Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар уран бүтээлчдийн шинэ бүрэлдэхүүнтэй ажилласан “Тэнгэрийн хүү” жүжгийн нээлт өнөөдөр болно. Одоогоос 13 жилийн өмнө анх үзэгчдийн хүртээл болсон энэхүү жүжигт тухайн үед оролцон тоглосон уран бүтээлчид халаагаа өгч өдгөө залуу жүжигчдээр бүл нэмжээ. Тэднээс сониныхоо энэ дугаарт Ариунбямбын Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Эцэг эхээс өвлөсөн эрдэм авьяасаа хөглөн яваа түүнийг үзэгчид “Тэнгэрийн хүү” жүжгийн Шива хатны дүрээр харах нь. Жүжигчний уран чадвар шаардсан хэд хэдэн бүтээлийн ард гарсан ч өөрийгөө чамлан улам ахиж дэвшихийн төлөө яваа түүний энэ цаг үеийн бодлоос хуваалцсанаа хүргэе.
-Монголын үе үеийн жүжигчдийн авьяасыг хөглөж, уран чадварыг нь хөгжүүлэн даль жигүүртэй болгосон театрын нэг эд эс нь болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болоод удаагүй байна. Би их сургуулиа өнгөрсөн жилийн хавар төгссөн. Тухайн үед театрын студи ангийн жүжигчин болсон ч уран бүтээлд тоглохоор чөлөө авч энэ жилээс л ажиллаж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард ажилдаа ороход Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар багш шинэ бүтээлийн дүрүүдийг хуваарилахтай таарч надад Шива хатны дүрийг өгсөн. Тэр үеэс хойш өнөөг хүртэл дүрдээ орохоор ажилласаар өнөөдөр үзэгчидтэй уулзах гэж байна.
-Догдолж байна уу?
-Маш их. Бодоод байхад жүжгийн уншлага эхлэхээс л догдолж бас сандарсан юм байна. Телевизороор, киноноос харж өссөн жүжигчдийнхээ урдаас харж суугаад шинэ бүтээлээ давтах надад ямар байсан гэж санана. Ажилд орсон эхний сарууд баярлаж сандрах давхцаж, ёстой амьдрал дээр жинхэнэ кинонд тоглож байгаа юм шиг болсон. Яг миний урд Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Оюундарь багш суучихсан. Түүний дэргэд жүжигчин Б.Шинэбаяр ах. Хажууд жүжигчин Т.Хулан эгч суугаад дүрийн уншлагаа хийхийг хараад сандарсан. Анхаарлаа багахан сарниулахад үгээ мартах гээд элдэвтэй үе надад олон тохиосон. Гэхдээ тийм байсныг хүмүүс төдийлөн анзаараагүй байх. Одоо бол тухайн үеийн сандрал, айдсаа давчихаад явж байна.
-Анхны тайзны бүтээл, Шива хатны дүрээр үзэгчидтэй уулзахад бэлэн үү?
-Энэ асуултад хариулахад хэцүү юм. Бэлэн гэхээр өөртөө хэт итгэлтэй болчихно. Бэлэн биш гэхээр дутуу санагдана. Тэгэхээр найруулагчийн өгсөн зөвлөгөөний дагуу уран бүтээлдээ ажилласан гэвэл хариултад илүү ойртох байх. Дүр болгон өөрийн гэсэн өгүүлэмжтэй, онцлогтой. Шива хатны дүр ч гэсэн адилхан дүрсгүй, хүүхдэрхүү талдаа. Энэ нь яг өнөөдрийн надад илүү тохирсон онцлог болсон. Харин хатны дүр дээр ажиллах ондоо асуудал. Төлөв даруу, буурь суурьтайгаас эхлээд ялгарах зүйл олонтой. Гэлээ гэхдээ хойш суугаагүй чадахаараа хичээж Шива хатны дүрийг бүтээхээр ажилласан. Ямар болсныг жүжиг үзсэн хүмүүсээс л сонсох байх.
-Та чинь дэргэдээ мэргэжлийн шүүмжлэгчидтэй хүн шүү дээ. Зөвлөх, магтах, зэмлэх зэрэгцдэг байх. Эсвэл таныг бүхнийг өөрөө бодож бүтээ гээд зөнгөөр нь орхидог уу?
-Ямар уран бүтээл вэ гэдгээс шалтгаалдаг. Аав ээж хоёр заримдаа миний ажиллаж байгаа бүтээлийн зохиолыг уншина. Юунд анхаарах шаардлагатайг сануулаад хэрхэн ажиллахыг надад үлдээдэг. Харин ажилласны дараа шүүмжилнэ. “Тэнгэрийн хүү” жүжгийн хувьд тэд надад юу ч хэлээгүй. Аав л “Жүжгийн нээлтэд очно. Тэр үед мэргэжилдээ хэр хайртай, хэр бэлтгэгдсэн жүжигчин бэ гэдгийг шалгая даа” гэж хэлсэн. Өнөөдөр жүжгийн нээлт болно. Тийм болохоор аав, гэр бүлийнхэн маань юу гэх бол гэж бодоод эмээж л байна.
-“Жүжигчин Ариунбямбын охин” гэдэг тодотгол тантай үргэлж хамт явдаг. Ажигласан, харьцуулсан, дүгнэсэн байдлыг байнга шахуу хүлээж авахаар дарамттай санагддаг байх, тийм үү?
-Нэгдүгээр курсэд ороод л үүнийг мэдэрсэн. Аав маань тэр үед надад “Сошиал хаягийнхаа бүх нэрийг өөрчил” гэж зөвлөж билээ. Нэг их мундагтаа биш, зүгээр л хүмүүсийн ярианы сэдэв болохгүй гэж тэр шүү дээ. СУИС-д ороход надаас “Чи Ариунбямбын хүүхэд юм уу. Аав шигээ зарчимч, цагийг яс барина биз дээ” гэж үг шиддэг. “Сайн аавтай учраас сайн явж байна” гэж ярьдаг хүмүүс ч байсан. Тухайн үед энэ бүхэн надад нэг талаараа ачаа болдог байж. Нөгөө талдаа намайг урагш тэмүүлэх шалтгаан болжээ. Аав минь миний бахархал. Би энэ хүний үргэлжлэл учраас надад буруу гишгэх эрх байхгүй. Анх хүмүүсийн яриа, сэтгэгдлийг сонсоод их л төвөгшөөдөг байсан. Харин одоо нэг их тоохоо больсон. Оюутан байхад надад хүмүүс “Аавыгаа нууж амьдар” гэж хүртэл хэлсэн удаатай. Гэхдээ тэгж яах юм, надад бахархлаа нуух шалтгаан байхгүй.
-Жүжигчин болгон царайлаг, өндөр байх албагүй ч мэргэжлийн хувьд бусдаас ялгарах өгөгдөлтэй байдаг. Тэр өгөгдөл нь таны хувьд юу байх юм?
-Би тийм ч олон уран бүтээлд тоглоогүй, дөнгөж ажиллаж эхэлж байна. Арван хуруунд багтахаар дэлгэцийн бүтээлд тоглосон. Өмнө нь хэлсэнчлэн “Тэнгэрийн хүү” бол миний анхны тайзны бүтээл. Хүмүүс ч гэсэн намайг сайн мэдэхгүй. Жүжигчний хувьд бусдаас юугаараа ялгарах вэ гэвэл харц юм болов уу. Яагаад гэвэл хүмүүс намайг харцны хувьд аавтайгаа адилхан тоглодог юм байна гэж их хэлсэн.
-Зовлон жаргалыг үзсэн болохоор жүжигчид хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэхийг хүсдэггүй. Таны аав ээж эсрэгээрээ жүжигчин болохыг дэмжиж бас болоогүй сайн туслагч, зөвлөгч болжээ?
-Аав анхандаа дэмжээгүй л дээ. Хүүхэд байхдаа жүжигчин болно гэхэд “Хэцүү мэргэжил, хэрэггүй” гэж хэлээд хүлээж авдаггүй байсан. Ээж намайг уран сайхны гимнастикч, уран гулгалтын тамирчин болгоно гээд жигтэйхэн. Би ч гэсэн балетын жүжигчин болно гэж бодож, мөрөөдөж явсан удаа бий. Энэ бүх бодсон мөрөөдөл хөлөндөө бэртэл авсан цагаас өөрчлөгдсөн юм. Тэр үед аав маань намайг “Жүжигчин бол” гэсэн. СУИС-д шалгалт өгөхөд “Тэнцвэл сайн, тэнцэхгүй бол бүр сайн” гэдэг байгаа. Ингэж би бүжгийн жүжигчнээр төгсөөд удаагүй байхдаа жүжигчнээр элсэлтийн шалгалт өгч тэнцсэн дээ.
-Та мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлажээ?
-Багаасаа театрт өссөн болохоор амьдралаа театргүйгээр төсөөлж чаддаггүй. Хүмүүс намайг “Чи гурав дахь үеийн жүжигчин болох ёстой. Энэ мэргэжлийг өвлөж бас үргэлжлүүлэх хүн нь” гэж хэлдэг байсан. Театр бол миний амьдралын хамгийн том гэр минь.
