойрноо ширүүн харцаар тогтон харах торгон цэргийн залуухан офицер, цүнх үүрсэн дамын наймаачин, уут мөрлөсөн эрийг дүрсэлжээ. Толстойн галт тэргэнд идэр залуугийн харгайгаар эд хөрөнгөө үрэн таран хийсэн худалдаачин, энэ амьдралдаа эсэн бусыг туулсан бэлтгэл офицер, Сербийн дайнд сайн дураараа мордон яваа эгэл даруухан их бууч цэрэгтэй уулзаж болно.

Николай Гарин Михайловскийн “Хөдөөх амьдралын хөлхөлдөөн” найрууллаас мөн галт тэрэгний зорчигчдын дүр зураглалыг тод харж болох юм. Тамхи татдаггүй улсад зориулсан нэгдүгээр зэрэглэлийн вагонд “уйтгартай, ёсорхуу, боловсон хүмүүс” яваа бол тамхи татдаг хэсэг буюу “Утаа хөшиглөсөн тасалгаанд морин цэргийн хорооныхон дуу шуу болон сууцгааж, уралдааны морьдын тухай ам булаалдан ярилцана”. Харин гуравдугаар зэрэглэлд орох тавцан дээр “Салхинд онгож борлосон жаргалтай нэгэн хос” тоомжиргүй оюутан залуу, мөн охидын сургуульд сурдаг бүсгүй хоёр яваа.

ЗАМ ДӨТЛӨХ ЯРИА

Зорчигчид дандаа ч бас хальт дүрслэгдээд өнгөрөх төдий хүмүүс байгаагүй. Заримтай нь баатрууд маань яриа өдөж, ялангуяа холын замыг хороохдоо хоног өдрийг харилцан ярилцаж туулна. Ингэж л Анна Каренина Вронскийн эхтэй танилцдаг. Харин Александр Куприний “Аялал” өгүүллэгийн аялагч нь эр нөхөртэй бүсгүйтэй замд таараад учир ургуулчихна. Достоевскийн “Маанаг” романд “Петербург рүү уухилан дөхөж яваа” өглөөний галт тэргэнд гол дүрүүд болох ван Мышкин, худалдаачин Рогожин хоёр дотно танилцана. Заримдаа замын хөөрөлдөөн замбараагүй ээдрээнд хутгаж орхих нь бий. Николай Лесковын “Нэн шинэ үзэлтэнтэй аялсан нь” өгүүллэгийн баатрууд: “Ямар ч зэрэглэлийн тасалбар авсан ялгаа байхгүй, эцсийн дүндээ бүгд л зэрэгцэн сууж таардаг” юм. Галлаж халаахгүй, цайны газаргүй тул аяны дашмагтай архинаас үе үехэн балгаж дулаацахаас өөр аргагүй. Толгойдоо орсон болгоныг буралцсаар эцэс сүүлд нь бие биенээ хардан сэжиглэж, шүүхийн танхимын эрхэм прокурорыг хулгайч, алан хядагч хэмээн тэнд байгсад бүгд бодох болно. Харин Толстойн “Крейцерийн сонат”-ын Позднышевын хувьд вагон нь нүглээ наманчлах бүхээг болж хувирдаг. Эхнэрээ алсан гэж хамт аялагсдадаа өчиг мэдүүлээд, дараа нь уй гашуу дүүрэн гэрлэлтийнхээ түүхийг замын турш хүүрнэнэ. Хар сэртэй хамжлагын эзэн “Найман цаг ширмэн төмрөөр явахын гачлан”-г: “Галт тэргэнд суумагц би төсөөлж бодох чадвараа эзэмдэж чадахыг больсон нь чухам юутай холбоотойг мэдэхгүй юм. Төмөр зам хүнийг бүр хөөргөж орхидог бололтой”  хэмээжээ. Александр Куприн “Бүрэнхийд” тууждаа төмөр замаар удаан явж уйдсан хүн “Хэт эрээгүй, хэрэгт дурлагч” болж хувираад, “зэргэлдээ яваа улсаа дэмий баахан хоргоож залхаадгийг” дамшиглажээ. Зуун дуусахад галт тэрэг илүү ая тухтай, зорчигчдын байдал ч айвуу тайван болж ирсэн байна. “Амрах санаатай галт тэргэнд орлоо” гэж Леонид Андреев “Галт тэргэнд” өгүүллэгтээ бичив. Гансарсандаа, цаг нөхцөөх гэж яриа өддөгөө болилоо.Ийнхүү XIX зууны эцэс гэхэд урьд өмнө хүмүүсийг айлгаж ичээж, уур манан савсуулж асан галт тэрэг бодит байдлаас зугтах арга хэрэгсэл болж хувирав. Түг түгхийн эргэлдэх дугуйн чимээнд зорчигчид цаг хугацаа, орон зайнаас ангид одсон мэт бүүвэйлэгдэнэ. Ярилцах хүнгүй байсан ч бодолд ээрүүлэн тухалж, өөрийнхөө тухай, аж амьдрал, өнгөрсөн үе, ирээдүйн өнгийг тунгаан аян замын уртыг эвхэнэ.Николай Гарин-Михайловскийн “Гимназийн сурагчид” туужийн дуу хуур болон хөгжилдөх залуус хүртэл аяны аниргүй нам гүмд автан эрхгүй чимээ аядна. Наташа Карташева галт тэрэгний цонхоор шингэх нарны туяанд шижиртэх их талыг ширтээд, “Хурдлах галт тэрэгний нээлттэй цонхон тушаа оройн цагаар суухад төрдөг” сэмхэн гуниг хөглөсөн бодолд дарагдан явна. Харин түүний дүү Тёмад харанхуйгаас тэдний зүг ямар нэгэн зүйл ширтээд байх шиг, “Энэ тасалгааны өмнөх эздийн сүүдэр гэрэлтэй цонхоор шагайж буй мэт” санагдах ажээ.

Хоёр зуун солигдох зааг дээр Леонид Андреев хүн ба галт тэрэгний харилцаа хэрхэн өөрчлөгдсөнийг: “Галт тэргэнд яваа хүмүүст одоо цаг гэж байхгүй. Санаа бодлыг тас хавчих хараал идсэн одоо цаг гэж тэнд үнэндээ байхгүй. Иймээс ч зорчигчид тэрхэн зуур бүгд гүн ухаантан болдог буй за” гэж дүгнэжээ.

 

Д.ОЮУНГЭРЭЛ
/ЧҮНДЖ паблишинг/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ээвэр газар 18 цагийн өмнө
Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай… 18 цагийн өмнө
Олныхны их дууч 18 цагийн өмнө
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд “Пес… 19 цагийн өмнө
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний мэдүүлгийг хянан … 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллаг… 21 цагийн өмнө
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ 21 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖ… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээл… Өчигдөр
Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизн… Өчигдөр
Тосон зургийн мастер С.Рэнцэн агсны бүтээлүүдийг толилуулна Өчигдөр
У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тоо… Өчигдөр
​ Монгол Улс ШХАБ-д байр сууриа бататгаж, Монгол, Туркменистаны хооро… Өчигдөр
Дэлгэцийн шинэ бүтээлүүд “Улаанбаатар” кино наадамд цойллоо Өчигдөр
Раскольниковыг тархинд минь амьдруулсан Ц.Гомбосүрэн Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүд гал алдахгүй, өвлийг өнтэй давна Өчигдөр
"Нямбуугийн Нямдорж-90" эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
Х.Тамираа: Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлж байн… Өчигдөр
Монгол бүжгийн хэмнэл зохиогч Өчигдөр