Ноён оргилын эзэн


АНУ-ын балетын ертөнцийг шуугиулж буй залуу бүжигчин Ариунболдын Билгүдээг “Монгол бахархал”-аар онцолж байна. Тэрбээр ид мандаж яваа бүжигчин. Түүнд  дэлхийн тайзыг эзэгнэх монгол мөрөөдөл бий.

“Хунт нуур”-аар хөглөгдсөн замнал

Анх  долоон настайдаа Үндэсний олон нийтийн телевизээр “Хунт нуур”-ын тоглолтын бичлэг үзээд “Том болоод яг ийм бүжигчин болно” гэж өөртөө амлав. Зурагтаар бүжиг гарах бүрд догдолж, дуурайж хөдлөх хүүгийнхээ тэмүүллийг гэрийнхэн нь анзаарчээ. Сэтгэлд гал,  холын зорилго бадарсан тэр өдрөөс хойш таван жилийн дараа “Хөгжим бүжгийн сургуулийн балетын ангид элсэлт авна” гэх зарлалыг уншаад ээждээ хэлжээ. Ингээд ээждээ хөтлүүлж Хөгжим бүжгийн коллежид очин бүртгүүлж, шалгалтдаа тэнцсэнээр бүжигчний замналаа эхлүүлжээ. Чөлөөт гимнастикаар хичээллэдэг байсан нь балетаар багаасаа хичээллэсэн хүүхдүүдтэй өрсөлдөн шалгуур, шаардлага өндөр Хөгжим бүжгийн коллежид тэнцэхэд түлхэц болов.   “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн хүүхдийн дүрийг анх бүтээж байсан тэрбээр дэлхийн сонгодог балетуудад бүжиглэжээ. Тайзан дээр гарахдаа биш мэргэжлийн бүжигчидтэй хамт оршиж, нэг агаараар амьсгалах түүнд сонин мэдрэмж төрүүлжээ. Мэндэлж үзэх юмсан хэмээн биширч явсан шүтээнүүдтэйгээ  хожим театрт хамт ажиллажээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 2009 онд “Жизель”-ээр үзэгчидтэй уулзав. Зурагтаар харж, нэрийг нь сонсож явсан тэр хүмүүстэйгээ адил бүжиглэж байгаадаа итгэж чадаагүй гэдэг. Зүрх оволзон сандарч, газраас хөөрсөн мэт байсаар. Үзэгчдийн алга ташилт түүнд хязгааргүй урам өгчээ. Одоо ч тоглолт дуусан үзэгчид алга нижигнүүлэхэд “Би чадлаа” гэж өөрийгөө шагнана. Ингээд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин болов.  Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг багш нь түүнийг театр гэдэг их айлын гишүүн болоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Багш нь түүнийг сонгодог урлагт хөтөлснөөс гадна үг, үйлдлээрээ нэг насаараа даган дуурайх үлгэрлэл болсон.  А.Билгүдэ 2012 онд сургуулиа төгсөж, 2015 онд БНСУ-ыг зорьтлоо театртаа ажиллажээ. Дурлаж, мөрөөдлөөр жигүүрлэж эхлүүлсэн карьерынхаа тухай “12 наснаасаа балетаар хичээллэн өдгөө ч суралцсаар, бүжиглэсээр явна. Тэр нь амархан, энэ хэцүү гэх дүр байдаггүй. Гол, туслах гэж дүрийг ялгадаггүй, үзэгчдэд яаж бүрэн ойлгомжтой жүжиглэж, бүжиглэж үзүүлэхээ л чухалчилж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд   хүссэн бүх дүрдээ бүжиглэж үзлээ. Өвдөх шантрах үед өөртөө өгсөн амлалтаа санан тэсэх үедээ тэсэж, уйлаад л явж байна даа. Гэхдээ хэцүүгээсээ жаргалтай цаг хэдэн мянга дахин олон. Бүжгийн урлагийн дээд цэг, ноён оргил нь балет. Сонгосон мэргэжилдээ хайртай учраас бэлтгэлийн үеэр ядрах нь бүү хэл цаг хугацааг ч анзаардаггүй” хэмээн сэтгэл хангалуун байна.

Өмнөд Солонгосыг байлдан дагуулав

А.Билгүдэ Өмнөд Солонгосын “Wise” балетын компанитай 2015 онд тэргүүн гоцлоочийн гэрээ байгуулжээ. Анх гала тоглолтод бүжиглүүлэх санал тавьсан нь яваандаа ажлын урилга болов. БНСУ-д очиход урьсан компани нь тийм ч алдартай тайз байсангүй.  Харин Монголоос ирсэн бүжигчин залуу компанийн нэр хүндийг аажим аажмаар өсгөсөн юм.  Урлагт шимтдэг солонгосчуудын дунд “Тэр компанийг мэдэх үү”,“Мэдэхгүй ямар компани юм бэ”, “Яагаав, нөгөө монгол бүжигчинтэй” гэсэн аминчхан яриа өрнөсөн гэдэг. Үзэгчдийн үнэлгээнээс урам авч, мэдрэмжээ хөглөх нь уран бүтээлчид магтаалаас үнэ цэнэтэй. Балетын үндэсний компанийнхаа нэрийг мэдэхгүй атлаа  монгол залуу гэж бүжигчнээр нь танина гэдэг яах аргагүй бахархал. Энэ бол жинхэнэ сонгодог балетыг монголчууд харуулж чаддагийн баталгаа. Өмнөд Солонгост А.Билгүдэг мэдэхгүй балетын бүжигчин, найруулагч гэж үгүй. Сэтгэмж, илэрхийлэмжээрээ модерн бүжиг залуучуудыг соронз мэт татдаг. Монголын тайзнаа анх удаа  2014 онд “Диваажин энд байна” балетыг тавихад “Модерн бүжиг ямар сайхан юм бэ” гэж эрхгүй уулга алджээ. Модерн бүжгийн  онцлог нь гоцлол бүжиггүй, бүгд хамтдаа  уран бүтээлийнхээ утга санааг илэрхийлдэгт оршино. Азид орчин үеийн бүжгийн урсгал давамгайлдаг учир Солонгост модерн урсгал хүчээ авч байлаа. Үзэгчид ч ойлгож, уран бүтээлчдээс илүү ихийг хүсэмжлэх болсон цаг. “Wise” компани сонгодгоос гадна модерн бүжгийн арвин туршлагатай байж таарав. Улмаар  модерн бүжгийн олон урсгалтай танилцан, дурласан гэж хэлж болно. Сонгодог балетын бүжигчний хөл гар тайзан дээр байх ёстой байрлалдаа байх ёстой гэж заадаг. Гэтэл модерн бүжигт бүх зүйл арай өөр. Бүжигчнээс илүү чөлөөтэй, уян налархай, задгай байхыг шаардаж байв. Сонгодог дэгээр хүмүүжсэн тэрбээр нэн тэргүүнд биетэйгээ бус сэтгэхүй, оюун ухаантайгаа харьцаж эхлэв. Хөдөлгөөнөө илэрхийлэхдээ биеэ барихаа больж, уран бүтээлийг мэдрэх мэдрэмж нь нэмэгдсэн байна. Гэхдээ “дотоод, гадаад гоо сайхныг төгс илэрхийлдэг сонгодог балет бол хаан” гэж үздэг А.Билгүдэ монгол бүжгээ биширдэг нь үндэсний сэтгэлгээтэй нь холбоотой. Балетыг  солонгосчууд элит урлаг хэмээдэг ч хүн бүхэнд үзүүлж, түгээхийг эрмэлздэг. “Wise” театрт ажилласан энэ гурван жилийн хугацаандаа Өмнөд Солонгосоор аялан хүн бүрд хүрч бүжиглэжээ. Цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд ахмадуудад  сонгодог урлагийг түгээж, хоригдлуудыг соён гэгээрүүлэх цагаар шоронд хүртэл бүжиглэсэн байна.

Монгол мөрөөдөл

АНУ-д ажиллаж, амьдардаг Америкийн иргэншилтэй солонгос найруулагчийн хараанд өртсөнөөр А.Билгүдэгийн уран бүтээлийн шинэ үе эхэлсэн. Олон бүжигчдийн дундаас мэргэжлийн техник, ур чадвараараа ялгарсан нь дамжиггүй. “Complexions Contemporary Ballet”  балетын компанид 2024 оны нэгдүгээр сараас гочлол бүжигчнээр ажиллах болжээ. Энэ бол бүжгийн уламжлалыг давж, олон улсын бүжигчдийн арга барил, хэв маяг, соёлыг хослуулсан шинэ нээлт болсноороо алдартай. Уг компанийг мастер бүжиг дэглээч Дуайт, Роден нар 1994 онд байгуулжээ.  АНУ-ыг зорьсон шалтгаанаа “Балетыг сонгодог хэлбэрээр нь олон жил бүжиглэлээ. Нас залуу байна,  арай өөр ертөнцөөр аялж, шинэ сорилттой нүүр тулахаар “Complexions Contemporary Ballet”-ыг сонгосон” хэмээн тайлбарлалаа. Өнөөдөр Монгол Улс, АНУ, БНСУ-ын  уран бүтээлийн хамтарсан холбоог үүсгэх нь түүний зорилго. Монголын балетын шинэ үеийг АНУ, Өмнөд Солонгост бэлтгэл хийлгэх, алдартай бүжигчдийг Монголын тайзнаа бүжиглүүлж, туршлага солилцох, бүр цаашлаад эх орондоо  театр байгуулахыг хүсдэгээ нуусангүй. Энэ зорилгынхоо төлөө зүтгэж байгаа аж. Хэдий мэргэжлийн карьераа ахиулж, гадаад оронд ажиллаж байгаа ч эх орноо тээж тайзнаа гардаг ба “Ээж ааваа, театрынхаа бүжигчид, тайз, монгол үзэгчдээ хамгийн их санадаг. Гадаад бүжигчид “Эх орныхоо тухай яриач” гэхэд манай Монголын тэнгэр үнэхээр хөх, сайхан байгальтай гээд зогсохгүй магтана” гэсэн юм. 


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22