Т.Галсан: Энэ цагт хүний яс, цусны жинхэнэ ялгарал явагдаж байна



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Т.Галсантай хөөрөлдлөө.

-Урлаг, уран сайхан тэр дундаа утга зохиол болон кино уран бүтээлүүдийг харж байхад 1980-аад он гараад цаг төрийн шалгуур жаахан дулаарч ирсэн юм болов уу гэж харагддаг. Иргэний уянгалаг, аж байдлын сэдэв давамгайлсан сор бүтээлүүд тэр үед л төрж эхэлжээ дээ?
-Урлагт гэгээ орж эхэлсэн үе. Монголчуудын үндэсний ухамсар сэрж эхэлж байлаа шүү дээ. Европод М.Горбачевын өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзээд эхэлсэн бол Монголд Ж.Батмөнхийн налгар намар болж байлаа. Монгол киноны “Эцэг” Д.Жигжид “Мандухай цэцэн” киногоо Ж.Батмөнхийн үед зөвшөөрлийг авч чадсан. Түүхэнд Монгол Улсыг хоёронтаа нэгтгэж чадсаны нэг нь Чингис хаан нөгөөх нь Монгол даяар хааны сэнтийд санаархан тарж бутарч орхисон солиотнуудыг морин дэл дээр дарцаглан хурааж чадсан Мандухай хатан. Ийм түүхийг өгүүлэх кино хийхийг зөвшөөрүүлж чадна гэдэг Ж.Батмөнхийн Монголоо гэсэн сэтгэлтэй холбоотой. 
-Түүхээ хүлээн зөвшөөрч эхэлсэн байх нь гэж ойлгогдож байна?
-Түүхийн үнэнийг хэлж болдоггүй тийм л цаг үе байлаа. Монголын түүхийг хойно Зөвлөлтөд бичдэг байлаа. 
-Ийм дулаарал утга зохиолд орж ирснээр “Болор цом”яруу найргийн наадам зохиогдож эхэлсэн үү. Эсвэл арай өөр агуулга буюу намыг магтан дуулахаар зохиогдож эхэлсэн үү?
-Төрийн шагналт, их найрагч Д.Пүрэвдорж маань дэлхийд энх тайвны дуу хоолой хэрэгтэйг ашиглаад, энх тайвны сэдэвтэй шүлгийн уралдаан зарлаж явуулсан нь “Болор цом”.   Намайг “Болор цом”-д шүлэг уншуулах нь байтугай элдэв уулзалт дээр шүлэг уншихыг хорьдог байв. Б.Шаравын хөгжим 40 жилийн ойг нь тэмдэглэх гэж байгаа “Ээж аав хоёр” дуу, Б.Бямбабаярын хөгжим “Хоёр ээжээс ерөөл хүсэх дуу”-г зөвхөн хөгжмийн зохиолчийн нэрээр нь 20-оод жил зарладаг байлаа шүү дээ. Ж.Батмөнхийн налгар намар эхлэнгүүт олны өмнө би шүлэг уншдаг болсон. 
-Хэдэн оныг ярьж байна та?
-Анх удаа 1987 онд тайзан дээр “Загийн гал” гэдэг шүлэг уншжээ. 
   Загийн саарал шугуй, 
           тэнүүн говийн хангай
   Зааны дайтай тэмээ, 
         тэндэх шатрын ханхай
   Заг, Нар гувшиж ургадаг 
              ер бусын далдуу
   Заг, Найлзуур нахиа дэлгэдэг, 
ертөнцийн ганцхан чулуу ...
гээд цааш олон бадаг бий. Энэ шүлэг тэр жилийн наадамд дэд байрт шалгарсан юм. Тэргүүн байрыг манай П.Бадарч “Тэмээ” шүлгээрээ авч байлаа. Тэгээд 1988 оны “Болор цом”-д шүлэг бичсэн. Шүлэг бичих “Дээд тэнгэрийн зарц” учраас миний хувьд зовлонтой ажил биш шүү дээ. Тайзан дээр гарах болтол бичсэн шүлгээ олдоггүй. Ингээд намын хурал дээр Д.Гармаа даргын тавьсан илтгэлд шүүмжлүүлсэн олон дөрвөн мөртөө унших боллоо. Цээжинд байгаа дөрвөн мөртүүдээ гараад л хэллээ. Нийгэм уясаад, үндэсний ухамсар сэргэж эхэлсэн учир үзэгч, сонсогчид ч мундаг хүлээж авав. 
-Үндэсний ухамсар сэрсэнтэй холбоотой “Болор цом”-ын ач холбогдол өндөрсөж, найрагчид мундаг шүлгүүд уншиж эхэлсэн дээ?
-О.Дашбалбарын “Амьддаа бие, биеэ хайрла хүмүүсээ”гэдэг мөнхийн бүтээл болсон аугаа шүлэг. С.Дуламын бүтээл дунд байтугай монгол бичгийн сүлд дуулал болсон “Хүмүүн бичиг”, Монголын найруулал зүйн ноён оргилын нэг гэгддэг, доктор, профессор, яруу найрагч Д.Отгонсүрэн “Мэгжид Жанрэйсиг” гэх мэт мундаг шүлгүүд орж байлаа. Энэ шүлгүүдийн нэр, агуулгыг харахад л нийгэм ямар болж ирсэн нь харагдана. Урд бол “Мэгжид ЖанрэйсИг” бүү хэл “Хүмүүн бичиг” гэдэг нэртэй шүлэг бичиж болохгүй шүү дээ. Д.Төрбат “Халаасны өрөө”-гөө уншсан бил үү гэж санаад байна. Ер нь их хүчтэй наадам болжээ. 
-Үнэхээр л чансаатай наадам болжээ. Яруу найрагчдынх нь бүү хэл шүлгийн нэрийг нь сонсоод сүрдэхээр?
-Уншигдсан шүлгүүд нь тийм байж. Гэтэл шүүгчид нь “Болор цом” шүүх хэмжээний хүмүүс биш. Монгол Улсаас дэлхийд төлөөлөх хэмжээний том шүүгч. НҮБ-ын индэр дээрээс “НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга У Тан танаа” хэмээн хүнгэнүүлж, монгол хүн гэдгийг хараагүй байсан гаднын төлөөлөгчдийн амыг ангайлгаж явсан Дондогийн Цэвэгмид. Монгол хүний яриаг сонсоогүй хүмүүс “Үгүй энэ хүн чинь дуулаад унав уу” гэж гайхсан гэдэг шүү. Түүнийг сонсож суусан Дилав хутагт монгол хэл урт эгшигтэй, хос эгшигтэй, дуулж байгаа мэт уянгалж ярьдаг мөн ч сайхан хэл шүү гээд нулимсаа арчаад “Харин ч жаахан богино дуулчихав уу” гэж зогссон гэдэг юм. Монгол Улс зөвхөн Оросын утга зохиол, унших бичгийн сурах бичигтэй байхад монгол эрдэмтний тархи оюунаар шүүгдэж, гараар бичигдсэн утга, унших бичгийн сурах бичигтэй болгосон Төрийн шагналт, утга зохиолын судлаач, шүүмжлэгч Д.Цэнд, Монголын утга зохиолд нэгэн үеийг эзэгнэчихсэн, өмнө нь болоод хойно өрсөлдөх хүнгүй утга зохиол судлаач, академич Х.Сампилдэндэв зэрэг аваргууд Д.Цэвэгмидийн удирдлага дор тэр жилийн “Болор цом”-ыг шүүн явуулсан.
-Одоо бол бараг бурхад гэмээр агуу аваргууд шүүжээ. Их ач холбогдол өгсөн наадам болсон байх нь?
 -Тэр олон сайн уран бүтээлийг тэдгээр аваргууд олзуурхан хүлээж авчээ. Гаваа, Ёндон зэрэг армийн том генералууд армиа байлдааны зэвсгээр зэвсэглэхээс гадна, цэргүүдээ эх оронч үзлээр, уншиж явах шүлгээр зэвсэглэхгүйгээс болоод бие, биенээ хайрлахгүй байна гэдгийг айхавтар мэдэрч өөрсдөө албан бус шүүгчээр сууж цэргүүдээ үзүүлж байлаа. Шүлэг болгон нөгөө нам, найрамдал хоёроос өөр юм хэлээд эхлэхээр үзэгчдийн сэтгэлд гэрэл тусаад эхлээ биз. 
-Та бүх л насаараа монгол эх хэлээ ариун цэвэр байлгах манаанд зогсжээ. Үүнээсээ болж адлагдах үе ч байсан. Гаднын хэл шүтсэн орчин цагийн хүмүүсийн хэл яриа, бичиг үсгийн соёлыг хараад харуусах сэтгэл төрж байна уу? 
-Саяхан дэлхий ертөнцийг чичрүүлсэн цар тахал гэж айхавтар юм болоод өнгөрөв өө. Түүнээс дор юм болоод байна. Хоёрдугаарт, хүний яс, цусны жинхэнэ ялгарал явагдаж байна. Хүн гурван янз бий. Эрдэнэт хүн. Саяхан Их хурлын чуулганд үг хэлж буй Баярмаа бүсгүйг харлаа. Дэлхийн түвшний, ухааны цараагаар хэлэх гэсэн санаагаа даацтай бөгөөд оновчтой өгүүлж байгааг хараад бахархлаа. Хоёр дахь нь хүн-мөрөн.  Туул гол хэчнээн ариун дагшин уст мөрөн байлаа. Одоо сая гаруй хүний өтгөн, шингэн мөр цутган бохирдуулж урт холын аяндаа сая нэг юм тунгалагшихаа аядаад их цутгалдаа нийлж байна. Түүн дотор буй булингартуулагч лаг шавар мэт нь байх ч эрдэнэ мэт хүмүүн бий. Лаг хог нь доороо тунаж, эрдэнэ мэт хүмүүн ялгаран гарах жамтай. Гурав дахь нь хүн араатан. Энэ бол өлсөж цангахгүйн тулд бүхнийг ховдоглон идэгч,  үр удмаа таслахгүйн тулд ужид цэнгэлийг байнга хүсэгч нэгэн. Хүн адгууст хэл соёл, үндэсний ухамсар, бичиг соёл, удам угсаа огт хүртээлгүй. Ариун нандин юм гэж үгүй тул өлсөхгүйн тулд идэх хэрэгтэй, үр удмаа үлдээх хэрэгтэй. Тэгээд тэжээлгэх. Манай энэ нийгмийн буруу байгаа юм нь тэжээгч нийгэм болчихоод байна. Хүн тэжээлгэх гэж хүн болдоггүй, үр ач, хань ижил, эцэг эхээ тэжээх гэж хүн болдог. Гэтэл “Хүний эрхийн тунхаглал”-ыг буруугаар ойлгоод гажуудал үүсжээ. Энэ цагт хүний гурван зиндаатай уялдаад энэ цагийнхан гурван янзын хэлтэй байна. Нэгдүгээрт, гүн ухаанчийн цараар сэтгэж яруу найрагчийн түвшинд өгүүлэн чадаж байгаа нь эрдэнэт хүн. Сүүлийн 100 жил Монголыг устгах бодлогын он цаг байлаа. Улс, үндэстнийг устгахын тулд хэлийг нь устгадаг. Хэлээ дагаад соёл нь мөхнө. Үүний жишээг бид холоос хайх хэрэггүй. Манж гүрэн яаж мөхөв. Монгол хэл дэлхийн ямар ч их гүрний хэлээс дутуугүй үгсийн сангийн баялагтай, хөгжмийн боловсролтой хүн тэмдэглээд авбал дуу болчихоор яруу сайхан хэл. Хүний сэтгэн бодохын туйл бусдын  зүрхэн тольтноо хүрч өгүүлж чадах ид шидтэй хэл. 
-Бидний эх хэл бусад хэлний дайралтад өртөөд сулраад байна гэдэг. Ийм амархан суларч байгаа юм чинь дархлаа муу байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах юм бэ. Бид эх хэлнийхээ гол гагнаасыг үгүй хийгээд байгаа юм чинь. Би одооны зөв бичих дүрэм гээчийг “Буруу бичих дүрэм” гэдэг. Энэ буруу бичих дүрмийн оронд Монгол бичгийн дүрэм оруулчих юм бол хүүхэд алдахаа болино. Монгол хэл бол залгамал хэл. Залгамал хэлний үгэнд язгуур байдаг, түүндээ дагавар залгахаар үндэс үүсдэг, үндэс дээр нөхцөл залгахаар үг хоорондын харьцаа үүсэж байгаа юм. Ганцхан жишээ хэлж өгье. “Авсан” гэдэг үйл үгэнд харъяалахын тийн ялгал залгахаар “Авсны” болно. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн дагавар залгахад сүүлийн үед байгаа эгшиг гээгдэнэ. Ингэхээр нөгөө үг маань “Авах, өгөх”-ийн утгагүй болоод хүүр хадгалах хайрцагны нэр болчихож байгаа юм. Эх орон гэдэг үгэнд хамаатуулахын тийн ялгал залгахад баян сайхан эх нутгийн минь нэр зүгээр нэг модон хэвтэр болчихож байна. Үгийнхээ язгуурыг эвдэхгүй монгол бичгийнхээ дүрмээр явбал ийм алдаа гарахгүй. Гэх мэт яривал их юм бий. Ингээд орхиё. Үг олдож, үхэр холдлоо.
-Танд баярлалаа, үнэхээр сонирхолтой яриа боллоо.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22