-Одоо таны тоглосон нэгэн сонирхолтой уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Түүхэн дүр, баримтат бүтээл нэгээр нэмэгдэх нь ээ?
-“Пагмадулам” уран сайхны кинонд сүүлийн хоёр жилээ зарцууллаа. Их сургуулиа төгсөөд удаагүй байхад энэ кинонд тоглох санал тавьж Пагмадулам агсны дүрд тоглохоор болсон. Маш их боловсролтой, эрдэм мэдлэгтэй, тал талын авьяастайгаас гадна дөрөв, таван гадаад хэлний мэдлэгтэй. Шанз хөгжим сайн тоглодог. Шүлэг зохиол бичдэг эмэгтэй байсан. Хятад, герман хэл судалж, шанз хөгжим тоглож сурлаа. Монгол хэл, бичгээ сэргээж өөрийгөө маш их дайчилж ажилласан.
-Тийм олон биш ч тоглосон кинонууд тань тод мөрийг үлдээхээр юм. Уран бүтээлийн жанрын хувьд ч таныг сорьсон том даалгавруудыг та хийж байна?
-Аливаа уран бүтээлд тоглоход шинэ зүйл сурч хоцордог. Гэхдээ ур чадварын хувьд өсөхгүй уран бүтээлүүд ч надад байсан. Тэдгээрээс би хувь хүнтэй харилцах байдал, дараагийн уран бүтээлд хамтран ажиллахдаа юунд анхаарах ёстойгоо ойлгосон.
-Таны тоглосон “Сэр сэр салхи” кино Венецийн наадамд нээлтээ хийхэд та улаан хивснээ алхсан. Дэлхийн оддыг дэргэдээс нь харахад ямар сэтгэгдэл төрж байв?
- “Сэр сэр салхи” киногоороо өнгөрсөн жил Венецийн кино наадамд оролцож дэлхийн нээлтээ хийгээд ирсэн. Дэлхийн том ододтой улаан хивсэн дээгүүр алхахдаа “Бид ч гэсэн хичээвэл энэ эрхмүүд шиг явах боломжтой юм байна” гэсэн бодол төрсөн. Би өмнө нь олон улсын чанартай гурван ч бүтээлд тоглосон. Санал ирвэл цаашид ч өөрийгөө сорьж үзэх бодолтой байна. Эдгээр өдрүүдэд Бусаны кино наадам үргэлжилж байна. Энэ наадамд манай аавын тоглосон кино шалгарсан. Манай “Сэр сэр салхи” кино ч гарна. Аав бид хоёр Монголоо төлөөлөөд Бусаны кино наадамд оролцохоор байсан ч уран бүтээлд тоглоод явж чадахааргүй болсон.
-Өнөөдрийн таныг бүтээхэд ээжийн тань үүрэг их байсан байх?
-Ээж минь аав, дүү бид гурвын төлөө өөрийгөө золиосолсон хүн. Хувь уран бүтээлчийнхээ карьерыг хөөгөөд явсан бол гайхамшигтай жүжигчин болох байсан гэдэгт би эргэлздэггүй. Үзэсгэлэнтэй, гоё дуу хоолойтой, мэргэжилдээ хүртэл сайн тийм л эмэгтэй. Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би юм уу даа. Би багадаа их бүрэг хүүхэд байсан. Ээж намайг бүжгийн дугуйланд явуулах гээд дургүйцэхээр “Одоо хойш ухрах юм бол чи хэзээ хүссэн зүйлээ хийж чадах юм бэ” гээд намайг хурцалж байсан. Өнөөдрийн намайг бий болгох бүх зүйлийг хийсэн хүн нь миний ээж юм. Ээждээ маш их баярладаг. Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэх юмсан даа гэж маш их хүсдэг. Жүжигчний мэргэжлийг эзэмшсэн хүн мөрөөдлийн дүртэй байсан байж таарна. Түүнд нь тоглож ээжийнхээ нэг мөрөөдлийг нь ч гэсэн биелүүлэхийг хүсдэг.
-Уран бүтээлээ дагаад хүн өөрөө хөгжих ёстой. Цаашид юунд анхаарлаа хандуулахаар зорьж байгааг асууж ярилцлагаа өндөрлөе.
-“Хэлгүй бол хөлгүй” гэдэг. Соёл урлагаараа тэргүүлж байгаа улс орны хэлийг сурахаар зорьж байна. Түүнчлэн орлон тоглогчийн түвшинд өөрийгөө бэлдье гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна