Б.Туяа: Тэтгэвэртээ гарсан ч Хүүхэд, залуучуудын театрынхаа тайзан дээр дахин гарч сонгодог жүжигт тогломоор байна


Хошин урлагийн нэрт мастеруудын нэг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Туяатай ярилцлаа. 

 

-Хүмүүс “Тохироо бүрдэнэ” гэж ярьдаг. Ямар онцлогтой цаг үе таарч та урлагт хагас зуун жил зүтгэснээ тайлагнахаар болов?

-Хүн нас өндөр гарахаар ой тэмдэглэх дуртай болдог юм байна. Би тайзан дээр хагас зуун жил тогложээ. Тайз хүнийг урт удаан хугацаанд ямар гоё амьдруулдаг юм бэ. Үүнээс цааш ч гэсэн би тайзан дээрээ “амьдрах” байх. Гэхдээ энэ удаагийн тоглолт шиг томоохон хэмжээний тоглолт хийх чадал хүрэхгүй л болов уу. 50 жил гэдэг тийм бага хугацаа биш. Гэхдээ би цаашид ч гэсэн тоглохоо болимооргүй байна. Туяа гэдэг жүжигчин хамт олныхоо хүчээр тоглож явсан бол ганцаараа юу хийж явсан юм бэ. Ямар хүсэл мөрөөдөлтэйгөөр юу харж явдаг байсан юм бэ гэдгийг үзэгч олондоо үзүүлмээр байна.

-50 жилийн үйл явдлыг хэдхэн цагт багтаах боломжгүй учраас та тоглолтынхоо зураглалыг ямар зохиомжтойгоор гаргаад байна? 

-Би түүхчилсэн байдлаар гаргалаа. Яагаад гэвэл, хошин урлаг-цаг үеийн урлаг. Тухайн цаг үе, нийгэмд ямар үйл явдал болж байсан нь миний үзүүлэх номер болгонд уяатай байдаг. Энэ удаагийн тоглолтдоо тэдгээрээс сонгон авч үзүүлэхээр бэлдэж байна. Миний тоглолтод олон сайхан уран бүтээлч хүрэлцэн ирнэ. Тоглолтын хэсэг бүр онцлогтой бөгөөд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай хөтлөх юм. Хүмүүсийн мэдэх номеруудаас гадна би тоглолтдоо Монгол Улсын Гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран нэгэн шинэ дуу гаргаснаа үзэгчдэдээ хүргэхээр бэлдэж байна. Монгол Улсын Ардын жүжигчин Л.Чаминчулуун, Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьжав, СУИС-ийн доктор, профессор Б.Даваа бидний хамтран тоглодог нэг номер бий. Энэ тоглолтдоо түүнийгээ сэргээж дахин тайзнаа үзүүлнэ. Ингээд тоочоод байвал нэлээд цаг зарцуулах нь ээ.

-Бие даасан тоглолтод олон хүн урихаар таны тайзан дээр гарах цагаас хасагдах юм биш үү. Яагаад ийм олон хүнийг тоглолтдоо оруулсан юм бэ?

-Миний номер бүр тухайн цаг үед нь таарсан уншлага, дуутай. Энэ болгонд хувцсаа сольж, дүрдээ орох хугацаа шаардлагатай байдаг. “Жаахан цэрэг”-ийг тоглоход заавал тохирсон хувцсыг нь өмсөхгүй бол болдоггүй. Хүүхдийн номерт маань хүмүүс их дуртай. Бас л хүүхэд шиг хувцсаа сольж байж хүмүүсийн хүсэн хүлээсэн дүрийг үзүүлж чадна. “Наймаачин”, “Тэнүүлч хүүхэд” гэх мэтчилэн олон номероо энэ удаагийн тоглолтдоо зориулан бэлдсэн. Тоглолтын ерөнхий найруулагчаар Хүүхэд, залуучуудын театрын захирал, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ариунболд ажиллаж байна.

-Энэ цагийн Туяаг илтгэх ямар бүтээл байх вэ?

-Би багахан юм зохиодог. “Би таныгаа таньдаг” нэртэй шинэ дуу зохиогоод удаагүй байна. Мөн “Гахайн тоорой” нэртэй хүүхдийн дуу бий. Миний дуулдаг “Эр хүн байсан бол” дуунд хүмүүс дуртай байдаг. Түүнтэй төстэй, өөрийнхөө сэтгэлийг илчилсэн нэг шинэ дуу хийсэн. Түүнийгээ тоглолтдоо дуулна. Тэр нь  миний энэ тоглолтод барих хамгийн том бэлэг.

-Танай үеийнхэн уран бүтээлч тайзан дээр ямар байх ёстойг үгээрээ биш үйлдлээрээ үзүүлсэн. Ямар ч дүр байсан жүжигчнийг гаргаж ирэхэд багаддаггүйг харуулжээ. Тийм часхийсэн бүтээлүүдээсээ тоглох уу?

