Харзанд үлдсэн галуу


 

Енисей мөрөн алгуур хөлдөнө. Эхлээд эрэг захлан өрөмтөж, нимгэн шилэн илтэс тогтох нь тохой татуур газраараа өргөн, харгиа урсгалт хэсэгтээ хагар тусан нарийсаж ирнэ. Өглөөдөө жаварлах тоолонгоор зайр гүйж, өргөсөн өргөссөөр далагнан, мөрний их ус хонгиотон цалгилах нь намсаад, явуут дундаа эрхгүй зүүрмэглэн саардаг юм.

Өдөр ирэх тусам зайр зузаарч агихад усны урсац нарийсан, мөс хадаална. Барилдсан мөс хоёр талаас тас нясхийлдэн, дээр доороо оролцож түгдийсээр нэг л мэдэхэд, ихэнхдээ тэсгим хүйтэн шөнөөр, мөрөн гол урсахаа болиод, уурссандаа баахан мөс цавтуулж гүн хэсэгтээ овоолон, хурц үзүүрийг нь хаашаа хамаагүй ёрдойлгож хөлдөөсөн нь мундаа юугаа сэрвийлгэж дэл хялгасаа ширэлдүүлэн гацсан адуу мэт алсаас үзэгдэнэ.

Явган шуурга мөрний дээгүүр цас бужигнуулан исгэрэхэд мөсөн хучлага нь хатжин, хангир жингэр гилтэлзэж, залгаа гагнаасаа улам бөхлөн нэгэн цул болно. Удахгүй царил, сүх барьсан эрчүүд мөчир, шургааг чирэн ирээд, өнөөх ёрдгор хурц мөснүүдийг хагачин, шавга тэмдэг тавьж зам харгуй гаргахуйд тэсвэр муутай хөөрүү, эсвэл хойшлуулшгүй ажилд баригдсан хэн нэгэн заавал гарч, хэсэг бусаг мөсөн дундуур хөлөө зөөж ядан гишгэх морио ул нь цасанд гүйцэд зөөлрөөгүй чарганд хөллөж аваад гуугалан оддог юм.

Намар хэчнээн хүйтэн гэвч, хадаа хэдий зузаан байвч, Енисей мөрнийг бүхэлд нь нэг мөр хөлдөөж дийлэхгүй.

Гүехэн устай, түргэн урсгалтай, хадны ёроолын хэсэгт харзлан мэлтгэнэнэ. Хамгийн том харз Харуулын бухан хадных юм.

Харзны ус хоржигнон шоржигнож, зайртсан мөс тойрч овоорон, том мөснүүд усны түргэн урсгалд бутран хагарна. Гол мөрөн царцдагаа царцаад хөдөлгөөнгүй дүнсийж байхад Харуулын бухан чулуу хөлдөх санаагүй бололтой, халимал усан дотор сүглийнэ.

Эхлээд зүрхтэйхэн зарим хүн урдах мөсөө саваа модоор тогшин тэмтэчсээр мөсөн дээгүүр алхаж, төдөлгүй ачлагатай ганц нэг тэрэг үзэгдээд, дараа нь урт хөсөг цувран явах боловч бухан хадны ёроолд уур манан савсаж, ус нь харлан байдаг.

Ууранд цохиулсан хадны хошуу, хаданд наалдсан бут сөөг, борог өвс, зулзаган нарс бүгд хамтаар хэдэн хуруу зузаан цан хүүрэгт хучигдаж, нүд сохлом сэвсгэр цагаан хээ хуараар гангарсан Харуулын бухан чулуу л хар хүрэн хад асган дундаа үлгэр домгийн гайхамшиг мэт цавцайна.

Нэгэнтээ гол мөрөн хөлдсөний дараагаар бухан хадны ойролцоо харзны усанд хэдэн галуу нисэхгүй хөвж байгаа сураг тосгоноор нэг тарлаа. Том биетэй, хүнээс айдаггүй, тэжээвэр галууд бололтой гэнэ.

Үнэхээр нэгэн орой хүүхдүүдтэй чаргаар гулгаж яваад, голын цаад талаас сандран гаагалдах дуу гарахыг би сонслоо. Пионерын бүрээ зогсолтгүй чарлуулан үлээх шиг сонин. Шөнө болохоос айсан нь тэр биз. Цаг хором өнгөрөх тусам улам хүйтэрч, харзны ус бага багаар хумигдан, захаараа зайрмагтах мөс нь удаж төдөх юмгүй зузааран барьцалдсаар эргүүлэг усанд идэгдэхээ ч болино.

Дараа өдөр нь багачууд бид мөсөн дээгүүр татсан шинэхэн жим даган, голын нөгөө эргийг чиглэн алхаж, бухан чулуунд ойртож ирлээ. Мөстсөн хадны хошуу өөд нэг нэгээрээ авиран гараад, галуунуудыг дээрээс нь харав.

Харз жижгэрсээр ойн бяцхан цоорхойн дайтай болжээ. Доороос нь асар том галаар халаах мэт могойн чуулган адил мурилзан бургилах усыг тойрон бараан өрх үүсээд, тэр өрхөнд ядарч өлсөхийн туйл болон эцэж гүйцсэн сүрэг галуу эцсийн хүчээ шавхан эргэлдэж байлаа. Луглагар биетэй эм галуу түрүүнд нь хөвж, үе үе түгшүүртэй бархиран, сүргээ дагуулан дээш авирч гарахаар оролдож, мөсөн хашлагыг цээжээрээ мөргөнө.

Би урьд нь мөсөн дунд сэлж яваа галуу харж байсан. Енисей мөрний эхэнд хэсэг галуу шөнөдөө эрэг дээр гарч хоноод, тарган цатгалан тайван амгалан өвөлжих гэж байсан юм. Шөнө унтаж байхад нь эргийн мөс гулсаж хамаад, буцаж татан урсгалд оруулж, өглөө болоход хол оо гэгч аваад явчихсан, зарим нь мөсөн дээр хөлдөж, зарим нь мөстэй усанд тарчилж үхсэн.

Харин энэ галуунууд тэмцэж байв. Давлагаанд дайвалзан, цагаан өд сөд мэт тал тал тийш бутрахад эх нь захирангуй дуугаар чарлана. “Битгий салцгаа. Надтай ойрхон бай” гээ болов уу гэж бид таалаа.

Гэнэтхэн нэгэн нүцгэн хүзүүтэй бага галууг урсгал хаман авч, сүргээс нь салган харзны зах руу хөвүүлж орхив. Галуу урсгалын өөдөөс цээж түрэн эсэргүүцэвч мөс рүү шахагдан арга тасарч, тусламж эрэн бархирлаа. Эх нь далавчаараа ус цохилон ухасхийсэн ч, залуухан шувуу мөс мөргөн хажуулдаж, харзны эмжээр доогуур цаас мэт хумигдан далд ороод, эргэж гарч ирсэнгүй үүрд үгүй болов.

Эх галуу сэтгэл урагдтал удаан гаслан ганганахад өөрийн эрхгүй нуруугаар хүйт даана.

-Энэ галуунууд бүгд үхэх нь. Аврах юм сан эж миний үеэл ах болох Кеша дуугараад, - Харин яаж аврах билээ  гэв.

Бид бодолд дарагдан суулаа. Бага хүүхдүүд боловч Енисейтэй тоглох хэрэггүй, харзны усанд хүрэх аргагүйг ойлгож л байв. Амсар нь цөмрөөд орчихвол нүдээ ч цавчиж амжилгүй мөсөн доогуур гулсаж, түрүүчийн галуу шиг татагдаад одно. Хайгаад ч хэрэггүй.

Чингээд балчир жаалуудын ёсоор маргалдаж эхэллээ. Нэг хэсэг нь харзны ус руу мөлхөж очих хэрэгтэй гэж, зарим нь бие биенийхээ хөлөөс бариад хөдөлье гэхэд, үлдсэн хэд нь анчин дуудаж хөөрхий галуунуудыг ингэж тарчлаахгүй буудуулъя гэлцэв. Манай хамар хашааны Левонтий ахын хүүхдүүдийн нэг нь “Зүгээр л хүлээж байвал аяндаа харзны усанд хавчигдаад галуунууд өөрсдөө гараад ирнэ” гэлээ.

Бүгдээрээ бухан чулуунаас бууж, шохойчдын байшингийн ойролцоох эрэг дээр гарч ирэв. Манай суурингийнхан олон жил Шохойн чулуу шатаах амаргүй ажлыг хийж ирсэн юм. Харуул голоос чулуу олборлож, тэргээр зөөн голын адагт буулгана. Тэнд жижиг суурин бий болсон нь шохой шатаахаа болиод удсан хойно ч шохойн суурин гэх нэртэйгээ үлдчихсэн. Харуул голын энэ адагт салаар бас хөвж хүрдэг байсан, хожим гуалингуудыг нь хөрөөдөөд мод бэлтгэлд тушаасан гэдэг юм.

Зам зуурын, үг яриа ихтэй, гавшгай шаламгай, наргиан цэнгээнд дуртай улс “шохойн” дээр ажиллахаар ирцгээж, “нийтийн аж ахуй”, “худалдаа бэлтгэл”, “орон нутгийн аж үйлдвэр”, “сангийн аж ахуйн зөвлөл”-ийн дарга даамлууд нь бусдын хөдөлмөрийг мөлжигчдөд хамгийн хямд төсөр шохой нийлүүлж, хөдөлмөрчин ардын байшинг цалин цагаан болгохоо амлан байв.

Мэдэхгүй юм даа, аж ахуйн ажил сайн явсных уу, зохион байгуулалттай хөдөлмөрийнх үү, аль эсхүл худалдааны далайцынх юм сан уу, манай шохойчид зээл дээрээс хувь наймаачдыг шахсаар дэлгэвэр захын тэртээ буланд аваачсан. Саяхныг болтол Красноярскийн зах дээр даваа гаргаас бусдад, өдөр шөнө ялгалгүй, Овсянка тосгоны шохойн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дурын хэмжээгээр нийлүүлэх тухай томоос том хаяг бичиж хадсан нимгэн банзан мухлаг ноёрхож байсан гээд бод. Худалдах биш, нийлүүлнэ шүү дээ. Шунахай наймаачин л худалдана, харин үйлдвэр нийлүүлнэ. Цагийн эрхэнд өлгөсөн хаяг нь өнгө будгаа алдаж цайраад, юу бичсэн нь үзэгдэхээ больсон ч муж нутгийн хэмжээнд энэхүү худалдааны цэг нэгэнт нэрд гарсан болохоор манай тосгоныхон хүнд зам зааж өгье гэвэл өөрсдийн энэ мухлагаас эхлэл цэгийг авч ярих бөгөөд хотын бусад байшин, дэлгүүрийн дэргэд түүнээс чухал зүйлгүй байв. “Манай лангуунаас баруун гар тийш Кача голын гүүрээр гараад...” гэх юм уу, “Манай мухлагаас уул руу өгсөхөөр шуудан, их дэлгүүр, тэгээд холгүй театр...” гэх зэргээр ярина.

Биднийг эрэг дээр гарахад хураалттай гуалингийн хажууд Мишка Коршуков хөрөөдсөн мод хагалахаар хуурай хусан шаантгийг модон товшуураар нүдэн аахичиж зогсов. Михаил нас биед хүрсэн хүн боловч тосгоныхон түүнийг Мишка Мишка л гэнэ. Ганган дэгжин ч гэж жигтэйхэн, моод дагахаа андахгүй, дарс уугаад согтдоггүй, хөггүй баян хуур байсан ч аяыг нь олоод тоглочихдог, охид хүүхнүүдийг эвдэж явдаг эр. Амьд хүнийг яаж эвддэгийг би даруйд ойлгоогүй, Мишкад ховсдуулаад тэнэг болчихдог юм уу гэж бодож явсан, оргүй худлаа ч бас биш л байсан юм билээ. Нэгэн удаа энэ Мишка маань хүнтэй мөрийцөж, Енисей хөлдөх үеэр явган гатлаад явчихсан, тэгээд хүмүүс улайрсан галзуу амьтан гээд хаясан даг.

-Юун чимээ шуугиан бэ. Зодоон цохион гарав уу  гэж Мишка модон товшуураа буулган асуулаа. Хар нүдэнд нь эрэмгий зориг, шогч инээд очтож, хамар хянга, энгэр цээжээр нь хөлс бурзайгаад, бүхэлдээ үйсэн үйрмэгт хучигдан, буржгар цыган толгой нь холтос үртэс, зомгол цавчдаст бууралтжээ.

Мишкад бид галууны тухай ярьж өгөв. Мань эр гар дэлгэн, юу хийж зогсоог минь хар гэсэн шиг хагалсан түлээгээ зааж харуулаад, биднийг чимээгүй зэрэгцэн суусан хойно үсээ сэгсчин модны үртсийг унагаж, янжуур гарган хумсандаа тогшлоо. Цалингаа буумагц гурав дөрвөн хоног үнэтэй янжуур татаж явах бөгөөд таарсан хүмүүсээ баруун солгойгүй дайлж, бусад үед хүнээс дүнсэн тамхи гуйн ороож явдаг хүн юм. Янжуур асаагаад, баагиулсан утаагаа араас нь харж байснаа:

-Галуунууд үхнэ. Ахан дүүс ээ, хэдүүлээ туслах хэрэгтэй  гэлээ.

Бидний санаа амарсныг хэлээд яах вэ. Мишка ухааныг нь олно. Янжуураа бараад Мишка биднийг дагуулан, түр оромж барьж байсан эргийг зүглэлээ.

-Нэг нэг урт банз аваарай.

-Ингэх байж шүү дээ, яагаад санасангүй вэ гэлцэн жаалууд бужигнав.

Ингээд том том мөсөн дундуур банзаа тавиад мөлхлөө. Зарим газраараа мөс гүйцэд зузаараагүй, доогуур нь ус гүйж байвч бид харахгүйг хичээнэ. Мишка хүнд биетэй болохоор банзан дээр гарч болохгүй. Араас дамжуулсан банзыг нь урдаа нэмэн тавьсаар хүүхдүүд мөлхөв.

-Зогс гэж Мишка тушаагаад, Одоо нэг нэгээрээ явах хэрэгтэй. Хэн нь хамгийн хөнгөн бэ гэснээ бүгдийг тойруулж хараад, чичирч дагжих над дээр харц нь унаж, Хүрмээ тайл! гэлээ.

Би цааш мөлхөхөөс айж, хашхираад зугтмаар байсан ч товчнуудаа дуулгавартай тайлж гарав. Миний дөнгөж сая мөлхөж өнгөрсөн банзан дээр Мишка зогсоод, гартаа дараагийн хотолзсон урт цагаан банзыг барьжээ. Тэр банзан дээр элгээрээ хэвтэхэд цамцны цаанаас халуу дүүгэх нь мэдрэгдэж, харин тэр халуун модны доор тачигнасан хөлдүү мөс жиндүүлэн байхад: “Бурхан минь Аварч өршөө...”  хэмээн эмээгийн залбирлыг санахыг хичээж, “Загалмайг чинь дээдлэн... Аварч... дээдэлж... өршөө...” гэж шившлээ.

-Галуу, галуу гэж би бөөгнөн цугларсан шувуун сүргийг ширтэн дуудав. Харзны цаад захад хөвж очоод, түгшсэн дуугаар гаага гууга бархиралдахад нь, Галуу, галуу... гээд цааш хөдөлж чадахгүй гацчихлаа. Элгэн доор тасхийн дуугарч, чих дүлийрэм цахилгаан цахилах шиг цагаан зураас тахиралдан татаад, мөс доош суулаа.

-Галуу, галуу гэж би эхэр татан уйлав.

Шувууд хоорондоо наалдан бөөгнөрөөд, хүзүү сунган намайг харна. Гэнэт хажууханд нэг юм шар шурхийн дуугарсанд мөс цөмрөв гэх бодол харваж, би ч амьсгал түгжин банзнаасаа зуурч аваад юу юугүй орилох гэтэл:

- Май, Май  гэсээр Мишка ойртож ирээд, банз сунгаж харагдлаа.

Нөгөө банз усанд гулсан хүрч, харзны эмжээр мөсийг үйрүүлэн бутлав. Мэдээ алдсан хуруугаараа би модыг бариад, уруул давж урсах нулимсаа долоон, гуйн дуудсаар:

-Галуу, галуу... Бурхан минь, аварч хайрла...

Эх галуу над руу итгэлгүй харан хөвж ирсэнд бусад нь дагалаа. Банзны дэргэд ирээд эх галуу гал шаргал далавчаа хурдан хурдан дэвэх харагдав.

-Гараач, гараач гэж хүүхдүүд орилолдоход

-Одоохон, удахгүй гэж Мишка зандарлаа.

Хүний дуунаар үргэсэн галуу дэгдээхэйнүүдээ дагуулан цааш эргэснээ удалгүй тайвшран, урсгал сөрөн хурдан сэлсээр модон дээр үсэрч гараад, хазганан алхаж: “Дагаад гар” гэх шиг богино дуугаар хэдэнтээ гаагалав.

-Ухаантай шувуу, Ухаантай шувуу.

Галуунууд түргэн дагаж, банз дамжин таахаг таахаг алхахад аймшигт хар харзнаас би холдон эргэж мөлхлөө.

- Галуу, галуу

Хатуу мөсөн дээр гармагц би эх галууг тэврэн авч, шигүү хүйтэн өд сөдөнд нь нүүрээ наав.

Хүүхдүүд галуунуудыг тэврэх нь тэвэрч, туух нь туусаар тосгоны зүг харайлдлаа.

- Хоол өгөхөө мартав аа-аа гэж Мишка араас хашхирна. Дулаан газар оруулаарай, бээрчихсэн байгаа шүү.

Би том галууг гэртээ авчирч, юу болсныг гар хөлөө сарвалзуулан, хахаж цацан ярьж өгсөнд эмээ учрыг сонсоод золтой галзуурч орхисонгүй, Мишка Коршуков золигт үзүүлээд өгөмз гэж зүхэн загнав.

Галуу гэр дүүрэн чарлаж, юу ч өгсөн идэхгүй, хошуугаараа тоншин дайраад байсанд эмээ хөөж гаргаад, шувууны хашаанд түгжиж орхилоо. Гэтэл нөгөөх маань тосгоноор нэг орь дуу тавьж, сэхээ сэвтгүй бархирч гарсан тул сүүлдээ тэсгэл алдран ахын гэрт хүргэж, дэгдээхэйнүүдийг нь айлуудаас цуглуулж ирсэнд сая нэг тайтгарч, тэжээл үмхлэв. Даанч галуунуудыг Левонтий ахын хөвгүүд яаж ч хамгаалаад барсангүй, заримыг нь нохой барьж, үлдсэнийг нь тэднийх өөрсдөө өлсөөд идчихсэн юм. Мөрний эхээс усны шувууд ахин ирэхээ ч больж, манай гацааны дээхнэ хамгийн нүсэр, хамгийн орчин үеийн, хамгийн шилдэг, ер нь хамгийн хамгийн... усан цахилгаан станцын далан боссон билээ.

 Зохиолч: Виктор Астафьев

Д.Оюунгэрэл

/ЧҮНДЖ паблишинг/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22