-Тийм номер тоглоё гэхээр хамтрагчид маань тэнгэр рүү явчихсан байна шүү дээ. Тэр дундаа хамгийн гол хамтрагч Б.Батзаяагийн маань орон зайг хэн ч нөхөж чадахгүй. Бас Д.Батсүх маань хэнээр ч орлуулшгүй уран бүтээлч. Бид олон сайхан уран бүтээлийг хамтдаа хийсэн. Тийм ч учраас ард түмэн биднийг хайрладаг юм. Хэдийгээр тэдгээр уран бүтээлчид энэ ертөнцөд байхгүй ч үзэгчдийн сэтгэл зүрхэнд оршиж л байдаг. Миний тоглолт хийхээр болсон шалтгаануудын нэг нь энэ. Тэднийгээ, аав ээжийгээ тэнгэрээс хараасай гэсэндээ тоглолтоо хийх гэж байна.

-Хамт тайзан дээр гарч байсан нөхдөө үгүйлэх мэдрэмж хамгийн уйтай. Тайзнаасаа түрхэн хугацаанд хөндийрөхөд санаж үгүйлэхийг тойроогүй дайраад л өнгөрсөн болов уу?

-Тэнгэрт дэвшсэн найзуудтайгаа үнэхээр нэгэн цул байсаан, ярих юмгүй. Дараа нь “Өнгөт инээд” хамтлагт ороод сайхан хамт олонтой байсан. Шувуу үүрнээсээ ниснэ гэдэг шиг нөгөөдүүл маань “Маск” продакшн болоод гарсан. Ингээд ирэхийн цагт хүн хүүхдээ хадамд гаргаад явуулдгийн адил санагддаг юм билээ. Үгүйлэх санахын тухайд бол хүн албан ёсоор тэтгэвэрт гараад их сонин мэдрэмж авдаг. Шөнө бүр сургуулилалт, орой болгон тоглолттой байсан хүн тэр их ачаалалтай үеэрээ гэртээ байхаар ажлаа тасалсан юм шиг мэдрэмж төрдөг юм билээ. Гэхдээ яах вэ. Миний хувьд тэтгэвэрт гарсны дараа хүүхдүүдтэй ажилласан болохоор тийм үе харьцангуй бага байлаа. Дээр нь урлагийн хүн болох ямар сайхан гээч. 60 нас нэлээд хол гарсан ч хүүхэд шиг хувцаслаад тайзан дээрээ гарч байна. Энэ л урлагийн гайхамшиг. Надаас өөр хүн

“Хүүхэд насанд хүргэж өгдөг

Галт тэрэг хэрвээ байдаг бол...” гээд дуулж болно. Гэтэл нөгөө л нэг хувцастай Туяагаар дуулуулахыг хүмүүс хүсдэг. Энэ нь намайг одоо хүртэл тайзан дээр амьдруулж байна. Эмэгтэй хүн мөртлөө “Ганцхан жилийн цэрэг” гээд эрэгтэй хүүхдэд тоглоод явж байна. Хөдөө гадаа хаана ч явсан хүмүүс “Жаахан цэрэг”-ээ дуулаад өгчих гэдэг. Үүнээс би юу гэж бодсон гээч. Туяаг хэн ч орлож чадахгүй юм байна. Хамт олонтойгоо тоглоход намайг байхгүй бол хэн ч нөхөж болно. Гэхдээ миний хувийн номерыг хэн ч нөхөж тоглож чадахгүй.

-Хүмүүс авьяас тэтгэвэрт гардаггүй гэж ярьдаг. Яагаад гэвэл, үзэгчид нь үгүйлж, тайз нь үргэлж дуудаж байдаг?

-Яг л тэр чинь. Одоо бол хэн намайг дуудаж байна, тэнд очиж байна. Хүн намайг гээд зориод дуудаж байгаа болохоор би нэг их үнэрхдэггүй. Яагаад гэвэл хүмүүс миний уран бүтээлийг үзэхийг хүсэж байвал би очих л хэрэгтэй. Туяагийн дуулахыг сонсохыг хүссэн учраас дуудаж байгаа шүү дээ. Тийм учраас заримдаа хүүхдийн үсний найран дээр хүүхэд шиг хувцаслаад дуулж байна. Томчуудын хуримд уригдан дуулж байна. Ингээд явахад тоглолт тасардаггүй. Бөхийн өргөөнд зохион байгуулдаг “Дуулах өдөр”-т ирсэн хүмүүстэйгээ хамтдаа дуулж, бүжиглэдэг. Ард түмэнд мартагдахгүй байна гэдэг хамгийн сайхан нь. Өөр ажил хийдэг байсан бол магадгүй мартагдсан байх. Тэгэхдээ ажлынхан нь мартахгүй. Намайг үеийнхэн маань дурсаж байна.

-Таныг би уран бүтээлдээ их цензур тавьдаг гэж бодсон. Өнгөрсөн хугацаанд дүрийн санал олон ирсэн ч тэр болгоныг хүлээж аваагүй байх гэж бодлоо, зөв үү?

-Би уран бүтээлд үнэхээр цензур тавьдаг. Нэг хэсэг кинонд тоглох гэхээр ааш, уцаартай эмэгтэйн дүрд тоглуулах гэдэг байсан. Алийн болгон янз янзын ааштай авгайн дүрд тоглох вэ дээ. Би эмээ болсон. Төд удахгүй бурхны орон руугаа явна. Тэр цагт хожмын үр хүүхэд маань хараад “Манай эмээ ийм аймаар ааштай хүн байсан юм уу” гэж бодвол яах вэ. Тийм учраас би цөөхөн киноны санал хүлээж авна.

Би тайзан дээр байхдаа  муухай үг хэллэгээс татгалздаг. Хэзээнээс нааш “Муухай үгээр хэрэлдэхгүйгээр цэвэрхэн хэрэлдье” гэж маш их тэмцдэг байсан. Одоо ч бүр хамаа замбараагаа алдаж, цаг үе нь ч чөлөөтэй болсон байна. Юу дуртайгаа тайзан дээр ярьдаг болж. Нэг хэсэг үүнээс их эмзэглэдэг байсан. Одоо ч дасаж байх шиг байна. Цаг үе нь ийм байхад хэнийг буруутгах вэ дээ. Гэхдээ би өөрийнхөө бүтээлд муухай үг хэллэгийг яасан ч хэрэглэхгүй. Сонсоход айхавтар үг хэлдэг хүмүүс байна. Жишээ нь, хип хопынхон. Тэд хатуу үгтэй мөртлөө үнэнийг хэлдэг. Тийм маягаар хэлэх гэснээ хэлчихмээр санагдах үе надад байдаг. Энэ тоглолтын өмнө хүүхэд залуучуудад хэлэх үгээ өөрсдийнх нь “хэл”-ээр хэлье гээд хип хопчид шиг үглээд үзье гэж бодсон. Гэхдээ үзэг цаас нийлүүлсэн ч хийх цаг нь гарсангүй. Тоглолтын дараа зоригтойгоор хийгээд үзнэ гэсэн бодолтой байна. 

-Үнэнийг хэлэхэд таныг тайзнаасаа холдоод яасан бол гэж бодож явсан нь буруу байж.  Та яг л урьдынх шиг гал цогтой амьдарч байгаа юм байна?

-Баярлалаа. Ийм байх шалтгаан олон бий. Би мундаг хүний үр сад. Миний өвөө хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г.Сонжав гэж хилийн цэргийн хүн байсан. 1945 оны Чөлөөлөх дайнд хилийн 12 дугаар отрядыг командлан оролцсон алдар цуутай дарга нарын нэг нь. Эх орныхоо торгон хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хариуцлагатай албанд зүтгэхдээ олон арван тулгаралт байлдаанд ялалт байгуулснаараа хилийн цэргийн түүхэнд мөнхрөн үлдсэн. Говь-Алтай аймгийн Бугат сум дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн 0220 дугаар салбар (Элгэн-Ус) гэж байдаг. Тэр салбарын анхны даргаар өвөө маань томилогдон ажиллаж байсан юм билээ. Бидний сайн сайхан амьдралын төлөө хорин хэдэн наснаасаа байлдаж явсан хүн. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хилийн цэргийн удирдах газраас тэр салбарыг манай өвөөгийн нэрэмжит болгосон. Би өнгөрсөн есдүгээр сарын 19-нд хилийн цэргийн ойгоор өвөөгийнхөө нэрэмжит заставт очиж хөшөө дурсгалыг нь босгон, танхимыг нь байгуулж, өвөөдөө зориулан шүлэг хүртэл бичлээ. Нутаг усандаа очихоор сэтгэл хөдөлж шүлгийн мөрүүд аяндаа ороод ирдэг юм байна. Өвөөгөөрөө маш их бахархлаа. 

-Таныг аавыгаа дуурайгаад их зарчимч болсон гэдэг. Аав тань ямар мэргэжилтэй хүн байсан бэ?

-Манай аав эдийн засагч хүн. Тухайн үеийн хүмүүсийн олонх нь Хувьсгалт намын гишүүн байсан. Налайхын намын хороонд ажиллаж байлаа. Одоогийн Блю Скайн сууринд Хотын намын хорооны ажилчдын байр байхад бид тэнд амьдарч байв. Аав маань Ахуй үйлчилгээ удирдах газрын эдийн засгийг төлөвлөдөг, төлөвлөгөөг нь тооцдог хүн байсан юм. Сар бүр том хавтастай зузаан ном шиг тооцоог сум бригадаар нь тулгаж, төлөвлөж ирсэн хүн дээ. Харин ээж минь эмч хүн. Уран сэтгэмжтэй, шинийг санаачилж, яг л жүжигчин хүн шиг уран уншдаг. Дээр нь сайхан оёж, хатгаж, нэхэхийг нь яана. Гурван охин нь ээжийнхээ авьяасыг өвлөсөн дөө. Эгч маань их сайхан хатгамал хийдэг. Дүү бол хэзээний оёдолчин. Би ээжийнхээ юм нэхэх авьяасыг нь өвлөж авсан. Ээж маань юм зохиодог, үгийн сүлжээ зохиодог хүн байсан. Сайхан дуулдаг “Налайхын Нансалмаа” нэртэй байлаа.

-Тэгэхээр та ээжийнхээ авьяасыг өвлөжээ?

-Тийм шүү. Ээж маань бас уран нугардаг хүн байсан. Би ч гэсэн уран нугардаг охин байлаа. 1967 онд нугарч байсан зураг одоо хүртэл байдаг.

-Таны мэргэжлийг өвлөсөн хүүхэд бий юү?

-Би дөрвөн хүүхэдтэй. Нэг хүү маань “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжинтэй урлагийн сургуульд хамт элсэж байсан ч “Чи урлагийн хүн биш. Инженер бол” гэхэд ээжийнхээ зөвлөгөөг дагаж одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Ээжийнхээ үгэнд ордог сайн хүү бий. Надад бас хуульч охин байна. Нэг охин маань гадаадад ажиллаж, амьдардаг. Одоо Хятадад сургуульд сурч байгаа нэг хүүтэй. Хүүхдүүд бүгд л өөрийн сонголтоороо ажиллаж, амьдарч байна. 

-Одоо тайзан дээр тийм дүрд тоглох юмсан гэж бодогдох юм уу?

-Тайзан дээр олон сайхан дүрд тоглосон. Харин одоо сонгодог жүжигт тоглох юмсан гэж бодож байна. Драмын театрын найруулагч Б.Баатар надад “Чамайг сонгодог бүтээлд нэг тоглуулчих юмсан” гэж хэлдэг байлаа. Тэр үед зав байхгүй учраас тоглож чадаагүй. Бас кинонд нэг их сайхан ээжийн дүрд тоглох юмсан гэж боддог байлаа. Одоо ч тэгээд юу хүсэх вэ дээ. Хийх юмаа хийсэн байна. Хошин урлаг олон өнгөтэй. Нэг оройн тоглолтод 4-5 өөр дүрд тоглосон гэхээр хэчнээн дүр бүтээсэн болж таарах вэ. Би Хүүхдийн театрт 17 жил ажиллахдаа олон жүжигт  тогложээ.

-Одоо ч гэсэн танд тэр талбар байна?

-27 жилийн дараа Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулахад нь маш их баярласан. Нэгэнт театр маань бий болсон болохоор тэр театрын тайзан дээр дахин гарах юмсан гэж хүсэх жүжигчин олон байна. Тэдний нэг нь би. Дараа дараагийн жүжигтээ биднийг тоглуулна гэж Н.Ариунболд амласан. Бид ч бас тэр цаг хугацааг хүлээж байна. Янз янзын сонгодог жүжгүүд орж ирэх гэж байгаа гэсэн. Тэгэхээр миний хүсэл мөрөөдөл биелэх гэж байна шүү дээ. Хэдий өнөөдөр миний тэтгэвэртээ гарсан цаг хэдий ч Хүүхэд, залуучуудын театрын тайзан дээрээ дахин гарч сонгодог жүжигт тогловол миний хувьд асар том бэлэг болно. Тэр гоё орон зайд гармаар байна. Үзэгчдийнхээ уур амьсгалыг мэдэрч нэг амьсгаагаар амьсгалмаар байна.

-Одоо та юу хийхийг хүсэж байна вэ?

-Энэ тоглолтынхоо ард гараад нэг их сайхан амьсгаа авмаар байна. Алдаагүй тоглолтын дараа хамгийн гоё сэтгэлийн таашаал хүртдэг. Хамгийн гоё энергийг өөртөө цуглуулдаг. Хүмүүсийн алга ташилт, инээд бүхэн жүжигчин хүнд хамгийн их баяр жаргал өгдөг. Ямар ч гунигтай жүжигт  тоглосон түүнийг нь хүмүүс сэтгэлээрээ хүлээн авч байхад жаргал мэдэрдэг юм. Үзэгчидтэйгээ нэг зааланд, нэг цаг хугацаанд хамтдаа инээж, уйлж, тайвшрах нь л хамгийн гоё баяр жаргал юм даа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/      


0
angry
1
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр